Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 14

 

 “ХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 136/ШШ2020/00138 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: ХБ ХХК,

Хариуцагч: Б.М

Хариуцагч: Б.Н нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23982901.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Нгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батмөнх, З.Будсүрэн, хариуцагч Б.М, Б.Н, хариуцагч Б.Мгийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч Б.Нгийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Дорноговь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Н нар нь 2018 оны 06-р сарын 13-ны өдөр ХасБанктай 1020028795 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 24000000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр авсан. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1020028795 дугаартай Зээлийн гэрээний 3 дугаар хавсралтад заасны дагуу тогтмол цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2019 оны 03 сарын 05-наас эхлэн зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч эхэлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар 14-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй, нийт 329 хоног хугацаа хэтрүүлээд байна. Энэ хугацаанд Банкны зүгээс Б.М, Б.Н нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Зээлдэгч Б.М, Б.Н нарын зээлийн үлдэгдэл 2020 оны 01 сарын 28-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 20,835,536.37 төгрөг, зээлийн хүү 3.081,693.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,672 төгрөг, нийт 23,982,901.74 төгрөг болоод байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-3 дахь заалт болон 1020028795 дугаартай Зээлийн гэрээг тус тус үндэслэж, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 20,835,536.37 төгрөг, 2020 оны 01-р сарын 28-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 329 хоногийн хүү болох 3,081,693.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,672 төгрөг, нийт 23,982,901.74 төгрөгийг хариуцагч Б.М, Б.Н нараас гаргуулж өгнө үү. Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Б.М, Б.Н нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зээлийн нийт төлбөрийн хэмжээгээр зогсоох захирамж гаргаж өгнө үү...” гэжээ.        

 

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Мгийн ХБ тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн
тоот зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь Б.Н миний бие мөн
бөгөөд тухайн үед Б.М нь өрхийн хэрэглээний зориулалтаар 24000000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй цалингийн зээлийг
авсан нь үнэн. Б.М нь ХБ наас авсан цалингийн зээлийг гэр бүлдээ огт зарцуулаагүй бөгөөд авсан зээл болох 24000000 төгрөгийг миний бие хүлээж аваагүй буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд
тооцох бөгөөд зээлийн мөнгийг Б.М хүлээн авсан. Б.М нь дээрх зээлийн мөнгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн болохыг миний бие сүүлд олж мэдсэн. Банкны зүгээс надад хугацаатай мэдэгдэл ирүүлж байсан бөгөөд дээрх нөхцөл байдлын талаар тайлбарлаж, шүүхийн шийдвэрийг мөн банкинд хүргүүлж байсан. Иймд Б.Мгийн авсан зээлд банкны өмнө хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дорноговь аймаг дахь ХБ ны салбараас миний бие 2017 оны 12-р сарын 07-ны өдөр 6000000 төгрөг, 2018 оны 11-р сарын 30-ны өдөр 5000000 төгрөг, 2018 оны 07-р сарын 26-ны өдөр 1500000 төгрөгийг тус тус авсан бөгөөд банкны өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэж болно. Миний харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласнаар амьжиргаагаа залгуулах боломжгүй болох нөхцөл байдал үүсгэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү. Харин хуульд заасны дагуу банкнаас авсан зээлийн мөнгөөр бий болсон Б.М болон түүний төрсөн дүүгийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл буюу эд хөрөнгөнд хориг тавих нь зүйтэй гэж үзэж байна. Иймд “ХБ ” ХХК-ийн Дорноговь салбарын надад холбогдуулан ...зээлийн гэрээний үлдэгдэлд нийт 23982901.74 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийн Б.Н надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.  

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие 2018 оны 06-р сарын 13-ны өдөр хамтран зээлдэгч болох эхнэр Б.Нгийн хамтаар зээлийн гэрээ байгуулж ХБ наас 24000000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийг зарцуулахдаа 2017 оны 04-р сарын 13-ны өдөр Голомт банкнаас 17000000 төгрөгийн зээл авсны үлдэгдэл 14000000 төгрөгийг төлж хаасан. Тус өдөр Б.Нд 2000000 төгрөгийг бэлнээр, 2000000 төгрөгийг Б.Нгийн дансанд шилжүүлж өгсөн. Мөн 1216000 төгрөгөөр гэртээ телевизор, зургийн аппарат, оёдлын машин, ДДШ-ийн антен, Б.Нд гэх мэт эд зүйл худалдан авч, гэр бүлдээ зарцуулсан. Түүнчлэн гурван хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл болох 3050000 төгрөг, хүү 876000 төгрөг, нийт 3926000 төгрөгийг төлсөн, Б.Нг ангийн нийллэгт явахад нь бэлнээр 2000000 төгрөг өгсөн. ХБ наас зээлсэн 24000000 төгрөгийг хамтран зээлдэгч Б.Нтай хамтран амьдарч байх хугацаандаа авч хамтын амьдралынхаа сайн сайхны төлөө зарцуулсан. ХБ тай байгуулсан зээлийн гэрээний 3.2, 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд тус шүүхийн 175 дугаар шийдвэрээр хамтран зээлдэгч Б.Н бид хоёрын гэрлэлтийг цуцалсан тул ХБ наас нэхэмжилсэн 23982901.74 төгрөгийн 50 хувийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна…” гэжээ.

 

                Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ХБ ны Дорноговь салбар, Б. Мөнхнасан, Б.Н нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1020028795 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.М, Б.Н нараас 23,982,901.74 төгрөгийг гаргуулан ХБ ны Дорноговь салбарт олгож,

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 277,864 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Н давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэн тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. ХБ ны Дорноговь аймаг салбар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23982901.74 төгрөгийг гаргуулахаар Б.Н, Б.М нарт холбогдуулан гаргасан бөгөөд дээрх хоёр хариуцагчийн тухайд хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байхад шүүх хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу юм. Зээл 24000000 төгрөгийг ХБ наас үндсэн зээлдэгч Б.Мгийн дансанд шилжүүлж, уг мөнгөнөөс Б.Нд 2000000 төгрөгийг Б.М өгсөн байдаг. Хариуцагч Б.Н нь түүний өгсөн 2000000 төгрөгийг 2018 оны 12 сард буцаан өөрт нь шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогдож байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран гүйцэтгэгч байх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч банк өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна... гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Банк, эрх бүхий этгээдээс зээлдэгчтэй байгуулж буй зээлийн гэрээний хувьд “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог...” онцлогтой бөгөөд хэдийгээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр байгаа боловч шүүхээс хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг тус бүрт нь тооцох замаар /хэн нь хэдэн төгрөгийг төлөх/ үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байсан. Шүүх шийдвэртээ Б.М, Б.Н нараас 23982901.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаа нь буруу бөгөөд хэн нь хэдэн төгрөгийг төлөх талаар үндэслэл бүхий тодорхой дүгнэлтийг хийх байсан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу юм. Энэ хэргийн тухайд хоёр хариуцагчтай бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах ёстой байсан боловч хоёулангаас нэхэмжилж байна гэх тайлбарт үндэслэн шийдвэрлэж байгаа нь буруу юм. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 136/ШШ2020/000138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Б.Нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Б.Нгийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ХБ  ХХК нь 24000000 төгрөгийн зээлийг олгохдоо Б.Мгийн цалингийн зээлийг барьцаалсан. Зээлийн мөнгийг Б.Мгийн дансанд шилжүүлснээр зээлийн харилцаа үүссэн. Анхан шатны шүүх 2 хариуцагчаас зээлийн үлдэгдлийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Зээлийн мөнгө нь Б.Мгийн дансанд орж, зээлийн мөнгөнөөс 2000000 төгрөгийг Б.Нд өгсөн. 2018 оны 12 дугаар сард Б.Н нь Б.Мд уг мөнгийг буцаан төлсөн. Зээлийн зориулалт юу байсан бэ гэхээр анхан шатны шүүхэд Б.М тайлбарлахдаа би энэ зээлийг аваад Голомт банкинд байсан зээлээ хааж, машин худалдаж авсан гэдэг. Б.Нгийн хувьд 24000000 төгрөгийг өөрийнхөө дансаар хүлээж аваагүй. Хэрэв хүлээж авсан бол ХБ инд зээлийн эргэн төлөлтийг төлөөд явах боломжтой. Нэхэмжлэгчийн зүгээс Б.М, Б.Н нараас 23,982,901.74 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёр хариуцагч байгаа юм бол хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах гээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой байх ёстой. Анхан шатны шүүхээс хариуцагч нараас 23,982,901.74 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан. Цаад агуулгыг нь харахаар хариуцагч тус бүрээс нь 23,982,901.74 төгрөг гаргуулах гэж байгаа юм шиг шаардлага харагдаад байгаа юм. Ажиллагаа нь яаж хийгдэх юм гэхэд шийдвэр гүйцэтгэх байгууллага хэнээс нь хэдэн төгрөг гаргуулна гэдгийг нь шийднэ гээд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж шүүх үнэн зөв дүгнэлт хийх ёстой. Б.Н зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн бид маргахгүй. Зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн төдий гэрээ. Үндсэн зээлдэгч нь хэн юм гэхээр Б.М. Б.Н яагаад хамтран зээлдэгчээр орж ирээд байна гэхээр Б.М нь үүргээ биелүүлэхгүй байгаа учраас хамтран зээлдэгчээр ороод байгаа юм. Иймд хоёулаа үүргээ биелүүлээгүй байна гээд хариуцагч нараас гаргуулах нь буруу гэж үзэж байна. ХБ ны хувьд ч бас буруу байгаа гэж үзэж байна. Б.Мгийн цалинг барьцаалаад зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараа баталсан. Б.Мгийн цалингаас тодорхой хэмжээг нь зээлэнд суутгаад явах бүрэн боломжтой байтал яагаад энэ асуудлыг шийдэж болоогүй юм. Анхан шатны шүүх энэ асуудлаар зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Б.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдол гаргасан...” гэв.

