Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 0023

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.З,

С.Д, Б.У, С.Д,

Д.С нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                             Ц.Л

Шүүгдэгч                                                          С.Д, Б.У, Б.З

Шүүгдэгч нарын өмгөөлөгч             М.М, Б.Б, Д.О

Нарийн бичгийн дарга                    Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б, М.М, шүүгдэгч С.Д, Б.У нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Б-н У,

Ж овогт С-н Д,

 

И овогт Б-н М,

Ж овогт Б-н З,

Ж овогт С-н Д,

 

   Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нар нь машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө    аймгийн        сумын       багийн        тоот хашаанаас иргэн Г.Б-н 46 боодол өвсийг хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  мөн Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд иргэн Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр       аймгийн       сумын нутаг            уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явахдаа иргэн С.Дтой харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, мөн С.Д нь тухайн үед Д.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.М, Б.У, С.Д, Б.З, С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

Б.М, Д.С, С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч И овогт Б-н М, Жарт овогт Б-н З, Ж овогт С-н Д, Ж овогт С-н Д, Б овогт Б-н У нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус бүр үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч И овогт Б-н М, Ж овогт С-н Д, Г овогт Д-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус бүр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.М, С.Д, Д.С нарт холбогдох хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.З, С.Д, С.Д, Б.У нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн тэнссэн хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Зд оногдуулсан 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Д, С.Д, Б.У нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Зд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Д, С.Д, Б.У нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мы цагдан хоригдсон 808 хоногийн хугацааг, шүүгдэгч Б.Згийн цагдан хоригдсон 261 хоногийн хугацааг, шүүгдэгч С.Дийн цагдан хоригдсон 122 хоногийн хугацааг, шүүгдэгч Б.У, С.Д нарын тус бүр цагдан хоригдсон 85 хоногийн хугацааг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь тус тус хасаж,

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Уын өмчлөлийн цагаан өнгийн        улсын дугаартай Мазда маркийн 5,200,000 төгрөгний үнэтэй тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, С.Д нараас тус бүр 1.040.000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.Уд олгож,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

 

... Нэг. Нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй тухайд С.Д, Б.У нар нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар уг гэмт хэргийг үйлдсэн талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй бөгөөд харин ч гэрч нарын мэдүүлэг, тэдний өөрсдийнх нь яллагдагч болон шүүгдэгчээр удаа өгсөн мэдүүлгүүд нь нотлогддог тул гэмт хэргийн субьектив талын шинжийг тогтоогдоогүй байхад ийнхүү бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх шүүхээс дүгнэхгүйгээр нотлох баримтуудыг жагсаан бичиж байгаад гэм буруугийн асуудлаар дүгнэсэн нь шүүхэд гэм буруугийн талаар явагдаагүй мэт ойлгогдохоор бичигдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тодруулбал миний үйлчлүүлэгч Б.У, С.Д нар нь удаа дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт Б.Уын шүүгдэгчээр өгсөн “...маргааш нь цагдаа ирээд чи өвс хулгайлсан гэхээр нь хулгай гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт С.Дгийн шүүгдэгчээр өгсөн “З залгаад “өвс 5000 төгрөгөөр зарна” гэж байна, та авах юм уу гэхэд 50 боодол өвс авъя, маргааш махаа борлуулаад мөнгийг нь өгье гэж тохиролцсон маргааш нь цагдаа ирэхэд хулгайн өвс гэдгийг мэдсэн”....гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Уын яллагдагчаар өгсөн “хулгайн өвс ачсан гэдгийг маргааш өглөө гэртээ байхад цагдаа нар орж ирэхэд мэдсэн...Би хулгайн өвс ачиж байна гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-151-152,154-155 хуудас/, С.Дгийн яллагдагчаар өгсөн “...би өвс хулгайлаагүй, Маас худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-161-162, 164, 165, 166 хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Мы яллагдагчаар өгсөн “...Д намайг хулгай хийсэн орой зодохоор нь би уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн. Яг үнэндээ бол би өөрөө өвс ачуулчихсан, Д, У, З, Д нарт “миний өвс байгаа юм, та нар худалдаж ав” гэж худлаа хэлээд ачуулчихсан юм...Д надад “Чи хулгайн өвс зараад байгаа юм уу” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гээд урдаас нь хэрэлдсэн, тэр үед Д над руу уурлаж бид хоёр машин замын хажууд талд зодолдсон, тэгээд салаад явсан... Анхнаасаа үнэнээ хэлээд шийдүүлэх байсан юм. Намайг хулгайн өвс ачуулж байсныг Д, З, Д, У нар мэдээгүй. Харин хар машинтай хүмүүс ирээд Д, З нарыг зугтаарай гэж хэлснээс хойш мэдсэн, яг тэр үед Д, У нар мэдээгүй хар машинтай хүмүүстэй уулзаад байсан. Д намайг хулгайн өвс зарлаа гэж зодсон ... нөгөөдөр нь цагдаа гэрт ирээд бариад явахаар нь би “өвс хулгайлаагүй гээд худлаа яриад эхэлсэн, “энэ хэргийг хурдан шийдвэрлэж буруугүй хүмүүсийг шалгаж өгнө үү” гэж хүсэж байна. Анхнаасаа миний буруу худлаа ярьсандаа гэмшиж байна, ямар ч буруугүй хүмүүсийг хэрэгт татаж мэдүүлэг өгсөндөө их гэмшиж байна” гэх мэдүүлэг /2-р хх-175-176 хуудас/,

мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Згийн яллагдагчаар өгсөн “...Д эгч миний утас руу залгаад “хөдөөнөөс ороод ирлээ, өвс худалдаж авах хэрэгтэй байна, хямдхан өвстэй газар байна уу, мэдэж байгаа хүн байна уу” гэж ярьсан. Би М ахад “эгч ороод ирчихсэн өвс авах гээд явж байна гэнэ” гэж хэлэхэд М ах надад өвс байгаа, хэдэн төгрөгөөр зараад байгаа юм бол гэхээр нь би “гадуур 7.000 төгрөг гэж байсан” гэхэд М ах “надаас 5.000 төгрөгөөр өвс ав, жаахан цагаандуу өвс байгаа шүү” гэж хэлсэн. М ах Д ах бид хоёрыг дагуулаад өвс ачсан гэх хашаа даваад хашаан дотор хураачихсан байсан өвсийг аваад хашаа давуулж шийдсэн, хашааны гадаа Д эгч, У эгч нар машин дээр өвс ачсан гудамжинд машины гэрэл тусаад ... М ах “зугтаарай” гэхээр нь бид гурав хашааг даваад зугтаасан М “миний өвс гээд байсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-181-182, 2-р хх-42/,

мөрдөн шалгах ажиллагааны үед С.Дийн яллагдагчаар өгсөн “...Сүүлийн удаа зөөж байхад хашааны гадаа машины гэрэл тусаад машин ирж байхад М, З бид гурав хамт өвс гаргаж байсан хашааны хойд талын хашааг даваад зугтаасан, М “зугтаарай” гээд байсан юм...би Мд “хулгайн өвс ачуулсан байна” гэхэд М “би мэдэж байна” гээд байсан. Мд “чи миний дүү нарыг хэрэгт оруулах гээд байгаа юм уу” гээд хоорондоо маргалдаад бид хоёр засмал замын хажуу талын шороон дээр зодолдоод тэндээсээ салаад явсан. Овоолсон өвсний урд талаас нь хашаа давуулаад зөөгөөд байсан, хулгайн өвс гэдгийг мэдээгүй, хашаанд байхад гэрээс хүн ч гарч ирэхгүй байсан. Бид нар хулгай хийгээгүй, Маас Д өвс худалдаж авч байна гэж ойлгоод өвсийг ачиж өгсөн, М өвс зарсан....” гэх мэдүүлгүүд,

гэрч Т.Н, Т.Б, Э.Э, Б.Ч нарын мэдүүлгээр Б.У бид хоёрыг  ... уг өвсийг худалдан авч байгаа, Булгаа гэдэг хүнээс 1 боодлыг 5.000 төгрөгөөр худалдан авч байгаа ... гэж тухайн үед хэлж байсныг бүгд л гэрчилсэн. Уг хэрэгт мөрдөн байцаалтын үед гэрчээр асуугдаж, худал мэдүүлэг өгөөд тэрнээс хойш олдохоо байсан Б.Мы гэрт хүүхдүүдтэйгээ амьдарч байсан гэдэг М.Б, М.М гэх эхнэр, нөхөр болох хоёр гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасны дагуу цуглуулаагүй, шүүгдэгч Б.Мы хараат байдалд байсан гэрчүүдийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй, эх сурвалжгүй, хэргийн гарсан байдлыг гэрчлэхгүй харин шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн М.Мөнх-Ундраагийн мэдүүлэг нь С.Д, Б.У нарыг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болохыг нотолсон.

Гэтэл анхан шатны шүүхээс түүний мэдүүлгүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд ... худал хэлсэн ... гэж мэдүүлсээр байхад тухайн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн, үнэлээгүй бол яагаад үнэлэхгүй байгаа талаарх хууль зүйн дүгнэлт байхгүй байна. Иймээс нотлох баримтыг яллах талд ашигтайгаар тайлбарлахын оронд үнэнээр үнэлж дүгнүүлэхийг хүсэж байна.

Хоёр. Миний үйлчлүүлэгч С.Дгийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдал нь тэрээр малчин бөгөөд өвс худалдан авах хүсэл зорилготой, хэрэгцээтэй байсан ба уг өвсийг Б.Маас хямдаар худалдан авахаар дүү Б.Згийн холбож өгсний дагуу түүнд гар утсанд нь нэгж хийж өгөх, бэлнээр 50.000 төгрөг урьдчилж өгч, үлдэгдэл өвсний үнийг малын мах зарсны дараа төлөхөөр болж, Б.Мы одоо ав, тэгэхгүй бол өглөө эрт хөдөө явах болсон гэх шахалтын дагуу аргагүйн эрхэнд шөнөөр дүүгийн эхнэр болох Б.Уыг гуйж машинд нь түлш хийж, улмаар 46 боодол өвсийг илээр /гэрчүүдийн нүдэнд/ авч явж Б.Уын хашаанд аваачиж буулгасан байх ба        аймгийн Цагдаагийн газраас тус өвсийг буцааж өг гэсний дагуу буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Харин миний үйлчлүүлэгч Б.Уын үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хадам эгч С.Дгийн нөхөр нь хавдартай, бие муу байгаа байдал, С.Дгийн өвс зөөж өгөөч гэх хүсэлтэд үндэслэн түүнд туслах гэсэн дүүгийн сэтгэлээр хандаж, өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Б.Мы өглөө эрт хөдөө явах болсон тул одоо өвсөө авбал ав ... гэх шахалтад орсон С.Дгийн гуйсны дагуу түүний мөнгөөр автомашиндаа түлш хийлгэн улмаар хэрэг гарсан гэх газарт очиж, С.Дд туслан өвсийг нь ачилцаж, өөрийн хашаандаа буулгаж, улмаар Орхон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчийн хэлсний дагуу хохирогч Г.Б-д буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон байна. Уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг” гэж үзэж, гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй байгааг анхаарч хянаж өгнө үү.

