Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Х.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Ад холбогдох эрүүгийн 1706 01274 0372 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Өнөр хотхон”-ы 45 байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХЕ82100913, хэрэг хариуцах чадвартай Монголмууд овгийн Х А.

Холбогдсон хэргийн талаар

           Шүүгдэгч нь Х.А нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 5-2626 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Монвакуум" ХХК-ны агуулахад хууль бусаар нэвтрэн орж вакум цонхны универсаль түгжээ, хаалганы бариул, цонхны жийрэг резин, энгийн нугас, чулуун цавууны буу зэрэг эд зүйлсийг хулгайлан "Монвакуум ХХК"-д 16.796.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “…Тухайн компанид би 8-9 жил ажилласан. Энэ хугацаанд Баясаагийн аав нь захирлаар ажилладаг байсан. Миний хамтран ажилладаг байсан захирал саяхан нас барсан. Өмнөх захирлыг байх үед нь би орон сууцанд байр авах гээд байр авах гэж байгаа компанитайгаа гэрээ хийгээд одоо байгаа захирал Баясаад “миний нийгмийн даатгалыг төлөөд өгөөч” гэж мөнгө өгч байсан. Тухайн үед нийгмийн даатгалаа төлүүлвэл байртай болох гээд байсан. Тэгтэл Баясаа миний мөнгийг аваад Америкийн Нэгдсэн Улс руу яваад өгсөн. Баясаа захирал одоо хүртэл Америкийн Нэгдсэн Улсад байгаа. Мөнгө авч явсанд нь шаралхаад л ийм үйлдэл хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

            Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Ариунжаргалын өгсөн мэдүүлэг, тайлбар /хх-11-12, 5/, гэрч Б.Амарсайханы өгсөн мэдүүлэг  /хх-18/, гэрч Б.Солонгын өгсөн мэдүүлэг /хх-19/, “Damno” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан хх-37-38/, шүүгдэгч Х.Аийн хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-42/, шүүгдэгч Х.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36/, шүүгдэгч Х.Аийн ял шалгах хуудас /хх-21/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Прокуророос шүүгдэгч Х.Аийг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 5-2626 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Монвакуум" ХХК-ны агуулахад хууль бусаар нэвтрэн орж вакум цонхны универсаль түгжээ, хаалганы бариул, цонхны жийрэг резин, энгийн нугас, чулуун цавууны буу зэрэг эд зүйлсийг хулгайлан 16.796.000 төгрөгийн хохирол учруулсан гэж 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасанд гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэдий ч хэрэгт авагдсан гэрч Б.Солонгын өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын сүүл 5 дугаар сарын эхээр….хүн ирээд цонхны материал зардаг газар байн уу гэж асууж ирсэн. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү нөгөө залуу… дахиж ирээд…зараад явсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Аийн гэрчээр өгсөн: Сайн санахгүй байна. Би 2017 оны 5 сард Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархаданд айлд очиж архи уугаад согтуу явж болохгүй учир “Монвакуум” ХХК-ний хашаа руу орж машинаа тавиад захиралд шаралхсандаа үйлдвэр дотор байсан цонхны тоноглолуудыг хулгайлсан.” гэх мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтад гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааг нарийн тогтоож чадаагүй байна.

           

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэл буюу “….Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүний шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Аийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг 2017 оны 4 дүгээр сарын сүүл 5 сарын эхээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 5-2626 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Монвакуум" ХХК-ны агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэж шүүхээс үзлээ.

 

