Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 02200

 

 

 

“ЦШ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,             

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03020 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЦШ” ХК-ийн хариуцагч  “АМ” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 5 657 728.328 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “АМ” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЦХГ/2019/11 дугаар цемент худалдах, худалдан гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр худалдагч тал нь MNS 974:2008 стандартын шаардлага хангасан ОРС 42.5 маркийн портланд цемент савтай 13 250 тонн, задгай 27 930 тонн нийт 41 180 тонныг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч тал нь гэрээний зүйлийг хүлээн авч, гэрээнд заасан 6 006 839 300 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээн талууд харилцан тохиролцож баталгаажуулсан. Энэхүү гэрээний дагуу 22 546 30 тонн задгай цемент, 5 243 тонн савтай цемент 3 959 222 063 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т худалдан авагч тал гэрээний 4.1-т заасан төлбөрийг “ЦШ” ХК-ийн Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтэст төлбөл зохих өр болох 4 752 928 881 төгрөгийг Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан гурвалсан гэрээний хавсралт №2-ын дагуу төлөх, 1 253 910 419 төгрөгийг гэрээний хавсралт №3-т заасан хуваарийн дагуу “ЦШ” ХК-ийн 469009966 тоот дансанд төлөхөөр тохиролцсон байх боловч “АМ” ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 3 959 222 063 төгрөг төлөхийг “АМ” ХХК зөвшөөрсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3-т талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу алданги тооцож шаардах эрхтэй. Тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан үнийн дүн дээр нэмж 143 хоногийн алданги 1 698 506 265 төгрөг, үүргийн үлдэгдэл 3 959 222 063 төгрөг, нийт 5 657 728 328 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Манай компани нь “ЦШ” ХК-тай 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЦХГ/2019/11 дугаар цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээний дагуу 41 180 тонн цементийг шилжүүлэн авч холбогдох үнэ болох 6 006 839 300 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. “ЦШ” ХК-аас гэрээний дагуу 3 959 222 063 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн бөгөөд манай компанийн зүгээс дээрх мөнгийг төлж барагдуулах тухайгаа хүлээн зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн. Компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байсан нэг шалтгаан нь өвлийн улиралд барилга угсралт, барилгын бетон зуурмагийн үйл ажиллагаа эрс мууддаг тул төлбөрийг төлөх боломж, бололцоо байгаагүй. Мөн 2020 оны 02 дугаар сард шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд бүртгэгдсэнтэй холбоотойгоор улсын хил хааж манай компанийн үйл ажиллагаа саатахад хүрсэн. Энэхүү шалтгаан нь давагдашгүй хүчин зүйлд хамаарах бөгөөд худалдах, худалдан авах гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дугаар хэсэгт давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. “ЦШ” ХК, “АМ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар дугаар сарьн 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хооронд байх бөгөөд энэхүү хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд л хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцох ёстой. Тодруулбал, гэрээ дуусах өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн алданги тооцох ёстой байхад гэрээний хугацаанаас өмнө 1 698 506 265 төгрөгийн алданги тооцох үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлээр 3 959 222 063 төгрөг, алданги 1 698 506 265 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд гэрээг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “АМ” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 151 469 2210.10 төгрөг гаргуулан “ЦШ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 506 259 107.90 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 446 592 төгрөгийг улсын орлогод үлдээж, 20 915 296.10 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ЦХГ/2019/11 дугаар гэрээний хавсралт 3-т зааснаар 2019 оны 12 дугаар сард 753 910 419 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Үүнээс үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх байсан төлбөрөөс алданги тооцох эрхтэй гэж алдангид 192 247 157.10 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “ЦШ” ХК гэрээний дагуу эхний ээлжний 4 752 928 881 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх ёстой байснаас 27 789.30 тонн буюу 3 959 222 063 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. Харин дараагийн ээлжийн нэхэмжлэгч талд төлөх шууд төлөхөөр тохиролцсон 1 253 910 419 төгрөгийг үнэ бүхий цемент огт нийлүүлэгдээгүй. Өөрөөр хэлбэл, “Өр авлагын тооцоог барагдуулах” гурвалсан гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “ЦШ” ХХК-ийн өрийг барагдуулж дуусаад дараа нь 1 253 910 419 төгрөгийг төлөх асуудал яригдах ёстой. “ЦШ” ХК-д төлөх төлбөрийн дараалалтай маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын алдангаа гэрээний хавсралт 2-т заасан Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны 4 дүгээр улиралд төлөх байсан 1 000 000 000 төгрөгөөс бодож нэхэмжилсэн гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй. Тодруулбал, “ЦШ” ХХК нь гэрээний хавсралт 2-т заасан 4 752 928 881 төгрөгийн цементээс 3 959 222 063 төгрөгийн цементийг нийлүүлсэн, хавсралт 3-т заасан 1 253 910 419 төгрөгийн цементээс огт нийлүүлээгүй. Иймд гэрээний хавсралт 3-т заасан цемент нийлүүлэгдээгүй тул хавсралт 3-т заасан төлбөрөөс алданги шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх 192 247 157.10 төгрөгийн алдангийн хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн ЦХГ/2019/11 дугаар гэрээний хавсралт 1-д зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 41 180 тонн, 6 006 836 300 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч дээрх 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаас харахад 2019 оны 12 дутаар сарын 31-ний өдрийн байдлаар ердөө 27 789.30 тонн цементийг нийлүүлжээ. Эндээс харахад “ЦШ” ХХК нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэг “Үүргээ хугацаанд нъ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ ” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна. Ийнхүү нэхэмжлэгч талаас үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул хариуцагч тал үүрэг гүйцэтгэх боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч тал хугацаанд гэрээнд заасан цементийг бүрэн нийлүүлсэн бол хариуцагчийн зүгээс хугацаа алдахгүйгээр гэрээний үүргээ биелүүлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  алдангид 192 247 157.10 төгрөгийг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ЦШ” ХХК нь хариуцагч  “АМ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 959 222 063 төгрөг, алданги 1 698 506 265 төгрөг, нийт 5 657 728 327 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“ЦШ” ХХК болон “АМ” ХХК-ийн хооронд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЦХГ/2019/11 дугаар цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр худалдагч тал МNS 974:2008 стандартын шаардлага хангасан ОРС 42.5 маркийн портланд 41 180 тонн цементийг нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний зүйлийг хүлээн авч, 6 006 839 300 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. /хх-9-17/