Гурав. Бүлэглэн гэмт хэрэг үйлдэх хуулийн зохицуулалтын хувьд гэмт хэрэгт хоёр болон түүнээс дээш хүн санаатайгаар нэгдэж, үйлдэл оролцоогоо тогтоож, урьдчилан хэлэлцэж тохиролцон, гэмт санаа зорилгод сэтгэхүйн хувьд нэгдэж үйлддэг үндсэн шинжийг агуулж байх учиртай. Гэтэл уг хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзвэл миний үйлчлүүлэгч С.Д нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа атлаа Б.Мтай өвс худалдан авахаар тохиролцож буй байдал, түүнд урьдчилгаа төлбөр болгон гар утсанд нь нэгж хийлгэх зорилгоор Б.Уын хүүхдийг дэлгүүр явуулж цэнэглүүлсэн, Б.Мд өвсний үнэ болгож урьдчилж мөнгө өгч байгаа байдал, улмаар автомашинтай дүү Б.Уыг гуйж улмаар худалдан авч байгаа өвсөө зөөж өгөөч гэж хүсэж байгаа байдал, улмаар шөнө өвс ачиж байхад ирсэн гэрчүүд дээр очоод худалдаж авч байгаа тэдэнд хэлж буй байдал зэргээр түүнд Б.Мтай санаа, зорилго, үйлдлээрээ нэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин Б.Уын хувьд өвс хулгайлах үйлдэлд санаа зорилгоороо, үйлдлээрээ нэгдээгүй болох нь энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Д өвс авах гэж байгаа хүндээ хүүхдээр нь нэгж хийлгэж, мөнгө өгч байгааг хараад худалдан авч байгаад нь бат итгэж, С.Дгийн хүсэлтийн дагуу түүнд туслахаар худалдаж авч байгаа өвсийг нь зөөж өгөхөөр Б.Мы заасан хашааг харанхуйд мэдэхгүй ч түүгээр заалган очиж, улмаар уг өвсийг С.Дд ачихад нь тусалж, ачсаны дараа өөрийн хашаандаа аваачиж буулгаж, шөнө ирсэн гэх гэрчүүдэд өвс худалдан авч байгаа тухай хэлж байсан байдал зэрэг нь түүнийг Б.Мтай хулгайлах үйлдэлд нэгдээгүй, түүнийг өвс хулгайлж С.Дд худалдаж байгааг мэдээгүй байдлаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал С.Д, Б.У нь Б.Мтай санаа зорилгоороо нэгдэж өвс хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзвэл тэдний санаа зорилго нь хэрхэн нэгдсэнийг нотолсон нэг ширхэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг анхаарч хянаж өгнө үү.

Дөрөв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь сэдэлт зорилгын хувьд шунахайн сэдэлтээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Дд өвс авах хэрэгцээ байсан боловч түүнийг шунахайн сэдэлт гэж дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь шунахайн сэдэлт нь хүн бүхэнд байдаг ямар нэг эд хөрөнгө олж авах хэрэгцээ бус харин түүнийг хариу төлбөргүй, үнэгүй авах сэтгэл зүйн байдалд тулгуурласан шунахайн сэтгэлд автсан шууд үйлдэл бүрдэж байж улмаар уг гэмт хэргийн субъектив талын шинж нь хангагддаг. Гэтэл миний үйлчлүүлэгч С.Д нь уг өвсийг худалдаж авахаар тохиролцож, улмаар Б.Мд нэгж шилжүүлэх, бэлэн мөнгө өгөх зэргээр урьдчилгааг нь төлж, үлдэгдэл төлбөрийг маргааш нь малын махаа зарснаар төлөхөөр тохиролцож, улмаар гэрч нарт хүртэл худалдаж авч байгаа тухайгаа хэлж байсан нь С.Д болон Б.У нарын үйлдэл, сэтгэл зүйн байдал нь хулгайлах гэмт хэргийн субъектив талын шинжийг бүрэн үгүйсгэж байгааг анхаарч хянаж өгнө үү.

Тав. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүй байх зорилгоор ... нууцаар ... үйлдэгддэг бөгөөд шөнийн цагаар өвс ачих болсон шалтгаан нь өвсийг худалдагч болох Б.М нь өглөө эрт хөдөө явах болсон тул одоо яаралтай авбал ав ... гэж хэлснээр С.Дгийн хувьд хүнд өвчтэй нөхрөө асарч, өдөр шөнө нойргүй байж, тэр ч бүү хэл тэр шөнө Б.Уын гэрт унтаж байхад нь Б.М сэрээж одоо л өвсөө авахгүй бол хөдөө явах гэж байгаа тухай хэлснээр аргагүйн эрхэнд шөнөөр өвс авахаар явах болсон болох нь хангалттай тогтоогдож байна.

Энэ үйл баримтаас үзвэл өвсний эзэн гэж, худалдаж байгаа тухайгаа хангалттай итгүүлсэн Б.М /хувийн байдлын хувьд уг төрлийн хэрэгт олон удаа холбогдсон/-ы хэлсэнд итгэснээрээ бусад шүүгдэгч нар бусдын хөрөнгийг нууцаар авах санаа зорилгогүй байсан болох нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын уг хэрэгт олон удаа өгсөн мэдүүлгийн тэмдэглэл зэргээс дүгнэвэл Б.У, С.Д, С.Д, Б.З нарын хувьд бүгд уг өвсний “өмчлөгч нь Б.М” гэдэгт бүрэн итгэсэн сэтгэл зүйд автсанаараа уг хөрөнгийн өмчлөгч нь өгч байгаа гэж бодож байсан нь тэдний үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцож зүйлчлэх хууль зүйн боломжгүйг хангалттай харуулж байна.

Нөгөө талаас шүүгдэгч С.Д нь түүнийг “хулгайн өвс дүү нарт зарлаа” гэж цохисон болохоо олон удаа мэдүүлж байсан байх ба уг байдлаас болж тэднийг энэ хэрэгт гүтгэсэн болохоо шүүгдэгч Б.М нь уг хэрэгт өмгөөлөгчийн хамт 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр           аймгийн Цагдаагийн газрын        дугаартай мэдүүлэг авах өрөөнд 09 цаг 50 минутад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ... Д намайг хулгай хийсэн орой зодохоор нь би уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн, яг үнэндээ бол би өөрөө өвс ачуулчихсан, С.Д, Б.У, Б.З, С.Д нарт миний өвс байгаа юм, та нар худалдаж ав, гэж худлаа хэлээд ачуулчихсан юм ... би Дид зодуулсандаа шаралхаад худлаа хэлчихсэн юм, ... би Дгээс ойролцоогоор 50.000 төгрөгийг авсан, надад мэдүүлэг заасан хүн байхгүй, би Дид зодуулсандаа шаралхаад худлаа мэдүүлэг өгсөн, тэрнээс намайг ингэж, тэгж мэдүүлэг өг гэж зөвлөсөн хүн байхгүй, ...намайг хулгайн өвс ачуулж байсныг С.Д, Б.З, С.Д, Б.У нар мэдэхгүй байсан, харин хар машинтай хүмүүс ирээд би С.Д, Б.З нарыг зугтаарай гэж хэлснээс хойш мэдсэн, яг тэр үед С.Д Б.У нар мэдээгүй хар машинтай хүмүүстэй уулзаад байсан, С.Д намайг хулгайн өвс зарлаа гээд уурлаад зодоод байсан юм., нөгөөдөр нь намайг цагдаа гэрт ирээд бариад явахаар нь би өвс хулгайлаагүй гээд худлаа яриад эхэлсэн, ... энэ хэргийг хурдан шийдвэрлэж, буруугүй хүмүүсийг салгаж өгнө үү, анхнаасаа миний буруу, худлаа ярьсандаа гэмшиж байна, ямар ч буруугүй хүмүүсийг хэрэгт татаж мэдүүлэг өгсөндөө их гэмшиж байна ... гэж мэдүүлэг өгсөн нь хэргийн 162-163 дахь талд авагдсан “яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх нотлох баримтаар С.Д, Б.У нарын яллагдагч, шүүдэгчээр удаа дараалан өгсөн мэдүүлэг хангалттай нотлогдож байна.

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгч С.Д, Б.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо:

 

... Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтуудаар         аймгийн      сумын      багийн     дугаар гудамжны       тоот хашаанаас хохирогчийн эзэмшлийн 46 боодол 276.000 төгрөгийн үнэ бүхий өвсийг Б.Уын      улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж Б.Уын хашаанд Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нар буулгасан үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч С.З, Б.У, С.Д, С.Д нар нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын үед “Б.Маас 1 боодол өвсийг 5 000 төгөөгөөр худалдан авахаар тохирч, өвсийг ачилцсан, өвсийг тээвэрлэж өгсөн, өвс ачих хашааг Б.М зааж өгсөн...хулгайн өвс гэж ойлгоогүй, мэдээгүй, гэмт хэрэг үйлдээгүй ..." гэх агуулгатай мэдүүлгийг тууштай өгч гэм буруугийн асуудлаар маргасан.

