Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 296

 

                                                            Х.А-д холбогдох эрүүгийн

                                                                      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Ундраххэрлэн,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Э.Ундраххэрлэнгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Х.А-д холбогдох эрүүгийн 1706012740372 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Монголмууд овогт Х-ийн А-, 1982 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Х.А- нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5-2626 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Монвакуум” ХХК-ийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж, вакум цонхны универсаль түгжээ, хаалганы бариул, цонхны жийрэг резин, энгийн нугас, чулуун цавууны буу зэрэг эд зүйлсийг хулгайлан “Монвакуум” ХХК-д 16.796.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                  

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.А-д 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Х.А-ийг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.А-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж, Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд хууль хэрэглээний дараах алдаанууд байна. Үүнд:

            Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын тухайд: 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлана.” гэж заажээ. Шүүх ялтанд оногдуулсан хорих ялыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох байтал 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон нь буруу байна.

            6 дахь заалтын тухайд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоор өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө.”, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавина.” гэж заасан байна.

            Иймд дээрх хуулийн зохицуулалтыг удирдлага болгон ялтан нарын засрал, хүмүүжлийн байдалд хяналт тавих чиг үүргийг харъяа оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлэхээр байна.

Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг залруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй болохыг дурьдаагүй байна. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Х.А- нь 2017 оны 4, 5 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5-2626 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Монвакуум” ХХК-ийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж, вакум цонхны түгжээ, хаалганы бариул, цонхны жийрэг резин, энгийн нугас, чулуун цавууны буу зэрэг эд зүйлсийг хулгайлан “Монвакуум” ХХК-д 16.796.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Д.Амаржаргалын “...2017 оны 7 дугаар сард ажил эхлэхэд агуулахаас нугас түгжээ алдагдсан талаар мэдсэн. Ингээд 100 айл дээр байрлах барилгын материал зардаг хүмүүсээс “Их хэмжээний цонхны нугас, түгжээ зарсан хүн байна уу” гэж асуухад ... 3 дугаар сургуулийн хажуу талын Хятад дэлгүүрийг зааж өгсөн. Уг дэлгүүрт очиж асуухад “Саяхан хүн ирээд зарсан” гээд утасны дугаарыг нь өгсөн... манайхаас алдагдсан түгжээ, нугасыг А- уг дэлгүүрт зарсан байсан. Орой нь А- над руу залгаад “Би согтуудаа авсан байна лээ, төлж өгнөө, захирал болон манай эцэг, эхэд битгий хэлээрэй” гэж гуйсан...” /хх-ийн 12/,

            - гэрч Б.Амарсайханы “... “Хятад эзэнтэй дэлгүүрээс авсан” гэж хэлсний дагуу тэр дэлгүүрт очиж худалдагчтай нь уулзтал 50 ширхэг универсаль цоож А- гэдэг хүнээс худалдаж авсан гээд утасных нь дугаарыг бичсэн дэвтэр үзүүлж байсан. Тэр дугаар нь А-ийн утасны дугаар байсан...” /хх-ийн 18/,

            - гэрч Б.Солонгын “...2017 оны 4 дүгээр сарын сүүл, 5 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “Ван пин” цонхны үйлдвэр дээр байж байтал 30 орчим насны, харааны хар шилтэй, буржгар богино үстэй, бага зэрэг мяраалаг хүн ирээд “Цонхны материал зардаг газар байна уу” гэж асууж орж ирээд “...“Рото” брендийн хоёр онгойлттой цоож, нугас 40 ком байна, танайх авах уу” гэхээр нь “Үгүй ээ” гэхэд бичиг баримтыг нь үзүүлээд байхаар нь дарга болох БНХАУ-ын иргэн Ван пинтэй уулзуулахад тэр хоёр үнэ хөлсөн дээрээ тохирохгүй байсаар тэр залуу яваад өгсөн. Маргааш билүү нөгөөдөр нь нөгөө залуу над руу утсаар залгаж хүрч ирээд 40 ком цонхны түгжээ, бариул зэргийг 700.000 төгрөгөөр худалдаж авч төлбөрийг бэлнээр өгсөн. Сарын дараа нөгөө залуу дахиж залгаад “... “Рото” брэндийн цонхны түгжээ байгаа шүү” гэж ярьж байсан. Наадмын үеэр хэсэг хүмүүс “Рото” брэндийн нугас цоож байна уу” гэж асуугаад “Бид нар хулгайд алдчихсан юм аа” гэсээр орж ирсэн...” /хх-ийн 19/,

            - Х.А-ийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 4, 5 сард байх тодорхой өдрийг санахгүй байна. Би согтуу ганцаараа явж байсан. Өмнө нь Баясгалан захиралтай ажил төрлийн асуудлаар маргаантай байсан. Түүндээ би маш гомдолтой явдаг юм... тухайн үед автомашинаа үйлдвэрийн хашаанд оруулж тавья гэж бодоод ортол үйлдвэрийн хаалга онгорхой, хүнгүй байхаар нь дотогш ороод ... сэлбэгнүүдийг комоор нь түүж хамж аваад автомашиндаа ачсан. Маргааш нь ирээд автомашинаа аваад явсан... хэд хоногийн дараагаас өмнө харьцдаг байсан Хятад худалдаачинд бараа материалаа нийт 650.000 төгрөгөөр зарсан... нэг л удаа ийм асуудал гаргасан...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

            - Х.А-ийн хохирогчид гараар бичиж өгсөн тайлбар /хх-ийн 6/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 37-38/, “Монвакуум” ХХК-иас анхан шатны шүүхэд ирүүлсэн “...манай компани хохирлоо бүрэн авсан тул гомдолгүй болохыг мэдэгдэж байна...” гэх албан бичиг /хх-ийн 72/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.А-ийг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоосон бөгөөд  шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

Х.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг нь гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, агуулга, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг ... орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан ... бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Энэ гэмт хэргийг ... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ... үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ. Үүнээс үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулиар энэ гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байна.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх прокуророос Х.А-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин ийнхүү зүйлчлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг журамлах байтал Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг баримталсан нь үндэслэлгүй болжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Х.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй хэдий ч шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар “жирийн дэглэмтэй хорих ангид” эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар “тэнсэж хянан харгалзсан хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад” даалгасныг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ингэхдээ шүүгдэгчийн хорих ял эдлэх дэглэмийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө.” гэж заасны дагуу түүнд тавих хяналтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хариуцахыг дурьдсан зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулж, хууль хэрэглээний талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн 1, 2 дахь хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Харин шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд энэ хуулийн 36.8 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйл”-д прокурор, хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг залруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй болохыг дурьдах гэсэн заалт байхгүй байна.

Иймээс энэ тухай бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн 3 дахь хэсгийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.А-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 4 дэх заалтыг  “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.А- оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

- 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Х.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, прокурор Э.Ундраххэрлэнгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн 3 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Н.БАТСАЙХАН