 

Хариуцагч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...24000000 төгрөгийн зээлийг аваад би гэр бүлдээ бүрэн зарцуулсан. Гэр бүл болон Б.Нгийн ах, аавд нь зарцуулсан. Тиймээс ХБ ны нэхэмжлэлийн 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Хамтран амьдарч байх хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө гэж байдаг. Энэ зээлийг гэр бүлийн гишүүдийн тоонд хуваагаад хувь хүнд ногдох хэсгээр нь гаргуулвал илүү шударга болох байх. Гэхдээ би эцэг хүний хувьд үр хүүхдэдээ өр үлдээхгүй. Тийм учраас би 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хариуцагч Б.Мгийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамтран зээлдэгч болон үндсэн зээлдэгч нар гэрлэлтээ цуцлуулахаас өмнө “ХБ ” ХХК-иас тухайн зээлийг авсан. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн үүргийг зааж өгсөн. Үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэг нь хамтран зээлдэгчид давхар явж байгаа. Зээлийг дансаар хүлээж аваагүй гэж Б.Н ярьдаг. Мөн 24000000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаагүй зөвхөн 2000000 төгрөгийг аваад буцаагаад шилжүүлсэн учраас зээлийг төлөхгүй гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч Б.Нгийн гаргаж өгсөн тайлбарт зээл аваад Голомт банкны зээлийг хаасан, үлдсэн мөнгөөр нь буйдан, гар утас, ДДэш, тээврийн хэрэгсэл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарладаг. Зээлээр авсан мөнгийг гэр бүлдээ зарцуулсан нь нотлогдоод байгаа юм. Иймд энэ зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу хамтран хариуцах ёстой. Хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж миний зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхээс зээлийг хариуцагч нараас хувиарлаж гаргасан зүйл байхгүй гэдэгтэй санал нэг байгаа. Б.Мгийн хувьд уг зээлийг анхнаасаа авсан нь үнэн. Гэхдээ гэр бүлийн хэрэгцээнд зарцуулахаар авсан учраас 50 хувийг төлөхийг зөвшөөрч байгаа гэж удаа дараа тайлбар гаргасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Будсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлийн олголтыг хийхдээ хуулийн дагуу үндсэн зээлдэгчийн дансанд зээл олгогдсоноор тооцно гэж заасан. Иймээс 24000000 төгрөгийг Б.Мгийн дансанд шилжүүлсэн байдаг. Энэ данс нь зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын дундын данс биш учраас Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээ нь үл хуваагдах шинжтэй гэж үзэж тус тусдаа эзэмшдэг данс руу нь хувааж биш зөвхөн үндсэн зээлдэгчийн дансруу шилжүүлсэн байгаа. Зээл олгогдсоны дараа захиран зарцуулж байгааг нь хянах хууль журам байдаггүй. Иймд банк хариуцагч нараас хувааж нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй...” гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХБ  ХХK нь хариуцагч Б.М, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 20835536,37 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 3081693,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65672 төгрөг, нийт 23982901,74 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Б.М “... зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан тул зээлийн 50 хувийг төлнө...” гэж, хариуцагч Б.Н “... мөнгийг хүлээж аваагүй, бусдын авсан зээлд хариуцлага хүлээхгүй...” гэж тус тус маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 23982901,74 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч Б.Н эс зөвшөөрч “... нотлох баримтыг үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, ... хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байхад хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн, ... Б.Мгаас авсан 2000000 төгрөгийг шилжүүлсэн талаар дүгнэлт хийгээгүй, ... Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Нгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нар нь нэхэмжлэгч ХБ  ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, өрхийн хэрэглээний зориулалтаар 24000000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, хариуцагч Б.М, Б.Н нар нь зээл авах үед гэр бүл байсан боловч 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

            Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “... тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх...” журмыг зөрчөөгүй, улмаар хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хүлээх үүрэг, хариуцлагыг зөв тодорхойлж, энэ талаарх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэгэнт зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нар нь хамтран үүрэг хүлээхээр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан байх тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

            Учир нь үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.6-д “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.” гэж заасан нь дээрх хуулийн агуулга, зарчимд нийцжээ.

 

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар  нэхэмжлэгч хэзээ, хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэх эрх шүүхэд байхгүйн гадна Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгч ХБ  ХХК нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

            Энэхүү хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчдээс үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шаардах нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийн асуудал бөгөөд хариуцагч нар нь нэгэнт гэрээгээр хамтран үүрэг хүлээхээр тохиролцсон тул үүргийг хуваах боломжгүй болно.

 

            Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байдаг тул хариуцагч нарын гэрлэлтээ цуцлуулсан нөхцөл байдал болон зээлийн мөнгийг хэн,  хэрхэн зарцуулсан зэрэг нь ийнхүү үүргээс чөлөөлөх, үүргийг хэсэгчлэн хувааж хариуцуулах үндэслэл болохгүй.

 

            Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасан үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэдэг нь үүрэг гүйцэтгэгч нарт хамааралтай буюу үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж аль нэг үүрэг гүйцэтгэгч түүнийг дангаараа гүйцэтгэсэн бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийг шаардахад дээр дурдсанаар үүргийг тодорхойлно гэж ойлгоно.

 

            Түүнээс хамтран үүрэг гүйцэтгэгчид гэдгийг үүрэг гүйцэтгэгч нарын хэн аль нь үүргээ биелүүлээгүй бол түүнийг нөхөх хариуцлага хүлээсэн этгээдүүд гэж үзэхгүй бөгөөд энэ нь хууль зүйн агуулгын хувьд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээгээр зохицуулагдах ба хариуцагч Б.Н нь нөхөх хариуцлага хүлээсэн батлан даагч биш байна.

 

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог ба нэхэмжлэгч ХБ  ХХК дахь хариуцагч Б.Мгийн 1020028795 дансанд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 24000000 төгрөгийн зээл олголт хийгдсэн нь дансны хуулга /хх-11, 12/ бичгийн баримтаар тогтоогдсон тул хариуцагч Б.Нг уг зээлийн мөнгийг гардаж хүлээж аваагүй үндэслэлээр хамтран үүрэг хүлээхээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

            Иймд хариуцагч Б.Нгийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Хариуцагч Б.Нгийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 136/ШШ2020/00138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