Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 02134

 

 

 

Д.Энэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01869 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Энэхэмжлэлтэй, хариуцагч “БТЕГ” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлын хувцасны үнэ 183 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “БТЕГ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт орших Баянгол нэртэй төмрийн хүдрийн уурхайд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Баянгол уурхайн гал тогтоо, үйлчилгээний ажилтнуудыг 2020 оны 01 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгож “БТЕГ” ХХК-ийн охин компани болох “Клиффорд Воллес Катеринг” ХХК руу шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр уурхайн даргатай тохиролцсоны дагуу намар авах байсан нийтийн байрны үйлчлэгчийн орон тоонд яаралтай хүн авах шаардлагатай гэсэн тул ажилтан шалгаруулж авсан. Гэтэл энэ үйлдлийг нь удирдлагын зүгээс эрх мэдлээ хэтрүүлсэн гэж 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Харин хэрэгт авагдсан нотлох баримтыг үзвэл хариуцагчийн хамтран ажиллаж байгаа “Клиффорд Воллес Катеринг” ХХК нь тухайн ажилтанг зөвшөөрч туршилтын хугацааг нь сунгаад ажиллуулж байна. Эрх бүхий албан тушаалтан болох хүний нөөцийн даргад тухайн үед мэдэгдэж байсан. Захиргаа, хүний нөөцийн газрын даргаас н.О-аасүйлчилгээний ажилтныг шалгаруулахаас өмнө ажлын газрын мэйл хаягаар үйлчилгээний ажилтан байнга орж, гарч байдаг, мэргэжил шаардахгүй учир Захиргаа, хүний нөөцийн газраас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн утгатай мэйл ирсэн. Тийм учраас заавал хүний нөөцийн газарт мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлагагүй байна. Иймд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Мөн тушаалд н.Мгарын үсэг зурсан. Учир нь н.Мбол захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч юм. н.Ггэх хүнийг уурхайн даргаар албан ёсоор томилсон байдаг. Гэтэл н.Мгэх хүний тушаал дээр түр орлон гүйцэтгэнэ гэж заасан. Компанийн дотоод журамд зааснаар түр орлон гүйцэтгэж байгаа бол ямар ажил үүргийг гүйцэтгэх ёстой талаар өмнөх захирлын итгэмжлэл заавал байх ёстой. н.Мгэх хүнд ажилтнаа халах, ажилд авах эрх хэмжээ байхгүй. Түүнчлэн ажил хүлээлцсэний дараа хариуцагчаас ажлын тусгай хувцсны төлбөрт 183 700 төгрөгийг суутган авсан. Харин ажлын байр дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг ажил олгогч бүрэн хариуцах учир уг ажлын хувцсын үнийг суутган авах ёсгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар ажлын тусгай хувцас каск, хантааз, гутал гэх зэрэг нь үнэ төлбөргүй байх ёстой. Иймд хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Э-ийг уурхайн хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлын тусгай хувцасны төлбөрт суутган авсан 183 700 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр эрх мэдлээ хэтрүүлээд Б.О-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Тиймээс уурхайн гүйцэтгэх захирал болон захиргаа хүний нөөцийн газрын дарга Б.Осул чөлөөтэй байгаа орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах болон ажилд хүн авах зөвшөөрлийг авч шинэ ажилтныг ажилд авахаар дууддаг. Д.Энь Б.Огэх хүнийг ажилд авсан, түүнээс гадна 2 хүнийг ажилд авахаар уурхай дээр дуудсан байсан. Сул орон тооны захиалгыг удирдлагуудаараа баталгаажуулаагүй, сул орон тоо дээр хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх зөвшөөрлөө аваагүй, мөн сонгон шалгаруулалтыг журмын дагуу зөв зохистой үнэн шударга хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Энь компанийн хөдөлмөрийн дотоод журам, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр олгогдсон эрхээ хэтрүүлсэн. Зөвшөөрөл авах ёстой байсан эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүй дур мэдэж үйл ажиллагаа явуулсан болох нь нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа. Сул орон тооны захиалгыг алба хэлтсийн дарга нар өгсний дараа хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу уурхайн гүйцэтгэх захирал тухайн сул орон тооны захиалга дээр сонгон шалгаруулалт явуулах эсэх талаар зөвшөөрөл олгоод, тэгээд хүний нөөцийн алба сонгон шалгаруулалтаа явуулаад, тухайн хүнийг ажилд авах эсэхийг шууд удирдлага болон уурхайн гүйцэтгэх захирал, зохих эрх бүхий албан тушаалтан олгодог журамтай. “Клиффорд Воллес Катеринг” ХХК-аас сул орон тооны захиалгыг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгч мөн 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ажилтан авна гэж хугацаа тавьж өгсөн. Гэтэл Б.О-ийн анкетыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр бөглүүлээд, тус өдрөө өргөдөл бичүүлээд, сургалтад суулгаж хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилд авсан.

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Д.Э-ийг журам болон гэрээгээр олгосон эрх мэдлээ хэтрүүлж, зохих зөвшөөрлийг авахгүй дур мэдэн үйл ажиллагаа явуулсан нь хөдөлмөрийн гэрээний 10.2.2.5-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Эажиллаж байх хугацаанд байгууллага тусгай хувцасаар үнэ төлбөргүй 2 жилийн хугацаанд хангах ёстой. Б.Эажилд орохдоо хүлээн авсан 576 000 төгрөгийн хувцасаа эдэлгээний 2 жилийн хугацаанд бүрэн ашиглаагүй байж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Манай байгууллагын журмаар эдэлгээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдвөл үлдсэн хугацааны мөнгийг нь ажилтнаар төлүүлдэг тул 185 000 төгрөг суутган авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Э-ийг “БТЕГ” ХХК-ийн Баянгол уурхайн хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Болдтөмөр ерөө гол” ХХК-аас 12 853 731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-толгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эдээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “БТЕГ” ХХК-д үүрэг болгож,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Болдтөмөр ерөө гол” ХХК-аас 183 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-толгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Эгомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Болдтөмөр ерөө гол” ХХК-аас 220 609 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. “Клиффорд воллес катеринг” ХХК-ийн кемп менежер нь 3 үйлчлэгч авах сул орон тооны захиалгыг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгч, эцсийн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэж тавьсан байна. Д.Ээнэ талаар Уурхайн гүйцэтгэх захиралд танилцуулж, үйлчлэгч авах эсэх, авбал хэдийг авах зэрэг зөвшөөрөл авсны дараа сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлнэ. Журмын дагуу анкетны шалгаруулалт, анхан болон 2-р шатны ярилцлага зэргийн үр дүнгээс ажилд авахаар санал болгох хүмүүсийн мэдээлэл, бичиг баримтыг Уурхайн гүйцэтгэх захирал, зарим тохиолдолд Захиргаа хүний нөөцийн газрын даргад илгээж, тэднээс зөвшөөрөл авснаар ажил горилогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах, сургалтад суулгаж шалгалт авах зэрэг процесс явагдах байсан. Хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын журам болон ажилтан ажилд авах “Клиффорд воллес катеринг” ХХК-ийг төлөөлөн оролцдог кемп менежерийн гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Гэтэл Д.Энь ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дүрэм журмаар олгогдсон эрхээ хэтрүүлсэн, зөвшөөрөл авах ёстой субъектүүдээс зөвшөөөрөл аваагүй болох нь гэрчүүдийн мэдүүлгүүд, Б.О-ийн хувийн хэрэг, Д.Эхүсэлтээр харьцуулах гэж гаргуулж авсан өөрийнх нь хувийн хэрэг, өмнө нь зөвшөөрөл авдаг байсан процессыг нотлох и-мэйл зэргээс харагддаг. Б.О-ийг ажилд авсан талаар уурхайн гүйдэтгэх захирал, кемп менежер, захиргаа хүний нөөцийн газрын дарга нар огт мэдээгүй байсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шинэ үйлчлэгчийг ажилдаа гарах үед нь мэдэж, Д.Э-ийг эрх бүхий албан тушаалтнаас зохих зөвшөөрлийг аваагүй, гэрээ журмаар олгогдсон эрхээ хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан байна гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Хүний нөөцийн журамд зааснаар болон ажил хэргийн хүрээнд хэрэгжиж ирсэн процессоор бол Д.Энь Б.Ононтуулаас зөвшөөрөл авах ёстой байсныгаа мэдэж байгаа, энэ нь нотлох баримтуудаас харагдаж байхад нэхэмжлэгч талын өмгөөлөгч шүүх хурал дээр “Д.Энь Б.О-ийг ажилд авч байгаагаа н.У-т мэдэгдсэн” гэх тайлбарыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд уурхайн хүний нөөцийн албаны дарга н.Маравцэцэгт мэдэгдсэн гэж байсан боловч шүух хурал дээр зөрүүтэй зүйл хэлэхэд шүүх тус тайлбарыг үнэлж, бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн байна. н.У-т мэдэгдсэн талаар нотлох баримт байхгүй, Уранчимэг нь ажилтан авахад зөвшөөрөл өгдөг эрх хэмжээтэй субъект мөн эсэхийг дүгнээгүй.

Д.Эүйлдлийг “Клиффорд воллес катеринг” ХХК-ийн кемп менежер Д.Буян-Орших хүлээн зөвшөөрч, Б.О-ийг нийтийн байрны үйлчлэгчээр одоо болтол ажиллуулж байна. Д.Энь Б.О-ийг сонгон шалгаруулах хэлбэцээр бүс танилын хурээгээр дамжуулж авсныг Б.Оөөрөө гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн боловч Захиргаа хүний нөөцийн газрын даргаас уйлчлэгч авахдаа надаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж и- мэйл ирүүлсэн тул зөвшөөрөл авалгүй Б.О-ийг ажилд авсан гэж нэхэмжлэгч шүүх хуралд амаар тайлбарласан нь бодит байдалд нийцэж байна гэж шүүх дүгнэсэн.

Д.Энь ямар ч ажилтныг сонгон шалгаруулалтгүйгээр, дур мэдэн шийдвэр гаргаж, зохих зөвшөөрөлгүйгээр ажилд авах эрхтэй этгээд биш юм. Сонгон шалгаруулалтгүйгээр, танилын хүрээгээр ажилд орсон гэдгээ Б.Охүлээн зөвшөөрсөн, мөн гэрч Буян-Орших нь Б.О-ийг авах сонгон шалгаруулалтанд оролцоогүй, ажилд орсных нь дараа мэдсэн гэдгээ мэдүүлсээр байхад Д.Э-ийг ноцтой зөрчил гаргаагуй. журмыг зөрчөөгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Мөн и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасаар байхад хангаагүй мөртлөө нэхэмжлэгчийн амаар мэдүүлсэн “үйлчлэгчийн ажлын байранд хүн авахдаа зөвшөөрөл авах шаардлагагүй гэж и-мэйл ирсэн” гэх тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримтанд үндэслэх шаардлагыг хангахгүй байна.

Хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын журмын 2.6-д зааснаар нийтийн байрны үйлчлэгч нь удирдах албан тушаал, инженер техникийн ажилтан, санхүү болон эд мөнгө хариуцсан ажилтан, ХАБЭА-н мэргэжилтэн, Дамп тракын машинч зэрэг тусгай мэдлэг мэргэшил шаардсан ажил албан тушаал биш учир Захиргаа хүний нөөцийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй байна гэж шүүх дүгнэсэн. Энэ журмын 2.6-д заасны дагуу дээрх албан тушаалтнуудыг авахдаа ЗХНГ дарга Б.Оөөрөө сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэнэ гэсэн заалт юм. Харин журмын 8.3-д “Хүний нөөцийн мэргэжилтэн нь “Клиффорд воллес катеринг” ХХК-ийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах, ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөх болон бусад хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл ажиллагаанд Захиргаа хүний нөөцийн газрын даргаас зөвшөөрөл авна” гэж заасан ба энд аливаа зааг хязгаарлалт байхгүй, хүний нөөцтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хамааруулан оруулсан байгаа. Гэтэл шүүх талуудын дагаж мөрдөж ирсэн журамд заасан заалтыг өөрийн үзэмжээр дүгнэж, үйлчлэгч ажилд авахад зөвшөөрөл авах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Д.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.5-д “ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд харилцан тохиролцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан. Хариуцагч талаас шүүх хурал дээр тайлбарласанчлан Д.Эудаа дараагийн энэ үйлдэл нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, тухайлбал “Болдтөмөр ерөө гол “ХХК-ийн хүний нөөцөд нь хонь мал, мөнгө төгрөг өгөөд орж болдог гэдэг яриа гарсан байсан. Ажлаас үндэслэлгүйгээр халагдаагүй байсан бол ажлын хувцасны мөнгийг төлөхгүй байх байсан учир буцааж өгөхөөр шийдвэрлэжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ажилтныг ажиллаж байх хугацаанд нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргийнхээ хүрээнд компанийн зүгээс Д.Энхчимэгг 570 226 төгрөгийн үнэ бүхий ажлын тусгай хувцсыг олгосон бөгөөд “Ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгох журам”-д зааснаар хүний нөөцийн мэргэжилтний ажлын хувцасны нормын хугацаа 2 жил байна, тус журмын 7.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдах тохиолдолд нормын хувцасны эдэлгээний хугацааг харгалзан ногдох төлбөрийг буцаан төлүүлэхээр зохицуулсан. Иймд компанийн хувьд ажилтныг ажиллаж байх хугацаанд нь ажлын хувцсаар үнэгүй хангасан, харин ажлаас гарах үед нь журам болон ажилтантай байгуулсан хэлцлийн дагуу зохих төлбөрийг суутган авсан нь хууль зөрчөөгүй юм. Хариуцагч и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангалгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн атлаа и-мэйлийг үндэслэж шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Энь хариуцагч “БТЕГ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, ажлын хувцасны үнэ 183 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“БТЕГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Мөнхбаатарын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/11 дугаар тушаалаар хүний нөөцийн мэргэжилтэн Д.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-13/

