Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 02221

 

 

 

 

 

 

 

 

Х.Х.Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/02979 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-ийн хариуцагч В.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3 256 690,52 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Энхтуул нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус банктай №2016/000376/0535-н тоот Цалингийн зээлийн гэрээ-г байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг, сарын 1,9-н хувийн хүүтэй, 24-н сарын хугацаатай, байрны засварт ашиглах зориулалтаар зээлж авсан. Иргэн В.Б нь зээлдэгч Д.Энхтуулын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №2016/000376/0535-н тоот Цалингийн зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус банктай №2016/000376/0553-н тоот Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ-г байгуулсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 5,000,000 төгрөгөөс 1,974,363 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 1,511,232 төгрөгөөс 1,289,179 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Д.Энхтуул нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барж Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусч дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 3 025 636.99 төгрөг, зээлийн үндсэн хүү 198 452.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 601.36 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 9,000 төгрөг, нийт 3 256 690 төгрөгийг гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нямтулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Энхтуултай зээлийн гэрээ байгуулсан. 5 саяын цалингийн зээл олгосон. Хариуцагч нь батлан даалтын гэрээ байгуулсан. Үндсэн зээлд 1 974 363.01 төгрөг, хүүнд 1 289 179.17 төгрөг төлсөн. Зээлдэгч нь өвчний улмаас нас барсан. Үндсэн зээл 3 025 636.99 төгрөг, хүү 198 452.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 23 601.36 төгрөг, мөн бусад зардал 9 000 төгрөг тул нийт 3 256 690.52 төгрөг гаргуулна. Нөхөх хариуцлага нь Иргэний хуулийн 458, 460 болон батлан даалтын гэрээний дагуу гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбарт дурдсан Иргэний хуулийн 461.2 нь өв хүлээн авагчид холбогдох ерөнхий заалт юм. Өвлөгч тогтоогдсон нь тодорхойгүй. Хүүхэдтэй нь холбогдоход энэ талаар хэлдэггүй. Иймд өвлөгч тогтоогдоогүй тул батлан даагч нь нөхөх хариуцлага хүлээнэ. Хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч В.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Энхтуулын охин Отгончимэг нь 2016 оны 12 сард залгаж Солонгост очиж ажил хийгээд, даруй төлнө, энэ гэрээнд батлан даагчаар ороод өгчих, амьдралд минь ганц удаа туслаач, таниас өөр туслах хэн ч байхгүй зэргээр олон дахин залгаж гуйж байсан тул тухайн үед сайхан сэтгэлээр тус гэрээнд батлан даагчаар орсон юм. Гэтэл үүнээс хойш хоёр жилийн дараа Д.Энхтуул эгч нас барж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон юм байна. Иргэний хуулийн 461.2-д Үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ, 515.2-д Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж маш тодорхой хуульчилсан байх бөгөөд талийгаач Д.Энхтуулын өв хөрөнгийг өвлөн авсан үр хүүхэд нь зээл, төлбөрийг нь барагдуулах нь шударга үйлдэл юм. Өөрөөр хэлбэл өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхэд нь ээж аавынхаа цалингийн зээлийг авч хэрэглэчихээд, төлөхгүй гэж бултаж зугтах нь нүгэл төдийгүй эцэг эхийнхээ ясыг өндөлзүүлэх нь Монгол ёс заншлаараа увайгүй үйлдэл гэж үзэж байна. Мөн банк өвлөгч нараар төлбөр барагдуулах ажиллагаа хийсэн эсэх нь тодорхойгүй байгааг шүүх анхаарна гэдэгт итгэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өв хүлээн авсан өвлөгч нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хариуцагч В.Баас 3 256 690.52 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,057 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67,057 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч В.Б давж заалдах гомдолдоо: Миний бие шүүхэд хариу тайлбараа 2020 оны 7 сарын 21-ний өдөр өгсөн бөгөөд тэр өдөр хавтаст хэрэгтэй танилцаж, гарын үсэг зурсан. Үүнээс хойш шүүхэд огт очоогүй, хэргийн материалтай танилцаагүй, шүүхээс надад ямар нэгэн байдлаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Шүүгчийн туслах 2020 оны 7 сарын 21-ний өдрөөр огноолсон юу ч бичээгүй хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан бөгөөд дараа нь нөхөж он, сар өдрийг бичсэн нь миний шүүх хуралд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Мөн хариуцагч хариу тайлбараа аваачиж өгсөн үед хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан нь нотлох баримттай танилцах боломж олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Шүүх хурал зарлагдахаас өмнө нотлох баримт цуглуулж байсан бөгөөд Монголын Нотариатын танхимд хандаж талийгаач Д.Энхтуулын өвлөгч нараас өвийн хүсэлт гаргасан эсэх, өв хүлээн авсан эсэх талаар хандаж 2020 оны 8 сарын 28-ны 502 тоотоор хариугаа авсан ба хэрэв шүүх хуралд биечлэн оролцох тов мэдэгдлийг хуульд зааснаар мэдэгдсэн бол нотлох баримт цуглуулж, өвлөгч нар Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т заагдсанаар өр төлбөрийг барагдуулах боломжтой болохыг нотлох байсан болно. Худалдаа хөгжлийн банк нь зээлдэгч Д.Энхтуул нь өв  хөрөнгөтэй байсан эсэх, түүний хүүхдүүд ээжийнхээ өв хөрөнгийг өвлөн авсан эсэх, эсхүл өвлөгч огт байхгүй эсэх талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх учиртай байсан бөгөөд үүнийгээ шүүхэд нэхэмжлэгч нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 582 дугаар зүйлийн 582.1 дэх хэсэгт заагдсанаар өвлөгч 3 сарын дотор өвөөс татгалзаагүй бол өвлөгчид тооцогдох хуультай байх бөгөөд талийгаач Д.Энхтуулын төрсөн охин М.Отгончимэг өв хүлээн авсан эсэх талаар тодруулах нь хэрэгтэй чухал ач холбогдолтой. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь хариуцагч В.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3 256 690 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлдэгчийн өв залгамжлагч нь төлбөрийг төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр маргажээ.

Х.Х.Б ХХК болон Д.Энхтуул нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №2016/000376/0535 дугаартай цалингийн зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Энхтуул нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх15-16/ Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 Нас барагч Д.Энхтуул нь зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн хөрөнгийг хүлээн авч, зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 974 363,01 төгрөг, хүүнд 1 289 179,17 төгрөг, нийт 3 263 542,18 төгрөг төлж, 2018 оны 05 сарын 16-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь хэргийн 22 дугаар талд авагдсан “Зээл, зээлийн хүүгийн тооцоолол”-оор тогтоогдсон бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн үүргийн үлдэгдлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.

Зээлдэгч Д.Энхтуул нь 2018 оны 08 сарын 28-ны өдөр нас баржээ. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нас барсан өдрөөс хүү төлөх боломжгүй тул зээлийн гэрээний хүүг 2018 оны 08 сарын 28-ны өдөр хүртэл тооцох байтал анхан шатны шүүх зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Зээлдэгч нас барах хүртэл үүссэн үүргийг тодорхойлбол, үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 1 963 340 /95 000*20 сар 20 хоног/төгрөг, нэмэгдүүлсэн хүү 392 668 төгрөг, нийт 7 356 008 төгрөг байх бөгөөд үүнээс төлөгдсөн 3 258 542 төгрөгийг хасвал 4 097 466 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Гэвч шүүх талуудын зарчмыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх учир шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч банк болон Д.Энхтуул В.Б нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ” байгуулагдсан байна. /хх18-19/ Гэрээний 4.2.1-т заснаар зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд хариуцагч буюу батлан даагч нь өөрийн хөрөнгөөс банкинд үл маргах журмаар төлөх үүрэг хүлээхээр тохиролцжээ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэхн хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч банк нь зээлдэгч, батлан даагч нар зээлийн болон батлан даалтын гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй, гэрээний үүргийн зөрчлийг арилгаагүй, зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон нь илт тодорхой тул батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 460 дүгээр зүйлийн 460.2 дах хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хариуцагчийн “эхний ээлжинд батлан даагчаас шаардах эрхгүй, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” талаарх гомдлыг хангах боломжгүй.

Иймд шүүх хариуцагч В.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 256 690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Харин хариуцагчийн хувьд зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн, түүнтэй холбоотой гарсан хохирол, төлбөрөө холбогдох этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/02979 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч В.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 057 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

                                                                                     Б.НАРМАНДАХ