Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 13

 

Б.Эын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 137/ШШ2020/00119 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Б.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Н-д

Зээлийн гэрээний үүрэгт 2500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзулын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Э нь хувиараа том тэрэгний тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 2019 оны 07 сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу тээвэрт явж байхад нь Ц.Н нь наймаа хийх гэсэн юм мөнгө хэрэгтэй байна, 3000000 төгрөг зээлүүлээч гэхээр нь тээврийн хөлснөөсөө эхний ээлжинд 2000000 төгрөг зээлүүлье гэж хэлээд ачааны эзэн ахыгаа гуйж данснаас нь Ц.Нгийн Хаан банкны ... тоот данс руу нь 2000000 төгрөг шилжүүлсэн байна. Дараа нь дахин Ц.Н нь 2019 оны 10 сарын 01-ний өдөр 500000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гэхээр нь хэрэгтэй үедээ буцааж авна шүү гэж хэлээд дахин 500000 төгрөг зээлүүлсэн. Ц.Нд зээлүүлсэн мөнгөө буцаан авахаар утсаар ярьсан боловч өгөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэг 2500000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие 2019 оны 01 сараас эхлэн Б.Этай уулзаж дотносон 2019 оны 05 сараас хамтран амьдрах болсон. Бид урьд нь бие биенээ таньж мэддэг найзууд байсан. 2019 оны 06 сараас дотно харилцаатай болж хоёр биенийхээ аав, ээж, ах, эгчтэй танилцсан. Энэ хугацаанд Б.Э нь миний охин Хуланг өөрийн хүүхэд шигээ хайрлаж өсгөж чадна гэж итгэл төрүүлсээр ирсэн. 2019 оны 10 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Э нь намайг маш ихээр хардаж, элдэв үгээр хэлж сэтгэл санааны тайван бус байдалд оруулж дарамталдаг байсан. 2019 оны 07 сард жирэмсэн болсноо мэдэж Б.Эт хэлсэн. Эмнэлэгт үзүүлсэн боловч эхний үзлэгээр ургийн зүрхний цохилт маш муу, доошоо цусархаг зүйл гарч 7 хоногийн ургийн зүрхний цохилт, өсөлтийг дэмжих эм тан ууж хэвтрийн дэглэм сахисан. Дахин үзүүлсэн боловч ураг амьгүй болсноор үр хөндүүлэх болсон. Жирэмсэн байх хугацаанд хардах, байнгын утсаар залгаж алхам бүрийг минь асууж шалгааж их бухимдуулсаар ирсэн. Жирэмсэн байх хугацаанд минь Б.Э нь өөрийн ах, эгч хоёрын гэрт очиж хоол хийгээд гэрийг нь цэвэрлэж өг гэж дарамт үзүүлж байсан. Уг хүний энэ их хардалт, ааш авир доромжлолыг би удаа дараа сануулж уучилсаар ирсэн. Энэ бүх хугацаанд Б.Э миний охинд болон надад өөрийн хүсэлтээр мөнгө өгөх, хоол, чихэр, жимс, амттан авч өгдөг байсан. Муудах болгондоо чамд өгч байсан мөнгөө авна, эд зүйлээ эргүүлж авна гэж дарамт шахалт үзүүлсээр ирсэн. Би энэ хүнтэй хамтран амьдрахаасаа өмнө гэрээрээ дотуур хувцас жижиглэнгээр зардаг байсан. Б.Э нь 2019 оны 07 сараас гэртээ суух хэцүү байна уу, хуучин ажлаа дахин хий, эсвэл караоке түрээслүүлэх үү, битгий зүгээр суу гэх болсон. Энэ бүгдийг хийх хөрөнгө оруулалтыг хайрыгаа, ханийгаа 100 хувь дэмжих болно хүссэнээ хий гэдэг байсан. Тэгснээр би Б.Эт хуучин ажлаа хийе гээд  2000000 төгрөг авсан. Уг мөнгийг шилжүүлсэн өдрөөсөө эхлэн байнга нэхэж, 2000000 төгрөгөөр байрны урьдчилгаа хийнэ, машин авна гэж нэхэж миний уур бухимдлыг төрүүлсээр мөн салах дээрээ тулсан. Гэтэл Б.Э нь наад мөнгөөрөө өөрийнхөө хүссэнээ хий, эсвэл дуртай зүйлээ ав гэж хэлсэн. Мөн 500000 төгрөгийг 2019 оны 09 сард миний данс руу Дорнод аймагт байх хугацаандаа өөрийн хүсэлтээр охин, та хоёртоо сүүлийн хэдэн сар муудаж сайдаад олигтой хоол, чихэр авч өгч чадаагүй, намайг очтол хэрэглэж байгаарай гээд шилжүүлсэн боловч мөн адил намайг хардаж хэрүүл эхэлснээр мөнгөө авъя, 500000 төгрөгөөрөө түлш авна гэж маргаашаас нь нэхсээр ирсэн. Б.Этай хамт байх хугацаандаа мөнгө нэхэж авах, картаас нь мөнгө битгий хэл, чихэр ч уншуулж авч үзээгүй. Уулзаж дотноссон бүх л өдөртөө энэ хүн мөнгө санхүү, амттан, хоол, чихэр өгнө гэж хэлэх тоолонд нь би болон миний охин татгалзсаар ирсэн. Энэ мөнгийг надад зээлж биш сайн дураараа өгсөн тул би өөрийгөө Б.Эаас 2500000 төгрөгийг зээлж авсан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Нд холбогдох зээлийн 2,500,000 /хоёр сая, таван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч Ц.Энхбаяр нь хариуцагч Ц.Нтай хувийн харилцаатай байх хугацаандаа түүний гуйлтын дагуу амаар зээлийн гэрээ байгуулан 2019 оны 07 сарын 17-ны өдөр 2500000 төгрөгийг ачааны эзэн Г.Эрхбаярыг гуйж түүний данснаас Ц.Нгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн, мөн 2019 оны 10 сарын 01-ний өдөр дахин буцааж авах нөхцөлөөр аман хэлцэл хийн 500000 төгрөгийг зээлдүүлсэн байна. Дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч Г.Эрхбаярын мэдүүлэг, хариуцагч Ц.Нгийн “....тэгснээр би Б.Эт хуучин ажлаа хийе гэснээр 2000000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг шилжүүлсэн өдрөөс эхлэн байнга нэхэж, 2000000 төгрөгөөр байрны урьдчилгаа хийнэ, машин авна гэж миний уур бухимдлыг төрүүлж салах дээрээ тулсан. ...500000 төгрөг шилжүүлсэн боловч мөн адил намайг хардаж хэрүүл эхэлснээр мөнгөө авья, 500000 төгрөгөөр би түлшээ авна гэж маргаашаас нь нэхсээр ирсэн...” гэх мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох дарааллаар эхэлж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангалттай нотолсон байх ёстой. Үүний дараа хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 107 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим буюу талуудын зарчимтай зөрчилдөж байна. Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар талууд шүүхэд бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах үүрэгтэй, өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болохоор заасан атал нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг үнэлэхгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна. Харин хариуцагч Ц.Н нь Б.Эаас 2500000 төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ уг мөнгийг зээлж аваагүй, хамтран амьдрах хугацаанд зүгээр хэрэглээрэй гэж өгсөн хэмээн маргаж тайлбар гаргасан бол уг үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, мөн зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх дээрх хуулийн зохицуулалтыг дан ганц нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг мэтээр тайлбарлаж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04-р сарын 20-ны өдрийн 119 дүгээр шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж, Ц.Нгаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2500000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Н эс зөвшөөрч “... зээл биш хэрэглэж бай гэж сайн дураараа өгсөн мөнгө...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул эс зөвшөөрч “... зээлийн гэрээ байгуулагдсан нь ... хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, ... анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 107 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзулын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3-т тус тус нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ц.Н нар нь хувийн дотно харилцаатай байсан, улмаар нэхэмжлэгч Б.Э нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 2000000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500000 төгрөг, нийт 2500000 төгрөгийг хариуцагч Ц.Нд өгсөн болох нь тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

