Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/161

 

 

 

 

  2023        03           06                                    2023/ШЦТ/161

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Очгэрэл, шүүгдэгч Г.О, хохирогч А.Б /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.От холбогдох эрүүгийн  “2311 00000 0072” дугаартай, 186/2023/0141/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын       16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх оршин сууж байгаа гэх,

-урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Г.О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Даян нэртэй зочид буудалд согтуурсан үедээ агсам тавьж хохирогч А.Бын толгойн хэсэгт архины шилээр цохих, баруун хацар хэсгийг архины шилний хагархай хэсгээр зүсч  биед нь зулайн хуйх, баруун нүдний гадна, баруун хөмсөг, хацар, амны булан, жавьжинд шарх  гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

          1.1. Шүүгдэгч Г.О нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

           1.2. Хохирогч  А.Б нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Тэр өдөр би таксинд явж байгаад 3 найзтайгаа Баянбүрдийн тойргийн тэнд таарсан. Тэгээд Оюудай гээд найзынх руу явчхаад ирье гэхээр нь явсан. Тэгээд Оюудай 1 шил архи аваад жаахан ууж сууцгаая гэхээр нь хэдүүлээ буудалд орж байгаад тайван ууя гээд тэгээд Оюудай утсаа ломбардад тавиад бид хэд буудалд орж уусан. Ууж эхлэхэд Отгонхишиг согтуу байсан. Би бол эрүүл байж байгаад ууж эхэлсэн. Отгонхишиг агсам тавиад байсан. Би тэр үед нь нэлээн муудсан байсан. Тэгээд нэг мэдсэн толгойн дээр тас гээд тэгээд толгой хагалсан гэв.    

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Бын:...би 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Ингээд тус өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрд тойргийн хойд талд найзууд болох Оюудай /95193529/, Доржпалам /89919102/, Отгонхишиг /99623467/ нар согтуу  хамт явж байхад нь таарсан. Тэгэхэд Оюудай манай гэрт очоодохьё гээд Оюудайгийн гэрлүү явсан. Оюудай гэрлүүгээ ороод, удалгуй 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи, 20.000 төгрөг аваад гарч ирсэн. Дараа нь Оюудай утсаа ломбарданд 80.000 төгрөгөөр тавьсан. Бид 4 ярилцаж байгаад ууж сууя гээд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Даян нэртэй буудлын 6 дугаарын өрөөнд орсон. Өрөөний дугаарыг сайн санахгүй байна, 1 давхрын хамгийн булангийн өрөөнд орсон. Буудлын өрөөнд ууж сууж байхад Отгонхишиг, Оюудайтай нэг маргалдаад, надтай ч нэг маргалдаад байсан. Отгонхишиг нь өөрөө архи уухаараа ер нь агсам хүн. Хочийг нь агсам Оогий гэдэг, маргалдаж байхад Отгонхишиг миний толгойн орой хэсэгт нэг удаа архины шилээр цохиж миний толгойг хагалсан. Тэр үед миний толгойноос их хэмжээний цус гараад байсан. Отгонхишиг гараад гүйчихсэн. Толгойноос цус гараад байхаар нь би Оюудайтай хамт гараад эмнэлэг орох гээд Даян буудлын урд талаас, зам дээрээс такси барих гээд зогсож байсан. Отгонхишиг ардаас орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь эргээд хартал гартаа барьсан байсан хагархай архины шилээр миний баруун хацрыг зүсчихээд зам хөндлөн гараад гүйгээд, зугтчихсан. Миний толгойноос их цус гараад байхаар нь би ардаас нь хөөгөөгүй. Оюудай бид хоёр цагаан байр орж, танил ахынхаа найзтай хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр миний баруун хацарт 6 оёдол, аман дотор 2 оёдол тавьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6, 31 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.Б нь 2023 оны 01 дүгээр сард гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгний зардал бүхий тусламж, үйлчилгээг авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/219 дугаартай албан бичиг болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г.Оээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 50 дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Оюудайн:...Батбаяр бид хоёр Баянбүрдийн тойрог руу уруудаад алхаж байхад Отгонхишиг замын хажууд зогсож байсан. Би такси барих гээд түрүүлээд алхчихсан, араас Батбаяр алхаж байсан чинь тас хийх чимээ гаран эргээд харсан чинь Батбаяр Оюудай наадхаа бариад аваарай гэж хэлэхэд Отгонхишиг доошоо Баянбүрдийн тойрог руу гүйгээд явчихсан. Батбаярын нүүрнээс их цус гарсан. Шанаа хэсэг нь ярагдаж зүсэгдсэн байсан, юугаар цохьсон гэдгийг нь мэдэхгүй байна. Батбаяр бид хоёр тэндээс такси бариад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байх манай хуурай ах Очироо гэх айлд очоод тэндээс Батбаяр, Очироо ахтай гэмтэл явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,

           2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1021 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

          1. А.Бын биед зулайн хуйх, баруун нүдний гадна, баруун хөмсөг, хацар, амны булан, жавьжны шарх гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

           3. Дээрх гэмтэл нь нийтдээ болон тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Мэргэшсэн шинжээч эмч Т.Амартүвшин гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр тал/,

          Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: А.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 6,31 дүгээр тал/, гэрч Б.Оюудайн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/, яллагдагч Г.Оийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 32-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

3.2.  Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан судлуулах баримт байхгүй гэв.

3.3. Хохирогч хавтас хэргээс: шүүх хурал дээр гаргаж өгсөн Синдерелла клиник эмнэлэгийн баримтыг шинжлэн судлуулъя гэв.

          Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Г.О нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Даян нэртэй зочид буудалд согтуурсан үедээ агсам тавьж хохирогч А.Бын толгойн хэсэгт архины шилээр цохих, баруун хацар хэсгийг архины шилний хагархай хэсгээр зүсч  биед нь зулайн хуйх, баруун нүдний гадна, баруун хөмсөг, хацар, амны булан, жавьжинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч А.Бын:...Отгонхишиг нь өөрөө архи уухаараа ер нь агсам хүн. Хочийг нь агсам Оогий гэдэг,  маргалдаж байхад Отгонхишиг миний толгойн орой хэсэгт нэг удаа архины шилээр цохиж миний толгойг хагалсан. Тэр үед миний толгойноос их хэмжээний цус гараад байсан. Отгонхишиг гараад гүйчихсэн. Толгойноос цус гараад байхаар нь би Оюудайтай хамт гараад эмнэлэг орох гээд Даян буудлын урд талаас, зам дээрээс такси барих гээд зогсож байсан. Отгонхишиг ардаас орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь эргээд хартал гартаа барьсан байсан хагархай архины шилээр миний баруун хацрыг зүсчихээд зам хөндлөн гараад гүйгээд, зугтчихсан. Миний толгойноос их цус гараад байхаар нь би ардаас нь хөөгөөгүй. Оюудай бид хоёр цагаан байр орж, танил ахынхаа найзтай хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр миний баруун хацарт 6 оёдол, аман дотор 2 оёдол тавьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6, 31 дугаар тал/,

            - иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.Б нь 2023 оны 01 дүгээр сард гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгний зардал бүхий тусламж, үйлчилгээг авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/219 дугаартай албан бичиг болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г.Оээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 50 дугаар тал/,

           - гэрч Б.Оюудайн:...Батбаяр бид хоёр Баянбүрдийн тойрог рүү уруудаад алхаж байхад Отгонхишиг замын хажууд зогсож байсан. Би такси барих гээд түрүүлээд алхчихсан, араас Батбаяр алхаж байсан чинь тас хийх чимээ гаран эргээд харсан чинь Батбаяр, Оюудай наадхаа бариад аваарай гэж хэлэхэд Отгонхишиг доошоо Баянбүрдийн тойрог руу гүйгээд явчихсан. Батбаярын нүүрнээс их цус гарсан. Шанаа хэсэг нь ярагдаж зүсэгдсэн байсан, юугаар цохьсон гэдгийг нь мэдэхгүй байна. Батбаяр бид хоёр тэндээс такси бариад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байх манай хуурай ах Очироо гэх айлд очоод тэндээс Батбаяр Очироо ахтай гэмтэл явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1021 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 18-19 дүгээр тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Бын толгойн хэсэгт архины шилээр цохих, баруун хацар хэсгийг архины шилний хагархай хэсгээр зүсч  биед нь зулайн хуйх, баруун нүдний гадна, баруун хөмсөг, хацар, амны булан, жавьжинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг  зэргээр хангалттай нотлогдож байх тул Г.Оийн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Хохирол, хор уршигийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлаж  хохирогч шүүгдэгчээс  цаашид эмчилгээ хийлгэх зардалд 3.490.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа нь шүүгдэгч Г.Оийн  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгний эмчилгээ, үйлчилгээ авсан тул шүүгдэгч Г.Оээс гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлгийг нотлох баримтын  хамт мөрдөн шалгах ажиллагааны явцад  гаргаж өгсөн  байх тул шүүгдэгчээс 3.501.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Бт 3.340.000 төгрөг, 161.000 төгрөгийг Эрүүл мэндийн  даатгалын санд  төлүүлэх нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

 

Учир нь: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “ Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын  пактын 2 дугаар зүйлийн 3-ын (b)-д эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын  эрх зүйн тогтолцоонд  заасан эрх бүхий бусад  байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь  хөгжүүлэх...,”Монгол Улсын  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т” Монгол Улсын  хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд  гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” эрхтэй гэж тус тус заажээ.

 

Эдгээр олон  улсын  гэрээ, конвенц, Монгол Улын  Үндсэн хуульд заасан эрхийг  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “гэм хорыг  арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг  сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” мөн зүйлийн 228.4 дэх хэсэгт “ хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж баталгаажуулан хуульчилсан байна.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

Шүүхээс шүүгдэгч Г.О болон хохирогч А.Б нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэлээ. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

             5. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх  хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Г.Оээс 3.501.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Бт 3.340.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь “1009 00020 0080” дугаар дансанд 161.000 төгрөгийг төлүүлсүгэй.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