Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 02199

 

 

Ж.Б, Б.Хнарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02522 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б, Б.Хнарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн захирамжаар Б.Хажидмаа, Ж.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 232 513 478 төгрөгийг гаргуулж Богд банкинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авч төлбөр төлөгч нараас барьцаа эд хөрөнгүүдийн үнийн саналыг авахад уг барьцаа эд хөрөнгүүдийн өмчлөгч буюу төлбөр төлөгч нар нь нэг бүрийн үнийг гаргаж өгсөн. Гэтэл талууд үнийн дүн дээр тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлтээр нийт 5 барьцаа эд хөрөнгийг 332 307 206 төгрөгөөр буюу Х.О-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 2 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-2201021927 дугаартай 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаартай 54 м.кв хувийн сууц, 30 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалтай барилга хөрөнгүүдийг нийт 59 881 500 төгрөгөөр, Б.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таур, Туул гол гудамж 566-р байр 14 тоот, улсын бүртгэлийн Ү-2206017506 дугаартай 23,12 м.кв орон сууцыг 37 355 203 төгрөгөөр, Х.Нэргүйбаатарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 тоот, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаартай 41.1 м.кв 3 өрөө орон сууцыг 77 003 900 төгрөгөөр, Ж.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-118 тоот, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаартай 50.53 м.кв 2 өрөө орон сууцыг 80 350 000 төгрөгөөр, Б.Х-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 43а дугаар байр 43 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-220506500 дугаартай 48.94 м.кв талбатай 2 өрөө орон сууцыг 77 716 603 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж байна. Учир нь хөндлөнгийн шинжээч нар нь уг барьцаа эд хөрөнгүүдийн үнэлэхдээ зөвхөн үнэгүй.мн сайтаас мэдээлэл авч харьцуулалт хийсэн бөгөөд бусад цахим сайтуудаас мэдээлэл авч харьцуулсан талаар тайланд тусгаагүй. Жишээ нь Б.Х-ийн өмчлөлийн орон сууцны 1 м.кв-ын үнэ 2 500 000 төгрөг байхад 1 555 000 төгрөгөөр үнэлж 46 000 000 төгрөгийн, Ж.Б-ийн өмчлөлийн орон сууцны 1 м.квадратын үнэ 2 500 000 төгрөг байхад 1 550 000 төгрөгөөр үнэлж 47 000 000 төгрөгийн, Х.Нэргүйбаатарын өмчлөлийн орон сууцны 1 м.квадратын зах зээлийн үнэлгээ 2 100 000 төгрөг байхад 1 850 000 төгрөгөөр үнэлж 11 000 000 төгрөгийн, Б.Г-ын өмчлөлийн орон сууцны 1 м.к-тын үнэ 2 200 000 төгрөг байхад 1 625 000 төгрөгөөр үнэлж 21 000 000 төгрөгийн зөрүүтэй үнэлж нийт үнэ нь зах зээлийн үнээс 124 000 000 төгрөгөөр доогуур үнэлэгдсэн байна. Иймд эдгээр 5 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03318 дугаар захирамжаар Ж.Б, Б.Хнараас 232 979 745 төгрөгийг гаргуулж “Богд банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх 20370212/08, 20370212/13 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033135, Г-2201021927, Ү-2206017506, Ү-2201008479, Ү-2205053142, Ү-2205065000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжпэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4/248, 4/251, 4/2454, 4/250, 4/247 дугаар тогтоолуудаар “Сэлэнгэ-Эстимейт” ХХК, “Файн-Эстимэйт” ХХК, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК, Мөнх-Оргил трейд ХХК нарыг шинжээчээр томилж зах зээлийн үнийг тогтоосон. Төлбөр төлөгч Ж.Б, Б.Хнарт 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/17576, 4/17577, 4/17579, 4/17578, 4/17580, тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг өгч, тайлантай танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.О-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 2 тоот 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39 дүгээр гудамны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалтай барилга зэргийг 59 881 500 төгрөгөөр,

Б.Г-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206017506 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таур, Туул гол гудамж 56б байрны 14 тоот 23.12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 37 355 203 төгрөгөөр,

Х.Нэргүйбаатарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 1 тоот 41.2 м.кв талбай бүхий орон сууцыг 77 003 900 төгрөгөөр,

Ж.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-р байрны 118 тоот 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 80 350 000 төгрөгөөр,

