Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2020/02772

 

 

 

 

 

 2020           09            15                                                  184/ШШ2020/02772

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг В.Амартүвшин даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй,  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 гудамж, 00 тоот хаягт байрлах, “С” ХХК /рд: 000000/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 тоот хаягт байрлах “Б” ХХК /рд: 00000/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 гудамж, 00 тоот хаягт байрлах, “Ө” ХХК /рд: 000000/,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Нарны зам гудамж, тээврийн товчоо, Т0 байрлах, “Т0” ХХК /рд:00000000/ нарт холбогдох, 

Гэм хорын хохиролд 164.413.000 төгрөг гаргуулах, үерийн усны хоолой, шуудууг техникийн нөхцөл, зураг төсөл батлуулан 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийхийг даалгах тухай иргэний хэргийг 2020 оны 05-р сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “С” ХХК-ийн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, “Ө” ХХК-ийн төлөөлөгч Б.Ө, иргэдийн төлөөлөгч Д.Хорлоо, шүүх хуралдааны нарын бичгийн дарга М.Төгөлдөрмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020 оны 09-р сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С” ХХК 2011 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн0 дугаар хороонд газар худалдан авч, үйлдвэрийн байр байгуулан авто угаалга, хуванцар хоолойн үйлдвэрлэлийн шугам тохиргооны ажил хийж, 2014 оноос бүтээгдэхүүн гаргаж, үйлдвэрлэл явуулж эхэлсэн.

2014 оны 4 сараас манай үйлдвэрийн барилга байгууламжийн урд талд “Б” ХХК нь шинээр орон сууцны барилгын ажил эхлүүлж, суурь хийхээр шороог ухсан бөгөөд автозам ашиглалтанд орсон, замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг барилгын суурийн нүх ухахад гарсан шороогоор булж тэгшилсэн. Үүнээс болж 2014 оны 5, 9 дүгээр саруудад удаа дараа замын гадаргуугийн цугласан ус замын хашлага даван үйлдвэрийн байр луу орж ирэх болсон. Энэ талаар 1900-1200 утсанд удаа дараа хандан гомдол гаргасан ба барилгын захиалагч Өлзийсайханд утсаар ярьж, арга хэмжээ авахыг шаардсан, төрийн байгууллага ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй.

Би “Б” ХХК ус зайлуулах хоолой хийж байх явцад байгалийг урсацыг өөрчлөх боломжгүй талаар хэлтэл танд хамаагүй гээд намайг гаргасан, тэр хоолой нь чанарын шаардлага хангаагүйн улмаас бөглөрч манай ажлын байр луу дахин ус орж ирснийг бид өөрсдийн хүчээр цэвэрлэж үйлдвэрлэлийн ажлаа үргэлжлүүлж байсан бөгөөд дахин бороо ороход үйлдвэр ашиглах боломжгүй болж, хойд талын цонхоор их хэмжээний үерийн ус орж ирснээр үйлдвэрлэл зогссон. 

“Б” ХХК-ийн урд талд “Ө” нэртэй төв ажилладаг болсон бөгөөд “Ө” ХХК нь караоке болон дэлгүүрийн барилга барьсан бөгөөд тээврийн хэрэгсэл оруулах зорилгоор 70-ын диаметртэй сувгийн ус зайлуулах хоолойг цутгаж хийсэн нь бөглөрөөд усанд автаад байж байсан.

2014 онд Т ХХК ШТСтанцаа барьсан, замын гадаргуу дээрх ус зайлуулах хоолойн чиглэлийг өөрчилсөн. Замын 2 талд нэлээн өргөн, нэлээн өндөр суваг замын доогуур шуудуугаар урсдаг байсан. Тэрийг “Б” ХХК болон “Т” ХХК нар өөрчилсөн.

“Т” ХХК 90 см хүрэх үгүйтэй төмөр хоолой тавьсан. Б ХХК нь жалганы аман дээр 1500-ын диаметртэй хоолойг 1000 болгож нарийсгаад, 90 градусын огцом эргэлт хийсэн. Тэр үед хийж болохгүй, үер их ордог гэж Б.Ө би уулзаж байсан. 90 см-ын хоолойг өөрсдөө газар доор цутгасан. Тэгээд 1000-ын кольцонууд нийлүүлээд тавиад явсан.

