Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02349

 

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/02349

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын зам 1010 тоотод оршин байх, Э х ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Баруун ард Аюушийн 2 дугаар гудамж, 7 тоотод оршин суух, Боржигон овогт Х-ын Б /РД: ЧН/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 5,056,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Х.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр компанид гэр бүлийн хэрэгцээндээ зориулж автомашин худалдаж авах гэсэн юм. 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 18 сарын хугацаатай олгооч гэсний дагуу бид тогтвор суурьшилтай ажилласныг нь харгалзан үзэж, энэ хүнд 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг хүүгүйгээр 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр олгосон. Х.Б энэ төлбөрөөс урьдчилгаа цалингаасаа 250,000 төгрөг, сүүл цалингаасаа 138,800 төгрөг төлөх байдлаар 18 сарын хугацаа зээлийг төлж дуусгахаар тохиролцож график байгуулж, гарын үсэг зурсан. Зээлээ аваад 5 сарын хугацаанд төлж явсан. Манай компани 2019 оны 1, 2 дугаар саруудад улирлын чанартайгаар сул зогсолт хийж, бүх ажилчдаа амраасан. 2019 оны 3 дугаар сард ажил орж байна гэж Х.Б-ыг дуудахад ажилдаа ирээгүй. Компанийн хамт олноос сонсоход Х.Б-ыг өөр ажилд орсон гэсэн. Зээл авснаас хойш 1,944,000 төгрөгийг цалингаас нь суутгаж авсан, өөрөөр хэлбэл 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн цалингаас 250,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн цалингаас 138,800 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн цалингаас 250,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн цалингаас 138,800 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн цалингаас 250,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн цалингаас 138,800 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн цалингаас 250,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн цалингаас 138,800 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны цалингаас 250,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн цалингаас 138,800 төгрөг, нийт 1,944,000 төгрөгийг суутгасан. Цалингийн зээл 7,000,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Х.Б-ы Худалдаа хөгжлийн банкны данс руу хийсэн. Иймд үлдэгдэл 5,056,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Б-ы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр аман гэрээний дагуу Э х ХХК-д ажилд орсон. Би өмнө нь А ө ХК-д мастер хийдэг, 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Миний дор ажиллаж байсан хүн эдний компанид ажилладаг байсан. Тэр хүн манай компани шинээр байгуулагдаж байгаа. Та манай компанид орж ажиллаач гэсний дагуу би н.Б даргатай очиж уулзсан. Миний цалин хэд байх вэ гэхэд эхний 1, 2 сар 800,000 төгрөгийн цалинтай ажиллуулъя гэхээр нь би за яахав болж байна гэсэн. Дарга чиний цалинг 10 сарын үед тийм болгож чадна гэсэн. 4, 5 жил ажиллахад миний цалинг 2, 3 удаа нэмж, 1,200,000 төгрөгийн цалинтай болсон. Миний ажлаас гарах болсон шалтгаан нь нэгдүгээрт амлалтдаа хүрээгүй, хоёрдугаарт би 4 хүүхэдтэй, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хүлээх боломж байгаагүй, надад ажил эхэлж байгаа талаар ямар нэгэн хариу хэлээгүй. Би 4 сар ажлаасаа чөлөөлөгдсөн болохоор надад төлөлт хийх ямар ч боломж байгаагүй. Ажилтай байх үедээ цалингаасаа шууд таталт хийлгээд явж болж байсан. Ажилгүй байх үед манай найз чи манайд түр ажиллаач, богинохон цагтай, 500,000 төгрөг өгье гэхээр нь би одоо хүртэл ажиллаж байгаа. Би 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 1 сарын ээлжийн амралт авсан. Ээлжийн амралтын мөнгийг надад олгоогүй. Энэ мөнгийг хасвал төлөх боломжтой. Нягтлан дээр очиж асуухад зээлээс суутгасан гэж хэлсэн. Ажиллаж байх хугацаанд суутгасан 1,944,000 төгрөгийг зөвшөөрч байна, энэ суутгалууд миний цалингаас суутгагдаж байсан гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э х ХХК нь хариуцагч Х.Б-д холбогдуулан зээлийн зээлийн гэрээний үүрэгт 5,056,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Х.Б ... зээлийг авсан нь үнэн, цалингаасаа суутгуулаад төлж байсан, миний эрхэлж байсан цехийн даргын ажил бол улирлын чанартай биш, хэрвээ намайг 2018 оны 11 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд ажилгүй, амраагаагүй бол би ажлаа хийгээд зээлээ төлчих байсан, компанийн зүгээс надад 2018 оны 11 дүгээр сарын 5-наас 12 дугаар сарын 5-ны хооронд 1 сарын хугацаатай ээлжийн амралт өгөхдөө амралтын мөнгийг зээлээс хассан гэж хэлсэн. Амралтын мөнгийг үлдэгдэл зээлээс хасуулна гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э х ХХК нь хариуцагч Х.Б-тай 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, хувийн хүүгүйгээр зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу 7,000,000 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкин дахь хариуцагч Х.Б-ы эзэмшлийн 475011098 тоот дансанд шилжүүлсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Э х ХХК-д цехийн даргаар ажиллаж байх хугацаандаа энэ зээлийг авсан бөгөөд зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээ тохиролцсон 18 сарын хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр дууссан, энэ үеээс нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэгтэй. Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан зээлийн төлөлтийн графикт зааснаар хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн цалингаас 250,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 138,800 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 138,800 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 138,800 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 138,800 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 138,800 төгрөг, нийт 1,944,000 төгрөгийг цалингаасаа суутгуулж зээлийг эгүүлэн төлсөн, энэ талаар зохигчид маргахгүй байна.

Иймд хариуцагч Х.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 5,056,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э х ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Х.Б-ы ...2018 оны 11 дүгээр сарын 5-наас 12 дугаар сарын 5-ны хооронд 1 сарын хугацаанд надад ээлжийн амралт олгосон, амралтын мөнгийг зээлээс суутгасан гэж надад хэлсэн тул амралтын мөнгийг зээлээс хасч тооцуулна гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 5,056,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э х ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 95,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 95,846 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР