Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 16

 

ТЗ-н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00155 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: ТЗ-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.З-д холбогдох

Үндэслэлгүйгээр олж авсан 10625928 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Э.Энхцэцэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Э.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТЗ-н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.З нь ТЗ-нын Сайншанд татах хэсэгт илчит тэрэгний машинчаар ажиллаж байгаад 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 73 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Тэрээр ТЗ-наас 2011 онд ажлаас халагдсанаас хойш өөр байгууллагад ажиллаж байгаад 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх боловч 2019 онд ТЗ-нын Сайншанд татах хэсгээс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хамтын гэрээний дагуу тус байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгогддог тэтгэмжийг үндэслэлгүйгээр авсан байна. ТЗ-нын Сайншанд татах хэсгийн даргын 2019 оны 09 сарын 09-ний өдрийн Б-3-903 тоот тушаалаар Д.Зт ТЗ-н болон Монголын Төмөр Замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3.13, 3.11.1 дэх заалтуудыг үндэслэн төмөр замын байгууллагад тасралтгүй 26 жил 2 сар ажилласан гэж 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 10625928 төгрөгийг олгожээ. Д.Зт 10625928 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй болох нь дараах дүрэм, журмаар тогтоогдож байна. Үүнд:

1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг болон Монголын Төмөр Замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3.13-т “Улаанбаатар төмөр замд хориос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч /группд гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхотгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан/ өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-т заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно” гэж заасан. Энэхүү заалт нь 2012-2013 оны Хамтын гэрээнд анх орсон зохицуулалт бөгөөд үүнтэй холбоотойгоор Замын даргын баталсан 2012-2013 оны Хамтын гэрээний 3.11 дэх заалтыг хэрэгжүүлэх журмыг баталж мөрдөгдөж байгаа болно.    Энэ журмын 2.6-д “Энэхүү журам Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг болон Монголын Төмөр Замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2012-2013 оны хамтын гэрээ батлагдсан үеэс хүчин төгөлдөр гэж тооцон мөрдөгдөнө.” гэж заасан. Гэтэл Д.З нь 2011 онд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан байх тул 2012-2013 оны Хамтын гэрээний зохицуулалтад хамаарахгүй болно.

2. Мөн журмын 3.1-т “Энэ журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж байгаа ажилтан тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд 4 ба түүнээс доош жилийн хугацаа байна” гэжээ. Иймд Д.З журамд заасан хугацааны шаардлагыг хангахгүй буюу ажлаас халагдсанаас хойш 7 жил өнгөрсний дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул 10 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Түүнчлэн Д.З нь 2011 онд өөрийн хүсэлтээр ажлаас халагдаад Улаанбаатар төмөр замын харьяа бус өөр байгууллагад 7 жил ажиллаж байгаад, тухайн байгууллагаасаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон атлаа Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгээс өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг бусдыг төөрөгдүүлэн, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр авч, үндэслэлгүйгээр хөрөнгө, орлого олж авсан. Д.Зт үндэслэлгүйгээр 10625928 төгрөгийг олгосон асуудлыг Улаанбаатар төмөр замын Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба 2019 оны 10 дугаар сард илрүүлж, үндэслэлгүй олгосон мөнгийг иргэнээс буцаан гаргуулж авахыг Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсэгт үүрэг болгон байгууллагад нь авлага үүсгэсэн тул Д.Зт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 57/1152 тоотоор буцаан төлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй байгууллагыг хохироож байна. Иймд иргэн Д.Заас үндэслэлгүй олж авсан 10625928 төгрөгийг буцаан гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.  

 

Хариуцагч Д.З  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...Д.З миний бие төмөр замын байгууллагад 30 жил ажилласан ба тэтгэвэр тогтоолгоход 26 жил 2 сар гэж гарсан. Тиймээс ТЗ-н болон Монголын Төмөр Замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3.13-т “... хориос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч ... өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-т заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно” гэж заасны дагуу Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б-3-903 дугаартай тушаалаар надад 10625928 төгрөг олгосон. Би өөрөө дур мэдэн энэ тэтгэмжийг аваагүй. Хамтын гэрээнд заасны дагуу 20-иос доошгүй жил ажилласан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан байсан болохоор гэрээнд заасны дагуу олгогдсон гэж бодож байгаа. Монгол Улсын Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлахдаа гэрээний шууд утгыг анхаарна гэж заасан. Тэгэхээр би өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ 2011 онд цуцлуулсан боловч 2018 онд тэтгэвэрт гарч байгаа болохоор энэ утгаар нь ойлгоод надад тэтгэмж олгосон гэж бодож байна. Улаанбаатар төмөр замын Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба нь 2019 оны 10 дугаар сард шалгалт хийж ирүүлсэн гэжээ. Энэ шалгалтаар хэнээр төлүүлэхээр акт тавигдсан нь тодорхойгүй ба Улаанбаатар төмөр замын татах хэсэгт үүрэг болгон байгууллагад нь авлага үүсгэсэн гэж нэхэмжлэлдээ дурджээ. Үүнээс харахад би энэ хэргийн хариуцагч биш гэж бодож байна. Учир нь би дураараа энэ мөнгийг аваагүй, даргын тушаалаар авсан. Улаанбаатар төмөр замын татах хэсгийн даргын тушаалаар авсан болохоор өөрийгөө би хууль дүрэм зөрчиж, үндэслэлгүйгээр хөрөнгө, орлого олсон гэж үзэхгүй байна. Төмөр замын байгууллага надад тэтгэмж олгохдоо хууль, дүрэм журмаа үзэж байгаад надад олгож болно гэж үзээд олгосон байх гэж бодож байна. Төмөр замын байгууллагад би залуу нас, бүхий л амьдралынхаа ид эрх хүчтэй ажиллах бүхий л хүч хөдөлмөрөө зарцуулсан учраас энэ тэтгэмжийг олгосон гэж бодсон. Би ажиллаж байх хугацаандаа муу ажилтан байгаагүй. Тэтгэмж олгочхоод тэтгэврийн надаар энэ мөнгийг буцаан төлүүлнэ гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Төр, цэргийн албанд ажиллаж байсан хүмүүсийг ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгосны дараа төрөөс тэтгэмж олгож байгаатай адил гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар манай байгууллага захиргааны байгууллага биш гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ТЗ-н нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагддаг байгууллага. Нэхэмжлэгч тал хариуцагчийг хамтын гэрээний нэг тал биш гэж байгаа боловч Нийгмийн даатгалын тухай хууль болон тэтгэвэр, тэтгэмж авч байгаа нотлох баримтаар төмөр замд тасралтгүй 20 жил ажилласан гэдэг нь тогтоогдож байна. Тухайн хамтын гэрээг Төмөр замын дэргэдэх эвлэлийн хороо зөвшилцсөний үндсэн дээр гэрээг баталсан байх, гэрээний биелэлтийг зөв эсэх тал дээр дотоод хяналт шалгалтаа хийж явах талаар тус гэрээний 10 дугаар зүйлд заасан. Өөрөөр хариуцагч дур мэдэн хэн нэгнийг төөрөгдүүлж тухайн тэтгэмжийг авсан асуудал биш. Тухайн үеийн дарга нь хариуцагчийн гаргасан хүсэлтийг 30 хоногийн дотор хянаж үзээд тушаал гаргаж тэтгэмж олгосон. Тухайн албан тушаалтан буруу тушаал гаргаж тэтгэмж олгосон тохиолдолд арга хэмжээ авсан тухай нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Хамтын гэрээний заалтыг өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талын тайлбарласнаар журам гаргаж зохицуулсан байхад тухайн үед Хорлоо гэх хүн энэ тэтгэмжийг олгох тухай тушаал гаргасан нь эргэлзээтэй байна. Иймд гэрээг зохицуулах журмыг хэзээ баталсан, журмыг батлах үеийн хурлын тэмдэглэл гэх мэт нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь өөрөө дээрх журмыг хэзээ ч баталсан байх боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч тал тухайн гэрээг тайлбарласан тайлбараа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна…” гэжээ.

          Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг, 496 дугаар зүйлийн  496.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТЗ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Зт холбогдох, үндэслэлгүйгээр олж авсан 10625928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Э.Энхцэцэг нар  давж заалдсан гомдолдоо болон Н.Болороо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

        1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс
нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тогтоохгүйгээр нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн тул шийдвэр нь хууль
ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал, анхан шатны шүүх хавтаст хэргийн 7-р хуудсанд авагдсан Улаанбаатар төмөр замын даргын баталсан “2012-2013 оны Хамтын гэрээний 3.11 дэх заалтыг хэрэгжүүлэх журам”-ыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрхэн үнэлсэн, хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх талаар шүүхийн шийдвэртээ ямар ч үнэлэлт, дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байх тул шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дугаар тогтоолд заасныг зөрчиж шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг оруулж, дарааллыг алдагдуулсны улмаас шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг ойлгомжгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

  2. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй...” гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг ойлгоно. Хариуцагч нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгээс 8 жилийн өмнө хувийн байгууллагад ажиллахаар өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан, тухайн хугацаандаа өөр хувийн байгууллагад ажиллаж байгаад өөр байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй байхад шүүх Улаанбаатар төмөр замын хамтын гэрээний дагуу тэтгэмж олгосон нь үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны зарчимд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч Д.Зыг үндэслэлгүйгээр нэг удаагийн тэтгэмж 10625928 төгрөгийг олж авсан гэж үзэхгүй ба эрх бүхий албан тушаалтны шийдвэр буюу тушаалын үндсэн дээр түүнд олгогдсон мөнгөн хөрөнгө юм" гэж дүгнэхдээ тухайн эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь холбогдох дүрэм, журамдаа нийцээгүй, буруу шийдвэр болох нь холбогдох баримтаар тогтоогдож байхад шүүх ямар хууль зүйн үндэслэлээр дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Аливаа байгууллагын Хамтын гэрээ нь тухайн байгууллагын ажилтнуудыг хамарч үйлчлэх бөгөөд энэхүү хамтын гэрээний дагуу хариуцагч Д.Зт тэтгэмж олгох үүрэг үүсээгүй болох нь Улаанбаатар төмөр замын даргын баталсан “2012-2013 оны Хамтын гэрээний 3.11 дэх заалтыг хэрэгжүүлэх журам”-ын 2.1, 2.3, 2.6, 3.1, 4.1-4.6 дахь заалтуудаар тогтоогддог. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Хамтын гэрээний 3.13 дахь заалтын зорилго, зарчмыг дээр дурдсан “Хамтын гэрээг хэрэгжүүлэх журам”-аар тодорхойлж, түүнд нийцүүлэн тэтгэмжийг олгох талаар нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодорхой дурдан тайлбарласан байхад шүүх тухайн журмыг огт үнэлээгүй байгаад гомдолтой байна. Энэхүү зохицуулалт анх 2012-2013 оны хамтын гэрээнд тусгагдсан. Гэтэл Д.З нь 2011 онд өөрийн хүсэлтээр ажпаас халагдсан байх тул 2012-2013 оны Хамтын гэрээний зохицуулалтад хамаарахгүй болно. Мөн Иргэний хуулинд заасан зарчмын дагуу хууль тогтоомж, эрх зүйн актыг буцаан хэрэглэх үндэслэлгүй. Д.З журамд заасан хугацааны шаардлагыг хангахгүй буюу ажлаас халагдсанаас хойш 8 жил өнгөрсний дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул 10 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 2020 ны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00155 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн хуулийн шаардлагыг хангасан. Мөн шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай адилтгах замаар тодорхойлно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан Хамтын гэрээний 3.13-ыг баримталж Д.Зт тушаал гаргаж 10 сая төгрөгийн тэтгэмж олгосон. Хэрвээ үүнийг тайлбарласан дүрэм, журам нь салбар нэгжүүддээ ирчихсэн байсан бол Д.Зыг анх хүсэлт өгөхөд нь танд олгогдох боломжгүй байна гэсэн хариутай албан бичиг хүргэгдэх ёстой байсан. Энэ журам хэзээ батлагдсан нь тодорхойгүй. Манайхыг тайлбар гаргаснаас хойш энэ нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ журмыг анхнаасаа хэрэгт хавсаргаж өгөөгүй. Группт гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар байгаа. Энэ дээр нэхэмжлэгч тал маргаагүй. Гэтэл энэ гэрээний агуулгад өөрийн хүсэлтээр гэсэн үг байгаа. Тэгэхээр Хорлоогийн гаргасан тушаал үндэслэлтэй. Д.Зын өгсөн хүсэлтийг шалгаж үзээд болно гээд тэтгэмж олгосон. Д.З хэн нэгнийг төөрөгдөлд оруулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Хамтын гэрээ нь хууль тогтоомжид хамаарна гэж үзэж байна. Хамтын гэрээг байгуулахдаа ажилтнуудаа төлөөлж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч гарын үсэг зурдаг. Хамтын гэрээг хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөрт тооцон, жил бүр дүгнэж зохих журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж 2 жилийн хугацааатай мөрдөнө гэж заасан байдаг. Д.З 2018 онд тэтгэвэрт гарах үед нь эдгээр дүрэм, журам мөрдөгдөж байсан учраас тэтгэмж олгосон нь үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь хариуцагч Д.Зт холбогдуулан үндэслэлгүйгээр авсан 10625928 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Д.З нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... хамтын гэрээнд заасны дагуу  ... тэтгэвэрт гарахад олгосон тэтгэмж, ... би дураараа энэ мөнгийг аваагүй, даргын тушаалаар авсан ...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн  496.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч “... анхан шатны шүүх ... нотлох баримтыг үнэлэх журмыг ... зөрчсөн, ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Д.З нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” –ын Сайншанд татах хэсэгт машинчаар ажиллаж байгаад 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн /хх83/, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” –ын Сайншанд татах хэсгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б-3-903 тоот тушаалаар /хх27/ “... төмөр замд тасралтгүй ажилласны тэтгэмж ...” олгохоор шийдвэрлэж 10625928 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” –ын Сайншанд татах хэсгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б-3-903 тоот тушаалд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн Холбооны 2018-2019 оны хамтын гэрээний /хх16-24/ 3 дугаар зүйлийн 3.13, 3.11.1-д заасныг үндэслэсэн байх ба 3.13-т “УБТЗ-д 20-иос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч /группд гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан/ өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-т заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно.” гэж нэг удаагийн тэтгэмж олгох нөхцөлийг заажээ.

Анхан шатны шүүх хамтын гэрээний энэхүү заалтын ... УБТЗ-д 20-иос доошгүй жил тасралтгүй ажилласан гэснийг үндэслэж, ... тухайн байгууллагаас өндөр насны тэтгэврээ тогтоолгосон гэж онцолж заагаагүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр олгогдсон мөнгөн хөрөнгө учир буцаан шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2-т нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө  хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

Энэ нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” –ын Сайншанд татах хэсгийн даргын шийдвэрээр хариуцагч Д.Зын хүсэлтийг үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгосон хэдий ч энэхүү шийдвэр нь хууль бусад эрх зүйн баримт бичгүүдэд нийцээгүй, үндэслэлгүй буюу ийнхүү нэг удаагийн тэтгэмж олгохоор  хууль болон гэрээнд заасан үүрэггүй бол хөрөнгө олж авсан этгээдийг тухайн шийдвэрээр олгогдсон хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ба энэ тохиолдолд нэгэнт олгосон мөнгөн хөрөнгийг дээрх хуульд зааснаар сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан гэж үзэж хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж ойлгогдоно.  

Өөрөөр хэлбэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Сайншанд татах хэсгийн даргын хариуцагч Д.Зт нэг удаагийн тэтгэмж олгосон шийдвэр нь энэхүү маргаанд хамаарах хууль болон тухайн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичгүүдэд нийцэж байгаа эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэх нь хариуцагч Д.Зын хувьд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эсэхийг тогтооход ач холбогдолтой юм.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д төмөр замын байгууллагын ажилтны хөдөлмөр зохицуулалт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг энэ хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгохоор, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.,1-т зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамарч үйлчлэх бөгөөд хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр нь ... бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор тус тус зохицуулжээ.

            Эндээс үзвэл хариуцагч Д.З нь цаг хугацааны хувьд тухайн хамтын гэрээ, хэлэлцээр байгуулагдах үед тухайн байгууллагад ажиллаж байсан байх, ийнхүү ажиллаж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хамтын гэрээ түүнд үйлчлэнэ гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байх зарчимд нийцнэ.

            Харин Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Сайншанд татах хэсгийн даргын шийдвэрт Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн Холбооны 2018-2019 оны хамтын гэрээг хэрэглэсэн нь дээрх хуулиудад нийцээгүй байна.

            Тодруулбал хариуцагч Д.З нь дээрх хамтын гэрээнд заасан “УБТЗ-д 20-иос доошгүй жил тасралтгүй ажилласан”, “тэтгэвэрт гарах нас болоогүй боловч өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан” гэсэн нэг удаагийн тэтгэмж авах нөхцөл шаардлагыг хангасан байх боловч тэрээр 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” –ын Сайншанд татах хэсэгт ажиллаж байгаад 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн /хх95,101/ тул түүнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн Холбооны 2018-2019 оны хамтын гэрээ үйлчлэхгүй болно.

            Түүнчлэн дээрх нэг удаагийн буцалтгүй тусламж авах нөхцөл шаардлагатай холбоотой зохицуулалт нь анх 2012-2013 оны хамтын гэрээнд /хх8-15/ тусгагдаж, улмаар энэхүү гэрээний 3.11 дэх буюу маргаж буй заалтыг хэрэгжүүлэх журмын /хх7/ 2.6-д “Энэ журам Монгол –Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭХ-ны 2012-2013 оны хамтын гэрээ батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр гэж тооцон мөрдөгдөнө.” , 3-т “Энэ журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулж байгаа ажилтан тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд 4 ба түүнээс доош жилийн хугацаа байна.” гэж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн Холбооны 2012-2013 оны хамтын гэрээ, 2018-2019 оны хамтын гэрээний 10.1-д “Энэхүү хамтын гэрээг хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөрт тооцон, жил бүр дүгнэж, зохих журмын дагуу нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр жилийн хугацаатай мөрдөнө.” гэж  тус тус заасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

            Энэ нь хариуцагч Д.З нь 2011 онд өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн тул түүнд дээрх хамтын гэрээнүүд үйлчлэхгүй ба түүний ажиллаж байх үед мөрдөгдөж байсан 2010-2011 оны хамтын гэрээнд /хх44-56/ нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай дээрх хамтын гэрээнүүдэд заасан нөхцөл журам тусгагдаагүйн гадна тэрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”–ын Сайншанд татах хэсэгт машинчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш даруй 8 жил өнгөрсөн нь мөн дээрх 2012-2013 оны хамтын гэрээ, 2018-2019 оны хамтын гэрээг хэрэглэхгүй байх үндэслэл болно.

 

            Иймд хариуцагч Д.Зыг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу нэхэмжилж буй 10625928 төгрөгийн хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, уг мөнгөн хөрөнгийг буцаан төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Э.Энхцэцэг нарын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангасан тул нэхэмжлэгчийн гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 184965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                           

          1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1,  496 дугаар зүйлийн  496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Заас 10625928 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТЗ-нд олгосугай.” гэж,

2 дугаар заалтын “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж,” гэж өөрчилж, заалтад “хариуцагч Д.Заас улсын тэмдэгтийн хураамжид 184965 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Э.Энхцэцэг нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

                                                   ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                                         Н.БАТЧИМЭГ