Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

 

                                                                                2023/ДШМ/15

 

          С.Дд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Б.Н

                        Хохирогч Г.Тын өмгөөлөгч                        В.У

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Ц.Б

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Дд холбогдох 2112.........  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 42 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар хотын ........  дүүргийн ........  дүгээр сургуульд багш ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын ........ дүүргийн  ..... дугаар хорооны ..........  тоотод түр оршин суух, Б овогт Сын Д /РД:......... /

 

Шүүгдэгч С.Д нь Архангай аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт Г.Таас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Надад 10 хувьтай зээлүүлчих, өсгөөд 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр өгнө” гэж 7.000.000 төгрөгийг, мөн Х.Нгаар “Ундарга бүлэг задарна, багшдаа 2.000.000 төгрөг өөрийн нэр зээлээд өгөөч, сарын дараа бүлэг задарна буцаагаад өгье” гэж 2.000.000 төгрөг, Р.Нгээр 400.000 төгрөгийн зээл, Л.Цар 500.000 төгрөгийн зээл авхуулан өөрөө төлнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас С.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор: Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Сын Дыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Х.Нгаас 2.000.000 төгрөгийн, хохирогч Р.Нгээс 400.000 төгрөгийн, хохирогч Л.Цас 500.000 төгрөгийн зээл авхуулан залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож; Шүүгдэгч Б овогт Сын Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг  залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь оногдуулсан торгох ялын 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даас 4.505.000 /дөрвөн сая таван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн ............. сумын ........ багт оршин суух Б овогт Ггийн Г.Т /РД:..../-д олгож хохирогч Г.Тын нэхэмжлэлээс 2.495.000 /хоёр сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож; Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч С.Дд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч С.Д нь Архангай аймгийн  Ж сумын нутаг дэвсгэрт Г.Таас 7.000.000 төгрөгийг, мөн Х.Нгаас 2.000.000 төгрөгийг, Р.Нгээс 400.000 төгрөгийг, Л.Цэрэндавгаас 500.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг  зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч С.Дын Х.Н, Р.Н, Л.Ц нараас мөнгө зээлсэн гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж шийтгэх тогтоолын 1 дэх заалтаараа залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин хохирогч Г.Таас зээлж авсан гэх 7.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэн бусдын хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь буруу байна гэж үзэж байна.

Учир нь залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг гэж Монгол Улсын Дээд шүүхийн  2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №661 тогтоолд зааж өгчээ.

Харин С.Д нь Г.Ттай харилцан тохирч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бичгийн гэрээ хэлцэл байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгахаар, сар бүрийн 31 буюу 01-нд 700.000 төгрөгийн хүүг төлж, үндсэн зээлийг сүүлийн сарын хүүтэй хамт 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр өгч тооцоог бүрэн дуусгах гэрээ байгуулан зээлдэгч болон зээлдүүлэгч нар гарын үсэг зуржээ.

Зээлдэгч С.Д нь гэрээнд заасан ёсоор 2019 оны 12 дугаар сарын 01-нд 700.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 02-нд 735.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 02-нд 710.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 03-нд 350.000 төгрөгийн хүүг тус бүр Г.Тын ХААН банкны 51.......... тоот дансанд шилжүүлсэн байна.

Харамсалтай нь С.Д нь эрүүл мэндийн байдал муудаж, зүүн нүд даралт харваж хөдөлмөрийн чадварт нөлөөлсөн төдийгүй дараагаар нь нуруугаар өвдөж нурууны хүнд хагалгаанд орж, хэсэг тэргэнцэртэй явж ажил төрлөө хийж, зээлдүүлэгч Г.Тд зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлөх чадваргүй болж эрсдэлд орсон байна.

Хохирогч болох Г.Т ч гэсэн С.Дыг залилж мэхэлсэн гэж үзэхгүй Архангай аймаг дахь Цагдаагийн газарт зээлсэн мөнгөө нэхэмжилсэн нэхэмжлэл гаргажээ.

Хохирогч Г.Т, шүүгдэгч С.Д нарын хооронд иргэний эрх зүйн зээлийн гэрээний харилцаа үүссэн байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн “Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №538 тогтоолд дурдсантай харьцуулбал шүүгдэгч С.Дын үйлдэл нь залилах гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Харин шүүгдэгч С.Дын үйлдэлд бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авах санаа зорилго үгүйсгэгдэж байх бөгөөд зээлсэн мөнгийг төлөхгүй гэж маргаагүй байна.

Тодруулбал энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулж, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр С.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “ Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ”

 

Хохирогчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ Хохирогч Г.Тын өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанаас оролцсон. Давж заалдах гомдолд Д нь анх хохирогч Г.Таас 7 сая төгрөг, 10 сая төгрөг авсан. Энэ мөнгийг авахдаа залилах санаа байгаагүй, зээлийн гэрээ байгуулж хүү төлөхөөр тусгасан байсан. Дараа нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлаж байна. Гэтэл бодит байдал дээр Г.Таас 10 сая төгрөгийг зээлэхдээ тухайн 10 сая төгрөгийг төлөх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Түүний дараахан Г.Т найз хүүхэнтэй таарахад Дыг мөнгөний асуудалд орчихсон, зээлсэн мөнгөө бушуухан олж авахгүй бол болохгүй гэдгийг сонссон. Г.Т энэ тухайгаа анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлж байсан. Ингээд Г.Т  Дтай очиж уулзаад 10 сая төгрөгөө асуухад чи тэр мөнгө дээр санаа зоволтгүй, би арьс ширний ченж найздаа өгчихсөн, өсгөөд өгнө гэсэн байдаг. Г.Т анх аавынхаа тэтгэврийн зээлийг авхуулаад бүлэгт элсээд хүнд мөнгө зээлүүлж өсгөж авах бодолтой байсан. Гэтэл Д тухайн 10 сая төгрөгийг нь би аваад өсгөөд өгье гэсэн байдаг. Г.Т цагдаагийн байгууллагад нэхэмжлэл гаргах нь гомдол гаргасныг шалгаад үзэхэд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Д нь залилан хийсэн нь нотлогддог. Харин зээлийн гэрээ байгуулагдсан уу гэдэг нь биш ч юм шиг байдал харагдаж байна. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Давж заалдах гомдолд дурдсан асуудал нь зээлийн гэрээгээр халхавчилсан залилангийн гэмт хэргийн шинжтэй байна. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ”

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах гомдол дээр дэлгэрэнгүй бичсэн байгаа. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харахад залилсан байна уу, иргэд хоорондын зээлийн харьцаа байна уу гэдэг нь тодорхой байгаа. Зээлийн гэрээ байгуулагдсан, төлбөрөө төлөөд явж байсан байдал харагддаг. Харин төлбөрөө төлж чадахгүй удсан шалтгаан нь тодорхой байгаа. Д яагаад зээлээ төлж чадахгүй болсон бэ гэхээр зүүн нүд нь даралт харваснаас болоод эмнэлэгт хэвтсэн. Мөн 560000 төгрөгийн зээл төлдөг. Даралт харвасны дараа нурууны хүнд хагалгаанд орж тэргэнцэр дээр суудаг болсон. Короно өвчин гараад ээжтэйгээ хамт байх гээд Архангай аймгийн Ж сумаас шилжээд Улаанбаатар хотод очсон юм билээ. Үүнийг нь нөгөө хүмүүс нь зугтаад явчихлаа гэж бодсон юм билээ. Нурууны хүнд хагалгаанд орсны дараа ээж нь нас бараад нэг хэсэг бусдаас зээлсэн мөнгөө төлж чадахгүйд хүрсэн. Өр нэхсэн хүмүүст зээлсэн мөнгөө өгнө л гээд яваад байгаа болохоос биш, өрөө төлөхгүй зугтаагаад яваад байсан залилах гэмт хэргийн шинж огт байхгүй. Сумандаа хамтын сан байгуулсан нь дээрх үйлдэлтэй огт хамааралгүй. Гэтэл 700.000 төгрөг залилсан гээд байгаа, уг нь тодорхой хэмжээнд хүүг нь төлөөд л яваад байсан. Сүүлдээ төлж чадахаа болиод зээлсэн мөнгөнийхөө хүүний талыг төлөөд явж байсан байдлаас харахад залилан хийх бодолгүй байсан. Хохирогчийн хувьд анх Цагдаагийн байгууллагад нэхэмжлэл гаргасан, гомдол гаргаагүй. Цагдаагийн байгууллага харьяаллын бус гээд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бол иргэний журмаар хэрэг нь шийдэгдээд л явах асуудал байсан. Дээрх байдлуудыг харахад Дын хувьд Г.Таас 7 сая төгрөг залилсан шинж харагдахгүй байна. Үүнээс үүсэх үр дагавар гараад байгаа. Шүүх залилан гэж үзээд хүү төлсөн байгааг нь үндсэн мөнгөнөөс нь хасаад шийдвэрлэсэн. Хэрвээ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэвэл Д Г.Таас зээлсэн мөнгөө төлөх боломжтой байгаа. Тийм учраас Дын бусдаас мөнгө зээлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинж байхгүй байна. Бусдаас мөнгө зээлээд зөөлөө төлж чадахгүй байгаа харилцаа болгоныг залилангийн гэмт хэргийн шинжтэй гээд байвал иргэний эрх зүйн харилцаа юу болох вэ, бүгдээрээ гэмт хэрэгтэн болно. Д нь эрүүгийн хэрэгт холбогдсондоо сэтгэл хангалуун бус байгаа. Учир нь хэн ч эрүүгийн хэрэгтэн болохыг хүсэхгүй шүү дээ. Д нь багш мэргэжилтэй, ажлаа хийж ахиж дэвшихэд ял шийтгэл эдэлж байсан гээд саад болох вий гээд намайг туслах боломж юу байна вэ гээд гуйхаар нь миний зүгээс гэмт хэргийн шинж дээр эргэлзээ төрсөн учраас давж заалдах гомдол гаргасан. Харин Н, Х.Н, Л.Ц нараас мөнгө залилсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байсан учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин хамтын сантай хамааралтай мөнгө залилуулсан гээд байгаа үйлдэл нь буцаад Дд мөнгө төлөхөөр гарч ирээд байгаа. Шүүх хуралдаан дээр энэ нөхцөл байдал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл хамтын сан байгуулаад Д удирддаг. Хамтын санд оруулсан мөнгөнөөсөө илүү мөнгийг Х.Н, Н, Л.Ц нар нь авчихсан байдал харагдаж байгаа. Тэгэхээр хамтын сангаас залилсан гэх үйлдэл нь тусдаа, Г.Таас 7 сая төгрөг авсан асуудал нь тусдаа асуудал. Иймд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж үзээд гэмт хэргийн шинж байна уу гэдгийг анхаарч давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн давж заалдах гомдол дээр оноо 2002 он гээд буруу бичсэн байсныг залруулж хараарай гэжээ”