2016 онд 70 см-ын хоолойгоо дахин ухаж аваад өөд өөдөөс нь хавсраад тавьсан. Ингээд 2015 оны 7-р сарын 18-ны өдөр бороо орж, тэр үед “С” ХХК, “Б” ХХК, “Ө” ХХК болон тэр хавийн айлууд бүгд усанд автсан. “Т” ХХК замын эсрэг талд өндөржилт ихтэй учир усанд автаагүй. Эдгээр байгууллагууд дур мэдэн шаардлага хангасан зураг төсөлгүй, өөрсдийн эзэмшил газар биш нийтийн эзэмшлийн шуудуу байсныг өөрчлөөд манайд хохирол учирсан гэж үзэж байна.

Хариуцагч нар сувгийг өөрчлөхдөө техникийн нөхцөл авах ёстой байсан. Эндээс хэр зэрэг ус ирэх, тэр усыг хэдэн см-ын диаметртэй хоолойгоор дамжуулах уу гэсэн тооцоолол хийлгэх байсан. Замын доогуур байгаа хоолойноос нарийсгаж хийсэн. 90 градус эргүүлсэн нь үерийн даралттай ус дамжиж явахгүй хоолой нь буудсан. Хол зайтай хамааралгүй зүйл бол биш.

Мэргэжлийн байгууллагаас техникийн нөхцөлөө авч зураг төслөө зуруулаад хийлгэхийг хүсэж байна. Замын доогуур явж байгаа диаметрээс буулгахгүй байхыг хариуцагч нарт даалгаж, гэм хорын хохирол 161.413.000 төгрөг буюу тоног төхөөрөмжийн хохирлын үнэ 86,440,000 төгрөг, түүхий эд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний үнэ 69,113,000 төгрөг, ажлын байрны нөхөн сэргээгдэх өртөг 5,860,000 төгрөгийг 3 хариуцагчаас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч “Б” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, татгалзал болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны 0 дугаар гудамж, иргэн Б.Ө, Л.С нарын эзэмшлийн газар дээр 80 айлын орон сууцыг барьж гүйцэтгэн, иргэдийн оршин суух нөхцлийг бүрдүүлэн Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Тухайн газар нь үер усны онцгой бүсэд байрладаг, байнгын үерт автдаг, авто замаас нам дор газар байсан. Үер усны гамшиг олон жил болж байсан газар байсан бөгөөд нэхэмжлэгч С ХХК-ийн эзэмшил газар мөн адил энэ аюултай бүс газарт байрлаж хэд хэдэн талаасаа усанд автаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан.

Харин бид иргэд болон барилгын аюулгүй байдлыг хангахын тулд барилгын орчмын газрыг 2 метрээр өндөрлөж, Ө ХХК-ийн хийсэн үерийн усны хоолойн төгсгөл хэсгийг автозамын доорх нүхэн хоолой руу холбон 2000-н шугам хоолойг барьж гүйцэтгэснээр тухайн орчинд үер усны аюул гарах эрсдэлийг бууруулсан тодорхой бодитой ажил болсон юм.

Мөн автозамын ус зайлуулах сувгийг үерийн ус зайлуулах шугам руу холбосон зэрэг өөрсдийн хүч, хөрөнгөөр төрийн хийгээгүй ажлыг бид гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь манай компанийг ...замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг барилгын суурийн нүх ухахад гарсан шороогоороо булж тэгшилсэн. Үүнээс болж 2014 оны 5 сар, 9 саруудад удаа дараа замын гадаргуугийн цугласан уг замын хашлага даван үйлдвэрийн байр луу орж ирэх болсон" гэж үндэслэлгүй гүтгэж байнгын үерт авдаг, нэн аюултай бүсэд байрладаг байснаа мартаж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 Хариуцагч Б нь нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй, гэм буруугүй бөгөөд байгалийн давагдашгүй хүчний улмаас бусдад учирсан хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн Б ХХК нь орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгч бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу ажил гүйцэтгэсэн. Үерийн усны суваг шуудууг өөрийн хөрөнгө мөнгөөр гүйцэтгэж учирч болох аюул, үерийн усны гамшгийг багасгах талаар арга хэмжээ авч ажилласан бөгөөд энэ нь хэн нэгний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.

Нэхэмжлэгч Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “...Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг зураг төсөлд заасны дагуу геодезийн тэмдэглэгээ /улаан шугам/-тэй уялдуулан тухайн барилгын ажлын талбайд барилгын геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тогтооно. барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэснийг тус тус зөрчсөн, байгалийн гамшигаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй тул “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч “Ө” ХХК шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Ө” ХХК-ийн харьяа Өн цаг төв нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороонд 2012 оны 1 сараас эхлэн өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тухайн орчиндоо хамгийн анх байгуулагдсан газар юм.

Хариуцагч болон нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулж буй тус газар нь нам дор, үер усны онцгой бүс ба ердийнхөөс их хэмжээний бороо ороход байнга үерт автаж, борооны устай хамт урсаж орж ирсэн лаг шавар, хог хаягдлын улмаас байнга усаар дүүрдэг газар бөгөөд бид өөрийн хөрөнгөөр болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн уснаас хамгаалах сувгийг барилгынхаа урдуур хийж, хашаагаа бетон болгох гэх мэтээр хамгаалах бусад арга хэмжээг авч улмаар урсаж орж ирсэн хог хаягдлыг дан ганц өөрийн хүчээр зайлуулж, цэвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч болон тэр орчимд үйл ажиллагаа явуулж буй газруудаас тусалж, хамтран ажиллаж байсан удаагүй атлаа суваг бөглөсөн мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж болзошгүй үер усны онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаг хирнээ үерийн уснаас эд хөрөнгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, үерийн уснаас учрах хор хөнөөлийг багасгах ямар ч арга хэмжээг аваагүй бөгөөд улмаар өөрийнх нь хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж учирсан хохиролдоо эргэн тойрондоо үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудыг буруутгаж байгаа нь зүйд нийцэхгүй явдал болно.

Иймээс нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг надад хариуцуулах хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. 

Хариуцагч “Т” ХХК шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсанчлан 2014 оны 5, 7, 9 саруудад үйлдвэр нь усанд автах үед замын гадаргуугийн ус зайлуулах шуудуу чухам хаана бөглөрч, хэний буруутай үйлдлээс болсныг тухайн үед газар дээр нь шалгасан МХГ-ын байцаагчид тогтоосон атлаа тус компанийг үндэслэлгүйгээр буруутган хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч компани өөрсдөө хууль зөрчин үерийн усны аман дээр байдаг бөгөөд үерийн усны хамгаалалт ус зайлуулах инженерийн байгууламжийг шийдэлгүй барилга байгууламжаа барьсан нь бусдыг буруутгах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэлдээ: ...дээрх газрууд зохих байгууллагын зөвшөөрөлгүй, ямар ч зураг төсөлгүй дур мэдэн өөрчилсөн үерийн далан шуудууг стандартын дагуу хийлгэхийг шаардан газруудад хандсан, албан шаардлагыг хүлээн авсан боловч огт ажил хийгээгүй... гэсэн нь бодит үнэн байдалд огт нийцэхгүй юм.

Учир нь манай компани Шатахуун түгээх станцаа барихдаа мэргэжлийн зураг төслийн компаниар хийлгэн холбогдох байгууллагуудаар батлуулсан. 2015 оны 07-р сарын 18-ны өдрийн борооны дараа НМХГ-ын байцаагчидтай манай менежер уулзан зураг төсөл болон холбогдох бичиг баримтуудаа танилцуулсан бөгөөд байгууламжаа газар дээр нь үзүүлсэн ба манай компанид дахин энэ асуудлаар хандаагүй. 