Б.Х-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205065000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 43а дугаар байрны 43 тоот 48.94 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 77 716 603 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Ж.Б, Б.Хнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчсөн. Шинжээч эд хөрөнгийг үнэлэхдээ 4 тал хашаа /3 см зузаан банзан/ нойл, газар зэргийг үнэлэлгүй зөвхөн орон сууц, газар дэлгүүрийн зориулалттай барилгын үнэлгээ хийсэн нь тухайн газар дээр байрлах эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Барьцаа эд хөрөнгийн дагалдах эд хөрөнгүүдийг үнэлээгүй нь уг эд хөрөнгийн үнэлгээг бууруулах шалтгаан болсон. Хашаа, нойлыг тухайн үеийн мөнгөөр илэрхийлэх үнийн дүнг гаргаагүй, мөн тайланд үнэлэгдээгүй эд хөрөнгүүдийг тусгаагүй болно. Үнэлгээний тайланд шинжээч зах зээлийн хандлагын аргыг ашиглаж хөрөнгийн жишиг үнийг тогтоохдоо үнэгүй.мн болон сайтыг ашигласан гэж бичсэн боловч эх сурвалж болох линкийг тусгаагүй нь хууль зөрчсөн. Шинжээч тайланд үнэлэгдэж байгаа газартай харьцуулсан газар нь өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй газартай харьцуулсан эсэх нь тодорхойгүй байна. Тайланд ашигласан сайт руу орж үзэхэд харьцуулсан хөрөнгө нь байхгүй байгаа нь барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний тайлан нь эх сурвалжгүй байна. Үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байршил, шинж чанар, онцлох нөхцөл байдлыг судалж үзээд үнэгүй.мн сайтын линкийг тусгасан баримтыг шүүхэд өгсөн боловч үнэлээгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б, Б.Хнар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03318 дугаар захирамжаар Ж.Б, Б.Хнараас 231 663 478 төгрөг гаргуулж “Богд банк” ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянголын 39 дүгээр гудамж, 2 тоотод байрлах, 54 м.кв талбайтай хувийн сууц, 30 м.кв талбайтай дэлгүүр, өмчлөх эрхийн Г-2201021927 дугаар, 18635313543274 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянголын 39 дүгээр гудамж, 2 тоотод байрлах 568 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Улсын бүртгэлийн Ү-2206017506 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хавай таун Туул гол гудамж 56 Б байр 14 тоотод байрлах 23.12 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байр, 1 тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаартай, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 43 дугаар байр, 118 тоотод байрлах 50.53 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205065000 дугаартай, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 43А байр, 43 тоотод байрлах 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчийн эвлэрлэснийг баталсан байна. /1хав-6-8х/

Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1хав-82-91/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ж.Б, Б.Хажидмаа, өмчлөгч Х.Отгонсүх, Х.Нэргүйбаатар, Ж.Баярцэцэг, Б.Ганбаяр нараас төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад өмчлөгч Х.Отгонсүх өөрийн өмчлөлийн 54 м.кв талбайтай хувийн сууц, 30 м.кв талбайтай дэлгүүр, 568 м.кв талбай бүхий газрыг нийт 55 000 000 төгрөгөөр, Б.Ганбаяр өөрийн өмчлөлийн 23.12 м.кв талбайтай нэг өрөө орон сууц 45 000 000 төгрөгөөр, Х.Нэргүйбаатар өөрийн өмчлөлийн 41.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 100 000 000 төгрөгөөр, Ж.Баярцэцэг өөрийн өмчлөлийн 50.53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр, Б.Хөөрийн өмчлөлийн 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  95 000 000 төгрөгөөр үнэлж, тус тусын саналаа ирүүлсэн байна. /1хав-93-97х/

Харин төлбөр төлөгч Ж.Б, Б.Хнар Х.О-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг  55 000 000 төгрөгөөр, Б.Г-ын өмчлөлийн орон сууцыг 50 000 000 төгрөгөөр, Х.Нэргүйбаатарын өмчлөлийн орон сууцыг 105 000 000 төгрөгөөр, Ж.Б-ийн өмчлөлийн орон сууцыг 110 000 000 төгрөгөөр, Б.Х-ийн өмчлөлийн орон сууцыг 105 000 000 төгрөгөөр үнэлэн өмчлөх нарын үнийн саналаас 5 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгөөр зөрүүтэй санал өгсөн. /1хав 97-98/

Дээрх үнийн саналыг төлбөр авагч “Богд банк” ХХК зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Сэлэнгэ эйстимэйт ХХК, “Файн эйстимэйт” ХХК, “Хөрөнгө эйстимэйт” ХХК, “Мөнх оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч “Сэлэнгэ эйстимэйт” ХХК нь Х.О-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэгдсэн 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалтай барилгыг газрын хамт 59 881 500 төгрөгөөр, “Файн эйстимэйт” ХХК нь Б.Г-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206017506 дугаарт бүртгэгдсэн 23.12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 37 355 203 төгрөгөөр, Хажидмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205065000 дугаарт бүртгэгдсэн 48.94 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 77 716 603 төгрөгөөр, “Хөрөнгө эйстимэйт” ХХК нь Х.Нэргүйбаатарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэгдсэн 41.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 77 003 900 төгрөгөөр, “Мөнх-Оргил трейд” ХХК нь Ж.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэгдсэн 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 80 350 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

“Сэлэнгэ-Эстимэйт” ХХК, “Файн-Эстимэйт” ХХК, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК, “Мөнх-Оргил” ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайлан болон шинжээч нарын тайлбараар уг үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн үнэгүй.мн сайтын харьцуулсан зургийг үндэслэн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг эргэлзээгүй тодорхойлох улмаар шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.БАЙГАЛМАА