Дээрх гэм буруугийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед маргасан шүүгдэгч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл гэмт хэргийн субъектив шинж байгаа эсэх асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхээс хийх замаар шүүгдэгч нарын маргаж буй үндэслэлийг няцаан үгүйсгэх шаардлагатай байсан.

Гэтэл анхан шатны шүүх гэм буруугийн маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ С.З, Б.У, С.Д, С.Дийн нарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний салшгүй нэг элемент болох субъекив шинжийг нотолсон баримт нотолгоог үндэслэл болголгүйгээр, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр гэм буруутайд тооцсон байна.

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтээр буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн байхыг шаарддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал нотолсон байхыг шаарддаг.

Прокуророос хуульд заасан заавал нотолбол зохих сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шүүгдэгч С.З, Б.У, С.Д, С.Д нарын хувьд нотлон тогтоосон эргэлзээгүй баримтыг яллах дүгнэлтдээ заагаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын маргаж улсын яллагчтай мэтгэлцэж буй субъекив шинж /гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр/-ийн талаарх дүгнэлт хийгээгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан гэрч Э. Э-н “ өвс ачиж байсан хүмүүс ирээд бид нар хулгай хийгээгүй гэхээр нь бид нар цагдаад дуудлага өгнө гэхэд бид нар хулгай хийгээгүй юм чинь энэ өвсийг эндээ буулгачих уу гэхэд Б нэгэнтээ худалдаж авсан бол аваад явахгүй юу гэж хэлсэн”,

Б.Ч-н “Б-н хашааны гадаа ирэхэд нөгөө машинтай хоёр эмэгтэй араас ирээд өвсийг буулгачих уу, хулгай хийгээгүй, худалдаж авсан юм гэж хэлсэн. Тэр үед Б худалдаж авсан юм бол юуг нь буулгадаг юм бэ ачаад авахгүй юу гэж хэлээд тэр хоёр эмэгтэйг явуулчихсан. Хэнээс өвс авч байгаа юм бэ гэхэд нэг эрэгтэй хүнээс авч байгаа гэх шиг болсон......”,

Ү.Х-н “Ч өвч ачиж байсан машин дээр түлхүүрийг нь аваад хаанаас авч байгаа юм бэ хулгайн өвс юм уу гэж асуухад 5.000 төгрөгөөр нэг боодол өвсийг худалдаж авсан гэж тэр хоёр эмэгтэй хариулж байсан. Тэгээд тэд нар над дээр ирээд машины дугуй тайлж байхад өвс ачиж байсан хоёр эмэгтэй ирээд энэ өвсийг буулгачих уу, хүнээс худалдаж авсан юм гэж хэлж байсан шиг санагдаж байна. Хэнээс өвс авч байгаа юм бэ гэхэд нэг эрэгтэй хүнээс авч байгаа гэх шиг болсон ...”,

Г.Б-н “хоёр эмэгтэй өвс зөөгөөд ачаад байхаар нь бид нар буугаад юун өвс ачаад байгаа юм бэ гэхэд нэг эмэгтэй манаачаас нь худалдаж авч байна, нэг боодол өвсийг 5.000 төгрөгөөр худалдаж авч байгаа гээд байхаар нь бид нар түлхүүрийг нь аваад цагдаа дуудлага өгнө гэхэд манаачаас нь худалдаж авч байгаа гээд байхаар нь машины зургийг Э гар утсаараа дараад бид нар түлхүүрийг нь өгчихөөд манай хашааны гадаа ирэхэд нөгөө хоёр эмэгтэй араас ирээд одоо яах уу, энэ өвсийг буулгах уу гэхээр нь бид нар яаж мэддэг юм бэ та нар худалдаж авсан гээ биз дээ гэж хэлээд явуулчихсан ... 2018 оны 02 дугаар сард таксинд явж байхад хорооллын эцсийн харалдаа байх гандангийн харалдаа зам дагуу зогсож байсан хүнийг авах гээд зогсоход нэг эмэгтэй Б-тэй мэндлээд юм ярихад би тэр эмэгтэй өвс ачиж байсан хоёр эмэгтэйн нэг нь байсан. Цаашаагаа таксинд явчихсан тэрнээс хойш нэлээд хэд хоногийн дараа миний утас руу нэг эмэгтэй залгаад “би өвс ачиж байсан эмэгтэй байна, миний машиныг цагдаа хураачихсан, чи хамт явж байсан хүмүүсээ дагуулаад цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөд өгөөч” гэхээр нь би миний утасны дугаарыг хаанаас авсан юм бэ гэхэд Б-с авсан гэсэн. Би тэр эмэгтэйд надад цагдаа дээр очих шаардлага байхгүй, зав ч байхгүй гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлгүүд тус тус гэм буруугийн асуудлаар маргаж буй шүүгдэгч нарын “Б.Маас 1 боодол өвсийг 5.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өвсийг ачилцсан, өвсийг тээвэрлэж өгсөн, өвс ачих хашааг Б.М зааж өгсөн ... хулгайн өвс гэж ойлгоогүй, мэдээгүй, гэмт хэрэг үйлдээгүй ...” гэх мэдүүлгүүдтэй агуулгын хувьд зөрүүгүй байна.

Харин яллах дүгнэлтийн хавсралтад заасан гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдсэн. Тодруулбал гэрч М.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ Б.Мы гэрт амьдарч байсан болохоор түүний гуйлтаар худлаа мэдүүлэг өгсөн гэх агуулгатайгаар няцааж үгүйсгэсэн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр өгсөн. Энэ мэдүүлгийн эрс зөрүүтэй байдлын талаар анхан шатны шүүх дүгнэлт огт хийгээгүй байна.

Ийнхүү шүүх хуралдааны явцад С.З, Б.У, С.Д, С.Д нарын гэмт хэрэгт буруутгаж буй үйлдэлд гэмт хэргийн субъектив шинж байгаа эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал бий болсон. Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагч нарын хоорондох маргаан мэтгэлцээнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй байна. Иймд Б.Зд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүгдэгч С.Д давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 19-нд          сумаас        рүү нөөцөлсөн махаа борлуулж өвс тэжээл гурил будаа авахаар орж ирсэн. Миний нөхөр Ж.Д ходоодны хорт хавдрын эцсийн шатны оноштой гэртээ хэвтэрт байсан. Надад өвс авах хэрэгцээ байсан боловч хулгай хийх санаа зорилго байгаагүй. Хэдэн малынхаа буянаар амьдралын боломжтой байдаг. М 5.000 төгрөгөөр өвсөө зарна мөн өглөө эрт хөдөө явна гэж яриад аргагүй эрхэнд шөнө өвс авах болсон. Энэ хүнд Мд өвсний үнийн урьдчилгаа болгож 10.000 нэгж, 50.000 төгрөг төлж үлдэгдэл мөнгийг махаа борлуулж төлөхөөр тохирсон байсан. Төлөх гэж байтал Цагдаагийн ажилтан орж ирээд үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Уг хэрэгт миний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтэд шүүхээс няцаалт хийгээгүйг гайхаж байна, тэгсэн атлаа намайг гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй  байна.