Тухайн байршлыг товчхон хэлэхэд 3 замын уулзвар дээр байдаг, үерийн усны онц аюултай бүс бөгөөд зүүн талдаа уулархаг, өндөр учир их ус орж ирдэг. Баруун талаасаа Баянхошуу, Телевизийн уулзвар орж ирдэг байршилтай. Замын эсрэг талдаа Т ХХК байрладаг.

Манай хойд талаар далан байдаг. 2015 оны 7 сард болсон бороо бол байгалийн гамшиг болсон гэж үздэг. Тухайн үеийн онцгой байдлын илтгэх хуудас, хавтас хэрэгт авагдсан бичлэг байдаг. Дур мэдэн барилга байгууламж барьсан зүйлгүй. Манайх газар эзэмших гэрчилгээний дагуу ШТС-ыг 2013 онд барьсан. Зураг төсөлгүй барьсан гэж байгаа нь үндэслэлгүй, зохих байгууллагуудаас батлагдсан зураг төслийн дагуу хийсэн нь хавтас хэрэгт тайлбартайгаа бий.

Манай зураг төсөл болон ус зайлуулах байгууламжийн зураг төслийг Престиж инженеринг ХХК гэх мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн. Тэр үед зураг төслийг баталгаажуулдаг байгууллага нь Улаанбаатар нэгтгэл гэж байгаагүй Барилга хөгжлийн төв гэж байсан. 2013 оны 7-р сарын 03-ны өдрийн дүгнэлт гаргасан байдаг. Энэ мэргэжлийн байгууллагаар зураг төслийн дагуу ШТС болон ус зайлуулах байгууламжийг хийлгэсэн. ШТС нь өөрөө онцгой обьектэд хамаардаг. Тэр хавь өөрөө үер усны аюултай бүс учир албан байгууллага, айл өрхүүд бүгд дор бүрнээ хамгаалах арга хэмжээ авдаг. Хуулиар ч гэсэн ийм үүрэгтэй. Бодит байдалд Т ХХК замын эсрэг талд ус зайлуулах хоолойн гаралтын хэсгийг хариуцдаг.

Дээрээс ирсэн усыг гаралт хэсэгт чөлөөтэй нэвтрүүлэх үүрэг хүлээдэг. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь үзээд хамааралтай хэсгийн даалгаврыг өгдөг. Бид үүрэг даалгавраа зохих ёсоор биелүүлж ирсэн. Энэ үйл явдал болсны дараа мэргэжлийн байгууллагууд ирж шалгахад Т ХХК нь шууд хамааралгүй гэсэн.

Хашлагаа давж ирж байгаа ус бол хуримтлагдсан хог, сул шороо зэрэг нь оролтын хэсэгт бөглөрөөд дамжуулах сувгийг хааснаар үүсэж байгаа учир хүний хүчин зүйлээс болсон зүйл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамааралгүй зүйл байна.

Т ХХК нь мэргэжлийн байгууллагаар зураг төслийн дагуу үерийн хоолой, шуудуйг хийлгэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шууд хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “Ө” ХХК, “Т” ХХК-д холбогдуулж, гэм хорын хохиролд 164.413.000 төгрөг гаргуулах, хариуцагч нарт үерийн усны шуудуу, хоолойг техникийн нөхцөлийн дагуу зураг төсөл батлуулан шинэчилж 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Б” ХХК “...нэхэмжлэгчийн барилга нь үерийн усны онцгой бүсэд байрладаг, үерийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан, манай барьсан үерийн усны хоолойноос болж нэхэмжлэгчид хохирол учраагүй, учирсан хохирол нь манай үйлдэлтэй шалтгаант холбоогүй” гэж,

Хариуцагч “Ө” ХХК “...бид үер уснаас урьдчилан сэргийлж өөрсдийн хөрөнгөө хамгаалах гэж хашаа, газар, шуудуй, хоолой татсан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийнхөө хөрөнгийг хамгаалах арга хэмжээ аваагүйгээс хохирол учирсан” гэж,

Хариуцагч “Т” ХХК “...манайх мэргэжлийн байгууллагаар зураг, төсөл хийлгэсэн, усны хоолойн тойрог /диаметр/-ийг өөрчлөх нь манай үүрэг бус, ийм эрхгүй, мэргэжлийн, төрийн байгууллагууд өөрчлөх эрхтэй, үйл явдал байгалын давагдашгүй хүчин зүйл, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзжээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтуудаар, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжинд хойноосоо урагш чиглэлтэй автозамын ертөнцийн зүг чигээр зүүн талд хойноосоо урагш чиглэлд 1-рт 00 тоотод “С” ХХК, 2-рт 00 тоотод “” ХХК, 3-рт 00 тоотод “Ө” ХХК-иуд цувран, залгаа байрладаг,

-хариуцагч “Т” ХХК-ийн шатахуун түгээх станц нь замын эсрэг талд буюу төв замын баруун талд байрладаг болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчиос ирүүлсэн гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр,

-2015 оны 07-р сарын 18-ны өдөр их хэмжээний борооны ус Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо, 0-р гудамжинд ... газрын өндөр хэсгээс нам дор хэсэг рүү буюу ертөнцийн зүгээр зүүн тал /дээд/-аас баруун чиглэлд нам дор хэсэг рүү 1-рт: “Ө” ХХК-ийн барилгын зүүн, урд, баруун талаар тарч, 2-рт: “Б” ХХК-ийн зүүн, баруун талаар дамжин, 3-рт: “С” ХХК-ийн барилга, байгууламжийн зүүн талаар урсан хойд талаас нь тойрч, нэхэмжлэгч “С” ХХК-ийн барилгын зоорийн хойд хэсгээр,

-мөн автозамын тогтсон ус баруун талаас тус тус орсны улмаас, нэхэмжлэгч “С” ХХК-ийн барилгын суурь, зоорийн давхарт байрлах тоног төхөөрөмж усанд автаж 161,413,000 төгрөгийн хохирол учирсан, мөн хариуцагч “Б” ХХК-ийн 9 давхар барилгын газар доорхи давхаргууд, хариуцагч “Ө” ХХК-ийн барилга усан автагдсан зэрэг үйл баримт тогтоогдсон бөгөөд /1хавтас 5, 8-10, 13, 15-19, 29-47,69/ эдгээр үйл баримт, байршил, үзлэгийн тэмдэглэл зэрэгт зохигч маргаагүй болно. 

 

Дээрх үйл явдалд Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн 26, 29 дүгээр ангийн 2 тээврийн хэрэгсэл, 8 албан хаагч, 48 цаг үерийн усыг соруулж ажилласан. “Хос стандарт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр ...тоног төхөөрөмжид 86.440.000 төгрөгийн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 69.113.000 төгрөгийн, ажлын байранд 5.860.000 төгрөгийн, нийт 161.413.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. /1хх-29-47/

Нэхэмжлэгч нь учирсан хохирол болох 161,413,000 төгрөгийг хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулна гэж шаардлагаа тодруулж, хохирлын шалтгаан нөхцлийг тогтоолгох, тусгай мэргэжил шаардлагаар шинжээч томилуулах хүсэлтээсээ 2020 оны 08-р сарын 17-ны өдөр татгалзсан болно.

Нэхэмжлэгч “С” ХХК нь 2011 оноос 2012 оны хооронд барилгын ажлыг эхлүүлж, суурийн давхар хүртэл ажил гүйцэтгэсэн, 1-р давхар болон түүнээс дээш ажил гүйцэтгээгүй, зоорийн давхарт барилгын ПВС хоолой үйлдвэрлэх үйлдвэр ажиллуулж, барилгын материал худалдаа эрхэлж байсан байх бөгөөд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, батлагдсан зураг төсөлгүй, зөвшөөрөлгүйгээр барилгын суурь, зоорь барьсан, түүнчлэн барилгын суурийг өндөрлөх, зоорийн давхарын цонхыг газрын түвшнөөс доош суулгасан зэргээр үерийн усны аюулаас урьдчилан сэргийлэх наад захын арга хэмжээ аваагүй, гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн  байна.