Мөн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна. Мөн 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын дээд хэмжээ ихэссэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Х.Аийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч "Монвакуум ХХК"-д 16.796.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.А нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудад үндэслэгдэж байна. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Амаржаргалын өгсөн: “2017 оны 7 дугаар сард ажил эхлээд явж байгаад агуулахаас нугас түгжээ алдагдсан талаар мэдээд 100 айл дээр байрлах барилгын материал зардаг хүмүүсээс “их хэмжээний цонхны нугас, түгжээ зарсан хүн байна уу” гэж асуухад 3 дугаар сургуулийн хажуу талын хятад дэлгүүрээс авсан гэж Сувдаа гэж хүн хэлсэн. Би тэр хятад дэлгүүр нь очиж асуухад “саяхан хүн ирээд зарсан утасны дугаар нь байгаа гээд 88039994 гэсэн дугаар өгсөн”. Тэр дугаар руу орчуулагч охиноор яриаулсан чинь “чи дугаар андуураад байна” гэж хэлээд тасалсан. Тэгэхээр нь 8039994 дугаарыг фэйсбүүк хаяг руу нь ороод Х.Аийн зургийг орчуулагч охинд үзүүлэхэд “мөн байна” гэж байсан. Манайхаас алдагдсан түгжээ нугасыг Х.А уг дэлгүүрт зарсан байсан. Тэр дэлгүүр зараад дууссан байсан. Орой нь Х.А над руу залгаад “би согтуудаа авсан байна лээ, төлж өгнө өө, захирал болон манай эцэг эхэд битгий хэлээрэй” гэж гуйсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын          5-ны өдөр Х.А 50 ширхэг энгийн нугас, 12 ширхэг универсаль ком, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 28 ширхэг хаалганы нугас, 12 ширхэг универсаль ком авчирч өгсөн. Одоо 76 ширхэг универсаль ком, хаалганы нугас 76 ширхэг, оффис бариул 12 ширхэг, чулууны цавууны буу 1 ширхэг :эрэг эд зүйлсийг өгөөгүй байгаа эдгээр зүйлийг нэхэмжилнэ.” /хх-12/, гэх мэдүүлэг,

Шүүхэд “Монвакуум” ХХК-ний шүүхэд бичгээр өгсөн: “ Манай компани 16.796.000 төгрөгийн вакуум цонкны тоноглол алдсан. Би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл өгсөний дагуу хэргийг шалгаж эзэн холбогдогчийг олсон…Манай компани хохирлоо бүрэн авсан тул гомдолгүй болохыг мэдэгдэж байна.” /хх- / гэх албан бичиг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Амарсайханы өгсөн:  “…Хятад эзэнтэй дэлгүүрээс авсан гэж хэлсний дагуу тэр дэлгүүрээс авсаны дагуу тэр дэлгүүрт нь очиж худалдагчтай уулзтал, 50 ширхэг универсаль цоож Х.Алтангэоэл гэдэг хүнээс худалдаж авсан гээд утасных нь дугаарыг бичсэн дэвтэр үзүүлж байсан. Тэр дугаар нь Х.Аийн утасны дугаар байсан юм. /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Солонгын өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын сүүл үе, 5 сарын эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “Ван пин” цонхны үйлдвэр дээр ажил дээрээ байж байтал 30 орчим насны, харааны хар шилтэй, буржгар богино үстэй, бага зэрэг мяраалаг хүн ирээд “цонхны материал зардаг газар байна уу” гэж асууж орж ирээд “Рото” брэндийн хоёр онгойлттой цоож нугас 40 ком байна, танайх авах уу” гэхээр нь “үгүй ээ” гэхэд бичиг баримтыг нь үзүүлээд байхаар нь дарга болох БНХАУ-ын иргэн Ван пинтэй уулзуулахад тэр хоёр үнэ хөлсөн дээрээ тохирохгүй байсаар тэр залуу яваад өгсөн. Маpraaш билүү нөгөөдөр нь нөгөө залуу над руу утсаар залгаж хүрч ирээд 40 ком цонхны түгжээ бариул зэргийг 700.000 төгрөгөөр худалдаж авч төлбөрийг бэлнээр өгсөн. Сарын дараа нөгөө залуу дахиж залгаад дахиад “Рото” брэндийн цонхны түгжээ байгаа шүү” гэж ярьж байсан. Наадмын үеэр хэсэг хүмүүс ирээд “Рото” брэнднйн нугас цоож байна уу” гэж асуугаад “бид нар хулгайд алдчихсан юмаа” гэсээр орж ирсэн." /хх-19/ гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Х.Аийн хохирогчид гараар бичиж өгсөн тайлбар /хх-6/,

-“Damno” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан хх-37-38/,           

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Х.А нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч 16.796.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэдэг хэрэгт хохирогч “Монвакуум” ХХК-ны төлөөлөгч Д.Ариунжаргал нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д заасан “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв. Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.

       

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Ад 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Монголмууд овгийн Хоогоо овогтой Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.Ад эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 1/нэг/ сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.        

 

  9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ад авсан хувийн батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,                            Э.ЧИНГИС

                                         ШҮҮГЧ