Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 02081

 

 

 

“Э Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02349 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5 056 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ боолон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Бнь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр цалингийн зээлээр 7 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай авсан. Х.Бэнэ төлбөрөөс урьдчилгаа цалингаасаа 250 000 төгрөг, сүүл цалингаасаа 138 800 төгрөг төлөх байдлаар 18 сарын хугацаа зээлийг төлж дуусгахаар тохиролцож хуваарь гаргасан. Зээлийн төлбөрийг 5 сарын хугацаанд төлж явсан. Манай компани 2019 оны 1, 2 дугаар саруудад улирлын чанартайгаар сул зогсолт хийж, бүх ажилчид амарсан. 2019 оны 3 дугаар сард ажил эхэлэхэд Х.Б ажилдаа ороогүй. Зээл авснаас хойш 1 944 000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 5 056 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. Ажлаас гарах болсон шалтгаан нь цалин нэмнэ гэсэн боловч нэмээгүй, мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сул зогсолт хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ээлжийн амралт авсан. Ээлжийн амралтын мөнгийг надад олгоогүй. Энэ мөнгийг зээлийн төлбөрөөс хасах боломжтой. Нягтлан дээр очиж асуухад зээлээс суутгасан гэж хэлсэн. Зээлийн төлбөрөөс 1 944 000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-наас зээлийн гэрээний үүрэгт 5 056 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЭХ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 95 846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 95 846 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Х.Б-наас 5 0546 000 төгрөг гаргуулж “ЭХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан, хариуцагчийн эрх ашиг сонирхолд хохиролтой гэж үзэж байна. “ЭХ” ХХК-аас авсан зээлээ цалингаасаа суутгуулж төлж байсан бөгөөд тус компани нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох ээлжийн амралтын олговор 1 300 000 төгрөгийг зээлд суутгасан гээд олгоогүй. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шүүх хүлээн аваагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаас 1 300 000 төгрөгийг хасаагүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 300 000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ЭХ” ХХК нь хариуцагч Х.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 056 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “ээлжийн амралтын олговор 1 300 000 төгрөгийг зээлийн төлбөрөөс суутгах ёстой” гэж маргасан.

Х.Бнь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авах хүсэлт гаргасны дагуу “ЭХ” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь түүний эзэмшлийн 475011098 тоот дансанд 7 000 000 төгрөгийг шилжүүлсэн буюу хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлэх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь зээлээр авсан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд “ЭХ” ХХК нь 7 000 000 төгрөгийг Х.Булгансайханы дансанд шилжүүлсэн, зээлийн төлбөрөөс 1 944 000 төгрөг төлөгдөж үлдэгдэл 5 056 000 төгрөг төлөөгүй үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна. /хх-12/

Тиймээс “ЭХ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт Х.Б-наас 5 056 000 төгрөгийг шаардах эрхтэй. Анхан шатны шатны шүүх Х.Б-наас зээлийн гэрээний үүрэгт 5 056 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЭХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож болохоор заасан. Талуудын хоорондын үүргийг харилцах тооцохын талууд энэ талаар харилцан зөвшилцсөн байх шаардлагатай. Талууд харилцан тохиролцоогүй байхад үүргийг харилцан тооцох боломжгүй тул ээлжийн амралтын олговор 1 3000 000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрөөс хасаж тооцуулах хариуцагчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй.

Хариуцагч Х.Бнь хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотой ээлжийн амралтын олговор олгоогүй талаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 35 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                               Д.БАЙГАЛМАА