Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 02179

 

 

 

                                               “СХУ” ХХК-ийн

                                          нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,              

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02772 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “СХУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК, “ӨЦӨБ” ХХК, “Т” ХХК-иудад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 161 413 000 төгрөг гаргуулах, үерийн усны хоолой, шуудууг техникийн нөхцөл, зураг төсөл батлуулан 2000 диаметрийн хоолойгоор хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, “ӨЦӨБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2011 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд газар худалдан авч, үйлдвэрийн байр байгуулан авто угаалга, хуванцар хоолойн үйлдвэрлэлийн шугам тохиргооны ажил хийж эхэлсэн. “Б” ХХК нь 2014 оны 4 дүгээр сараас манай үйлдвэрийн барилга байгууламжийн урд талд шинээр орон сууцны барилгын ажил эхлүүлж замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг барилгын суурийн нүх ухахад гарсан шороогоор булж тэгшилсэн. Үүнээс болж 2014 оны 5, 9 дүгээр саруудад удаа дараа замын гадаргуугийн цугласан ус замын хашлага даван үйлдвэрийн байр руу орох болсон. Энэ барилгын захиалагч Б.Ө-тай утсаар холбогдож арга хэмжээ авахыг шаардсан. “Б” ХХК-ийг ус зайлуулах хоолой хийж байхад нь усны урсгалыг өөрчлөх боломжгүй талаар хэлэхэд хүлээж аваагүй, тавьсан хоолой нь чанарын шаардлага хангаагүйн улмаас бөглөрч манай ажлын байр руу дахин ус орсон. “ӨЦӨБ” ХХК нь “Б” ХХК-ийн урд талд “Өн цаг” нэртэй караоке болон дэлгүүрийн барилга барьсан бөгөөд тээврийн хэрэгсэл оруулах зорилгоор 70 мм-ын диаметртэй ус зайлуулах хоолой хийсэн нь бөглөрч усанд автсан. 2014 онд “Т” ХХК шатахуун түгээх станц барихдаа замын гадаргуу дээрх ус зайлуулах хоолойн чиглэлийг өөрчилсөн. Замын 2 талд замын доогуур шуудуугаар ус урсдаг байсныг “Б” ХХК болон “Тэспетролиум ХХК өөрчилсөн. “Т” ХХК 90 см хүрэхгүй төмөр хоолой тавьсан. “Б” ХХК нь жалганы аманд 1500 мм-ын диаметртэй хоолойг 1000 мм диаметртэй болгож нарийсган 90 градусын огцом эргэлт хийсэн. Тэгээд 1000 мм-ын кольцонууд нийлүүлээд тавиад явсан. 2016 онд 70 см-ын хоолойг дахин ухаж аваад өөд өөдөөс нь хавсраад тавьсан.

