Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00715

 

       *******ийн нэхэмжлэлтэй

                        иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01869 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2134 дүгээр магадлалтай, 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлын хувцасны үнэ 183,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтуулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтуул, өмгөөлөгч Х.Ариунзаяа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019.08.06-ны өдөр Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт орших Баянгол нэртэй төмрийн хүдрийн уурхайд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Баянгол уурхайн гал тогоо, үйлчилгээний ажилтнуудыг 2020.01.17-ны өдрөөр тасалбар болгож Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн охин компани болох Клиффорд Воллес Катеринг ХХК руу шилжүүлсэн байдаг. 2020.03.19-ний өдөр уурхайн даргатай тохиролцсоны дагуу намар авах байсан нийтийн байрны үйлчлэгчийн орон тоон дээр яаралтай хүн авах хэрэгтэй гэхээр нь энэ орон тоон дээр ажилтан шалгаруулж авсан үйлдэл хийсэн. Гэтэл энэ үйлдлийг нь удирдлагын зүгээс эрх мэдлээ хэтрүүлсэн, дураараа энэ үйлдлийг хийсэн гэж үзээд 2020.03.20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ононтуулаас үйлчилгээний ажилтныг шалгаруулахаас өмнө ажлын газрын мэйл хаягаар үйлчилгээний ажилтан байнга орж, гарч байдаг, мэргэжил шаардахгүй учир Захиргаа, хүний нөөцийн газраас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн утгатай мэйл ирсэн байдаг. Үүнийг баримтжуулж чадаагүй, ажлаас гарангуут ажлын мэйлийг нь хаасан.

Мөн тушаал дээр н.Мөнхбаатар гэх хүн гарын үсэг зурсан байгаа. Учир нь н.Мөнхбаатар бол захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч юм. н.Ганбат гэх хүнийг уурхайн даргаар албан ёсоор томилсон байдаг. Гэтэл н.Мөнхбаатар гэх хүний тушаал дээр түр орлон гүйцэтгэнэ гэж заасан. Компанийн дотоод журамд зааснаар түр орлон гүйцэтгэж байгаа бол ямар ажил үүргийг гүйцэтгэх ёстой талаар өмнөх захирлын итгэмжлэл заавал байх ёстой. Түүнчлэн ажил хүлээлцсэний дараа хариуцагчаас ажлын тусгай хуцсаны төлбөрт 183,700 төгрөгийг суутган авсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар ажлын тусгай хувцас каск, хантааз, гутал гэх зэрэг нь үнэ төлбөргүй байх ёстой.

Иймд хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уурхайн хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлын тусгай хувцасны төлбөрт суутган авсан 183,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас 2020.03.20-ны өдөр *******ийг ажлаас халсан тушаал гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ******* нь 2020.03.19-ний өдөр Б.Оюунгэрэл гэх ажил горилогчийг эрх мэдлээ хэтрүүлээд хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилд дур мэдэн авсан ноцтой зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Тиймээс уурхайн гүйцэтгэх захирал болон захиргаа хүний нөөцийн газрын дарга Б.Ононтуул миний биеэс сул чөлөөтэй байгаа орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах болон ажилд хүн авах зөвшөөрлийг авч байж шинэ ажилтныг ажилд авахаар дууддаг. ******* 3 хүнийг дур мэдэн ажилд авахаар өөрөө шийдвэрлэсэн. Сул орон тооны захиалгыг удирдлагуудаараа баталгаажуулаагүй, сул орон тоо дээр хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх зөвшөөрлөө аваагүй, мөн сонгон шалгаруулалтыг журмын дагуу зөв зохистой үнэн шударга хийгээгүй гэж үзэж байгаа. ******* нь сонгон шалгаруулалт хийхдээ Б.Оюунгэрэлийг хувийн харилцаагаа дамжуулж ажилд авсан. Түүнчлэн н.Мөнхзаяа гэх хүнийг ажилд оруулахын тулд шан харамж өгсөн гэх зүйл илэрхий болсон. 03 сарын 20-ны өдөр удирдлагууд мэдээд журам болон гэрээгээр олгосон эрх мэдлээ хэтрүүлж, зохих зөвшөөрлийг авахгүй дур мэдэн үйл ажиллагаа явуулсан нь хөдөлмөрийн гэрээний 10.2.2.5-д заасан ноцтой зөрчил болно гэж талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд заасан байгаа. Тиймээс ноцтой зөрчил гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Харин Б.Энхчимэгийг ажиллаж байх хугацаанд байгууллага тусгай хувцсаар үнэ төлбөргүй 2 жилийн хугацаанд хангах ёстой. Б.Энхчимэг ажилд орохдоо хүлээн авсан 576,000 төгрөгийн хувцсаа эдэлгээний 2 жилийн хугацаанд бүрэн ашиглаагүй байж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Манай байгууллагын журмаар эдэлгээний хугацаа дуусаагүй байхад ажлаас гарвал үлдсэн хугацааны мөнгийг нь ажилтнаар өөрөөр нь төлүүлдэг. Тийм учраас 185,000 төгрөг суутган авсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01869 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******ийг Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн Баянгол уурхайн хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Болдтөмөр Ерөө гол ХХК-иас 12,853,731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2134 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01869 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 220,609 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 09 сарын 01-ны өдрийн 182/ШШ2020/01869 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 10 сарын 14-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн 2134 дугаартай магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

******* нь уурхайн хүний нөөцийн албанд бүрдүүлэлт сонгон шалгаруулалт хариуцан ажилладаг байсан бөгөөд түүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь компанийн хүний нөөцийг журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр бүрдүүлэх чиг үүрэг юм. ******* нь ямар ч ажилтныг сонгон шалгаруулалтгүйгээр, дур мэдэн шийдвэр гаргаж, зохих зөвшөөрөлгүйгээр ажилд авах эрхтэй этгээд биш юм. ******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл хийж, эрхээ хэтрүүлэн, ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалтын процесс хэрхэн явагддаг, мөн нэхэмжлэгч ******* процессыг хэрхэн зөрчиж, ямар эрхээ хэтрүүлж, ноцтой зөрчил гаргасан болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байдаг. ******* нь Клиффорд воллес катеринг ХХК /КВК ХХК/-Д хүний нөөцийн сонгон шалгаруулалт явуулах, ажилтан авах, ажлаас чөлөөлөх, бусад хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл ажиллагаанд заавал Захиргаа хүний нөөцийн газрын дарга /Б.Ононтуул/-аас зөвшөөрөл авна гэж Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 8.3-д тодорхой заасан. Уг заалтыг ******* дагаж мөрдөж ирсэн бөгөөд и-мэйлээр Б.Ононтуулаас зөвшөөрөл авдаг байсан нь хариуцагчаас гаргасан нотлох баримтаас харагддаг. Нэхэмжлэгч тал энэ и-мэйлд зөвхөн мэдлэг мэргэжил шаардсан ажлын байруудад зөвшөөрөл авсан байна, үйлчлэгч авахдаа зөвшөөрөл авч байгаагүй гэж тайлбарладаг боловч КВК ХХК нь 2020.01.17-нд байгуулагдсан, түүнээс хойш хамгийн анх 2020.03.19-ний өдөр үйлчлэгчийн орон тоо захиалагдсан байгаа тул үйлчлэгч ажилд авах зөвшөөрөл өмнө нь авагдаагүй байсан.

Энэ журмын 8.3-д зааснаар бол ямар нэг ажлын байраар ангилан ялгаагүй, бүх ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах, хүний нөөцийн бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэхдээ Б.Ононтуулаас зөвшөөрөл авна гэсэн заалт юм. Гэтэл шүүхээс тус журмын 2.6 дахь заалтыг баримталж, үйлчлэгчийн орон тоо нь мэдлэг мэргэжил шаардахгүй учир заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэж дүгнээд байгаа нь хууль ёсны дүгнэлт биш юм. *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.2.5-д ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд харилцан тохиролцсон. Мөн ******* нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор бол хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хариуцан, дүрэм журмыг баримтлан ажиллах үүргийг хүлээсэн боловч сонгон шалгаруулалтын бус аргаар, ашиг сонирхлын зөрчил гарган, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл хийсэн болох нь баримтаас харагдаж байна.

*******ийг анх ажилд ороход Ажлын хувцасны эдэлгээний хугацааны дуусаагүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцлагдвал үлдэгдэл хугацаанд ногдох төлбөрийг буцаан төлүүлэхээр харилцан тохиролцож хэлцэл хийсэн нь хэрэгт авагдсан байгаа. Иймд компанийн хувьд ажилтныг ажиллаж байх хугацаанд нь ажлын хувцсаар үнэгүй хангасан, харин ажлаас гарах үед нь журам болон ажилтантай байгуулсан хэлцлийн дагуу зохих төлбөрийг суутган авсан нь хууль зөрчөөгүй юм.

Шүүхээс Компанийн дотоод акт буюу хүний нөөцийн баримталдаг журмын 2.6 дахь заалтыг буруу тайлбарлаж, дүгнэлт гарган, шийдвэр магадлалын үндэслэл болгож байгаа бөгөөд мөн Улсын дээд шүүхийн тайлбарыг буруу тайлбарлаж, ноцтой зөрчлийн улмаас компанид учирсан хохирол нь тогтоогдохгүй байна гэж үзэж шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

******* нь *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, ажлын хувцасны үнэ 183,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар гаргаж, маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

1.******* нь *******-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Баянгол уурхайд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажил олгогч 2020.03.20-ны өдөр 02/11 тоот тушаал гаргаж, түүнийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 8.2.3, 10.2.2.5 дах хэсгийг үндэслэл болгожээ.  

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020.04.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-г зөрчөөгүй байна.  

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд заасан эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажилтныг дур мэдэн ажилд авч, хөдөлмөрийн гэрээ болон компанийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан эсэх талаар зохигч маргаж, энэ хүрээнд мэтгэлцсэн байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Болд төмөр ерөө гол ХХК нь Клиффорд Воллес Катеринг ХХК-тай катерингийн болон кемп аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, хүний нөөцийн бодлого төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудалд туслалцаа үзүүлэх, хамтран ажиллахаар тохиролцсон ба Клиффорд Воллес Катеринг ХХК-ийн кемп менежер Д.Буян-Орших нийтийн байранд 3 үйлчлэгч шаардлагатай талаар хүний нөөцийн захиалгын хуудас ирүүлжээ.  

  Энэхүү хүсэлтийг ******* уурхайн хүний нөөцийн албаны даргад танилцуулан, улмаар Б.Оюунгэрэлийг сургалтад хамруулан, 2020.03.19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсныг гүйцэтгэх захирлын орлон гүйцэтгэгч захирал Б.Мөнгөншагай гарын үсэг зурж, баталгаажуулснаар уг ажилтан нийтийн байрны үйлчлэгчээр ажиллаж байгаа үйл баримт тогтоогджээ/ хэргийн 109-115, 180 тал/. 

Болд төмөр ерөө гол ХХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 2 дугаар зүйлийн 2.6-т компанийн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтан, санхүү болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ХАБЭА-н мэргэжилтэн, дамп, тракын машинч зэрэг ажлын байрны сонгон шалгаруулалтыг ЗХНГ-ын газрын дарга хяналт тавих болон хариуцан гүйцэтгэнэ гэжээ. Үйлчлэгч нь дээрх албан тушаалтанд хамаарахгүй тул сонгон шалгаруулалтад орох шаардлагагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.  

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.2.5-т ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан боловч нэхэмжлэгч энэхүү ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тушаалд заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдоогүй гэж үзэж, энэхүү үндэслэлээ шийдвэр, магадлалд тодорхой дурдсаныг үгүйсгэх үндэслэлгүй байна.  

Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ нотолж чадаагүй, энэ тохиолдолд шүүх *******ийг ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т нийцжээ.  

2.Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шаардах эрхтэй.  

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний дунджаар тооцон 5 сар 8 хоногийн олговорт 12,853,731 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгджээ.  

3. Хариуцагч нь *******ийг ажилд ороход 570,226 төгрөгийн үнэ бүхий ажлын тусгай хувцсыг олгосон ба ажлаас халахдаа элэгдэл хорогдлыг тооцож, 185,000 төгрөг суутган авсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, уг мөнгийг буцаан гаргуулахаар шаарджээ.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлын хувцсаар үнэ төлбөргүй хангах үүрэгтэй бөгөөд ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан, нормын хугацаа дуусаагүй гэж хувцасны үнийг суутган авсан нь үндэслэлгүй тул шүүх энэхүү шаардлагыг хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01869 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2134 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтуулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 220,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Х.ЭРДЭНЭСУВД