Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/02183

 

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

нэхэмжлэгч: Э.Ц-ын нэхэмжлэлтэй, 

хариуцагч: Б.Д-д холбогдох,

-2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж,

-Баянзүрх дүүргийн 12-р хороо, Их Монгол улсын гудамж 105 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөлийг Э.Цт шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв

            шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Дтай 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 20 сая төгрөгийг зээлж авсан бөгөөд тухайн өдрөө Баянзүрх дүүрэг, 12-р хороо Их Монгол гудамж 105-р байр, 18 тоот хаягт баяршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалан гэрээ байгуулсан.

             Дээрх зээлийн гэрээний дагуу 8.8 сая төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн бөгөөд Б.Д нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэнэт намайг дуудан найз нь чамд ашигтай нөхцөл үүсгэе үлдэх төлбөр дээрээ авто зогсоолоо надад өгчих тэгээд дуусгавар болгоё гээд намайг нотариат дээр дагуулан үүрэг дуусгавар болсон хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж авто зогсоолыг авч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гарган авсан.

            Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Д нь намайг 20 сая төгрөгөө төлөөгүй гээд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өгч мэдүүлэг өгсөн ба иргэний шүүх дээрх зээлийн гэрээтэй холбоотой шийдвэр гаргуулвал чам дээр үүсгэсэн эрүүгийн гомдол оо татна гэсэн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн шүүх дээр очиж эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийг айлган сүрдүүлж гаргуулсан.

             Б.Д нь зээлийн гэрээний дагуу надаас 46.400.000 төгрөг гаргуулснаас гадна миний авто зогсоолыг өмчлөх эрхтэй болоод байна. Өөрөөр хэлбэл Б.Д 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцэл болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуурч мэхлэн хийлгэж, өөртөө их хэмжээний эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэж байна. Харин миний бие үлдэх төлбөр болох 17.200.000 төгрөгөндөө зах зээлийн ханшаар 25.000.000 төгрөгний үнэлгээ бүхий авто зогсоолын гэрээний төлбөрт бүрэн шилжүүлэн аваад зөрүүнд нь 3.000.000 төгрөг төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй учир гэрээнээс татгалзаж өгсөн авснаа буцаахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн авга эгч н.Дэлгэрмаагийн өмчлөл байсан.

Б.Д, Э.Цын хооронд байгуулсан гэрээнд Э.Ц тухайн үл хөдлөх эд хөрөнгөө 3.000.000 төгрөгөөр худалдая, ирээдүйд үнийг төлөх буюу 2 жилийн дараа 2018.02.26-ны өдөр төлье гэж гэрээн байгуулах санал гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийллээ нөгөө этгээдийн хамт бодитойгоор илэрхийлэх шаардлагыг нэг бүрчлэн хангаж байна.

Энэ гэрээний үүргийг хариуцагчаас биелүүлсэн учир гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Гэрээний үүрэг зөрчигдөөгүй гэж үзэж, гэрээний үүргийн бичгийн нотлох баримтаар нотлож байна.

Худалдах худалдан авах гэрээ 3.000.000 төгрөгөөр байгуулаад үүрэг хүлээсэн, энэ үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц нь Б. Дэлгэрдалайд холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Их Монгол улсын гудамж 105 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөлийг Э.Цт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Одгаригт шүүх хуралдааны товыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх хуралдаан олон удаа хойшилсон, энэ шүүх хуралдаанд ажлын шаардлагаар оролцох боломжгүй тухайгаа утсаар мэдэгдснийг дурдав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “...Б.Д 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ...үлдэгдэл 17.200.000 төгрөгөнд Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Их Монгол гудамж 105 дугаар байр, 18 тоот ...авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэр дээрээ шилжүүлэн аваад зөрүүнд нь 3.000.000 төгрөг өгнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй...” гэж,

Хариуцагч “...Зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Баянгол дүүргийн шүүх шийдвэрлэсэн, Худалдах худалдан авах гэрээ 3.000.000 төгрөгөөр байгуулаад, энэ үүргээ биелүүлсэн,” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчээс “...Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Их Монгол гудамж 105 дугаар байр, 18 тоот хаягт баяршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ 2015.12.01 /хх-4/,/хх-9/, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ /хх-5-6/, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл /ХХ-7/, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08565 дугаар захирамж,  /хх-12/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2190 дугаар прокурорын тогтоол /хх-14/” баримтаар,

-хариуцагчаас “...2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн акт /хх-39/, авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-66-67/.” баримтаар,

-шүүхийн журмаар “...2019.10.07 өдөр гэрчээр Г.Болд-Эрдэнийн мэдүүлэг /хх-84//” зэргийг нотлох баримтаар бүрдүүлэн өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв

Нэхэмжлэгч Э.Ц, Б.Д нар нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан байх ба тухайн өдрөө Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Их Монгол гудамж 105 дугаар байр, 18 тоот хаягт баяршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан хүчин төгөлдөр байна. /хх 5-6/

Мөн Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигч аль нь ч гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэдэгт маргаагүй тул шүүх талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-8/-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байна гэж дүгнэв.

Зохигч 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” байгуулж, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцжээ. /хх-7/

Мөн өдрөө Э.Цаас Б.Д нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Их Монгол гудамж 105 дугаар байр, 18 тоот хаягт баяршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг бэлнээр 3.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх-8-9/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний 3.3-д зааснаар энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр /Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар/ өмчлөх эрх худалдан авагч талд үүсч, худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болохоор тохиролцжээ.

Хэрэгт авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн мөнгө хүлээлцсэн акт /хх-39/-аар “...2016 оны 8-р сарын 26-ны өдрийн худалдаж худалдан авах гэрээний үнийн дүн болох 3,000,000 /гурван сая төгрөгийг/ 2018 оны 8-р сарын 26-ны өдөр иргэн Б.Дгаас бэлнээр хүлээж авав, төлбөр хүлээн авсан Э.Ц гэж гарын үсэг зурсан бичгийн нотлох баримтаар 2016 оны 8-р сарын 26-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн болохоо нотложээ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээний нэг тал нөгөө талдаа мэдэгдснээр үүргийн зөрчилтэй холбоогүйгээр ч гэрээнээс татгалзах бүрэн эрхтэй байхаар, ийнхүү татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөхөөр мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зохицуулжээ.

Мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4.-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол бий болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй боловч үүрэг гүйцэтгэгч Б.Д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нөхцөл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 Гэрч Г.Болд-Эрдэнэ 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “...Дэлгэрдалайгаас Цолмонбаярт бэлэн мөнгө өгсөн, Цолмонбаяр мөнгө авсан гэсэн утгатай бичиг хийгээд өгчих гээд хийлгүүлж авсан. Тэр үед нь юун бичиг хийж өгөөд байгаа юм бэ, гээд гайхаад хэлж байсан. 3,000,000 төгрөгийг өгөөгүй байж өгчихсөн гэсэн бичиг хийлгүүлсэн“ гэж мэдүүлэх /хх-84/ боловч тэрээр өөрийн эх сурвалжаа зааж чадаагүй, нотолбол зохих үйл баримтын талаар илэрхий мэдээлэлгүй, түүнчлэн бусад нотлох баримттай нэгдмэл бус, тэдгээрийн дэмжлэггүй, шууд бус нотлох баримтын шинжтэй байх тул нотолгооны ач холбогдол өндөр байх боломжгүй байна.

Иймд хариуцагч Б.Дг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Э.Цын нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн Б.Дд холбогдох 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Их Монгол улсын гудамж 105 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөлийг шилжүүлэхийг даалгах тухай Э.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Тус шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 181/ШЗ2019/02055 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             В.АМАРТҮВШИН