Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0913/з |
Дугаар | 01 |
Огноо | 2019-01-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 01
Н.А-гийн нэхэмжлэлтэй,
НДЕГ-ын даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Ч.Тунгалаг
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0513 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргал нар,
Хариуцагч болон гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар, 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Н.А-г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай, 2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-д 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 9 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх 12.318.228 (Арван хоёр сая гурван зуун арван найман мянга хоёр зуун хорих найм) төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговрыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0513 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
4. Нэхэмжлэгч Н.А-г Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 503 дугаар магадлалыг тус тус үндэслэн түүнийг урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн томилж, шүүхийн шийдвэр биелэгдсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Батхуяг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр биечлэн уулзаж, ажлын зайлшгүй шаардлагаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар шилжүүлэн ажиллуулах болсон тухай мэдэгджээ.
5. Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийгдсэн байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-9-5 шатлалд хамаардаг. Өөрөөр хэлбэл ажлын албан шаардлагаар түүний албан тушаал ТЗ-8-5 шатлалд хамаарч байсныг ахиулж, эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шийдвэрлэсэн.
6. Шүүгч Н.А-г өөр ажилд шилжүүлэн томилох болсон шалтгаан, үндэслэлээ “албан ажлын зайлшгүй шаардлага” байсан гэдгийг нотолж чадаагүй гэж үндэслэсэн байна. Н.А-г томилох үед Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын орон тоо сул, зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь “Жайка” Олон улсын байгууллагаас Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллах хүрээнд “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл, төлөвлөгөө” батлагдсан байдаг. Тухайн төлөвлөгөөнд сургалтын багц, дэд хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тул ажлын зайлшгүй шаардлага байсан.
7. Н.А- хувийн ашиг сонирхлоор хандаж 2017 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тамгыг авч зугтаан, ажлын өрөөгөө цоожлон, холбогдох утсаа унтрааж, ажилдаа ирэлгүй алга болсон. Тухайн асуудлаас болж тус хэлтэс санхүүгийн гүйлгээ хийх болон иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчлэх боломжгүй болсон тул өрөөний хаалгыг онгойлгодог засварчин дуудаж нээлгээд шалгахад тамга байхгүй байсан. Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 40 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст яаралтай мэдэгдэж, хүчингүйд тооцуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, шинэ тамга хийлгэсэн.
8. Иймд, Н.А-д Төрийн албаны тухай зүйлийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг, Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 1 дэх хэсгийн 1.6, 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.
9. Дээрх захиргааны акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт 402 тоот өрөөнд явуулах болсныг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/2804 дугаартай албан бичгээр мэдэгдэж, түүний гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Түүнчлэн Н.А-д холбогдуулан захиргааны акт гаргахын өмнө түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгаа талаар болон сонсох ажиллагааг мэдэгдэхээр түүний 91013300 дугаарын утас руу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16.35, 16.37, 17.00 цагуудад, 10 дугаар сарын 25-ны өдрийн 10.20, 12.00 цагуудад залгахад утсаа унтрааж, дуудлага хадгалах үйлчилгээнд холбогдсон байсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.А-д сахилгын шийтгэл оногдуулах тушаал гарсан тухай мэдэгдэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Хүний нөөцийн мэргэжилтэн залгахад утсаа хааж, дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгүүлсэн байсан болно.
10. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаартай тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм” батлагдсан. Тухайн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт төрийн захиргааны албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх зарчмыг хэлбэрэлтгүй дагахаар журамласан. Мөн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт “өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүхэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх хэсэгт “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” үүрэгтэй болохыг заасан. Н.А- төрийн албанд тангараг өргөсөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагч. Дээрх ёс зүйтэй холбоотой асуудлыг эсэргүүцээгүй. Өөрөөр хэлбэл, тушаалын үндэслэлийн талаар тодорхой дурдаж маргаагүй, ажил таслаагүй, байгууллагын тамга, тэмдгийг авч зугтаагаагүй гэх талаар тайлбар гаргаагүй, няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
11. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний 221/МА2018/0513 дугаар магадлалыг эс зөвшөөрч байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
12. Гуравдагч этгээд Ш.Алтанчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 445 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 513 дугаар магадлалууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.
13. Нэхэмжлэгч Н.А- нь анх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөн хариуцагч, гуравдагч этгээд нарт шүүхээс гардуулан өгсөн нэхэмжлэлд “...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Н.А-г Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг “түр орлон гүйцэтгэгчээр” томилсон тушаалыг хүчингүй болгох...” гэж дурдсан байх бөгөөд энэ болон бусад шаардлагын хүрээнд тайлбараа бичгээр гаргаж, хэрэгт авагдсан байдаг.
14. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс анх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн дээрх шаардлагаар захиргааны хэрэг үүсгээгүй болохыг нэхэмжлэгч өөрөө болон хариуцагч, гуравдагч этгээд нар нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн бөгөөд дээрх шаардлагаар шүүх хэрэг үүсгээгүй бол нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзсан юм уу гэхээр хэрэгт тийм баримт байхгүй байна.
15. Нэхэмжлэгчийн зүгээс түүний гаргасан нэхэмжлэл болон амаар гаргаж байгаа тайлбар зэргээс үзэхэд дээрх шаардлагаа бүрэн дэмжиж, өөрийгөө Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хүлээн зөвшөөрөхгүй, шууд даргаар томилогдох ёстой гэж тайлбарлан, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд ч мөн энэ талаар мэтгэлцсэн байдаг. Гэтэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхэд энэ асуудлаар захиргааны хэрэг үүсээгүй гэх үндэслэлээр шийдвэр гараагүй, тэгсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаагүй, хэрэг ч үүсээгүй зэргээс үзэхэд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, иргэн хүний нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдвэрлэлгүй орхигдуулж, зохигчдыг хийсвэр асуудлаар мэтгэлцүүлж, бодитоор мэтгэлцэх боломжийг олгоогүй нь шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
16. Нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг огт гаргаагүй бөгөөд харин ч түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хүлээн зөвшөөрөхгүй, даргаар томилуулах шаардлага гаргасан байхад нэхэмжлэгчийн шаардлага гаргаагүй буюу хүсээгүй албан тушаалд нь болох түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгасан шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт нь хууль бус байхыг үгүйсгэхгүй ч гэлээ, захиргааны хэргийн шүүхэд ямар нэхэмжлэл гаргах, хариуцагчаар хэнийг тодорхойлох, түүнийгээ өөрчлөх, ихэсгэх, багасгах нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон, хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрх нь бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийн зохигчид мэтгэлцэж, шүүх гагцхүү түүнийг нь тодруулах, чиглүүлэх боломжтой юм.
17. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргаагүй, харин мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзол шаардлагыг хангасан тул даргын ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхээс эрх мэдлээ хэтрүүлэн хүсээгүй буюу хууль зүйн хувьд ялгаатай албан тушаалд томилохоор шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
18. Иймд, эдгээр үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 513 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулан, маргааны үйл баримтад хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
20. Хяналтын шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж дараах үндэслэлээр “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх...” гэх гомдлыг нь хангах боломжгүй гэж үзлээ.
21. Нэхэмжлэгч Н.А- нь нэхэмжлэлийн шаардлагаа анх Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал, тус даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 2017 оны Б/170 дугаар тушаал болон Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах хэмээн тодруулсан байна.
22. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар маргаж, гомдол гаргаагүй болно.
23. Маргааны үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Н.А-г өмнө нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлаас нь халсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 365, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/503 дугаар шийдвэр, магадлалаар хууль бус гэж үзэж хүчингүй болгохоор шийдвэрлэсний дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/163 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.А-г 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь томилсон байна.
24. Харин мөн газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар тушаалаар Н.А-г Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч “...надтай зөвшилцөж, зөвшөөрөл аваагүй, ...энэ албан тушаалд урьд нь ажиллаж байгаад халагдсан Д.Эрдэнэбатыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан, ...сул орон тоо биш,...” гэж, хариуцагч нь “...сул орон тоо байсан, ...сургалтын багц, дэд хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байсан, ...эрх зүйн байдал, цалин хөлс нь буураагүй..., нэхэмжлэгч нь хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй...” гэж тус тус тайлбарлаж маргажээ.
25. Мөн дээрх маргаан бүхий тушаалыг гаргасны дараа Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалаар “...байгууллагын тамгыг нууж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, ...ажил тасалж албан үүргээ биелүүлээгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.А-д төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч нь “...шүүхийн шийдвэрээр ажилд томилсны маргааш нь хууль бусаар өөр ажилд шилжүүлснийг зөвшөөрөөгүй, гомдлоо гаргасан хугацаанд ажлаас халсан нь буруу, ...тамга нуусан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгасан...” хэмээн эс зөвшөөрч, уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
26. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах нөхцөл бүрдээгүй, хуульд заасан үндэслэл байгаагүйг шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв дүгнэжээ. Тухайлбал, “албан ажлын зайлшгүй шаардлага байхаас гадна төрийн албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрөл буюу түүнтэй тухайн асуудлаар тохиролцсон байх, эдгээр нь зэрэг хангагдсанаар хуулийн дээрх зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
27. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, шийдвэр гаргахаас өмнө хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Н.А-тай тохиролцсон болох нь нотлогдоогүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбатыг хууль бусаар халсныг шүүхээс тогтоож, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад ажлын байрны сул орон тоо гарсан гэж үзэх боломжгүй, албан ажлын зайлшгүй шаардлага гарсан гэх бусад нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
28. Түүнчлэн нэхэмжлэгч нь “шилжүүлэн ажиллуулах” тухай тушаалыг эс зөвшөөрч эрх бүхий этгээдэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх явцад түүнийг “ажил тасалсан” гэж буруутгасан нь үндэслэлгүй, мөн Чингэлтэй дүүргийн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 504 дүгээр тогтоолоор Н.А-г “...байгууллагын тамга, тэмдэг нуун дарагдуулсан, хууль бусаар авч зугтсан...” гэх үндэслэлгүйг тогтоож, хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.
29. Иймээс нэхэмжлэгч Н.А-г Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэж, төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь энэ хуулийн 26.1-д ”...Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд... дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” 26.1.3-т ”төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасантай нийцээгүй, хууль бус байна.
30. Дээр дурдсанаас үзвэл, маргаан бүхий тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулахаас өмнө томилогдсон албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр зөв байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0513 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