Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 05

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ОА-ийн ЗД-д

 холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                  Х.Батсүрэн

                                                  Д.Мөнхтуяа

                                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:           Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0546 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, Д.Цолмон нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0546 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0546 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. “ХХ” ХХК-ийн зүгээс ОА-ийн ЗД-ддараах албан бичгүүд ирж байсан бөгөөд хэргийн материалд хавсаргагдсан. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16/15, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16/15, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг зэргийг үндэслэж ОА-ийн ЗД-д“гэрээ гэрчилгээг байгуулж өгнө үү” гэх албан тоот хүргүүлж байсан хэмээн анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолдоо тайлбарладаг. Гэвч хэргийн материалд авагдсан эдгээр албан бичгүүд нь маргаж буй захиргааны актад заасан 7 га газрын гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар биш “ХХ” ХХК нь 8,4 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлүүлэх утга бүхий албан бичиг бөгөөд уг 8,4 га газрын гэрээ, гэрчилгээ байгуулж өгнө үү гэсэн албан бичгүүд юм.

5. Үүнээс харахад Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар “ХХ” ХХК-д 7 га газрыг 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч компанийн зүгээс уг шийдвэрт заасны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар албан ёсоор нэг ч хүсэлт ирүүлээгүй болох нь нотлогдож байгаа.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд компанийг төлөөлөх итгэмжлэлтэй этгээдүүд гэрээ, гэрчилгээ байгуулахаар хөөцөлдөж байсан боловч захиргааны байгууллага байгуулаагүй гэж тайлбарладаг бөгөөд шүүхээс гэрээ байгуулах, гэрчилгээгээ авах гээд очсон байна. Гэтэл гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байсан юм бол эс үйлдэхүйн талаар шүүхэд хандсан зүйл байна уу гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Хандаагүй” хэмээн хариулдаг. Энэ нь ч үнэн. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журамд зааснаар батлагдсан загварын дагуу “ХХ” ХХК-аас өргөдөл, хүсэлтээ гаргаж өгөөгүй болох нь нотлогддог.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гэрчээр 2014-2016 оныг дуустал компанийг төлөөлөх итгэмжлэлтэй байсан Т.Ганбатыг оролцуулах хүсэлт гаргаж, Т.Ганбат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “компаниас өгсөн үүргийн дагуу 8,4 га газрыг ашиглах эрхийг олж аваад гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлтэй байсан. 8,4 га газар ашиглах шийдвэр гаргаж гэрээ байгуулж өгнө үү гэсэн утгатай албан бичгүүдийг өгч байсан. 7 га газар олгосон захирамжийг би мэднэ. Гэхдээ 7 га дээр би огт яваагүй, надад итгэмжлэл ирээгүй учраас мэдэхгүй” гэсэн байдаг. Хэрэгт авагдсан “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Т.Ганбатын итгэмжлэл 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр хугацаа дуусч дараагийн итгэмжлэл 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай Б.Оюу-Эрдэнэд олгогдсон байдаг. Энэ нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд компанийг итгэмжлэх эрхтэй этгээд байхгүй байсныг илтгэнэ.

8. Гэрч Т.Ганбатын мэдүүлгээс харахад 7 га газар ашиглуулах тухай Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамж гарснаас хойш компани болон компанийг төлөөлөх эрхтэй этгээдүүдийн зүгээс нэг ч удаа 7 га газартай холбоотой гэрээ, гэрчилгээний асуудлаар төрийн байгууллагад хандаж байгаагүй. Гагцхүү газрын хэмжээг ихэсгэж 8,4 га болгох талаар албан бичиг, хүсэлт, уулзалт зохион байгуулж байсан нь тогтоогдож байна.

9. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмж”-ийн 4-д “...Захирамж гаргасны дараа гэрээ хийгээгүй, гэрчилгээ аваагүй /олгоогүй/ явдал нь хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан талаар маргаан гардаг. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт тус тус зааснаар бол Засаг даргын захирамж гаргасны дараа гэрээ байгуулах, гэрчилгээ авах асуудлыг хүсэлт гаргагч этгээд санаачлан шийдвэрлүүлэхээр байгаа” хэмээн заасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд захиргааны байгууллага гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүрэгтэй хэмээн тайлбарлаж шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолдоо ч энэ талаараа дурдсан байгаа.

10. Хэрэгт авагдсан Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “ХХ” ХХК-д гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг мэдэгдсэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 дугаар албан бичгүүдийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “Захиргааны акт, шийдвэрийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрснөөр баримт бичгийг гардуулсанд тооцно” гэж тооцсон. Хариуцагчийн зүгээс “ХХ” ХХК-тай харилцахдаа бүхий л албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлдэг бөгөөд хэрэгт хавсаргасан баримтаар энэ нь нотлогддог.

11. Дээрхээс харахад нэхэмжлэгчийн зүгээс Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан журамд зааснаар батлагдсан загварын дагуу өргөдөл, хүсэлтээ гаргаж өгөөгүй, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид зааснаар газар олгосон Засаг даргын захирамж гаргасны дараа гэрээ байгуулах, гэрчилгээ авах асуудлыг хүсэлт гаргагч этгээд санаачлан шийдвэрлүүлэх үйлдэл хийгээгүй байна.

12. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй гол үндэслэл болох гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй үйл баримт нэхэмжлэгч, хариуцагч талын алиных нь буруугаас болсныг гүйцэд тодруулж шалгалгүйгээр...” хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Учир нь энэ талаар холбогдох бүхий л нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Тиймээс анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

13. Мөн магадлалын 12 дугаар хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “нэхэмжлэгчийн өгсөн гээд байгаа албан бичгүүдийг шүүлгэж үзэж байсан, зарим албан бичгүүд огт ирээгүй байдаг. Бүртгэлд орсон эсэхийг сайн мэдэхгүй байна" гэсэн тайлбар гаргажээ. “ХХ” ХХК-аас ОА-ийн ЗД-дхүргүүлсэн албан бичгүүдийг хариуцагч хүлээн авсан эсэх” тодорхой бус энэ тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэсэн. Гэтэл энэ нь “ХХ” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16/16 тоот аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мягмарсүрэнд гаргасан албан бичигтэй холбоотойгоор уг албан бичиг манайд ирээгүй байдаг гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хариултыг давж заалдах шатны шүүхээс “хариуцагч тал бичиг ирсэн үгүйгээ мэдэхгүй байгаа нь шийдвэрлэх боломжгүй” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд хариуцагчийн төлөөлөгч миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ямар бичиг ирсэн болохыг мэдэх боломжгүй.

14. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0546 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт хангалттай биш байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

16. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал дээрх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” гэж заасантай нийцжээ. 

17. Хяналтын шатны шүүх дор дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

18. Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн өмнө нь орон сууцны зориулалтаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-д 7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн мөн аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

19. Нэхэмжлэгч нь “...газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь төрийн захиргааны чиг үүрэг..., энэ үүргээ хэрэгжүүлэхийг манай зүгээс шаардаж байсан..., ...бид байнгын холбоотой байсан...” гэж, харин хариуцагч нь “...захирамж гарсан өдрөөс хойш чимээгүй алга болсон..., ...гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг удаа дараа шаардаж байсан ч хариу ирүүлээгүй...” гэж тайлбарлан маргасан байна.

20. Нэхэмжлэгч “ХХ” ХХК-нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үйл баримтын тухайд биш, харин газрыг ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж маргасан тул шүүх энэ үйл баримттай хамааралтай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэх шаардлагатай байжээ.

21. Хавтаст хэрэгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгчид хаяглагдсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 тоот албан бичгүүд байх боловч нэхэмжлэгч нь эдгээрийг хүлээж аваагүй гэж, хариуцагч нь “...манайд гэрээ байгуулах тухай хүсэлт ирж байгаагүй” гэснээс өөр нэхэмжлэгчээс өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж буй үйл баримттай хамааралтай эргэлзээгүй нотлох баримтууд хэрэгт байхгүй, хэргийн оролцогчдын мэдүүлгүүд зөрүүтэй, тэдний тайлбарыг батлах нотлох баримт хангалттай биш байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ.

22. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгч компаниас ОА-ийн ЗД-дхүргүүлсэн тус Засаг даргын 2015 оны өдрийн А/574 захирамжаар хүсэлт болгосон хэмжээгээр буюу 8,4 га-аар бус 7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч захирамжид өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн агуулга бүхий 2016 оны 03  дугаар сарын 14-ний өдрийн 16/15, 16/16 дугаар болон 2017 оны 06 дугаар сарын 14, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгүүд байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага үүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байгааг шалгасны үндсэн дээр эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай эсэхийг дүгнэх нь зөв байна.

23. Тодруулбал, цаг хугацаагаар нь үзвэл, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 тоот албан бичгүүдээс хойших огноо бүхий дээрх 2016 оны 16/15, 16/16 дугаар болон 2017 оны 06 дугаар сарын 14, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгүүдийг захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэснийг тодруулах нь “гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй” гэх үндэслэлээр маргаж буй нэхэмжлэгчийн тайлбарт шүүхээс дүгнэлт хийхэд ач холбогдолтой байж болохыг анхаарвал зохино.

24. Үүнээс гадна маргаан бүхий Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамж гаргахаас өмнө аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсийн дарга Б.Ганзоригийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/06 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид 7 га газар ашиглуулах тухай 2015 оны А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн, энэ талаар тайлбар саналаа ирүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх боловч, үүнийг нэхэмжлэгч хүлээж аваагүй гэж маргажээ.

25. Мөн дээрх 2016 оны 5/06 дугаар мэдэгдэл гэх албан бичгээс хойш 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу 2018 оны А/78 дугаар захирамжийг гаргахаас өмнө “ХХ” ХХК-иас Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутад хандаж, “...орон сууцны барилга барихаар хэрэгжүүлсэн ажлыг дурдаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох...”-ыг хүссэн агуулга бүхий албан бичиг хэрэгт байгаа бөгөөд захиргааны байгууллага үүнийг хүлээж авсан эсэх, хүлээж авсан бол хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна.

26. Дээрх байдлаар маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтууд зөрүүтэй, эргэлзээтэй байхад нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т “Газрыг ...гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшинэ”, “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн буруутай гэж шууд дүгнэх нь өрөөсгөл шийдвэр болохыг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

27. Иймээс анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, шаардлагатай нөхцөлд байгууллагын бичиг баримтад үзлэг хийх, гэрчээс мэдүүлэг авах зэргээр маргаанд хамааралтай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0546 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