Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 02222

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02222

 

 

 

Б.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02862 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Тгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Микро Кредит ББСБ ХХК-д 58,440,998.52 төгрөгийг төлөх болсон. Би төлбөр авагчид боломжоороо төлж барагдуулж байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн миний барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг илт хохиролтойгоор маш бага үнэлгээ гаргуулсан. Мөн гараажийг ч олж үнэлүүлээгүйд миний бие туйлын гомдолтой байна. Анхан шатны шүүхээс төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхийг тодорхой зааж өгсөн. Өр төлбөрийг мөнгөөр барагдуулж байхад иргэн миний амьжиргаа орон байрыг минь зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлүүлж орох оронгүй, оочих аягагүй байдалд оруулж байгаад маш их гомдолтой байна. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрлэн хөндлөнгийн шинжээчээр гаргуулсан Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, бага наран, 45/4 гудамж, 3б тоот хаягт байрлах 128 мкв талбайтай хувийн сууц, газрыг үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулж, мөн нэхэмжлэгчийн нэр дээр Баянгол дүүрэгт орон сууц байдаг боловч энэ хөрөнгийг үнэлгээнд оруулаагүй гэжээ.

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Б.Тгийн өмчлөлийн хувийн сууц, газрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн 62,300,000 төгрөгийн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 5-р сарын 20-ны өдөр, мөн үнэлгээний 70 хувь болох 43,610,000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2020 оны 6-р сарын 26-ны өдөр талуудад тус тус мэдэгдсэн. Тухайн газар, хувийн сууцыг үнэлсэн үнэлгээнд автомашины гарааж болон худаг орсон ба энэ талаар үнэлгээнд тусгагдсан зах зээлийн үнэ гарсан. Баянгол дүүргийн орон сууцны хувьд банкны барьцаанд байдаг учир шийдвэр гүйцэтгэгчээс битүүмжилж, хураан авах ажиллагаагүй хийгдээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Тгийн гаргасан хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.Т миний Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Наран 45/4 гудамж 3б тоот хаягт байрлах 128 м.квадрат талбай бүхий хувийн 2 давхар тоосгон сууц, мөн дотроо гүний цахилгаан худагтай 2 машины бетонон гарааштай 506.04 м.квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч миний эрх зүйн байдлыг дордуулж илтэд хохиролтойгоор маш бага, зах зээлийн ханшнаас доогуур үнэлүүлсэн. Энэ үнэлгээг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг цуцалж нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулсан үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 585 дугаартай шийдвэрээр Б.Т, Ч.Содбилэг нараас 58 440 998.52 төгрөг гаргуулан, Микро кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх 4-5/

Хариуцагч байгууллага нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1442 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, бага наран 45/4 байр 3б тоот 128 м.квадрат, улсын бүртгэлийн Ү-2201013618 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2201002017 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №20390039/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №20390039/08 дугаар тогтоолоор хураан авсан үйл баримт тогтоогдсон. /хх 17-23/

Хариуцагч нь дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч Б.Т, Ч.Содбилэг нар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлснийг төлбөр авагч Микро кредит ББСБ ХХК эс зөвшөөрч зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/270 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны үнэ цэнийг 62 300 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх28-44/

Хэргийн 32-44 дүгээр талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч Сонгинохайрхан дүүрэг Толгойтын Алтан овоонд, автобусны буудлаас 100 метрийн зайтай, Сонгинохайрхан дүүрэг Толгойт, Нарангийн голд, бүх юмандаа ойр, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо, 65-ын буудлын зүүн урд байрлах нийт гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнийг 62 300 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч Б.Т, Ч.Содбилэг нарт 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь нотлогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх29/

Иймд, хариуцагч НШШГГ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