Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 02165

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02165

 

 

 

 

М.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02161 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Агийн хариуцагч “Г.Э ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би тус компанид 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр сургалтын менежерээр томилогдон, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд үүний дараа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр элсэлтийн менежерээр томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 13/20 дугаартай тушаалаар гэнэт ажлаас халагдсан. Тус компанийн захирал Т.Очгэрэл нь намайг ажлаас халахдаа огт урьдчилан мэдэгдээгүй бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хийж байхад гэнэт чамайг ажлаас халлаа, 2019 оны 11 дүгээр сараас хойш чамайг хоолтой, мөнгөтэй байлгаж байна, гомдолгүй, өнөөдөр ажлаа өг гээд дээрх 13/20 дугаартай тушаалыг гаргасан. Ажил олгогч нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил олгогч болон ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа бодитоор үүссэн нь нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт болон ажил олгогчийн гаргасан ажлаас халах тушаал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатарын хариу мэдэгдэх хуудас, Ээлжийн амралтын олговрыг нөхөн олгуулах тухай улсын ахлах байцаагчийн акт зэргээр нотлогдоно. Намайг мөнгө төгрөг дутаасан гэж ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Би дутаад байхаар мөнгө төгрөгтэй харьцдаггүй. Би шинээр хүн элсэхэд л 30.000 төгрөг хураадаг. Над руу утасаар ярьсан мессеж бичсэн гээд байгаа нь худал, нэг удаа ярьсан би энэ хүнийг ярихаар нь надад хууль зүйн зөвлөгөө өгөх гэж байна гэж ойлгосон. Түүнчлэн ажил олгогч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 13/20 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг заасан нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон ажил олгогчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, М.А намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1.878.083 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ковид ханиад гарсантай холбоотойгоор нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг улс төлж байгаа тул эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага М.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ манай байгууллага М.Агийн нэхэмжилж байгаа шиг их мөнгө өгч чадахгүй, түүний амралтын мөнгийг нь олгосон байгаа. Одоо нэмж өгөх юм бол наадмын өдөр, хагас бүтэн сайн өдрийг хасаад 850.535 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй. Шүүхээс манай байгууллагыг дуудсан өдөр манай захирал М.Аг ажилд нь эгүүлэн тогтоосон 16/20 дугаартай тушаал гаргасан. Энэ тухай би М.Агийн гар утас руу утасдаж хэлсэн боловч ажилдаа ороогүй байгаа болно. Би нэхэмжлэгч М.Агийн гар утас руу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тушаал чинь гарсан шүү ажилдаа ороорой гэсэн мессежийг хүртэл явуулсан. М.А компани хоёрын хооронд өр төлбөрийн асуудал байгаа ч өнөөдөр ярихгүй, компаний зүгээс тушаал гарсан гэж яриагүй байж болно, харин ирж ажилдаа ор гэхэд ирээгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.,128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Аг Г.Э  ХХК-ийн элсэлтийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугаааны цалинд 1.969.696 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Алтантуяад олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Агийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Г.Э  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46465 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд зөвшөөрч байгаа тайлбараа 2020 оны 8 сарын 20-ны өдөр гарган өгч тус өдөр ажилтанг урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу компанийн элсэлт хариуцсан менежирийн ажил албан тушаалд эгүүлэн томилж энэ тухайгаа 2020 оны 8 сарын 24-ний өдөр ажилтан М.Ад мэдэгдсэн бөгөөд хэргийн материалд энэ талаар Ажил олгогчийн 2020 оны 8 сарын 20-ны өдрийн №15/20 дугаартай туаал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 88137375 дугаарын утсанд явуулсан мэссэж зэргээр нотлогддог. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл ажилдаа ороогүй байгаа нь ажилдаа орох хүсэлт сонирхол байхгүй байгаа нь харагдаж байхад шүүх ажилтанг бодитоор ажилдаа ороогүй, уг тушаалтай танилцаагүй гэж үзэн ажилд нь эгүүлэн томилсон нь үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Мөн манай байгууллага нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа 2020 оны 8 сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн. Гэтэл шүүх манай байгууллагын зөвшөөрсөн тайлбарыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь холбогдох журмыг зөрчсөн. Түүнчлэн, ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолохдоо дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу бодож тооцоолох ёстой байтал нийт 2 сарын хугацаанд ажилгүй байсан гэж ерөнхийлөн үзэж, нэхэмжлэгчид олгосон 749 472 төгрөгийг хасч тооцолгүйгээр 1 969 696 төгрөгийг хариуцагаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, бодит тооцоололд тулгуурлаагүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч М.А нь байгууллагаас 1 803 310 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 200 000 төгрөгийн бэлэн мөнгийг хувьдаа авч ашиглан байгууллагыг хохиролд оруулсан тул ажилтан М.Аг ажлаас халах тушаал гаргасан. Байгууллагад учруулсан энэ хохирлоо хүлээн зөвшөөрч 2020 оны 8 сарын 03-ны өдөр компанийн дансанд 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл шүүх хурлын явцад худал мэдүүлэг өгч өөрийн хууль бус үйлдлээ нуун далдлах тайлбар хэлснийг шүүхийн зүгээс үнэлж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд үндэслэлгүйгээр тооцогдсон 1 018 065 төгрөгийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч “Г.Э ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээр зөвшөөрч тайлбарласан.

М.А нь “Г.Э ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс сургалтын менежэрээр ажилд орж, 2019 оны 6 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2020 оны 1 сарын 01-ний өдөр элсэлт хариуцсан менежерийн албан тушаалд томилогджээ.

Хариуцагч компанийн захирлын 2020 оны 7 сарын 01-ний өдрийн №13/20 дугаар тушаалаар М.Аг 2020 оны 7 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон элсэлт хариуцсан менежерийн албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 1-3/

Хэдийгээр ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй ч энэ нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч “Г.Э ” ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №15/20 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон, уг тушаалыг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн 89199989 дугаарын утас руу “... сайн уу, ажилд эгүүлэн авах тушаал чинь гарсан байгаа шүү, ажилдаа ороорой...” гэх агуулгатай мэссэж илгээсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх28-30/ Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 8 сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд “... нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авсан тушаалыг гаргасан, цалин 850 535 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй...” гэх тайлбар гаргасан байна. Иймд хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авсан гэх байдал нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч зөвшөөрсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч ажилд томилсон тушаал гарсан болохыг хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан болсон өдрөөс лавтай мэдсэн учир ажилдаа орох боломжтой болсон, түүний ажил, хөдөлмөр эрхлэх эрхийн зөрчил арилсан гэж үзэхээр байна. Хариуцагч компанийн зүгээс ажилтанд 2020 оны 07 сарын 16, 29-ний өдрүүдэд /ажилгүй байх хугацаанд/ 749 473 /400 000 +349 473/ төгрөгийг цалин гэх агуулагаар олгосон болох нь хэргийн 26 дугаар талд авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.Агийн ажилгүй байсан хугацааны    олговорт  нийт 1 910 640 /40*47 766/ төгрөг гаргуулахаас өмнө олгогдсон 749 473 төгрөгийг хасч, 1 161 167 төгрөгийг хариуцагч “Г.Э ” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ. Ажилгүй байсан хугацааг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 40 хоногоор тогтоох бөгөөд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн сүүлийн 3 сарын дундаж цалин 984 848 төгрөгөөс тооцсон болно. /хх-4-6/

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02161 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Агийн “Г.Э ” ХХК-ийн элсэлт хариуцсан менежэрийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч “Г.Э ” ХХК нь зөвшөөрснийг, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзсныг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.“ гэж,

 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 161 167 төгрөгийг хариуцагч “Г.Э ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 716 916 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

 3 дахь заалтын “46 465” гэснийг “32 418” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 28 985 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                                     Б.НАРМАНДАХ