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болжээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Дыг Архангай аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт Г.Таас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Надад 10 хувьтай зээлүүлчих, өсгөөд 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр өгнө” гэж 7.000.000 төгрөгийг, мөн Х.Нгаар “Ундарга бүлэг задарна, багшдаа 2.000.000 төгрөг өөрийн нэр зээлээд өгөөч, сарын дараа бүлэг задарна буцаагаад өгье” гэж 2.000.000 төгрөг, Р.Нгээр 400.000 төгрөгийн зээл, Л.Цар 500.000 төгрөгийн зээл авхуулан өөрөө төлнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэн,  хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Д нь Архангай аймгийн Ж суманд гурван удаа хамтын сан  буюу бүлэг байгуулан хүмүүсээс мөнгөн хуримтлал үүсгэж, буцаан хүүтэй зээлүүлж байсан талаар гэрч, хохирогч нар мэдүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжгүй  гэж дүгнэн, шүүгдэгч С.Дын Х.Н, Р.Н, Л.Ц нарыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бүлэг задрахаар буцааж өгье гэж хэлэн Х.Нгаас 2.000.000  төгрөг, Р.Нгээс 400.000 төгрөг, Л.Цас 500.000 төгрөгийн зээл авахуулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч С.Дыг  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Ж сумын нутагт хохирогч Г.Таас 7.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлчих, өсгөөд 2020 оны 06 сарын 31-ний өдөр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн  байна.

С.Д, Г.Т нар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, 7.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү төлөхөөр гэрээ байгуулж, С.Дд 7.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд С.Д гэрээний дагуу хүүний төлбөрт 2019 оны  12 дугаар сарын 01-нд 700.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 02-нд 735.000 төгрөг,  02 дугаар сарын  02-нд 710.000 төгрөг, 03 дугаар сарын 02-нд 350.000 төгрөг, нийтдээ 2.495.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ /1-р хх-ийн 4 ху/, С.Дын дансны хуулга  /3-р хх-ийн 6-9 ху/  зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Талуудын хооронд Иргэний хууль тогтоомжинд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд шүүгдэгч С.Дын Г.Таас 7.000.000 төгрөг зээлсэн үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй байна.

 

            Шүүгдэгч С.Д нь Г.Таас зээлийн гэрээний дагуу авсан 7.000.000 төгрөгийг буцааж төлөхгүй, түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах субъектив санаа зорилго агуулж, түүнд чиглэсэн хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийсэн, гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан, үүнийг гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан болох нь тус тус тогтоогдоогүй,  нотлох баримт хэрэгт авагдаагүй тул дэлхий нийтийг хамарсан корона вирусын өвчлөлийн улмаас тогтоосон хөл хорио,  биеийн эрүүл мэндийн байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалан С.Д 2020 оны 3 сараас хойш  зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж  дүгнэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь ямар нэгэн эргэлзээгүй, үйл баримтыг бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх бөгөөд энэ үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, С.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                     Н.ЭНХМАА