Мөн Мы ятгалгаар худал мэдүүлсэн М-н мэдүүлгийг шүүх бүрэн бичээгүй байна. Мы гэрт болсон үйл явдлыг М үнэн зөвөөр мэдүүлсэн юм. М мөрдөн байцаалтын үед өмгөөлөгчөө байлцуулж өгсөн мэдүүлэг өгөхдөө энэ хэргийн болсон үйл явдлыг үнэнээр нь ярьсан байдаг. Энэ Мы мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлснээ бичээгүй орхиж байгаад би гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны шийтгэх тогтоолоор намайг гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо:

 

... Б.З, С.Д, С.Д нар нь төрсөн ах дүү улс бөгөөд би тэдний бэр юм. Эдгээр хүмүүс Б.Мтай урьдчилан үгсэн тохиролцоод намайг унаа машинтай болохоор ашигласан. Тэднийг өвс хулгайлахаар тохиролцсон гэдгийг өвс ачиж авч явснаас хойш мэдсэн. Энэ талаар би удаа дараа мэдүүлж ирсэн. Эдгээр хүмүүс намайг өвс хулгайлахаар явсан, мэдэж байсан гэдгийг хэлдэггүй, хэлэх ч үндэс байхгүй. Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо дээрх хүмүүсийн болон миний мэдүүлгээр нотлогдож байна гэж буруу дүгнэлт хийсэн байсан. Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд тэгж бичсэн байна. Хэрэв өвсийг хулгайлах гэж байсан бол би юу гэж явах билээ. Шүүхээс намайг өмнө нь цагаатгаж байсан мөртлөө одоо яагаад шийтгэж байгааг ойлгохгүй байна. Хэдийгээр Өршөөлийн хуулиар намайг хорихгүйгээр шийтгэсэн ч өвс хулгайлсан гэж үзсэнд маш их гомдолтой байна. Хэрэв би өвсийг хулгайлж байгааг мэдсэн бол өвс ачиж байхад ирсэн хүмүүс дээр нүүр тулж очоод л уулзаж яриад л өөрийгөө таниулаад байх уу. Хэн ч бодсон шууд л зугтана, нуугдана биз дээ. Хэрэв тэдгээр хүмүүс “За за, яв яв” гээгүй бол би өвсийг ачаад явахгүй л байсан. Тэдгээр хүмүүсийн үгэнд итгэсэн нь буруу болсон байна. Хэрэгт байгаа баримтуудаас нэг ч баримт намайг өвс хулгайлсан гэдгийг нотлохгүй. Надад маш их харамсалтай бас маш их гомдолтой байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү ... гэжээ.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

 

... Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Зд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр           аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн          дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн тэнссэн хугацааг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Зд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтэн эдлэх ялыг хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоолгүйгээр, тэнссэн хугацааг нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.З тайлбартаа: ... Прокурорт гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээр шийдүүл гэсэн. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Д тайлбартаа: ... Би Б.Згоос өвс худалдаж авсан. Хулгайн өвс гэдгийг дараа нь мэдсэн. Үнэн зөвийг олж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.У тайлбартаа: ... Би үнэхээр гомдолтой байна. Нөхрийнхөө эгчид туслах гээд явсан. Үнэн зөвийг тогтоож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Улсын яллагч нийтэд нь ялласан ... Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Хэрэгт авагдсан баримтад Б.Уын үйлдэл тогтоогдоогүй. Өвс ачихад байсан, ямар яриа болсныг мэдээгүй. Хүмүүс ирэхэд бид худалдаж авсан гэж хэлсэн ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүгдэгч С.Д, Б.У, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б, М.М нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Мд 3 жилийн хугацаагаар, Б.З, С.Д, С.Д, Б.У нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

шүүгдэгч Б.М, Д.С, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Зд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн        дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн тэнссэн хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Зд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Д, С.Д, Б.У нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Д, Б.У, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б, М.М нар “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол, мөн дээд шатны прокурор ... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ... гэсэн агуулгатай эсэргүүцэл тус тус гаргажээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ... гэсэн Шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

 

            Шүүгдэгч Б.З нь урьд        аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн        дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө    аймгийн      сумын      багийн          тоот хашаанаас иргэн Г.Б-н 46 боодол өвсийг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Зд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Тодруулбал: Б.Зд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх атал хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 2 жилийн хугацааг нэмж нэгтгэсэн нь буруу болжээ.

 

            Шүүхийн энэхүү шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б, М.М, шүүгдэгч С.Д, Б.У нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

           

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б, М.М, шүүгдэгч С.Д, Б.У нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, Б.У, С.Д, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Л.АРИУНЦЭЦЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР