Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 02180

 

 

 

                                                             Э.Ц-ын нэхэмжлэлтэй

                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02135 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ц-ын нэхэмжлэлтэй, Б.Д-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автозогсоолын өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э, Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Цнь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Д-тай 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг зээлж авсан. Мөн өдөртөө Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Их Монгол гудамж 105 дугаар байр, 18 тоот хаягт баяршилтай 18 м.кв талбайтай автозогсоолыг барьцаалсан. Б.Днь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үүрэг дуусгавар болсон хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж автозогсоолыг авч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гарган авсан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Днь намайг 20 000 000 төгрөгийг төлөөгүй гэж зээлийн гэрээний дагуу 46 400 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар эвлэрсэн. Өөрөөр хэлбэл, Б.Д2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцэл болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуурч мэхлэн хийлгэж, өөртөө их хэмжээний эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан. Харин миний бие үлдэх төлбөр болох 17 200 000 төгрөгт зах зээлийн ханшаар 25 000 000 төгрөгний үнэлгээ бүхий автозогсоолын гэрээний төлбөрт бүрэн шилжүүлэн аваад зөрүүнд нь 3 000 000 төгрөг төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй учир гэрээнээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Цтухайн үл хөдлөх эд хөрөнгийг 3 000 000 төгрөгөөр худалдъя, 2 жилийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлбөрийг төлье гэж гэрээ байгуулах санал гаргасны дагуу гэрээ байгуулсан. Энэ гэрээний үнийг төлсөн учир гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Худалдах, худалдан авах гэрээний үнийг 3 000 000 төгрөг гэж тохиролцсон. Энэ үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол 105 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай автозогсоолын өмчлөлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Э.Ц2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автозогсоолын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Б.Дшүүхийн шийдвэрээр 46 400 000 төгрөг авах ёстой. Гэрч автозогсоолыг 3 000 000 төгрөгөөр худалдаагүй талаар мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Цнь хариуцагч Б.Д-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автозогсоолын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж Э.Цнь Б.Д-гаас 20 000 000 төгрөг зээлж, улмаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргааны зүйл болсон автозогсоолыг барьцаалсан талаар талууд маргаагүй байна.

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсонд тооцож, автозогсоолыг барьцаанаас чөлөөлсөн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” байгуулсан байна. Э.Цнь мөн өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр барьцаанаас чөлөөлөгдсөн автозогсоолыг Б.Д-д шилжүүлэх, худалдан авагч Б.Дгэрээний үнэд 3 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” хэрэгт авагджээ. /1хх-8 дахь тал/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2018/08565 дугаар захирамжаар Э.Цнь зээлийн гэрээний үүрэгт 46 400 000 төгрөгийг Б.Д-д төлөхөөр талууд эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хав-5-6, 12-13/.

Хариуцагч гэрээний зүйл болох автозогсоолыг 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэрээ хүчин төгөлдөр гэж маргадаг.

Нэхэмжлэгчийн тайлбарт автозогсоолыг зээлийн гэрээний үүрэгт тооцож шилжүүлсэн, хариуцагчийн тайлбарт автозогсоолыг 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэх боловч тайлбарууд агуулгын хувьд зөрүүтэй, үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, автозогсоолыг худалдах, худалдан авах гэрээг нэг өдөр байгуулагдснаас дүгнэвэл автозогсоолын зах зээлийн бодит үнээс шалтгаалан маргааны зүйл тодорхой болох учиртай байна. Талууд маргааны зүйл болсон автозогсоолын үнийг хэдэн төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, үйл баримтыг зөв тогтоохын тулд хэргийн нөхцөл байдлыг шүүх тодруулах ажиллагаа хийх ёстой. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнэ 3 000 000 төгрөг байсан гэдэг талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                          ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                Д.БАЙГАЛМАА