Нэхэмжлэгч ... барилга байгууламж барих ажлыг мэргэжлийн зураг төсвийн дагуу хийгээгүй, зохих барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байх ба зөвхөн газар эзэмших эрхтэй байна.

 Нэхэмжлэгч “С” ХХК нь газар зүйн байршлын хувьд ...үерийн уснаас бүрэн хамгаалах иж бүрэн байгууламж барих, урьдчилан сэргийлэх холбогдох арга хэмжээ аваагүй, ... үйлдвэр нь хүн ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, аюулгүй байдлыг хангаагүй, үерийн усны онцгой бүсэд байрладаг, барилгын дээд тал, түвшин нь   автозамын дээд түвшин болон зэрэгцээ оршин барилга байгууламжуудаас нам дор байрладаг болох нь Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .../1168 тоот “зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /1хх-12/, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ..../1377 тоот улсын байцаагчийн дүгнэлт /1хх-13/-ээр, мөн хариуцагч “Өн цаг өлзий баян, Б ХХК-иуд” ашиглалтын шаардлага хангахуйц үерийн хамгаалалтын байгууламжгүй байсан, лаг шавар, хог хаягдалаар таглардаг байсан болох нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн .../1336 тоот дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна. /1хх-20-21,  3х-104-107, 113-158/

Зохигч, хэн аль нь уг нутаг дэвсгэр орчим борооны усны улмаас үер урсдаг, ус ордог гэж тайлбарлах ба газрын өндөр хэсгээс нам хэсэг рүү газрын хувил дагаж ус урсдаг сорви буюу жалга байх бөгөөд жалгын төгсгөлд автозам дагаж баруун эргэсэн сорви байсан байна. Холбогдох байгууллага замын ажил гүйцэтгэхдээ борооны ус зүүнээс баруун чиглэлд автозам доогуур урсах, инженерийн төлөвлөлт, зохих шийдлийн дагуу урьдчилан тооцоолж барьсан үерийн ус нэвтрүүлэх зориулалт бүхий 1,500 мм диаметртэй шугам хоолойгоор үерийн усыг урсгахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн автозам дээрх үерийн усны их хэмжээний тогтоц, тогтоол ус нь төв замын зүүн талд байрлаж буй “С” ХХК руу урссан, замын баруун талд байрлаж буй “Т” ХХК-ийн газар доорх хоолойг багасгаснаас нэхэмжлэгчид учирсан хохиролд гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Т ХХК нь шатахуун түгээх станц барихдаа, авто замыг налуу болгож, нэг талыг өндөрлөсний улмаас борооны ус авто замаас хальж орж ирсэн хэмээн нэхэмжлэгч тайлбарлах боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 271 тоот болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын мөн өдрийн 00/00000 тоот албан бичигт “Байгалийн онцгой үзэгдэл, үер усны аюулаас болж учирсан” хэмээжээ.

Гэрч Ч.Базаррагчаа, Л.Сансар, Д.Лхагважав, Ж.Эрдэнэбилэг, Т.Ганцогт нарын “...үер буудаг газар ...их хэмжээгээр орсон үед үер болдог. үер болсон нь үнэн. Тийм үер бол миний мэдэхийн гурван удаа болсон. Айл өрхүүд өөрсдөө хамгаалдаг. “... маш их хэмжээний ус тогтдог, Үндэсний телевизороор манай гэрийг байнга үер усны онцгой бүс нутагт байрладаг гэж онцлон гаргадаг байсан. Өмнө нь маш их хэмжээний ус орж ирдэг байсан. одоо харьцангүй бага санагдаж байна”,       “... 2011 оны 7 дугаар сард үер болсоноос болж нүүсэн. 2009 онд болсон үерийг мэднэ.”, “...Хажуу талын уулнаас үер буугаад доор байдаг айлууд нь үерт автдаг. Ер нь их хэмжээний үер болсон. Барилга баригдсан тул тэр орчмын айлууд руу үер орох нь багассан.”, “... Ямар ч байсан үер буугаад Онцгой байдлынхан ирсэн байсан. Битүү ус болчихсон. ...жалгаар уруудаад хамаг хог хамаад ирдэг. Ер нь байнга л ус ордог газар. Жаахан ширүүн орвол ард хэсгээр бас манай хашаагаар орж ирнэ” гэсэн мэдүүлгүүдээр 2015 оны 7-р сарын 18-ны өдөр их хэмжээний борооны орсноос зохигч хэн аль нь гамшиг, аюулт үзэгдэл, аюулд нэрвэгдсэн, тэд үерийн усны онцгой бүсэд байрладаг байна. /2хх-246-249/,/3хх-58-61/