            Харин зохигчид энэхүү мөнгөн хөрөнгийг зээл буюу буцаан төлөх нөхцөлтэй байсан эсэх талаар маргаж, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд заасан нотлох үүргийн хуваарилалтыг зөв үнэлж дүгнэсэн, мөн зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тухай дүгнэлт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцжээ.

 

            Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 2500000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тухай үйл баримт тогтоогдсон боловч энэ нь зээлийн гэрээний гол нөхцөл болох буцаан төлөх нөхцөлтэй болох нь буюу хариуцагч уг мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй болох нь тогтоогдсонгүй.

 

            Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл зохигчдын тайлбар, хариуцагч Ц.Нгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Г.Эрхбаяр нарын мэдүүлэг цугларсан байх боловч эдгээр нотлох баримт нь нэхэмжлэгчийг хариуцагчид 2500000 төгрөгийг шилжүүлж өгснийг л нотолсон байх ба харин уг мөнгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр шилжүүлсэн буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан болохыг нотлоогүй, анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

           

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул нь хариуцагч Ц.Нгийн “... би Б.Эт хуучин ажлаа хийе гээд  2000000 төгрөг авсан. Уг мөнгийг шилжүүлсэн өдрөөсөө эхлэн байнга нэхэж, 2000000 төгрөгөөр байрны урьдчилгаа хийнэ, машин авна гэж нэхэж миний уур бухимдлыг төрүүлсээр мөн салах дээрээ тулсан. Гэтэл Б.Э нь наад мөнгөөрөө өөрийнхөө хүссэнээ хий, эсвэл дуртай зүйлээ ав гэж хэлсэн. Мөн 500000 төгрөгийг 2019 оны 09 сард миний данс руу Дорнод аймагт байх хугацаандаа өөрийн хүсэлтээр охин, та хоёртоо сүүлийн хэдэн сар муудаж сайдаад олигтой хоол, чихэр авч өгч чадаагүй, намайг очтол хэрэглэж байгаарай гээд шилжүүлсэн боловч мөн адил намайг хардаж хэрүүл эхэлснээр мөнгөө авъя, 500000 төгрөгөөрөө түлш авна гэж маргаашаас нь нэхсээр ирсэн.”  гэсэн мэдүүлгийг үндэслэж зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбартаа дурджээ.

 

Гэтэл хариуцагчийн энэхүү тайлбараар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан буюу нэхэмжлэгч Б.Э нь нийт 2500000 төгрөгийг анхнаасаа буцаан төлөх нөхцөлтэйгээр хариуцагч Ц.Нд шилжүүлсэн гэсэн үйл баримт тогтоогдоогүй ба харин тэдний хооронд таарамжгүй харьцаа үүссэн үед урьд шилжүүлсэн мөнгөө нэхсэн гэсэн агуулга тусгагдсан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ эхэлж нотлох ёстой гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “нэхэмжлэгч ... тэдгээрийн төлөөлөгч ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.” гэж заасантай болон энэхүү хуульд заасан зохигч, оролцогч мэтгэлцэх дараалал буюу нотлох үүргийн хуваарилалтын зарчимд нийцжээ.

 

            Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т нийцээгүй ба зүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзулын давж заалдсан гомдлыг хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 137/ШШ2020/00119 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Нд холбогдох зээлийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг,

 

“Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Нгаас зээлийн гэрээний үүрэгт 2500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзулын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                                    ШҮҮГЧИД                                    А.САЙНТӨГС

                                                                                                         Н.БАТЧИМЭГ