Ажил олгогч нь ажилтан Д.Э-ийг хүний нөөцийн мэргэжилтний ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 8.2.3, 10 дугаар 10.2.2.5-т заасныг баримтлан, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулж эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэл заажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Б.О-ийг уурхайн хүний нөөцийн албаны даргад мэдэгдэж үйлчлэгчийн ажилд авсан тул дур мэдэн үйл ажиллагаа явуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зүйлгүй гэж тайлбарласан.

Хариуцагч “БТЕГ” ХХК нь Д.Э-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр, ажилтанг дур мэдэн ажилд авч, хөдөлмөрийн гэрээ болон тус компанийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

“БТЕГ” ХХК нь “Клиффорд Воллес Катеринг” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр катерингийн болон кемп аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, хүний нөөцийн бодлого төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудалд туслалцаа үзүүлэх, хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу “Клиффорд Воллес Катеринг” ХХК-ийн Кемп менежер Д.Буян-орших нийтийн байранд 3 үйлчлэгч шаардлагатай талаар хүний нөөцийн захиалгын хуудас илгээсэн байна.

 “БТЕГ” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Д.Эуурхайн хүний нөөцийн албаны даргад танилцуулан, Б.О-ийг сургалтад хамруулан, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсныг гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгэгч захирал Б.Мөнгөншагай гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулснаар Б.Онь “Клиффорд Воллес Катеринг” ХХК-ийн нийтийн байрны үйлчлэгчээр ажиллаж байгаа үйл баримт тогтоогджээ. /1хав-109-115, 180/

“БТЕГ” ХХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 2 дугаар зүйлийн 2.6, 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаас үзэхэд зөвхөн нэрлэн заасан, тусгай мэдлэг, мэргэшил шаардсан ажлын байрны сонгон шалгаруулалтад ЗХНГазрын дарга хяналт тавих бөгөөд үйлчлэгч нь заавал зөвшөөрөл авах тусгай мэдлэг мэрэгшил шаардах, сонгон шалгаруулалтад орох албан тушаалтанд хамаарахгүй гэсэн агуулгаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.2.5-т ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох буюу цуцлахаар заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Хариуцагч “Болд төмөр ерөө” ХХК нь Д.Э-ийг зохих зөвшөөрөл аваагүй, дур мэдэн үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргасан боловч нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох зөрчил гаргасан нь эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Энь Б.О-ийг үйлчлэгчийн ажилд авснаар байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлхүйц сөрөг үр дагавар бий болгосон, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

         Иймд нэхэмжлэгч Д.Э-ийг “БТЕГ” ХХК-ийн Баянгол уурхайн хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12 583 731 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч “БТЕГ” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Мөн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй гэж, хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтан ажлын хувцас, ажлын багаж хэрэгслээр хангагдаж, зохих заавар журмын дагуу эдлэж хэрэглэх эрхтэй гэж зохицуулсны дагуу ажил олгогч “Болдтөмөр ерөө гол” ХХК-аас ажлын хувцасны үнэд төлсөн 185 000 төгрөгийг нэхэмжлэгч нь буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01869 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 220 609 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                        ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА