Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 17

 

Ц.И, Д.Б, Б.И нарын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:           Л.Атарцэцэг

                          Д.Мөнхтуяа

                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:  Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Бд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д “нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”-аар заасан шийтгэлийг ногдуулахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0589 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0611 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: нарын өмгөөлөгч Б.А,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Э нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0589 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.1, 105.2.4 заасныг баримтлан Ц.И, Д.Б, Б.И нарын “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Бд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д “нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”-аар заасан шийтгэлийг ногдуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0611 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0589 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Иргэн Ц.И, Д.Б, Б.И нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0611 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдаас Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар  зүйлийн   105.2.1-д  заасны  дагуу  Баянхонгор  аймгийн   Засаг даргад  “хууль биелүүлж ажиллахыг үүрэг болгож хаалттай сануулах” сахилгын    шийтгэлийг ногдуулсан. Учир нь Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б нь нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар бүрэн сэргээсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчихгүй байхыг анхааруулж “хаалттай сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан.

5. Хэдийгээр Захиргааны ерөнхий хуульд шууд заагаагүй боловч Төрийн албаны тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа болон нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулахгүй байх зэрэг хариуцлагын зарчим үйлчилнэ. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд Төрийн албаны тухай хуульд төрийн албан тушаалтанд хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа, хариуцлагыг давхар ногдуулахгүй байх зарчмыг нэгэнт тусгасан тул тухайн зарчмыг баримтлах нь зүйтэй.

6. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И нарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалуудад нь тухай бүрд томилж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдэж, цаашид зөрчигдөөгүй байхад давж заалдах шатны шүүх энэ үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь хуулийг зөв тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Бд шийтгэл ногдуулаагүй гэж анх нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагчаас гуравдагч этгээдийн зөрчлийн шинж байдал, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоосон зэрэг үйл баримтыг харгалзан “хаалттай сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Гэсэн хэдий боловч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “тохирсон сахилгын шийтгэл ногдуулаагүй” гэх үндэслэлээс Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

8. Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д "...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж зааснаас үзвэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн боловч сэргээгдээгүй, сэргээхгүй байгаа, зөрчигдсөөр байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхийг зохицуулсан хэсэг байна. Гэвч нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эрх нь бүрэн сэргэсэн, цаашид зөрчигдөөгүй, зөрчигдсөн харилцаа дуусгавар болсон байхад түүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол үргэлжлүүлэн зөрчигдсөөр байгаа мэт дүгнэлт хийж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх ойлголтод хамааруулж дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадсангүй гэж үзэж байна.

9. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа дахин нэхэмжлэгч нарыг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн шийдвэрийг дахин гуравдагч этгээдээс зөрчсөн шийдвэр гаргаагүй бөгөөд хэрэв ийм шийдвэр гаргасан бол энэ нь уг маргааны үйл баримттай хамааралгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Дээрх маргаан бүхий үйл баримтад анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн.

10. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0611 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Бд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-д зааснаар “хаалттай сануулах” шийтгэл ногдуулсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Бд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан “нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах” шийтгэл ногдуулахыг даалгах” гэж өөрчилжээ.

13. Нэхэмжлэгч нарын ийнхүү шаардах эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэснээр үүссэн байна.

14. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь хариуцагчаас Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Бд оногдуулсан шийтгэл нь “тохироогүй” гэсэн агуулгаар маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр “Монгол Улсын Ерөнхий сайд өөрт олгогдсон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргад “хаалттай сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсаар байхад шүүх Монгол Улсын Ерөнхий сайдыг Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д зааснаар арга хэмжээ авсангүй гэж буруутгах, гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулаагүй байна гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь буруу байна.

15. Учир нь, дээр дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн сонгох боломжийн хүрээнд гаргасан шийтгэл нь “тохирсон эсэх”-ийг хянан шалгах эрхтэй бөгөөд ийнхүү шалгахдаа Монгол Улсын Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Засаг даргад шийтгэл оногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан нөхцөл байдлыг буюу зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар; санаатай үйлдсэн эсэх; давтан үйлдсэн эсэх; ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй эсэхийг харгалзан үзсэн эсэхэд холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийх ёстой. Мөн эдгээр баримтыг үндэслэн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгах бөгөөд дээрх ажиллагаа хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчжээ.

16. Иймд, давж заалдах шатны шүүхээс “хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шийтгэлийн хэлбэрүүдээс сонгон хэрэглэх эрхтэй бөгөөд харин захиргааны хэргийн шүүх ямар шийтгэл ногдуулах эсэхийг тодорхойлох бус, гагцхүү гэм буруутай албан тушаалтны гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулсан эсэхийг шалгаж шийдвэрлэх үүрэгтэй” байтал анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хангалттай биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.

17. Ийнхүү анхан шатны шүүх маргааны гол үндэслэл, үйл баримтад дүгнэлт өгөөгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн, энэ нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байхад хяналтын шатны шүүхээс хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдын Баянхонгор аймгийн Засаг даргад хүлээлгэсэн шийтгэл “тохирсон” байна гэсэн агуулга бүхий дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0611 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

               ШҮҮГЧ                                                               Г.БАНЗРАГЧ