 

Гамшигаас хамгаалах тухай хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.12, 4.1.14, 4.1.19, 4.1.20-д “гамшиг” гэж аюулт үзэгдлийн улмаас олон хүний эд хөрөнгөд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг,  “аюулт үзэгдэл” гэж ... үер, аянга, тархах зэргийг;” “нэрвэгдэгсэд” гэж гамшиг, аюулын улмаас эд хөрөнгөөр хохирсон иргэдийг; “гамшгийн хор уршиг” гэж гамшиг, аюулын улмаас эд хөрөнгө үрэгдсэн, дэд бүтэц эвдэрсэн, хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн зэрэг сөрөг үр дагаврыг; “гамшгийн онцгой нөхцөл байдал” гэж аюулт үзэгдэлээс үүдэн хүрээлэн байгаа орчин, дэд бүтцэд ноцтой хохирол учруулж, хүн-нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагаа алдагдахыг; “гамшгаас урьдчилан сэргийлэх” гэж аюулт үзэгдэл, ослын хор уршиг, хохирол, сөрөг үр дагавраас зайлсхийх, таслан зогсоох, бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээг ойлгоно гэж заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсгүүдэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан.

Хэдийгээр хариуцагч “Б” ХХК болон “Ө” ХХК-иуд нь өөрийн барилгыг тойруулан суваг, хоолой, хашаа буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан байгууламж барьсан байх боловч ийнхүү инженерийн байгууламж барихдаа барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж, магадлал хийгдсэн зураг төслийг үндэслээгүй, тооцоо судалгаагүйгээр хоолойг хийсэн байх боловч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хариуцагч “Б” ХХК, “Ө” ХХК, “Т” ХХК-иудын хийсэн үерийн суваг, далан, хоолой хийсэн үйлдлээс шалтгаалж хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан болох нь тогтоогдохгүйн дээр, хариуцагч нарын дээрх гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, нэхэмжлэгчид учирсан хохирол, шалтгаант холбоотой нь баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хохирлыг хариуцагч нараар тэнцүү төлүүлэхээр шаардаж байх бөгөөд хууль зөрчсний улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг. Түүнчлэн гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардана. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоогдсон байх учиртай бөгөөд иймд нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.  

Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан нь тогтоогдохгүй буюу гэм буруу хохирлын хооронд шалтгаан холбоо тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэл, хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбаруудыг үндэслэн хариуцагч “Б” ХХК, “Ө” ХХК, “Т” ХХК-д холбогдох, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн шинжээчээр С.Төмөрбат, Г.Нансалмаа нарын томилсон, дүгнэлт гаргасан /1хх-246-249/ бөгөөд ажлын хөлс 3,000,000 төгрөг нэхэмжлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “С” ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,035,215 төгрөг төлсөн байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК, “Ө” ХХ, “Т” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 164.413.000 төгрөг гаргуулах, үерийн усны хоолойг 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийхийг даалгах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,035,215 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар С.Төмөрбат, Г.Нансалмаа нарын ажлын хөлс 3,000,000 төгрөгийг “С” ХХК-аар төлүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  В.АМАРТҮВШИН

        ШҮҮГЧИД                                  Н.БАТЧИМЭГ

                                                              Т.БАТСҮХ