Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0870

 

2017 оны 12 сарын 14 өдөр        Дугаар 221/МА2017/0870                Улаанбаатар хот

            Т.С-ийн нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч П.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0664 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-гийн давж заалдах гомдлоор, Т.С-ийн  нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0664 дүгээр шийдвэрээр:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С-оос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/323 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.А давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0664 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заагдсанаар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн “Л М” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.С-ийн эрхийг зөрчиж гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Хэрэв Т.С-д талуудын тэгш байдлыг хангаж баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн бол эрх нь зөрчигдөхгүй байх байсан бөгөөд үүнд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг нотлоно.

2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь “... маргаан бүхий бүртгэлд хяналт, шалгалт хийж, нотлох баримт бүрдүүлэх эрхтэй” гэжээ. Улсын байцаагч өөрт олгогдсон эрхийн хүрээнд шалгалт хийх эрхтэй боловч эрүүгийн шинжтэй аливаа үйлдлийг “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ийн 2.1.4-д заагдсанаар “шаардлагатай гэж үзвэл шалгалтын материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх” үүрэгтэй болоход шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Монгол Улсын Үндсэн хуулинд “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн иргэн Т.С-ийн үндсэн эрхэнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагч нар халдсан байхад шүүх гэм бурууг тогтоосон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуурач баримт бүрдүүлсэн гэж дүгнэлт хийсэн нь Т.С-ийг гэм буруутай гэж шууд буруутгасан нь захиргааны шүүхийн шийдвэр бус эрүүгийн хэргийн шүүхээс гаргасан шийтгэх тогтоол гэж ойлгохоор байна. Иймд улсын бүртгэлийн хяналтын дүрмээ зөрчиж, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй хяналт шалгалтыг хуульд нийцсэн гэж үзсэн шүүхийн шийдвэрийг огтхон зөвшөөрөх боломжгүй юм.

3. Шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл Т.С гэм буруутай нь нотлогдсон талаархи баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулах үүргээ биелүүлээгүй. Гэтэл нэхэмжлэгчийг гэм буруутай этгээд мэтээр дүгнэлт хийсэн байгаа нь учир дутагдалтай бөгөөд ноцтой үр дагавартай гэж үзэж байна.

4. Т.С нь “Л М” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд энэхүү компанидаа хөрөнгө оруулалт болгож Чингис хаан банкнаас 600.000.000 зээлж аваад өөрийн компанийн бүх хөрөнгө болон өөрийн өмчлөлийн орон сууц, газар зэргийг барьцаалсан байсан бөгөөд Б.Бат-Эрдэнэ гэгч этгээд тус компанийг залилан авсан үйлдлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа болон хууль бус үйлдлээ хаацайлахын тулд төрсөн ах Б.Б-д шилжүүлж их хэмжээний хохирлыг Т.С-д учруулаад байгааг энд дурдах хэрэгтэй болно.

Жич: Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болдог бөгөөд шүүх үндэслэлээ тайлбарлахдаа “Энэхүү шийдвэр нь та бүхний эрүү, иргэний маргаанд нөлөөлөх ёсгүйг дурдаж байна” гэсэн атлаа шийдвэртээ огт дурдаагүй байгаа нь бас нэгэн зөрчил бөгөөд нэхэмжлэгч иргэн Т.С-ийг гэмт хэрэгтэн мэтээр дүгнэсэн нь шүүх гагцхүү хуульд захирагдах зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0664 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ” гэжээ.

            ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан байна.

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5-д “энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-т “захиргааны акт, ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3-т “анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ захиргааны байгууллагын үйл ажиллагаа ямар шалтгаан үндэслэлийн улмаас хууль бус байгааг тодорхойлохоос гадна тус хууль бус үйл ажиллагааны улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар өөрөө тодорхойлох үүрэгтэй. Өөрөө хэлбэл, шүүх зөвхөн нэхэмжлэгчийн өөрөө тодорхойлон маргасан үндэслэл буюу захиргааны актыг үгүйсгэж, няцааж буй шалтгаан үндэслэл, түүнтэй холбоотой хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Т.С нь маргаан бүхий А/323 дугаар тушаалын “Л М” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулж, шинээр гэрчилгээ олгохдоо үндэслэл болгосон баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон гэх үндэслэлийг үгүйсгэж маргаагүй, харин “... иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02810 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Л М” ХХК-ийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байхад эрх нь зөрчигдсөн этгээдийг татан оролцуулалгүйгээр нэг талыг барьсан дүгнэлт гаргаж, бүртгэлийг хүчингүй болгосон...” гэж маргасан байна.

 “Л М ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх захирал Б.Б-ийг тус тус өөрчилж, Т.С-ийг бүртгэснийг, мөн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин шинэчилж олгосныг эс зөвшөөрч иргэн Б.Б-с Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “... улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь хууль ёсны өмчлөгч надад байсаар атал эх хувийг шаардаж авалгүйгээр ... тайлан балансыг 2016 оны бус 2015 оны 3 дугаар улирлын баталгаажуулаагүй тайлангаар бүрдүүлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд урьдчилан мэдэгдэх, ...байтал надад мэдэгдээгүй, ... өргөдөл гаргах эрхгүй этгээд хуурамч баримт үйлдэж, өөрөө хүсэлт гаргаж ... хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч байгаа хууль бус үйлдлийг мэдсээр байж бүртгэл хийсэн, хувьцаа эзэмшигчийн шийдвэр тогтоол, хурлын тэмдэглэлгүй...” гэх агуулга бүхий гомдлыг гаргаснаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Ч.Э, Хяналтын улсын байцаагч Б.Г  нар шалгалт явуулж, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 637 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Тус дүгнэлтээр “... “Л М” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэхэд үндэслэсэн нотариатчийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг нь хуурамч болох нь дараах байдлаар тогтоогдож байна. ... “Л М ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б-ийн тус газарт гаргасан хүсэлт ... Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Л.Х тайлбартаа ... уг гэрээг би хийгээгүй, тамга тэмдгийг хуурамчаар хийсэн ба баталгааны тэмдэг дээрх миний гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Мөн тухайн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 04-нд 715, 716 дугаартай гэрээ хийгдээгүй гэж тайлбарласныг, мөн уг нотариатчийн гэрээний бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2914, 2926 дугаартай гэрээнүүд бүртгэгдсэн байна ... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 07ны өдрийн 1301 дүгнэлтэд “ ...”Л М” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний доод хэсэг ... тамганы дардас шинжилгээнд ... ирүүлсэн 279 дугаартай нотариатчийн тамганы дардасны загваруудтай тохирохгүй...” гэсэн, ... компанийн гүйцэтгэх захирал Б.Б-ийг өөрчлөн Т.С-ийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байх бөгөөд энэ талаарх эрх бүхий этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, нотлох баримт хувийн хэрэгт авагдаагүй ... өмнөх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр хувийн хэрэгт авагдаагүй ...” гэх зэрэг үндэслэлээр “Л М” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан ... 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр хүчингүй болгох...” гэж дүгнэсэн байна. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын    “...“Л М” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхэд үндэслэсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн гэрчилсэн гэх 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 715 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, 716 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” хуурамч болох нь тус газрын Хяналтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэж дүгнэж, “Л М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал Б.Б-ийг тус тус өөрчилж Т.С-ийг бүртгэсэн бүртгэлүүд, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн дахин олгосон бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий А/323 дугаар тушаалыг шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Л.Х-ы тайлбар[1], Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын дүгнэлт[2], нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар[3], хариуцагчийн тайлбарууд[4] зэрэг баримтуудаас үзвэл “Л М” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ үндэслэл болгосон баримтыг гэрчилсэн гэх нотариатын бүртгэл, тамганы дардас, гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон байх тул хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий А/323 дугаар тушаалаар “Л М” ХХК-ийн бүртгэлийг өөрчилж бүртгэсэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Т.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь маргаан бүхий шийдвэрийг гаргахын өмнө Т.С-ийг дуудаж тайлбар гаргуулахаар ажиллагаа явуулсан гэж тайлбарлах бөгөөд хэрэгт “... 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 15 минут, 17 цаг 10 минут,  2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 45 минут, 11 цаг 15 минут, 17 цаг 20 минутад  тус тус нэхэмжлэгч Т.С-ийн 0000-0000 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан ... өргөдөл гаргагч Б.Б-с Т.С-той холбоо барих утасны дугаарыг тодруулахад өөр дугаар байхгүй ...” гэж тэмдэглэсэн хяналтын улсын байцаагчийн тэмдэглэл[5] авагджээ. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тус тайлбар, үгүйсгэх, баримт нотолгоог гаргаж мэтгэлцэх боломжтой байтал энэ талаар баримт нотолгоог гаргаагүй байна. Иймээс  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Захиргааны ерөнхий хуулийн 13.2-д зааснаар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн “Л М” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.С-ийн эрхийг зөрчиж гуравдагч этгээдээр оролцуулаагүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хувьд Т.С-ийг компаниа шилжүүлж авч байгаа үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон түүнд холбогдох журмуудыг зөрчсөн учраас хүчингүй болгосон байна. Тийм учраас хууль зүйн үндэслэлтэй тушаал болжээ гэж шүүх дүгнэсэн. Гэхдээ энэхүү шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан байгаа н.Б, н.Б, н.Б нарт холбогдох компанийн хувьцаа худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчингүйд тооцуулах иргэн болон эрүүгийн хэргүүдэд эрх зүйн ямар нэгэн давуу байдал олгох шийдвэр биш. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалыг хянасан ... шийдвэртээ  дэлгэрэнгүй тусгаж бичих болно ...”  гэж тайлбарласан нь шүүх хуралдааны бичлэгт хадгалагдан үлдсэнийг, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар “... өөрчлөлт хийхэд үндэслэл болгосон баримтуудыг гэрчилсэн гэх нотариатын бүртгэл, тамганы дардас, гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр “Л М” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/323 дугаар шийдвэртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хүрээнд буюу өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн А/323 дугаар шийдвэр үндэслэлтэй эсэх, түүний улмаас нэхэмжлэгч Т.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлэснийг тус тус тэмдэглэв. 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0664 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                               

                                    ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