Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2020/02718

 

     2020          09             09                                                  184/ШШ2020/02718

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК

            Хариуцагч: “А” ажлын алба,

            “Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 сарын 26-ны өдрийн 1920 дугаар мэдэгдэх хуудас болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 сарын 15-ны өдрийн 222 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 97 дугаартай зээлийн гэрээг “Капитал банк” ХХК-тай байгуулан 590 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах эд хөрөнгийг барьцаалж, 97 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээс 703 439 793 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлээс хангуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг зээлдүүлэгчээс гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 677 662 399.5 төгрөгийг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны дараах зүйлээс гаргуулахаар шийдвэрлэж, тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/02012 дугаартай шийдвэр гарсан. Үүнд:

            1.Улсын бүртгэлийн Ү-22685 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №00040 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 13 дугаар гудамжны 16 тоот хаягт байрлах

 

468,5 м.кв талбайн хэмжээтэй, мах, ногооны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

            2.Улсын бүртгэлийн Г-2201150 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000114424 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 13 дугаар гудамжны 16 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг,

            3.Улсын бүртгэлийн Ү-23682 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000270037 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 5 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцыг,

            4.Улсын бүртгэлийн Г-22035 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000114430 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 5 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг,

            5.Улсын бүртгэлийн Ү-220680 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000270036 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 250.3 м.кв талбайтай хувийн сууц, гараж,

            6.Улсын бүртгэлийн Г-220035 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №00030 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 5 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг,

            7.Улсын бүртгэлийн Ү-23684 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №00039 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах 105 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

            8.Улсын бүртгэлийн Г-220033 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №00431 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг,

            9.Улсын бүртгэлийн Г-22045 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №00439 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг,

            10.Улсын бүртгэлийн Ү-223683 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000270038 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 7 тоот хаягт байрлах 297.5 м.кв талбайтай үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

            11.Улсын бүртгэлийн Г-22003 8 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000432 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 7 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг,

            12.Улсын бүртгэлийн Г-22034 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000114429 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 6 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг,

            13.Улсын       бүртгэлийн Г-220403 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №0082 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 4 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг,

            14.Улсын бүртгэлийн Г-2232 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №00442 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 700 метр квадрат талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг,

            15.Улсын бүртгэлийн Ү-223683 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000038 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дугаар гарам, 16 дугаар гудамжны 7 тоот хаягт байрлах 297.5 м.кв талбайтай үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

            16.Улсын бүртгэлийн Ү-2203003715 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000323127 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3-р хороо,5-р хороолол, 17-р байр, 42 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг,

            17.Улсын бүртгэлийн Ү-220430 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №00650 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол 1, Олимпийн гудамж 16-р байр, 907 тоот хаягт байрлах 162.85 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг,

            18.Улсын бүртгэлийн Ү-24537 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №000407 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол 1, Олимпийн гудамж 16-р байр, зоорийн давхарт 13.75 м.кв талбайтай авто зогсоолыг,

            19.Улсын бүртгэлийн Ү-224538 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн №001408 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол 1, Олимпийн гудамж 16-р байр, зоорийн давхарт 13.75 м.кв талбайтай авто зогсоолыг,

           Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан бөгөөд үүний дагуу шүүхийн эрхийн актаар тогтоосон төлбөрийг төлөхөөс зайлсхийлгүй, Төлбөр төлөгч нь өөрийн боломжид тулгуурлан төлбөр төлөх үүргийг тасралтгүй гүйцэтгэсээр нийт 126 770 400 төгрөг төлсөн байна. Гэтэл төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 8 цаг 49 минутад шийдвэр өөрийн гар утасны 96102242 дугаараас 199 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Сын 89086199 дугаарын утас руу залгаж ярихад иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний дагуу иргэн Б.Т, П.Э нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаартай мэдэгдэх хуудсыг шуудангаар илгээсэн гэж Төлбөр төлөгчид танилцуулсан бөгөөд түүнийг үл хүлээн зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44.3-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдол гаргасан. Улмаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээгээр “Б” ХХК-ийн захирал иргэн Б.Тулгийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан бөгөөд түүнийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч байна. Үүнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 59.1-т заасан үндэслэл бүрдээгүй, “Б” ХХК болон иргэн Б.Т, П.Э нарыг эрэн сурвалжлаагүй, шүүхийн эрхийн актаар тогтоосон төлбөрийг өөрийн боломжид  тулгуурлан төлж, төлбөр төлөх үүргийг тасралтгүй үргэлжлүүлэн гүйцэтгэж буй тул төлбөр төлөхөөс зайлсхийгээгүй, “Б” ХХК болон иргэн Б.Т, П.Э нар нь эд хөрөнгө нуун дарагдуулаагүй, оргон зайлах үйлдэл хийгээгүй тул төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэл бүрдүүлээгүй. Иймд Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаартай мэдэгдэх хуудас болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 126 000 000 төгрөг төлсөн тухай баримт хэрэгт байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө төлөөгүй гэж байгаа нь үнэн. Гэхдээ би банкнаас зээл авсан бөгөөд төлбөрийг Капитал банкны эрх хүлээн авагчийн дансанд төлж байгаа. Би банкны эрх хүлээн авагчтай уулзаад “шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төл гэж байна. Би хаана төлөх вэ” гэж хэлэхэд банкны эрх хүлээн авагч “хуучин төлдөг журмаараа манай дансанд төл. Дансны дугаар өөрчлөгдсөн л болохоос биш, Капитал банкны эрх хүлээн авагчийн данс хэвээрээ байгаа” гэж хэлсэн. Үүний дагуу бид төлбөрийг төлж ирсэн. Ер нь цаашид үйл ажиллагаагаа тогтвортой байнгын явуулж энэ зээлийн ард гарах итгэл зориг дүүрэн, өөр бидэнд хийх ажил их байгаа. Зээл авсан нь үнэн, төлөх нь үнэн. Хуульд заасан эрх, үүргээ биелүүлнэ гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2012 дугаар шийдвэрээр “Б” ХХК-аас 681 208 600 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн 19270559 дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс үүсгэн явуулж байна. Төлбөр төлөгч “Б” ХХК нь шүүхийн шийдвэрээс 125 169 338 төгрөгийг төлж, 556 039 262 төгрөгийг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх, биечлэн ирж уулзах талаар шийдвэр гүйцэтгэгч удаа дараа мэдэгдсэн боловч утсаа авдаггүй, шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйл, “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгч ... этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журам”-д заасны дагуу төлбөр төлөгч “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Т, П.Э нарт гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай утсаар болон баталгаат шуудангаар хүргүүлсэн талаар “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б Батмөнхөд тус тус мэдэгдсэн байна. Мөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар тогтоолтой танилцуулсан ажиллагаа хуульд заасны дагуу явуулж талуудын эрхийг зөрчөөгүй байх тул төлбөр төлөгч “Б” ХХК-ийн захирал Б.Тулгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 2012 дугаар шийдвэрээр Бриллекс ХХК-аас 681 208 600 төгрөгийг гаргуулж, Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс үүссэн. Шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх явцад төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулна гэж зааж өгсөн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19270559/1 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 19270559/27 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1927055/2 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1970559/04 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 19270559/07 дугаартай мэдэгдлийг тус тус Бриллекс ХХК-д өгсөн. Энэ хугацаанд төлбөр төлөгч талаас төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Барьцаа хөрөнгөөр хангуулах ажиллагаа явуулах гэхээр утсаа авдаггүй, ирж уулздаггүй. Нэхэмжлэгч 126 000 000 төгрөгийг төлсөн гэж ярьж байх шиг байна. Төлбөрийг гаргуулах явцад төлбөр авагч талаас 82 462 399 төгрөгийг урьд нь төлсөн байсан. Үлдэгдэл төлбөр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг гаргасан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгч Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн, Сүхбаатар дүүрэгт байрлах эд хөрөнгүүдийг битүүмжлээгүй. Битүүмжлэх явцад Б.Т, П.Э нарын зүгээс гарын үсэг зурахгүй, манайх төлж байгаа гэсэн татгалзсан хариуг өгсөн байдаг. Эрх түдгэлзүүлэх тухай асуудлаар төлбөр төлөгч Б.Ттай уулзаад төлбөр төлөх мэдэгдлийг өгч, гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг гардуулж өгсөн. Мөн өмнө нь гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж байгаа талаар санал гаргаж байгаа тухайгаа 99118551 дугаарт 99102657 дугаарын утаснаас мессеж бичиж мэдэгдэж байсан. Төлбөр авагч талаас Сүхбаатар дүүрэгт байрлах хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя. Энэ асуудал нэлээн удаашралтай байна гэсэн асуудлыг ярьсан байгаа. Хуульд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хугацаа маш богино байдаг. Эд хөрөнгийг битүүмжилж хураагаад хураасны дараа нэг сарын хугацаанд шинжээч томилж, үнэлгээ  гаргаад, үнэлгээг төлбөр төлөгч нарт танилцуулна. Уг асуудалд гомдол байхгүй бол дуудлага худалдаанд оруулах гэсэн процесс явагддаг. Нэхэмжлэгч нар нь утсаа авдаггүй, татгалздаг, ирдэггүй байдлуудаас болж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна гэсэн үндэслэл үүсэж байгаа юм. Тиймээс гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол улсад шүүхийн шийдвэрийг хэн ч биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хамгийн их хүндрэлтэй байдаг. Энэ зайлсхийж байгаа асуудал нь зөвхөн эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн асуудлаар хязгаарлагддаг юм биш. Ийм байдал нь өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн үндэслэл юм Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 5 удаа төлбөр төлөхийг сануулсан мэдэгдэл өгч байхад мэдэгдэл дээр дурдсан дансанд төлбөрийг тушаагаад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлыг хүндэтгээд байвал энэ асуудал үүсэхгүй байсан. Нэхэмжлэгч тал бид тасралтгүй өөрсдийн боломжийн хүрээнд төлбөрийг төлөөд явж байна гэж яриад байх шиг байна. Энэ асуудлыг төлбөр авагч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас барьцааны эд зүйлсээр хангуулахаар хүсэлт гаргаад энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдэх хуудас, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 522 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоол хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба хүлээн зөвшөөрөхгүй маргана.

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/02012 дугаар шийдвэрийг /хх-9-13/ үндэслэн 2018 огы 05 сарын 14-ний өдрийн 698 дугаар гүйцэтгэх хуудасны /хх-44/ дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг зохицуулсан бөгөөд 44 дүгээр зүйлийн 44.2.15-д “энэ хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх” арга хэмжээ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах ажиллагаанд хамаарна гэж заажээ. Мөн хуулийн 59 дүгээр зүйлээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлээр түдгэлзүүлэх тухай төлбөр төлөгчид мэдэгдэх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлэхээр тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-15/, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 522 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоол /хх-43/ нь эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн ажиллагаа бөгөөд талууд энэ тухай маргаагүй гагцхүү нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан зорчих эрх түдгэлзүүлэх гурван үндэслэл тогтоогдоогүй байхад эрх түдгэлзүүлсэн гэж маргажээ.

Нэхэмжлэгч тал төлбөр төлөхөөс санаатай зайлсхийгээгүй, энэ зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэл бий болоогүй гэдгээ нотолж Капитал банкны зээлийн дансны хуулга, орлогын мэдүүлэг /хх-51-53/, Е серийн гадаад паспортын хуулбар /хх-55-56/ зэрэг баримт ирүүлсэн байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн /хх-16/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-16-17/ хүргүүлсэн боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй нь түүнийг төлбөр төлөхөөс санаатай зайлсхийх үндэслэл буюу гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх нэг үндэслэл болно гэж тайлбарлажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 сарын 28-ны өдрийн А/40 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгч, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журам”-ын 2.4-т “Шийдвэр гүйцэтгэгч нь  гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх үндэслэл үүссэнийг төлбөр төлөгч ... этгээдэд мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ”, 2.6-д “Шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын 2.4-д заасан арга хэмжээг хэрэгжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана”, 2.7-д “Төлбөр төлөгч ... гадаад улсад оргон зайлж болзошгүй баримт, ... байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ журмын 2.4-д заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн даруй санал гаргана” гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар хууль, журмаар зохицуулсан гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх үндэслэл үүссэнийг төлбөр төлөгчид мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч түдгэлзүүлэх саналыг нэн даруй эсхүл ажлын 3 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид санал гаргасан талаарх баримт цуглараагүй байна. Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийг хууль тогтоомжоор зохицуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид санал гаргах ажиллагааг хэрэгжүүлээгүй буюу зөрчсөн гэх үндэстэйгээс гадна хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байвал татгалзлаа нотолсон баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 19270559/05 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдэх хуудас, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 522 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар 2020 оны 01 сарын 26-ны өдрийн 1927055 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдэх хуудас,  2020 оны 03 сарын 30-ны өдрийн 122 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР