Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/02270

 

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/02270

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГазар /РД: 5290082/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 40в байр, 60 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Шаравдоржийн Ариунтуяа /РД: АЗ66061607/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, 47а байр, 6 тоот хаягт оршин суух, Аваг овогт Дашийн Мэнд-Амгалан /РД: ТГ69010411/-нарт холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 171,499,313 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан, гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГазрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2017/З-173 тоот зээлийн болон 2017/Б-173 тоот барьцааны гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан 250,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Төмс, хүнсний ногоо болон мах, махан бүтээгдэхүүн хадгалах зоорь төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Ш.Ариунтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205067543 дугаарт бүртгэлтэй, 88.74 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ш.Ариунтунгалагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 24 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205070244 дугаарт бүртгэлтэй, 77.99 м/к талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 60,585,779 төгрөг, хүүгийн төлбөрт 16,983,169 төгрөг, нийт 77,568,948 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 724 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй байна. Иймд зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2017/З-173 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 189,414,220 төгрөг, зээлийн хүүнд 393,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 142,067 төгрөг, нотариатын зардалд 26,000 төгрөг, нийт 189,976,229 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хүүгийн төлбөрийг 1,079,337 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 43,952 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, мөнгөн төлбөрийн шаардлага маань нийт 191,049,518 төгрөг болсон. Гэвч бид хариуцагч нарын төлөлтийг дахин тооцож үзээд мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар багасгаж байна. Үүнд, үндсэн зээлийн төлбөрт 171,248,799 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 224,514 төгрөг, нотариатын зардалд 26,000 төгрөг, нийт 171,499,313 төгрөгийг гаргуулж, мөн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан бид нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 250,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж аваад 2020 оны 2 дугаар сарыг хүртэл 3 жил гарангийн хугацаанд зээл, хүүг төлж ирлээ. Үүнээс хойш цар тахалтай холбоотойгоор зээлийн нөхцөл байдал хүндэрч зээлээ төлж чадаагүй нь үнэн боловч нэхэмжлэлд дурдсан шиг 724 хоног хугацаа хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно. Зээлийн гэрээний гарфикийн зөрчлөө арилгаад зээлийг цааш үргэлжлүүлэх саналтай байгаа. Хариуцагч нарын зүгээс 2017 оны 8 дугаар сард 369,863 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 616,438 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 636,986 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 616,500 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 636,986 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 636,986 төгрөг, 2 дугаар сард 575,342 төгрөг, 3 дугаар сард 636,986 төгрөг, 4 дүгээр сард 936,986 төгрөг, 5 дугаар сард 636,986 төгрөг, 6 дугаар сард 636,986 төгрөг, 7 дугаар сард 636,986 төгрөг, 8 дугаар сард 1,236,876 төгрөг, 9 дүгээр сард 616,438 төгрөг, 10,11 дүгээр сард төлөлт хийгээгүй, 12 дугаар сард 15,347,376 төгрөг, 2019 оны 4 дүгээр сард 22,771,400 төгрөг, 5, 6, 7 дугаар сард төлөлт хийгээгүй, 8 дугаар сард 5,000,000 төгрөг, 11 дүгээр сард 5,000,000 төгрөг, 12 дугаар сард 5,533,600 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-аас Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан нар нь төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн хадгалах зоорь төслийн зориулалтаар 250,000,000 төгрөгийг зээлж авсан байна. Зээлийн гэрээний дагуу төлөлтийг хийж явж байгаад 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж зээлийн төлөлтөд зөрчил гаргаж эхэлсэн. Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-д Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ хугацаандаа төлөөгүй 90 хоног хэтэрсэн тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Мөн гэрээний 7.1.4-д зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг бүрэн төлөхийн шаардана гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэж өгнө үү

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГазар нь хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 171,499,313 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан нар ... зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлөлтийг хийж байсан боловч цар тахалтай холбоотойгоор зээлийг төлөхөд хүндрэл үүссэн, 724 хоног зээлийг төлөөгүй гэдэг бол үндэслэлгүй, графикийн зөрчлөө арилгаад гэрээгээ цааш үргэлжлүүлэх саналтай байна гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГазар, хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан нар нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2017/З-173 тоот зээлийн болон 2017/Б-173 тоот барьцааны гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус 250,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Төмс, хүнсний ногоо болон мах, махан бүтээгдэхүүн хадгалах зоорь төслийн зориулалтаар зээлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ш.Ариунтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205067543 дугаарт бүртгэлтэй, 88.74 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ш.Ариунтунгалагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 24 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205070244 дугаарт бүртгэлтэй, 77.99 м/к талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусахаар буюу 60 сарын хугацаатай байхаар зохигчид тохиролцсон боловч зээлийн гэрээний 2.1.9-д Ноцтой зөрчил-зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн болон зээлийн төлбөрийн хуваарийг 3-с дээш удаа зөрчсөнийг, гэж, мөн гэрээний 8.1-д Дараахь нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээгийг үүргийг зөрчсөнд тооцно. Үүнд:, 8.1.1-д Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-т заасан зээл буцаан төлөх хуваарь-ийг 3-аас дээш удаа зөрчсөн;, 10.2-т Сан дараахь нөхцөлд гэрээг зөрчсөн гэж тооцон, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална., 10.2.1-д Энэхүү гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1-8.1.9-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан гэжээ. Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГазраас 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 1/61 тоот Зээл буцаан дуудах тухай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 28,735,127 төгрөг, алдангид 99,010 төгрөг, нийт 28,834,137 төгрөгийг 5 өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдье гэх мэдэгдлийг зээлдэгч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан нарт хүргүүлж байсан ба үүнээс хойш зээлдэгч нар дээрх зөрчлийг арилгаагүй тул 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх ба хариуцагч нарыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалсан нь үндэслэл бүхий болжээ. Зээлийн гэрээг цуцлах нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэлслэл бөгөөд бие даасан шаардлага биш болохыг дурдав.

 

Харин хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэндсайхан нар нь шүүх хуралдаан дээр ... зээлийн гэрээний үүрэгт нийт 90,039,994 төгрөгийг зээл авснаас хойш 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд төлсөн гэх боловч хариуцагч нараас гаргаж өгсөн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Голомт банк, Төрийн банкнуудын мөнгөн шилжүүлгийн баримтуудаас үзэхэд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар нь 2017 оны 9 дүгээр сард 616,438 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 636,986 төгрөг, мөн 369,863 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 616,500 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 636,986 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 575,342 төгрөг, мөн 636,986 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 636,986 төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 636,986 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 636,986 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 636,986 төгрөг, мөн 636,986 төгрөг, 2018 оны 8 дугаар сард 1,236,876 төгрөг, 2018 оны 10 дугаар сард 616,438 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 15,347,376 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг, нийт 45,111,707 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Гэвч дээрх хугацааны зээл, хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч үндсэн зээл болон хүү, алдангиас хасч тооцож нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл буцаан дуудах мэдэгдэл, банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудад дүгнэлт хийхэд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 171,248,799 төгрөг, алдангид 224,514 төгрөг, нотариатын зардалд 26,000 төгрөг, нийт 171,499,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий бөгөөд алдангийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан нараас нийт 171,499,313 гаргуулж, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГазарт олгож, хариуцагч нар үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох Ш.Ариунтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205067543 дугаарт бүртгэлтэй, 88.74 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ш.Ариунтунгалагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 24 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205070244 дугаарт бүртгэлтэй, 77.99 м/к талбай бүхий орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ариунтуяа, Д.Мэнд-Амгалан нараас нийт 171,499,313 гаргуулж, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГазарт олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Ш.Ариунтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 3 хэсэгт тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205067543 дугаарт бүртгэлтэй, 88.74 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий 2 дугаар давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ш.Ариунтунгалагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а дугаар байр, 24 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205070244 дугаарт бүртгэлтэй, 77.99 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,085,647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР