Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02161

 

 

“СЖМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02438 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “СЖМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч УТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт /цаашид Улаанбаатар төмөр зам/ холбогдох, 120 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхмэжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СМЖ” ХХК нь Улаанбаатар төмөр замтай 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ХХ/16/046 тоот бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд “СМЖ” ХХК нь Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн аж ахуйн албаны илчит тэрэгнүүдийн засварт шаардлагатай резинэн втулка, сальник, жийрэг, кольц зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх үүрэгтэйгээр, УТЗ нь гэрээний дагуу захиалгаар хийгдсэн бараа материалыг хугацаанд нь татан авч төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний дагуу Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн аж ахуйн албаны харьяа Улаанбаатар татах хэсэг, Дархан Сайншандын татах хэсэг өдий хүртэл гэрээний хавсралт бүхий бараа, материалыг захиалан худалдан авсаар байна. Улаанбаатар төмөр замын татах хэсэг нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хос дугуйн цехэд илчит тэрэгний хос дугуйн уян элементийн 8000 ширхэг втулка яаралтай хийлгүүлэх захиалга өгснөөр манай байгууллага уг втулкийг үйлдвэрлэсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Улаанбаатар төмөр замын татах хэсгийн 28/404 тоот албан бичгийн дагуу 3200 ширхэг, нийт 5600 ширхэг втулка /уян элемент/-г нийлүүлсэн. Гэтэл Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэг нь ашиглалтын явц дунд 32 ширхэг уян элемент бяцарсан гэх шалтгаанаар нийт нийлүүлсэн уян элементийн үнийг төлөхгүй өдий хүрч гэрээний үүргээ зөрчиж байх тул ХХ/16/046 тоот гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 121 816 200 төгрөгийг төлөөгүй.

Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэг нь гэрээний хавсралтад заагдсан 33 нэр төрлийн 125 382 105 төгрөгийн үнэ бүхий 35 920 ширхэг бараа материалыг 2016 оны 10 дугаар сараас хойш татан аваагүй. Энэхүү бараа материал нь зөвхөн төмөр замын илчит тэрэгний эд ангиудад зориулагдсан байх бөгөөд өөр зүйлд ашиглах боломжгүй тул манай байгууллагад учирсан хохирол, алдагдал гэж үзэж уян элементийн үлдэгдлийн үнэ 2400 х 11000=26 400 000 төгрөг, гэрээний хавсралтад заагдсан бараа материалын үлдэгдэл 30 нэр төрлийн 30 000 гаруй ширхэг бараа материалын үнэ 93 600 000 төгрөг бүгд 120 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сийлжет монгол” ХХК-тай 2016 оны 4 сарын 18-ны өдөр ХХ/16/046 тоот бараа бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээгээр худалдагч тал нь илчит тэрэгний засварын ажилд шаардлагатай резинэн сальникийг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч тал нь нийлүүлсэн барааг цаг тухайд нь хүлээн авч, хугацаанд нь үнийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Гэрээний 1.2-т нийлүүлэх барааны нэр төрөл, орос нэршил, зургийн дугаар, хэмжээ, нэг бүрийн үнийг баталгаажуулсан байдаг ба гэрээний 5.3-т зааснаар гэрээний үйлчлэх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн байна. Түүнээс биш тухайн бараа бүтээгдэхүүнээс хэдэн тоо ширхэгийг авах талаар тохиролцоогүй байна. Худалдагч тал гэрээний 2.1-т зааснаар олон улсын чанарын 150 9002 стандарт, ОХУ-ын ГОСТ 2.603-68 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж, гэрээний 3.2-т зааснаар доголдол илэрвэл уг доголдлыг арилгах, эсвэл ижил нэр төрлийн бүтээгдэхүүнээр сольж өгөх мөн гэрээний 3.3-т зааснаар тохиролцсон хугацаанд захиалсан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн. Худалдан авагч тал нь гэрээний 4.1-т зааснаар шаардлагатай байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийг худалдагч талд албан бичиг болон биеэр ирж хүлээлгэн өгөх, 4.3-т зааснаар худалдагч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан баталгаат хугацааны дотор хүлээн авсан бүтээгдэхүүнд гэмтэл илэрвэл арилгуулах буюу ижил төрлийн бүтээгдэхүүнээр солиулах эрхтэй, бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 1.4-т баталгааны хугацаа 1 сар ба 6.4-т зааснаар баталгаат хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнд доголдол илэрвэл худалдагч тал өөрийн зардлаар арилгах үүргийг хүлээсэн. Уян элемент нь хос дугуйн арааны голын тэнхлэгийн хөдөлгөөнийг хязгаарлах үүрэгтэй ба арааг хос дугуйнд гол эргэлт дамжуулах хөшүүрэг болдог. Уян элемент гэмтсэнээс хос дугуйн арааны хөндлөн гүйлт ихэсч арааны шүд хөшигдөж хугарах, эсвэл хос дугуйн араат дамжлагын засвар орж гацах, хос дугуй зам төмрөөс гарах цаашлаад илчит тэрэг унах аюулд хүргэдэг. “СЖМ” ХХК-ийн уян элемент үүрнээсээ сугарах, үүрэн дотроо бяцрах гэмтэл гарсан тул цаашид ашиглах нь хүнд гэмтэл, сүйрэлд хүргэх эрсдэлтэй. Улаанбаатар татах хэсэг 2016 оны 02 дугаар сарын 06, 18-ны өдрүүдэд зургийн дагуу захиалгыг өгсөн байх ба захиалгын дагуу худалдан авалт борлуулалтын алба нь 5600 ширхэг уян элементийг худалдан авч төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 27, 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээс гологдол гараагүй тул Улаанбаатар татах хэсэг дахин нэмж 380 ширхэг, 96 ширхэгээр тус тус худалдан авч төлбөрийг шилжүүлсэн. Хүлээн авсан втулкийг илчит тэрэгний хос дугуйд тавихад чанарын шаардлага хангахгүй гологдол гарч, илчит тэрэг нь төлөвлөгөөт бус засварт орж, акт тавигдсан тул нийлүүлэгдсэн бараа нь чанар стандартын шаардлага хангаагүй тул 09, 11 саруудад гологдол гарч, энэ тухай мэдэгдлийг тус компанид өгсөн байдаг. Гэтэл “СМЖ” ХХК нь тухайн бүтээгдэхүүнийг захиалгын тоонд хүргэн үйлдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний 3.3-т худалдагч худалдан авагч талтай тохиролцсон хугацаанд захиалсан бүтээгдэхүүнийг бэлтгэж нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл захиалга өгөөгүй байхад бүтээгдэхүүнээ ихээр үйлдвэрлэн, нөөцөлсөн нь нөгөөтэйгүүр резинэн эдлэл нь хадгалалт удаан байх тусам стандартын шаардлага хангахгүй цаашид ашиглах боломжгүй гологдолтой бүтээгдэхүүн гэдгийг худалдагч тал өөрсдөө мэдсээр байж нөөц болгон хадгалсан нь буруу байна. УТЗ нь “Сийлжет Монгол” ХХК-тай байгуулсан ХХ/16/046 тоот гэрээний дагуу 2016 онд нийт 80 517 670 төгрөгийн, 2017 онд 22 855 540 төгрөгийн, 2018 онд 26 352 000 төгрөгийн, 2019 онд 12 902 800 төгрөг буюу нийт 194 308 970 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 120 000 000 төгрөгийг гаргуулан “Сийлжет Монгол” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураажид төлсөн 767 031 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 757 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэг “Сийлжет монгол” ХХК-д 8000 ширхэг втулка хийлгэх захиалгыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 28/283 тоот албан бичгээр өгсөн. Тоо ширхэг зургийн дугаарыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28/404 тоот албан бичгээр өгч баталгаажуулсан захиалгын дагуу 3200ш барааг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч акт үйлдсэн. Төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 575 төлбөрийн баримтаар шилжүүлсэн. Энэ нь ХХ/16/046 тоот гэрээ байгуулахаас өмнө амаар хийгдсэн гэрээ. Улаанбаатар татах хэсгийн бараа материалын орлогын 8 сарын тайланд 3 нэр төрлийн 2400ш втулка /элемент/орлогоор тайлагнан, Улаанбаатар төмөр замын худалдан авалт борлуулалтын алба нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Төрийн банк” ХХК-ийн 241327849704 тоот дансанд төлбөр 44 165 860 төгрөгийг, Төлбөрийн даалгавраар шилжүүлэн дээрх амаар хийсэн гэрээний үүргийг биелүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнээс гологдол гараагүй тул Улаанбаатар татах хэсэг дахин нэмж 380ш, 96ш-ээр тус тус худалдан авч төлбөрийг шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сард Улаанбаатар татах хэсэгт нийлүүлэгдсэн уян элемэнт нь илчит тэрэгний хос дугуйд тавихад чанарын шаардлага хангахгүй гологдол гарч, илчит тэрэг нь төлөвлөгөөт бус засварт орж, акт тавигдсан ба нийлүүлэгдсэн бараа нь чанар стандартын шаардлага хангахгүй байсан тул 9, 11 саруудад гологдол гарч, энэ тухай мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 28/996 тоот 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 28/1128 тоот албан бичгүүдээр тус аж ахуйн нэгжид мэдэгдсэн. Улаанбаатар татах хэсэг нийт захиалсан 8000ш втулкнээс нийт 6076 ширхэгийг худалдан авсан. Улаанбаатар татах хэсгийн захиалсан 8000ш втулкийн хувьд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Хавтаст хэрэгт худалдан авагч тал складны үлдэгдэл болох 30 нэр төрлийн 93 600 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалсан талаар ямар ч нотлох баримтгүй. Түүнчлэн гэрчээр оролцсон нярав М.Оюунжаргалын мэдүүлгээр төмөр замтай гэрээ байгуулахдаа үнэ, зургийг тавьдаг. Тоо ширхэгийг тавьдаггүй. Тухайн захиалж байгаа хэсгүүдээсээ хамаарч тоо ширхэг нь гарч ирнэ. Тавих боломжгүй гэж хэлсэн гэх УТЗ нь жилд 200 000 000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн авдаг болохоор манайх нөөцөө бүрдүүлсэн. Хэдэн ширхэгийг авна гэдэг тоо байдаггүй. Авах болохоор яаралтай гэдэг учраас 1 улирлын бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлсэн гэх мэдүүлэгээр нотлогдсоор захиалгыг утсаар болон албан бичгээр өгдөг тухай мэдүүлэгээр нэхэмжлэгчийн шаардаж байгаа үнийн дүнд ноогдох хэмжээний захиалга өгсөн болох нь баримтаар нотлогдохгүй байдаг. Мөн нэхэмжлэгч 2016 онд үйлдвэрлэн нөөцөлсөн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах талаар Улаанбаатар төмөр замд хандан нэг ч удаа албан бичгээр хандсан баримт байхгүй. УТЗ нь “Сийлжет монгол” ХХК-тай байгуулсан ХХ/16/046 тоот гэрээний дагуу 2016 онд нийт 80 517 670 төгрөгийн, 2017 онд 22 855 540 төгрөгийн, 2018 онд 26 352 000 төгрөгийн, 2019 онд 12 902 800 төгрөг буюу нийт 194308970 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан ба 2016-2020 оны хугацаанд Төрийн банкны 241327849704 тоот дансаар нийт 300 042 425 төгрөгийн, Хаан банкны 5128027885 тоот дансаар 31 977 120 төгрөгийн орлогыг хийж хамтран ажилласан байна. Эдгээр нь банкны дансны хуулгуудаар нотлогдоно. Үйлдвэрлэгдсэн уян элементүүдийг илчит тэргэнд суурилуулахад элэгдэлд орж, төлөвлөгөөт бус засварт орсон, акт тавигдсан гэх тайлбараа хариуцагч байгууллагын төлөөлөгч нар баримтаар нотлоогүй гэжээ. Гэтэл эдгээрийг нь “Сийлжет монгол” ХХК-д явуулсан 28/1128 тоот албан бичиг, 10/74 тоот гэмтлийн акт, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хохирлын үнэлгээ, 28/996 тоот албан бичиг, 21 дугаар нэхэмжлэх зэрэг нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

Шүүх талуудын тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан ба нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй. Резинэн эдлэл нь ГОСТ 2,603-68 стандартын шаардлага хангасан байх талаар гэрээний 2.1-т талууд тохиролцсон байдаг ба “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн резинэн эдлэлийн хадгалалтын журмаар резинэн жийрэг, резинэн сэлбэгийн хадгалалтын хугацаа 2-3 жил байдаг мөн тус 2-3 жилийн хугацаа дууссан тохиолдолд ашиглахыг хориглодог. Энэ талаар Зүтгүүрийн аж ахуйн албаны засварын хэлтсийн даргын тодорхойлолт болон нэхэмжлэгчийн гэрчийн мэдүүлгээр 2016 онд үйлдвэрлээд нөөцөлсөн гэх агуулахад хадгалагдаж байгаа 30 нэр төрлийн 30 000 гаруй бараа материалын үнэ 93 600 000 төгрөгийн стандартад тэнцэхгүй резинэн бүтээгдэхүүнийг Улаанбаатар төмөр замыг ав гэж байгаа нь зөвхөн байгууллага төдийгүй нийтийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02438 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “СМЖ” ХХК нь шүүхэд 5600 ширхэг уян элементийн үнэ 61 600 000 төгрөг, бусад бараа материалын үнэ 2 010 800 төгрөг, захиалагаар хийлгэсэн 8000 ширхэг уян элементийн үлдэгдэл 2400 ширхэг, хохирол алдагдал 26 400 000 төгрөг, алданги 31 805 400 төгрөг нийт 121 816 200 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үлдэгдэл уян элементийн үнэ 26 400 000 төгрөг, бараа материалын үлдэгдэл болох 30 нэр төрлийн 30 000 гаруй ширхэг бараа материалын үнэ 93 600 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нийлүүлсэн бүтээгдэхүүн нь доголдолтой байсан гэж маргажээ.

“СМЖ” ХХК нь “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар төмөр замын харьяа Улаанбаатар татах хэсэг 8000 ширхэг втулка хийлгэх захиалгыг “Сийлжет монгол” ХХК-д албан бичгээр өгсний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 3200 ширхэг барааг хүлээн авсан актыг талууд үйлдсэн бөгөөд уг 8000 втулкаас 6076 ширхэгийг хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 44 165 860 төгрөгийг шилжүүлсэнээр энэ гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бараа бэлтгэн нийлүүлэх тухай ХХ/16/046 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь зүтгүүрийн аж ахуйн албаны илчит тэрэгний засварын ажилд шаардлагатай резинэн сальник буюу 46 нэр төрлийн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, хариуцагч нь барааг цаг тухайд нь хүлээн авч, үнийг төлөх үүргийг тус тус хүлээж тохиролцжээ.

Хариуцагч тал уян элемент чанарын шаардлага хангаагүй, бусад бараа материалыг захиалаагүй байхад нэхэмжлэгч үйлдвэрлэсэн тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй байна гэж үзлээ. Хэрэв нэхэмжлэгч гэрээ цуцалж, үлдэгдэл барааны үнэ гаргуулна гэж байгаа бол үйлдвэрлэсэн үлдэгдэл барааг хэрхэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид захиалагчийн захиалсан бараа материалаас үлдсэн байхад уг бараа материалын үнийг төлүүлнэ гэсэн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч талын гэрч М.Оюунжаргалын “УБТЗ жилд 200 000 000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн авдаг болохоор манайх нөөцөө бүрдүүлдэг. Манайд албан ёсоор тоо ширхэг өгдөггүй. Утсаар болон албан бичгээр байнга захиалга өгдөг учраас нөөц бүрдүүлэх зорилгоор үйлдвэрлэсэн” гэх мэдүүлгээс үзэхэд дээрх байдлаар захиалагч хэдийд хэдий хэмжээний бараа захиалсан, захиалгагүйгээр хэдий хэмжээний бараа үйлдвэрлэсэн хэмжээ тодорхойгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл, хэмжээ, баримт тодорхойгүй гэж үзнэ. /2 хх -33-34 дахь тал/

Талуудын хооронд үүссэн бараа нийлүүлэх гэрээгээр, захиалгаар нийлүүлсэн бараанаас үүсэх үр дагаврыг хариуцагч ямар хэмжээгээр хариуцах талаар шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хангалттай дүгнээгүй байна.

Мөн нэхэмжлэгч “СМЖ” ХХК нь хариуцагч Улаанбаатар төмөр замаас бараа бэлтгэн нийлүүлэх гэрээг цуцлах шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Талууд гэрээг цуцлаж байгаа бол үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэх талаар тодруулах шаардлагатай.

Иймд шүүх талуудын хооронд үүссэн гэрээ эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа эсэх, нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч зөрчсөн эсэх талаар тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 757 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                                         ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА