Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2020/02161

 

 

 

 

 

         2020         08           31

 181/ШШ2020/02161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК -д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, хариуцагчийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие М.А нь ГХХК-д элсэлтийн менежерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 13/20 дугаартай тушаалаар гэнэт ажлаас халагдсан болно.

Миний бие тус компанид анх 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр сургалтын менежерээр томилогдон 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд үүний дараа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр элсэлтийн менежерээр томилогдон ажиллаж байгаад ийнхүү ажил олгогчийн санаачлагаар ажлаас гэнэт халагдсан.

Тус компанийн захирал Т.О нь намайг ажпаас халахдаа огт урьдчилан мэдэгдээгүй бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хийж байхад гэнэт чамайг ажлаас халлаа, 2019 оны 11 дүгээр сараас хойш чамайг хоолтой, мөнгөтэй байлгаж байна, гомдолгүй, өнөөдөр ажлаа өг гээд дээрх 13/20 дугаартай тушаалыг гаргасан болно.

Ажил олгогч нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил олгогч болон ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа бодитоор үүссэн нь нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт болон ажил олгогчийн гаргасан ажлаас халах тушаал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатарын Хариу мэдэгдэх хуудас, Ээлжийн амралтын олговрыг нөхөн олгуулах тухай Улсын ахлах байцаагчийн акт зэргээр нотлогдоно. Намайг мөнгө төгрөг дутаасан гэж ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Би дутаад байхаар мөнгө төгрөгтэй харьцдаггүй. Би шинээр хүн элсэхэд л 30.000 төгрөг хураадаг. Над руу утасаар ярьсан мессеж бичсэн гээд байгаа нь худал, нэг удаа ярьсан би энэ хүнийг ярихаар нь надад хууль зүйн зөвлөгөө өгөх гэж байна гэж ойлгосон.

Түүнчлэн ажил олгогч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 13/20 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг заасан нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон ажил олгогчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, М.А намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1.878.083 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Миний бие ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ковид ханиад гарсантай холбоотойгоор нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг улс төлж байгаа тул эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага М.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.

Гэхдээ манай байгууллага Алтантуяагийн нэхэмжилж байгаа шиг их мөнгө өгч чадахгүй, түүний амралтын мөнгийг нь олгосон байгаа. Одоо нэмж өгөх юм бол наадмын өдөр, хагас бүтэн сайн өдрийг хасаад 850.535 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй. Шүүхээс манай байгууллагыг дуудсан өдөр манай захирал М.Аг ажилд нь эгүүлэн тогтоосон 16/20 дугаартай тушаал гаргасан.

Энэ тухай би М.Агийн гар утас руу утасдаж хэлсэн боловч ажилдаа ороогүй байгаа болно. Би нэхэмжлэгч М.Агийн гар утас руу 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдөр тушаал чинь гарсан шүү ажилдаа ороорой гэсэн мессежийг хүртэл явуулсан. Алтантуяа компани хоёрын хооронд өр төлбөрийн асуудал байгаа ч өнөөдөр ярихгүй, Компаний зүгээс тушаал гарсан гэж яриагүй байж болно, харин ирж ажилдаа ор гэхэд ирээгүй гэв.

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч ГХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 1.878.083 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ГХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч ...ажилгүй байсан хугацааны цалинд 850535 төгрөг л өгөх боломжтой, ажилдаа ор гэсэн боловч ирээгүй ... гэж тайлбарлаж байгаа болно.

            Хариуцагч /ажил олгогч/ ГХХК нь нэхэмжлэгч /ажилтан/ М.Аг ажилд авахдаа түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь талуудын тайлбар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хариу мэдэгдэх тухай хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7,8-р хуудас/

            Зохигчид М.Аг тус компанийн элсэлт хариуцсан менежерийн албан тушаалаас чөлөөлсөн ажил олгогчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №13/20 тоот тушаал хуулийн үндэслэлтэй эсэх асуудлаар маргажээ.

Ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй боловч М.Аг Гано Эксель ХХК-ийн элсэлт хариуцсан менежерийн албан тушаалаас нь чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдээс баримтлаагүй тул яг ямар үндэслэлээр уг ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй байна.

Мөн ажил олгогч нь М.Аг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №15/20 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон гэж тайлбар гаргаж байгаа боловч ажилтан бодитоор ажилдаа ороогүй, уг тушаалтай танилцаагүй байх тул түүнийг ажилдаа эгүүлэн томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Аг урьд эрхэлж байсан тус компанийн элсэлт хариуцасан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалинд 1.969.696 төгрөгийг олгох үндэстэй гэж үзлээ.

/1.000.000+1.000.000+954.545 = 2.954.545 төгрөг, 2.954.545:3 сар = 984.848 төгрөг, 984.848 төгрөг х 2 сар = 1.969.696 төгрөг/

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан тул иргэн М.Атай Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь ажил олгогч ГХХК-ийн буруутай үйлдэл гэж үзнэ.

            Нэхэмжлэгч нь Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ковид 19-тэй холбоотойгоор улс төлж байгаа шалтгаанаар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.,128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Аг ГХХК-ийн элсэлтийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугаааны цалинд 1.969.696 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

            2. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, ГХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46465 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО