Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 3020

 

                            

 

 

 

 

 

                               2020         09         03

 

 

 

 

 

                       

                      101/ШШ2020/03020

 

                                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц ХХК нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А ХХК холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 5,657,728,328 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЦХГ/2019/11 тоот “Цемент худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр худалдагч тал нь MNS 974:2008 стандартын шаардлага хангасан ОРС 42.5 маркийн портланд цемент савтай 13,250 тонн, задгай 27,930  тонн нийт 41,180 тонныг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч тал нь гэрээний зүйлийг хүлээн авч, гэрээнд заасан 6,0006,839,300 төгрөгийн  төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээн талууд харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу хариуцагч талд 22,546,30 тонн задгай цемент, 5,243 тонн савтай цемент буюу мөнгөн дүнгээр хөрвүүлбэл 3,959,222,063 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Худалдан авагч тал гэрээний 4.1-т заасан төлбөрийг Ц ХК-ийн Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтэст төлбөл зохих өр болох 4,752,928,881 төгрөгийг Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан гурвалсан гэрээний хавсралт №2-ын дагуу төлөх, 1,253,910,419 төгрөгийг гэрээний хавсралт №3-т заасан хуваарийн дагуу Ц ХК-ийн ХХБ-ны ******* тоот дансанд төвлөрүүлэх гэж тус тус төлөхөөр тохиролцсон байх боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл харилцан тохиролцож баталгаажуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна. Тодруулбал, 3,959,222,063 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс цементийн төлбөрийг төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлагыг удаа дараа илгээсэн боловч үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байна. Хариуцагч нь өөрийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд төлж барагдуулах тухайгаа хүлээн зөвшөөрч талуудын төлөөлөл хамгийн сүүлийн байдлаар буюу 2019 оны 12 сарын 31-ээр үйлдсэн “Тооцоо нийлсэн акт”-аар хариуцагчийн төлөх ёстой төлбөр 3,959,222,063 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйл 7.3-т “Худалдан авагч тал нь энэхүү гэрээ болон хоорондын тооцоогоор өр, авлага барагдуулах тухай /Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтэст төлөх өр, төлбөр болон ирээдүйд үүсэх төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай/ талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасны дагуу алданги тооцож шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан үнийн дүн дээр нэмж 143 хоногийн алданги 1,698,506,265 төгрөг буюу хамгийн сүүлийн төлөлтийг хийснээс хойш гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл болох 3,959,222,063 төгрөг нийт 5,657,728,328 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 01 /975 тоот, мөн оны 12 сарын 16-ны өдрийн 02/1151 тоот “Өр төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл”-ийг хүргүүлсэн  боловч өнөөдрийг хүртэл төлбөр барагдуулах тухай ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иймд худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэг болох бараа бүтээгдэхүүний төлбөрийг үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийг хохироосон байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөр 3 959 222 063 төгрөг, алданги 1 698 506 265 төгрөг, нийт 5 657 728 328 төгрөг гаргуулна. Хариуцагчтай нэхэмжлэгч нь 2019.6.27-нд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь цемент нийлүүлэх хариуцагч нь нийгмийн даатгалын өр төлбөр болон нийт 6 тэр бумыг төлөхөөр болсон. Улмаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу цементийг нийлүүлсэн боловч хариуцагч нь төлбөрийг төлөөгүй. Удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Ингээд нийгмийн даатгалын төлбөр төлөгдөөгүй тул төлбөр нэмэгдсэн. Үүний улмаас нийгмийн даатгалаас авах ажилчдын тэтгэвэр тэтгэмж олгогдохгүй болж нэхэмжлэгч энэ асуудлыг шийдэж, хохирол учирсан. Иймд нийгмийн даатгалын төлбөр төлөх гэрээнээс татгалзаж төлбөрөө нэхсэн. Бид гэрээ байгуулахдаа 2019 оны 1-р улиралд 1 тэр бумыг төлөх үүрэгтэй байсан. Үүнийгээ биелүүлээгүй. 2-р улиралд 2 тэр бумыг төлөх байсан боловч мөн адил төлөөгүй. Иймд хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Давагдашгүй хүчин зүйл нь 2020 оны 2 сараас эхэлсэн. 2019 онд энэ нөхцөл байгаагүй. Гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь талуудын хооронд байгуулсан гэрээ, тооцоо нийлсэн акт, хариуцагчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгч нь өвөл ажил зогссон гэж байна. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан тул гэрээ байгуулах үед үүнийг ярих байсан гэв.

 

Хариуцагч АХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: АХХК-ийн зүгээс Хөтөлийн Ц ХК-ийн нэхэмжлэлтэй "*******” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус компани нь бетон зуурмагийн үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр 8 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Манай компани нь Хөтөлийн Ц ХК-тай 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЦХГ/2019/11 тоот “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж гэрээний дагуу 41,180 тонн цементийг шилжүүлэн авч холбогдох үнэ болох 6,006,839,300 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч талаас гэрээний дагуу 3,959,222,063 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн бөгөөд манай компанийн зүгээс дээрх мөнгийг төлж барагдуулах тухайгаа хүлээн зөвшөөрч 2019 оны 12 дугаар 31-нд “Тооцоо  нийлсэн акт”-ыг үйлдсэн юм. Компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байсан нэг шалтгаан нь өвлийн улиралд барилга угсралт, барилгын бетон зуурмагийн үйл ажиллагаа эрс мууддаг тул төлбөрийг төлөх боломж, бололцоо байгаагүй. Мөн 2020 оны 02 дугаар сард шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд бүртгэгдсэнтэй холбоотойгоор улсын хил хааж манай компанийн үйл ажиллагаа саатахад хүрсэн. Энэхүү шалтгаан нь давагдашгүй хүчин зүйлд хамаарах бөгөөд худалдах, худалдан авах гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дугаар хэсэгт “Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байдаг. Хөтөлийн Ц ХК, АХХК 2-ын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарьн 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хооронд байх бөгөөд энэхүү хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд л хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцох ёстой. Тодруулбал, гэрээ дуусах өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн алданги тооцох ёстой байхад гэрээний хугацаанаас өмнө 1,698,506,265 төгрөгийн алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор манай компани нь гэрээнд заасан хугацаандаа багтаан төлбөрийг төлж барагдуулах болно. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,959,222,063 төгрөг, алданги 1,698,506,265 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд гэрээг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж цемент авч, төлбөр төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч нь цемент нийлүүлээд, бид төлбөр төлөхийг зөвшөөрөөд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Бид өвөл барилгын ажил хийгдээгүй, мөн вирус тархсантай холбоотойгоор төлбөрөө төлж чадаагүй. Энэ нь давагдашгүй хүчин зүйл тул гэрээний үүргээс чөлөөлөх боломжтой. Гэрээ дуусах өдрөөс хойш алданги тооцох тул гэрээний хугацаа дуусахаас өмнө алданги тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гэрээг үргэлжлүүлэх боломж олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Онь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юун түрүүнд талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэг мөр бүрэн дүүрэн ойлгож байж алдангийн асуудал яригдах учиртай. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хоёр үндэслэл байна. Үүнд: 1/ Гэрээг цуцлахгүй, гэрээг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Учир нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн ч энэ зөрчлийг цаашид арилгаад хамтарч ажиллах боломжтой гэсэн байр суурьтай байгаа. 2/ Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрээг цуцлах бол хариуцагчийн зүгээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2019.06.27-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээгээр 6.006.839.300 төгрөгийн цемент худалдаж авахаар тохиролцсон. Уг төлбөрийг 4.752.928.681 төгрөгийг гурвалсан гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын санд төлөх, үлдэх 1.253.910.419 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцсон. Гэрээний 4-р зүйлд төлбөр тооцоо төлөх журмыг зохицуулсан байна. Үүнд зааснаар худалдан авагч тал худалдагчийн нийгмийн даатгалын хэлтэст төлөх төлбөрийг хавсралт 2-д заасан хуваарийн дагуу төлнө гэсэн байна. Харин үлдэгдэл 1.2 тэрбум төгрөгийг хавсралт 3-т заасан хуваарийн дагуу төлнө гэсэн байна. Уг графикийн дагуу дарааллын хувьд эхлээд нийгмийн даатгалын санд төлөх ёстой 4.7 тэрбум төгрөгийг, дараа нь нэхэмжлэгч талд төлөх 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлэх байсан. Үүний дагуу 1 тэрбум төгрөгийг 2019 оны 04 дүгээр улирал буюу 2019.12.31-ний өдрийн дотор Нийгмийн даатгалд, дараагийн  төлөлтийг 2020 оны 02 улирал буюу 2020.05.31-ний өдрийн дотор төлөхөөр заасан байна. Гэтэл нэхэмжлэгч тал алдангийг тооцохдоо график зөрчигдөөгүй байхад алданги тооцоолж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.  Мөн хариуцагчийн зүгээс 2019 оны 10 сард 50.000.000 төгрөг төлсөн байдаг. Тиймээс эхний графикийн дагуу төлөх мөнгө болох 1 тэрбум төгрөгөөс 50 сая төгрөгийг хасаж үлдэх 950.000.000 төгрөгөөс алданги тооцож үзэхэд 450.000.000 орчим төгрөгийн алданги байхаар харагдаж байна. Дараагийн ээлжийн  төлөлтийн тухайд 2020.05.31-ний өдрөөс эхлэн алданги тооцох ёстой. Нэхэмжлэгч 2020.06.02-ны өдөр шүүхэд хандсан байдаг. Тиймээс 2 дахь төлбөрийн тухайд алданги тооцох боломжгүй байна. Түүнчлэн дэлхий даяар цар тахал өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас барилгын материалын хомсдол үүсэж, барилгын салбарын үйл ажиллагаа доголдсон. Энэ тухай АХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талд тухай бүр нь албан тоот явуулж мэдэгдэж байсан. Ийнхүү Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимаас гаргасан “хүнд нөхцөл байдалд орсон тухай” гэрчилгээг хэрэгт өгсөн байгаа. Талууд гэрээний үүргийг биелүүлэхдээ хэн хэндээ хүндэтгэлтэй хандахыг уг гэрчилгээнд дурдсан байгаа. Хариуцагч талаас гэрээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Тиймээс дүгнээд үзвэл алдангийг буруу тооцоолсон байна. Миний тооцоолсноор 475.000.000 төгрөгийн алдангийн асуудал үүсэхээр байна. Ковид цар тахлын улмаас төлбөр төлөх боломжгүй байдал үүссэн байгааг харгалзан үзэж алдангийг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй, үүрэг доголдсон байгаа ч гэсэн хариуцагчийн зүгээс гэрээг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл АХХК-ийн эцсийн зорилго бол гэрээг үргэлжлүүлэх юм. Гэрээг цуцаллаа гэж үзэхэд 475 сая төгрөгийн алдангийн асуудал үүсэх бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн улмаас шүүхээс алдангийг бууруулах арга хэмжээ авахыг хүсэж байна. Мөн Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.2-д заасан нөхцөл байдал байсан гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Дүгнээд хэлэхэд алдангийн хэмжээг багасгах эрх шүүхэд байгаа. Хариуцагчийн зүгээс алданги төлөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 3,959,222,063 төгрөг, алданги 1,698,506,265 төгрөг, нийт 5,657,728,328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч АХХК нь гэрээний дагуу үндсэн төлбөрт 3,959,222,063 төгрөг төлөхийг зөвшөөрсөн боловч алдангийг буруу тооцсон, давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр алданги төлөхөөс татгалзаж, маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЦХГ/2019/11 дугаар цемент худалдах худалдах авах гэрээ байгуулсан байна. /хэргийн 9-17 дугаар тал/

Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь 2019 оны 06 сараас 10 сарын хооронд нийт 41,180 тонн цемент нийлүүлэх, хариуцагч нь 2019 оны 4 дүгээр улиралд 1,000,000,000 төгрөг, 2020 оны 2 дугаар улиралд 2,000,000,000 төгрөг, 4 дүгээр улиралд 1,752,928,881 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон байна.

 

Мөн зохигч болон Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нар нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өр авлагын тооцоог хамтран барагдуулах тухай гурван талт гэрээ байгуулсан байна./хэргийн 18-22 дугаар тал/

Энэхүү гэрээгээр хариуцагч нь худалдах худалдан авах ЦХГ/2019/11 дугаар гэрээний дагуу төлөх төлбөрийн зарим хэсгийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалд шимтгэлд төлөх төлбөрт тооцож Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтэст төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь 4,009,222,063 төгрөгний үнэ бүхий цементийг 2019 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нийлүүлж, хариуцагч нь 50,000,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн тооцоо нийлэх актаар тогтоогдож байна. /хэргийн 28 дугаар тал/ Энэхүү үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй бөгөөд хариуцагч дээрх актын дагуу төлөх төлбөрийг зөвшөөрсөн. Иймд хариуцагч нь ЦХГ/2019/11 дугаар гэрээний дагуу үндсэн төлбөрт 3,959,222,063 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Зохигчийн хооронд байгуулагдсан ЦХГ/2019/11 дугаар гэрээний 4.2-т зааснаар хариуцагч нь төлбөрийг 2 зориулалт буюу нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон байна. Тодруулбал, гэрээний 4.2-т 4,752,928,881 төгрөгийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт, харин үлдэх 1,253,910,419 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэж заажээ. Гэвч хариуцагч нь 4,752,928,881 төгрөгийг нэхэмжлэгчийн төлбөрт тооцож, шууд нийгмийн даатгалын хэлтэст төлөхөөр тохирсон гэж тайлбарласан бол нэхэмжлэгч нь манай байгууллагын дансаар дамжиж төлөхөөр тохирсон гэж маргасан.

Зохигч болон Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нарын хооронд байгуулагдсан дээрх гурван талт гэрээний 3.3-т 4,752,928,881 төгрөгийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт төлөхөөр тохиролцсон бөгөөд ЦХГ/2019/11 дугаар худалдах худалдан авах гэрээний хавсралт 3-т нэхэмжлэгчид төлөх 1,253,910,419 төгрөгийг хүлээн авах нэхэмжлэгчийн дансыг зааж, харин хавсралт 2-т нийгмийн даатгалын хэлтэст төлөх төлбөрийн хуваарийг тогтоож, төлөх дансыг тодорхойлоогүй байна. Эдгээрийг харьцуулан дүгнээд хариуцагч нь нийгмийн даатгалын хэлтэст төлөх төлбөрийг нэхэмжлэгчийн харилцах дансаар дамжуулахаар тохиролцоогүй байна гэж үзлээ.

Иймд ЦХГ/2019/11 дугаар гэрээний хавсралт 2-т заасан 2019 оны 4 дүгээр улиралд төлөх байсан 1,000,000,000 төгрөгнөөс хариуцагч нь алданги шаардах эрхгүй. Харин уг  гэрээний хавсралт 3-т заасан төлбөрийн хувьд хугацаа хэтрүүлсэн бол алданги шаардах эрх үүсэх юм.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь алдангийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хоорондох хугацаанд тооцно гэж тайлбарласан.

Улмаар ЦХГ/2019/11 дугаар гэрээний хавсралт 3-т зааснаар 2019 оны 12 дугаар сард 753,910,419 төгрөг, 2020 оны 02 дугаар сард 500,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Үүнээс үзэхэд 2020 оны 02 дугаар сард төлөх байсан төлбөрөөс нэхэмжлэгч нь алданги нэхэх боломжгүй бөгөөд харин 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гэхэд төлөх байсан төлбөрөөс алданги тооцох эрхтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл алданги тооцно гэж тайлбарласан, түүнчлэн мөн оны 03 дугаар сард худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, холбогдох төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан гэж тайлбарласан тул 2020 оны 02 дугаар сард төлөхөөр тохиролцсон төлбөртэй холбогдуулах алданги тооцохгүй.

Ийнхүү алдангийг тооцвол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 51 хоног тул 1 хоногт  3,769,552.10 /753,910,419*05%/ төгрөг, 51 хоногт 192,247,157.10 тооцогдоно.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь хариуцагчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь өөрийн ажилчдын нийгмийн даатгалын сангаас авах тэтгэлэг зэргийг хариуцан төлж, хохирол учирсан гэж тайлбарласан. Гэвч энэ талаар буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй.

 

Хариуцагч нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөрийг төлж чадаагүй нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр нотлогдох тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, ЦХГ/2019/11 дугаар гэрээний 10.2-т зааснаар алданги төлөх үндэслэлгүй гэж маргаж байна. Гэвч 2020 оны 02 дугаар сараас халдварт өвчинтэй холбоотойгоор Монгол улсад онц байдал зарласан нь нийтэд илэрхий баримт тул 2019 онд төлөх байсан төлбөрийн хувьд энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, гэрээний 10.2-т хамаарахгүй юм.

 

Түүнчлэн ЦХГ/2019/11 дугаар гэрээний хавсралт 1-д зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн дотор 41,180 тонн, 6,006,836,300 төгрөгний үнэ бүхий цементийг нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэвч дээрх 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаас харахад 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрийг оролцуулаад 4,009,222,063 төгрөгний цемент нийлүүлжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь мөн адил гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлжээ.

 

Үүнээс гадна хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх алдангийг багасгах боломжтой гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан нөхцөл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн тооцвол хариуцагчаас ЦХГ/2019/11 дугаар гэрээний үүрэгт үндсэн төлбөр 3,959,222,063 /4,009,222,063-50,000,000/ төгрөг, алданги 192,247,157.10 төгрөг, нийт 4,151,469,220.10 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч АХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 4,151,469,220.10 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,506,259,107.90 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,446,592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,915,296.10 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.ГАНБОЛД