Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02092

 

Магадлал

2020.10.07                                                      № 2092

 

 

 

 

 

 

 

“ЖДҮХС” УТҮГ-ын                                                 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/02270 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.А-,             Д.М-нарт холбогдох, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 171 499 313 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Ш.А-, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч “ЖДҮХС” УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ш.А-, Д.М-нар нь ЖДҮХСгаас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2017/З-173 тоот зээлийн болон 2017/Б-173 тоот барьцааны гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан 250 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Төмс, хүнсний ногоо болон мах, махан бүтээгдэхүүн хадгалах зоорь төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Ш.А-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205067543 дугаарт бүртгэлтэй, 88.74 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ш.Ариунтунгалагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 24 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205070244 дугаарт бүртгэлтэй, 77.99 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 60 585 779 төгрөг, хүүгийн төлбөрт 16 983 169 төгрөг, нийт 77 568 948 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 724 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй байна. Иймд зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2017/З-173 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 189 414 220 төгрөг, зээлийн хүүнд 393 942 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 142 067 төгрөг, нотариатын зардалд 26,000 төгрөг, нийт 189 976 229 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хүүгийн төлбөрийг 1 079 337 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 43 952 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, мөнгөн төлбөрийн шаардлага маань нийт 191 049 518 төгрөг болсон. Гэвч бид хариуцагч нарын төлөлтийг дахин тооцож үзээд мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар багасгаж байна. Үүнд, үндсэн зээлийн төлбөрт 171 248 799 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 224 514 төгрөг, нотариатын зардалд 26 000 төгрөг, нийт 171 499 313 төгрөгийг гаргуулж, мөн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ш.А-, Д.М-нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.А-, Д.М-бид нар ЖДҮХСгаас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 250,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж аваад 2020 оны 2 дугаар сарыг хүртэл 3 жил гарангийн хугацаанд зээл, хүүг төлж ирлээ. Үүнээс хойш цар тахалтай холбоотойгоор зээлийн нөхцөл байдал хүндэрч зээлээ төлж чадаагүй нь үнэн боловч нэхэмжлэлд дурдсан шиг 724 хоног хугацаа хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно. Зээлийн гэрээний графикийн зөрчлөө арилгаад зээлийг цааш үргэлжлүүлэх саналтай байгаа. Хариуцагч нарын зүгээс 2017 оны 8 дугаар сард 369 863 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 616 438 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 636 986 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 616 500 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 636 986 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 636 986 төгрөг, 2 дугаар сард 575 342 төгрөг, 3 дугаар сард 636 986 төгрөг, 4 дүгээр сард 936 986 төгрөг, 5 дугаар сард 636 986 төгрөг, 6 дугаар сард 636 986 төгрөг, 7 дугаар сард 636 986 төгрөг, 8 дугаар сард 1 236 876 төгрөг, 9 дүгээр сард 616 438 төгрөг, 10,11 дүгээр сард төлөлт хийгээгүй, 12 дугаар сард 15 347 376 төгрөг, 2019 оны 4 дүгээр сард 22,771,400 төгрөг, 5, 6, 7 дугаар сард төлөлт хийгээгүй, 8 дугаар сард 5 000 000 төгрөг, 11 дүгээр сард 5 000 000 төгрөг, 12 дугаар сард 5 533 600 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус төлсөн гэжээ.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖДҮХС” УТҮГ-аас Ш.А-, Д.М-нар нь төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн хадгалах зоорь төслийн зориулалтаар 250 000 000 төгрөгийг зээлж авсан байна. Зээлийн гэрээний дагуу төлөлтийг хийж явж байгаад 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж зээлийн төлөлтөд зөрчил гаргаж эхэлсэн. Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-д тус тус заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Ш.А-, Д.М-нараас нийт 171 499 313 гаргуулж, нэхэмжлэгч “ЖДҮХС” УТҮГ-т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Ш.А-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 3 хэсэгт тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205067543 дугаарт бүртгэлтэй, 88.74 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий 2 дугаар давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ш.Ариунтунгалагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 24 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205070244 дугаарт бүртгэлтэй, 77.99 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 085 647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулан дэмжих үүрэгтэй атлаа уг хүсэлтийг гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй, биднийг эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд эвлэрүүлэн зуучлагчийн тусламжийг авах боломжгүй тул уг алдааг залруулах боломжгүй юм. Нэхэмжпэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хариуцагч Ш.А-, Д.Мэндсайхан нарт холбогдуулан гаргасан байх ба өмчлөгч Ш.Ариунтунгалагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлоогүй. Анхдагч шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь хоёрдогч шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оролцуулах учиртай. Хэдийгээр хоёрдогч шаардлага нь анхдагч буюу үндсэн шаардлагаас салшгүй орших боловч энэ нь хоёрдогч шаардлагыг үндсэн шаардлагын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги нь гэрээний хугацаа дууссан цагаас хойш тоолох бөгөөд гэрээний хугацаа зөрчигдсөн хугацаанаас тоолох хуулийн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардсан байхад алданги гэж буруу дүгнэж гаргасан. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээлийн үндсэн төлбөрт тэргүүн ээлжинд тооцох хуулийн зохицуулалттай. Мөн нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь зөв боловч хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, улсын орлогод оруулах хуулийн зохицуулалттай байхад нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хууль зөрчөөд зогсохгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ЖДҮХС” УТҮГазар нь хариуцагч Ш.А-, Д.М-нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 171 499 313 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлийн гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардаж байгаа тохиолдолд зээлийг төлөх хугацаа тодорхой байх ёстой.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд 60 сарын хугацаатай гэж заасан ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна. Зээлийг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон бол тухайн хугацааг зөрчсөн тохиолдолд үүргийн зөрчилд тооцдог.

 

Зээлийн гэрээний 3.1-д “үндсэн зээл, хүүг төлөх хуваарьт хугацааг гэрээний хавсралт 1-д тодорхойлно.”, 3.4-т “зээлдэгч зээл, хүүг энэ гэрээний 3.1-д заасан хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг энэ гэрээний 4.1-д зааснаар Сантай тохиролцсон бөгөөд хуваарийн дагуу төлөгдөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцно” гэж заажээ. 

 

Гэтэл хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гэж тогтоосон, уг баримтад зээлдэгч талд зурагдсан гарын  үсэг нь гаргагдахгүй байх бөгөөд үүнээс хойшхи зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэрэгт авагдаагүй, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудад зээлдэгч тал гарын үсэг зураагүй байна.

 

Иймд зээлдэгчийн хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчлийг хэрхэн тооцох нь ойлгомжгүй байхаас гадна зээлдэгчийн эргэн төлөлтийг зээл, хүү, алдангийн аль үүрэгт нь тооцож суутгасан нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

 

Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

 

Шүүх энэ талаар гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй байхаас гадна мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагаа хийгдээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/02270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 085 647 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                  Н.БАТЗОРИГ