            Мөн “ЦШ” ХК, “Авзага мээрэн” ХХК, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 01 дугаар өр авлагын тооцоог хамтран барагдуулах гэрээ байгуулж, “АМ” ХХК нь “ЦШ” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар ногдуулсан төлбөр 4 752 928 881 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөхөөр тохиролцсон байна.

          Зохигч төлбөрийн үлдэгдэл 3 959 222 063 төгрөг болох талаар маргаагүй. Хариуцагч алдангийг буруу тооцсон, давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөр төлөөгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож, хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой гэж маргасан.

           Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч “ЦШ” ХК нь хариуцагч  “АМ” ХХК-д 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 4 009 222 063 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлсэн бөгөөд энэ хугацаанд худалдан авагч нь 2019 оны 10 дугаар сарын 10-нд 50 000 000 төгрөг төлж, 3 959 222 063 төгрөгний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь талуудын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогджээ. /хх-28/

Цемент худалдах, худалдан авах гэрээний 7.3-т худалдан авагч тал талуудын хооронд хэлэлцэж тохиролцсон хэлцлийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй. 

          “ЦШ” ХХК, “АМ” ХХК нь цемент худалдах, худалдан авах гэрээний хавсралт 3-т худалдагчид төлөх 1 253 910 419 төгрөгийг хүлээн авах дансыг заасан бөгөөд хавсралт 2-т нийгмийн даатгалын хэлтэст төлөх төлбөрийн хуваарийг тогтоож, төлбөр төлөх дансыг тусгаагүй байх тул худалдан авагч нь нийгмийн даатгалын хэлтэст төлөх төлбөрийг нэхэмжлэгчийн харилцах дансаар дамжуулахаар тохиролцоогүй тул хавсралт 2-т заасан 2019 оны 4 дүгээр улиралд төлөх байсан 1 000 000 000 төгрөгөөс алданги шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.

Монгол улсад 2020 оны 02 дугаар сараас онц байдал зарласан нь нийтэд илэрхий үйл баримт мөн боловч онц байдал зарлах хүртэлх  хугацааны алданги төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.  

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 753 910 419 төгрөгөөр тооцон дүгнэсэнийг давж заалдах шатны шүүх залруулах  боломжтой. Талуудын тооцоо нийлсэн 2019 оны 12 дугаар сарын байдлаарх гүйцэтгээгүй үүрэг 3 959 222 063 төгрөгт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 51 хоногт алданги тооцоход /3 959 222 063х0.5 хувь=19 796 110, /315 төг х 51хоног=1 009 601 626.06 төгрөг/ 1 009 601 626,06 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн алдангийн заалтад маргаагүй байна. Иймд  шүүх 1 698 506 265 төгрөгний алдангийн шаардлагаас 192 247 157 төгрөгийг гаргуулж, алдангиас 1 506 259 107,90 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 119 185 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Д.БАЙГАЛМАА