Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/420

 

 

 

   

   2023           04            18                                          2023/ДШМ/420

 

Г.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

хохирогч А.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Оийн гаргасан давж заалдах гомдлуудаар Г.От холбогдох 2311000000072 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г.О, 1994 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 5 дугаар гудамжны 16А тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 2-20А тоотод оршин суудаг, /РД:УХ94041735/;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Эрүүгийн шийтгэх гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсонд тооцсон тогтоолтой,

Г.О нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Даян” нэртэй зочид буудалд согтуурсан үедээ агсам тавьж хохирогч А.Батбаярын толгойн хэсэгт архины шилээр цохих, баруун хацар хэсгийг архины шилний хагархай хэсгээр зүсч биед нь “зулайн хуйх, баруун нүдний гадна, баруун хөмсөг, хацар, амны булан, жавьжинд шарх гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Г. Ог /РД:УХ94041735/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Оээс 3.501.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Батбаярт 3.340.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь “1009 00020 0080” дугаар дансанд 161.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

            Шүүгдэгч Г.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би улирлын чанартай барилгын ажил хийдэг бөгөөд миний ажил өвөл амраад одоо эхэлж байгаа. Би нялх хүүхэдтэй, банкны зээлтэй, түрээсийн байранд амьдардаг. Нийтэд тустай ажил хийхэд ар гэрийн эдийн засаг хүндрэлтэй байна. Би өөрийн хийсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч надаас 3.500.000 төгрөг нэхэмжилсэн ба би ажил хийж хохирлоо барагдуулна. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулын ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

            Хохирогч А.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.О нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, торгуулийн ялаар шийтгүүлж байсан. Ийм гэмт хэрэг хийгээд торгуулийн ял шийтгэл авч болно гэж боддог юм шиг байна. Миний нүүрэнд засрашгүй шарх, сорив тогтоосон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.О нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж уг хэрэгтээ торгуулийн ялаар шийтгүүлж байсан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигт нийцсэн байх ёстой. Шүүгдэгч Г.От оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн байхад удаа дараа торгуулийн ялыг оногдуулаад байх нь эрүүгийн хуулийн зорилтод нийцэхгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Г.О нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Даян” нэртэй зочид буудалд согтуурсан үедээ агсам тавьж хохирогч А.Батбаярын толгойн хэсэгт архины шилээр цохих, баруун хацар хэсгийг архины шилний хагархай хэсгээр зүсч биед нь “зулайн хуйх, баруун нүдний гадна, баруун хөмсөг, хацар, амны булан, жавьжинд шарх гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-3/, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэнд тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх 45-46/, хохирлын баримтууд /хх 78 /зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч А.Батбаярын “...О нь өөрөө архи уухаараа ер нь агсам хүн. Хочийг нь агсам Оогий гэдэг, маргалдаж байхад О миний толгойн орой хэсэгт нэг удаа архины шилээр цохиж миний толгойг хагалсан. Тэр үед миний толгойноос их хэмжээний цус гараад байсан. О гараад гүйчихсэн. Толгойноос цус гараад байхаар нь би Оюудайтай хамт гараад эмнэлэг орох гээд Даян буудлын урд талаас, зам дээрээс такси барих гээд зогсож байсан. О ардаас орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь эргээд хартал гартаа барьсан байсан хагархай архины шилээр миний баруун хацрыг зүсчихээд зам хөндлөн гараад гүйгээд, зугтчихсан. Миний толгойноос их цус гараад байхаар нь би ардаас нь хөөгөөгүй. Оюудай бид хоёр цагаан байр орж, танил ахынхаа найзтай хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр миний баруун хацарт 6 оёдол, аман дотор 2 оёдол тавьсан. ...” /хх 6-7, 31, 72/,

гэрч Б.Оюудайгийн “...Батбаяр бид хоёр Баянбүрдийн тойрог рүү уруудаад алхаж байхад О замын хажууд зогсож байсан. Би такси барих гээд түрүүлээд алхчихсан, араас Батбаяр алхаж байсан чинь тас хийх чимээ гаран эргээд харсан чинь Батбаяр “Оюудай наадхаа бариад аваарай” гэж хэлэхэд О доошоо Баянбүрдийн тойрог руу гүйгээд явчихсан. Батбаярын нүүрнээс их цус гарсан. Шанаа хэсэг нь ярагдаж зүсэгдсэн байсан, юугаар цохьсон гэдгийг нь мэдэхгүй байна. Батбаяр бид хоёр тэндээс такси бариад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байх манай хуурай ах Очироо гэх айлд очоод тэндээс Батбаяр, Очироо ахтай гэмтэл явсан. ...” /хх 12/,

            иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.Батбаяр нь 2023 оны 01 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгийн зардал бүхий тусламж, үйлчилгээг авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/219 дугаартай албан бичиг болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г.Оээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 50/,

            яллагдагч Г.Оийн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Батбаярт хэрэг гарснаас 2 хоногийн дараа эмчилгээ болон эмний мөнгө гэж 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /хх 28/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...А.Батбаярын биед зулайн хуйх, баруун нүдний гадна, баруун хөмсөг, хацар, амны булан, жавьжны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь нийтдээ болон тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  ...” гэсэн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1021 дугаар /хх 17-19/ шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Г.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.О гаргасан давж заалдах гомдолдоо “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулын ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Шүүгдэгч Г.От холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Г.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