2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бороо орж ““СХУ” ХХК, “Б” ХХК, “ӨЦӨБ” ХХК болон тэр хавийн айлууд усанд автсан. Эдгээр байгууллагуудыг шаардлага хангасан зураг төсөлгүй барьж улмаар нийтийн эзэмшлийн шуудууг өөрчилсний улмаас манай компанид хохирол учирсан. Замын доогуурх шуудууг 2000 мм-ын диаметрээс буулгахгүй байхыг хариуцагч нарт даалгаж, гэм хорын хохиролд 161 413 000 төгрөгийг 3 хариуцагчаас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны 6 дугаар гудамжид Б.Ө, Л.Снарын эзэмшлийн газар дээр 80 айлын орон сууцыг барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Тухайн газар нь үер усны онцгой бүсэд байрладаг, байнгын үерт автдаг, автозамаас нам дор газар байсан. Олон жил үер усны гамшиг болж байсан. “СХУ” ХХК-ийн эзэмшил газар мөн адил үерийн бүс тул усанд автаж байсан. Харин бид иргэд болон барилгын аюулгүй байдлыг хангахын тулд барилгын орчмын газрын даланг 2 метрээр өндөрлөж, “ӨЦӨБ” ХХК-ийн хийсэн үерийн усны хоолойн төгсгөл хэсгийг автозамын доорх нүхэн хоолой руу холбон 2000 мм-ын диаметр шугам хоолойг барьж гүйцэтгэж үер усны аюул гарах эрсдэлийг бууруулсан. Мөн автозамын ус зайлуулах сувгийг үерийн ус зайлуулах шугам руу холбосон. Манай компанийг замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг шороогоор дарж тэгшилсний улмаас “СХУ” ХХК-ийн үйлдвэрийн байр руу ус орсон гэж байгаа нь үндэслэлгүй. “Б” ХХК нь орон сууцны барилгын ажлыг батлагдсэн зураг төслийн дагуу гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч байгалийн гамшигаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “ӨЦӨБ” ХХК-ийн итгэмжлэглэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн харьяа “Өн цаг” төв нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 2012 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тухайн орчиндоо хамгийн анх байгуулагдсан газар юм. Хариуцагч болон нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулж буй тус газар нь нам дор, үер усны онцгой бүсэд хамаардаг учраас бороо ороход байнга үерт автдаг. Бид өөрийн хөрөнгөөр болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн уснаас хамгаалах сувгийг барилгынхаа урдуур хийж, хашаагаа бетон болгож хамгаалах арга хэмжээг авч улмаар урсаж ирсэн хог хаягдлыг өөрийн хүчээр зайлуулж, цэвэрлэдэг. Харин нэхэмжлэгч нь тухайн орчимд байрлах байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж байгаагүй атлаа нэхэмжлэлдээ манай компанийг сувгийг бөглөсөн мэтээр дурдсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж болзошгүй үер усны онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаг байж үерийн уснаас эд хөрөнгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй. Иймээс “СХУ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““СХУ” ХХК хууль зөрчин үерийн усны аманд ус зайлуулах инженерийн байгууламжгүй барилга барьсан атлаа бусдыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Манай компани шатахуун түгээх станцаа барихдаа мэргэжлийн зураг төслийн компаниар хийлгэн холбогдох байгууллагуудаар батлуулсан. 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн үерийн дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчидтай манай менежерүүд уулзан зураг төсөл болон холбогдох бичиг баримтуудыг танилцуулан байгууламжаа үзүүлсэн ба энэ асуудлаар манай компанид дахин хандаагүй. Тухайн газрын байршил нь 3 замын уулзвар, үерийн усны онц аюултай бүс бөгөөд зүүн талдаа уулархаг, өндөр учир их ус орж ирдэг. Манай хойд талаар далан байдаг. 2015 оны 7 сард болсон үер нь байгалийн гамшиг юм. Манай шатахуун түгээх станцын зураг төслийг “Престиж инженеринг” ХХК гүйцэтгэсэн. 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт гаргасан байдаг. Энэ мэргэжлийн байгууллагаар зураг төслийн дагуу шатахуун түгээх станц болон ус зайлуулах байгууламжийг хийлгэсэн. Тэр хавь өөрөө үер усны аюултай бүс учир албан байгууллага, айл өрхүүд хамгаалах арга хэмжээ авдаг. “Т” ХХК замын эсрэг талд ус зайлуулах хоолойн гаралтын хэсгийг хариуцдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК, “ӨЦӨБ” ХХК, “Т” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 161 413 000 төгрөг гаргуулах, үерийн усны хоолойг 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийхийг даалгах тухай нэхэмжлэгч “СХУ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “СХУ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 035 215 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нар инженерийн байгууламж барихдаа барилгын норм норматив баримтлаагүй, батлагдсан зураг төслийн дагуу барилга байгууламжийн доорх үерийн далан, суваг шуудууг бариагүй нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учрах үндсэн шалтгаан болсон талаарх улсын байцаагчийн дүгнэлт хэрхэн няцаагдаж байгаа талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч зоорийн давхраа төслийн дагуу хийгээгүй нь үйлдвэрийн тоног төхөөрөмж үерт автаж хохирол учрахтай шууд болон шууд бусаар хэрхэн шалтгаан холбоотой болох талаар дүгнэлт өгөөгүй. Шүүх “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын албан бичиг, барилгын зураг төслийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үнэлээгүй. Гамшигаас хамгаалах тухай хуулийг хэрэглэсэн хэдий ч ямар үндэслэлээр уг хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн талаар хууль зүнй дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн гэм хорын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Нэхэмжлэгч ““СХУ” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “ӨЦӨБ” ХХК, “Т” ХХК-д тус тус холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 164 413 000 төгрөг гаргуулах, үерийн усны хоолойг 2000 мм-ын диаметртэй хоолойгоор хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг харицагч нар эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамжинд байрлах хойноосоо урагш чиглэлтэй автозамын ертөнцийн зүгээр зүүн талд хойноосоо урагш чиглэлд ““СХУ” ХХК, “Б” ХХК “ӨЦӨБ” ХХК-иуд залгаа байрладаг, “Т” ХХК-ийн шатахуун түгээх станц нь замын төв замын баруун талд байрладаг байна.

2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр их хэмжээний бороо орсны улмаас үерийн ус газрын өндөр хэсгээс нам хэсэг рүү буюу ертөнцийн зүгээр зүүн тал /дээд/-аас баруун чиглэлд “ӨЦӨБ” ХХК, “Б” ХХК-ийн зүүн, баруун талаар дамжин “СХУ” ХХК-ийн барилга, байгууламжийн зүүн талаас барилгын зоорийн хойд тал руу, мөн автозамын тогтсон ус баруун талаас нь орсны улмаас барилгын суурь болон зоорийн давхар усанд автсан үйл баримтыг Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн үер усны дуудлагаар ажилласан тухай илтгэх хуудас, үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоогджээ. /1-хх -15, 18,19, 29 дахь тал/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Б” ХХК, “ӨЦӨБ” ХХК, “Тес петролиум” ХХК-иуд нь үерийн ус зайлуулах шуудууг шороогоор тэгшилсэн, мөн ус зайлуулах хоолойг нарийсгасны улмаас бөглөрч үерийн ус манай байгууллага руу орж эд хөрөнгөд хохирол учирсан гэж тодорхойлсон. Хариуцагч нар учирсан хохиролд гэм буруугүй, үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоогүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Батбүрдэл” ХХК, “ӨЦӨБ” ХХК, “Т” ХХК-ийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч “СХУ” ХХК-ийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан байхыг шаарддана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол болон хариуцагч нарын үйлдэл, эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

Барилгын тухай /2008 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч ““СХУ” ХХК батлагдсан зураг төсөлгүй, зөвшөөрөлгүй барилгын суурь болон зоорийн давхрыг барьсан, түүнчлэн барилгын суурийг өндөрлөх, зоорийн давхрын цонхыг газрын түвшнөөс доош суулгасан нь үерийн ус орж өөрийн эд хөрөнгөд гэм хор учрах эрсдлийг бий болгосон байна.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ““СХУ” ХХК-ийг Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т “барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь ашиглалтын дүрэмд заасан хугацаанд барилга байгууламжид үзлэг, шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллана” заасныг зөрчсөн талаар шаардлага хүргүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, барилга орчмын объект нь үерийн уснаас бүрэн хамгаалах төлөвлөлтгүй, ашиглалтын шаардлага хангахуйц үерийн хамгаалалтын байгууламжгүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирчээ.

Хариуцагч “Б” ХХК, “ӨЦӨБ” ХХК-иуд нь өөрийн барилгыг тойруулан ус зайлуулах сувгийг барихдаа барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж, магадлал хийгдсэн зураг төслийг үндэслээгүй, тооцоо судалгаагүйгээр хийсэн гэх боловч энэ нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учрахад шууд нөлөөлсөн гэх байдал тогтоогдоогүй, хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй, энэ талаар анххан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 980 015 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

                                                               ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА