Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 02252

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Ц.З.Д

тамгын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/03170 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Ц.З.Дтамгын газрын хариуцагч “Д.Ц ” ХХК-д холбогдуулан гаргасан байгаль орчинд учруулсан хохирол 726 583 302 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Ц ” ХХК нь 2019 оны 04 дүгээр сараас “Эрдэнэс таван толгой” ХК-иас Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын чиглэлд нүүрс тээвэрлэхийн тулд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд зөвшөөрөлгүй карьер байгуулсан 2,06 га, тээвэрлэлтийн 20 км замд өртсөн 30 га талбайг тус тус эвдрэлд оруулан байгаль орчинд хохирол учруулсан. Орон нутгийн захиргааны байгууллага болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас дээрх хууль бус үйл ажиллагааг зогсоохыг удаа дараа шаардаж Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 16- ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-т заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 0142149 дүгээр шийтгэлийн хуудсаар 2,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан ч өнөөдрийг хүртэл шаардлагыг хүлээн авахгүй , хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Энэхүү эвдрэлд орсон талбайн экологи эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардлын тооцоог тусгай зөвшөөрөл бүхий ЕАСС ХХК хийж гүйцэтгэн, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд зөвшөөрөлгүй карьер байгуулан эвдрэлд оруулсан талбайд экологи, эдийн засгийн хохирлыг 714,299,245,38 төгрөг, техникийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 12,284,057,42 төгрөг гэж зохих аргачлалын дагуу тооцон гаргасан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж сумын Засаг даргад олгосон эрхийн хүрээнд албан тушаалтны хувьд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Дээд цэг ХХК-иас байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохирол 714,299,245.38 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 12,284,057.42 төгрөг, нийт 726,583,302 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Бадарч нэхэмжлэлдээ “Д.Ц ” ХХК нь 2019 оны 04 сараас “Эрдэнэс Таван Толгой” ХХК-аас Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын чиглэлд нүүрс тээвэрлэхийн тулд Цогтцэций сумын байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж өнөөдрийг хүртэл хууль бус үйл ажиллагаа үргэлжлүүлсээр байна гэжээ. Тус компани нь 2019 оны 7-р сараас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа болно. “Д.Ц ” ХХК нь зам, гүүр барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй компани болохоос нүүрс тээвэрлэдэг компани бишээ. Манайх “Эрдэнэс таван толгой” ХХК-тай нэг килограм ч нүүрс тээвэрлэх гэрээ байхгүй, нүүрс тээврийн ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримт болгон хүргүүлсэн. Иймд О.Бадарч та хариуцагчаа зөв тодорхойлно уу, манай компани хариуцагч биш болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д.Ц ” ХХК-аас 726,583,302 төгрөг гаргуулах тухай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан тухайн баримтыг зөв тодорхойлсон атлаа зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судлан үзэхэд хариуцагч “Д.Ц ” ХХК  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, байгаль орчинд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-т заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 0142149 дүгээр шийтгэлийн хуудсаар 2 000 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан баримт, шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч торгууль төлж, байгаль орчинд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн хариуцагч байгууллагын хохирол нөхөн төлөх үүргийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...эвдрэлд оруулсан газрын экологи, эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал тооцон гаргасан ЕАСС ХХК нь ийнхүү дүгнэлт гаргах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна” гэж нэхэмжлэлийн үнийн дүнгийн үндэслэл болгосон эрх бүхий байгууллагын баримт бичгийг мөн үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга нь хариуцагч “Д.Ц ” ХХК-нд холбогдуулан байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохиролд 726 583 302 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Страто” ХХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Нүүрс худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба “Страто” ХХК нь уг гэрээний үндсэн дээр нүүрс тээвэрлэлтийг Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сум чиглэлд хийхээр төлөвлөж, тээвэрлэлтийн маршрутын дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 км орчим шороон замын нөхцөлийг өөрийн хөрөнгөөр засаж сайжруулах талаар Өмнөговь аймгийн Засаг даргад хамтран ажиллах тухай санал хүргүүлжээ. Улмаар “Страто” ХХК “Д.Ц ” ХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Таван Толгой-Шивээ овоо чиглэлийн зам засвар арчлалтын ажил гүйцэтгэх 19/10 дугаартай гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу “Д.Ц ” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 8 км, Сийрст багийн нутаг дэвсгэрт зам засварын ажил хийж гүйцэтгэж байсан болох нь тус тус тогтоогдсон. /хх158, 175-177/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Д.Ц ” ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас “Эрдэнэс таван толгой” ХК-аас Говьсүмбэр аймгийн Шивээ овоо сумын чиглэлд нүүрс тээвэрлэхийн тулд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд зөвшөөрөлгүй карьер байгуулан 2,06 га, тээвэрлэлтийн 20 км замд өртсөн 30 га талбайг эвдрэлд оруулан байгаль орчинд хохирол учруулсан гэж тайлбарласан. /хх1-2, 79/

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т зааснаар Цогтцэций сумын Засаг дарга нь нутаг дэвсгэрийнхээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... шийдвэрлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан хэдий ч тухайн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байх учиртай.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол төлөхийг хариуцагчаас шаардсан. Гэм хор учруулсны улмаас нөхөн төлбөр төлөх үүрэг үүсэх үндэслэл нь хариуцагчийн үйлдэл нь хууль бус буюу хуулиар хориглосон байхаас гадна, уг үйлдэл /эс үйлдэл/ нэхэмжлэгчид учирсан гэх хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай. Үүнийг нэхэмжлэгч нотлосон тохиолдолд хариуцагчид үүрэг үүсэх талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ нотлохоор зааж буй нотлох баримт болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Мэргэжлийн хяналтын байгууллагын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0142149 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудаст “... “Д.Ц ” ХХК-нд зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг үндэслэн 2 000 000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсугай ...” гэжээ./хх179/ 

Хэрэгт дээрх зөрчлийн хэргийн материал гэх баримтууд авагдсан байх боловч энэхүү баримтаар хариуцагч компанийн гэм буруу бүрэн тогтоогдсон, зөвхөн 2 000 000 төгрөгийн торгууль төлснөөр нэхэмжлэлд дурьдсан хохирлыг учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн материалаар гэм хорын хариуцлага хүлээлгэх нь учир дутагдалтай, буюу шууд нотлох баримт болохгүй талаар шүүхээс үнэлснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдлыг хангах боломжгүй./хх111-181/

Түүнчлэн, хариуцагч “Д.Ц ” ХХК-ийн үйлдэл, эс үйлдлээс нэхэмжлэлд дурдсан хэмжээний газарт, байгаль орчинд гэм хорын хохирол учруулсан гэх эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд “Д.Ц ” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, газарт, байгаль орчинд гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

 

Шүүх талуудын тайлбар болоод хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/03170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                                    ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           Б.НАРМАНДАХ