Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02152

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                        иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02718 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ШШГЕГт холбогдох

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаар мэдэгдэх хуудас болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/02012 дугаартай шийдвэрээр “Б” ХХК-иас 677 662 399,5 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлээр уг үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан бөгөөд төлбөрийг төлөхөөс зайлсхийлгүй, төлбөр төлөгч нь өөрийн боломжид тулгуурлан төлбөр төлөх үүргийг тасралтгүй гүйцэтгэсээр нийт 126 770 400 төгрөг төлсөн байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Сэржав иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний дагуу иргэн Б.Тулга, П.Энхтуул нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаартай мэдэгдэх хуудсыг шуудангаар илгээсэн. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44.3-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдол гаргасан. Улмаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээгээр “Б” ХХК-ийн захирал иргэн Б.Тулгийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 522 дугаар тогтоолыг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан бөгөөд түүнийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч байна. Үүнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 59.1-д заасан үндэслэл бүрдээгүй, “Б” ХХК болон иргэн Б.Тулга, П.Энхтуул нарыг эрэн сурвалжлаагүй, шүүхийн эрхийн актаар тогтоосон төлбөрийг өөрийн боломжид тулгуурлан төлж, төлбөр төлөх үүргийг тасралтгүй үргэлжлүүлэн гүйцэтгэж буй тул төлбөр төлөхөөс зайлсхийгээгүй, “Б” ХХК болон иргэн Б.Тулга, П.Энхтуул нар нь эд хөрөнгө нуун дарагдуулаагүй, оргон зайлах үйлдэл хийгээгүй тул төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэл бүрдээгүй. Иймд Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаартай мэдэгдэх хуудас болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2012 дугаар шийдвэрээр “Б” ХХК-аас 681 208 600 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн 19270559 дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс үүсгэн явуулж байна. Төлбөр төлөгч “Б” ХХК нь шүүхийн шийдвэрээс 125 169 338 төгрөгийг төлж, 556 039 262 төгрөгийг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх, биечлэн ирж уулзах талаар шийдвэр гүйцэтгэгч удаа дараа мэдэгдсэн боловч утсаа авдаггүй, шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгч ...этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журам-д заасны дагуу төлбөр төлөгч “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Тулга, П.Энхтуул нарт гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай утсаар болон баталгаат шуудангаар хүргүүлсэн талаар “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б Батмөнхөд тус тус мэдэгдсэн байна. Мөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар тогтоолтой танилцуулсан ажиллагаа хуульд заасны дагуу явуулж талуудын эрхийг зөрчөөгүй байх тул төлбөр төлөгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 522 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сар 30-ны өдрийн 522 дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-д “...Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 3 дугаар сар 18-ны өдрийн 1\2603 албан бичгээр ирүүлсэн саналыг хянаж...” гэж дурдсан, хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19270559\05 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас зэргээс үзэхэд нэхэмжлэгч талд гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудсыг 2020 оны 3 дугаар сар 16-ны өдөр мэдэгдээд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид санал гаргаад мөн өдрөө улсын ерөнхий гүйцэтгэгчид албан бичгээр хүргүүлсэн байгаа нь тогтоогдож байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан бөгөөд хуулийн энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаар мэдэгдэх хуудас болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг  шүүх 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

Нэхэмжлэлд дурдсан  Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 522 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга А.Намсаманд гаргасан байхад шүүх хариуцагчийг төлөөлөх эрхгүй Б.Сэржав, Б.Батмөнх нарыг тус газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дарга Т.Зулзүсэмийн олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.  /хх-ийн 19, 43/

 

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2020/08860 дугаар захирамжаар хариуцагчийн солих ажиллагааг хийсэн боловч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол гараагүй байгааг шүүх анхаараагүй байна. /хх-ийн 87/

Мөн хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт шаардлагыг хангаагүй буюу    хэргийн оролцогч болох Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албны “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байхад эдгээр нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нийцээгүй  байна. /хх-ийн 43-45, 47/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02718 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