Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2020/0310

 

 

 

 

 

 

 

                           2020         09       15                             

                               101/ШШ2020/03170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Б.Ундраа, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэйгээр,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өговь аймаг, Ц сум, Засаг даргын тамгын газрын байранд байрлах Өговь аймаг, даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 00 байр, 0 тоотод байрлах “0г” ХХК-нд холбогдох,

Байгаль орчинд учруулсан хохирол 726,583,302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантуяа, хариуцагчийн төлөөлөгч Г.Нарангэрэл, иргэдийн төлөөлөгч Б.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д” ХХК нь 2019 оны 04 дүгээр сараас “Эрдэнэс таван толгой” ХК-иас Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын чиглэлд нүүрс тээвэрлэхийн тулд Өговь аймгийн Ц сумын Сийрст багийн нутагт техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд зөвшөөрөлгүй карьер байгуулсан 2,06 га, тээвэрлэлтийн 20 км замд өртсөн 30 га талбайг тус тус эвдрэлд оруулан байгаль орчинд хохирол учруулсан. Орон нутгийн захиргааны байгууллага болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас дээрх хууль бус үйл ажиллагааг зогсоохыг удаа дараа шаардаж Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 16- ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-т заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 0142149 дүгээр шийтгэлийн хуудсаар 2,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан ч өнөөдрийг хүртэл шаардлагыг хүлээн авахгүй , хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Энэхүү эвдрэлд орсон талбайн экологи эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардлын тооцоог тусгай зөвшөөрөл бүхий “ЕАСС” ХХК хийж гүйцэтгэн, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд зөвшөөрөлгүй карьер байгуулан эвдрэлд оруулсан талбайд экологи, эдийн засгийн хохирлыг 714,299,245,38 төгрөг, техникийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 12,284,057,42 төгрөг гэж зохих аргачлалын дагуу тооцон гаргасан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж сумын Засаг даргад олгосон эрхийн хүрээнд албан тушаалтны хувьд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд “Д” ХХК-иас байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохирол 714,299,245.38 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 12,284,057.42 төгрөг, нийт 726,583,302 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлж өгөн үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Бадарч нэхэмжлэлдээ “ДээдЦэг” ХХК нь 2019 оны 04 сараас “Эрдэнэс Таван Толгой” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын чиглэлд нүүрс тээвэрлэхийн тулд Ц сумын байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж өнөөдрийн хүртэл хууль бус үйл ажиллагаа үргэлжлүүлсээр байна гэжээ. Тус компани нь 2019 оны 7-р сараас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа болно. “Дээдцэг” ХХК нь зам, гүүр барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй компани болохоос нүүрс тээвэрлэдэг компани бишээ. Манайх “Эрдэнэс таван толгой” ХХК-тай нэг килограм ч нүүрс тээвэрлэх гэрээ байхгүй, нүүрс тээврийн ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох болгон хүргүүлэв. Иймд О.Бадарч та хариуцагчаа зөв тодорхойлно уу. Манай компани хариуцагч биш болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өговь аймгийн дарга нь хариуцагч “Дээдцэг” ХХК-нд холбогдуулан байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохиролд 726,583,302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг  хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ “... хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сараас “Эрдэнэс таван толгой” ХК-иас Говьсүмбэр аймгийн Шивээ овоо сумын чиглэлд нүүрс тээвэрлэхийн тулд Өговь аймгийн Ц сумын Сийрст багийн нутагт техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд зөвшөөрөлгүй карьер байгуулан 2,06 га, тээвэрлэлтийн 20 км замд өртсөн 30 га талбайг эвдрэлд оруулан байгаль орчинд хохирол учруулсан ” гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “ ... “Дээдцэг” ХХК нь зам, гүүр барих, завсарлах тусгай зөвшөөрөлтэй, нүүрс тээвэрлэдэг компани биш бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-тай нэг килограм ч нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж, нүүрс тээвэрлээгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш” гэж маргасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 17.2.4-т “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... шийдвэрлүүлэх” эрхтэй гэж заасан.

Хуульд зааснаар Өговь аймгийн дарга нь нутаг дэвсгэрийнхээ байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Өговь аймгийн Ц сумын Мэргэжлийн хяналтын байгууллагын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0142149 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “Дээдцэг” ХХК-нд зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 60 дахь талд/

Ийнхүү эрх бүхий этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцож шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл, гэм бурууд дүгнэлт хийж байгаа хэрэг биш тул хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол, учирсан эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Хэрэгт авагдсан “Дээдцэг” ХХК-нд холбогдох зөрчлийн хэргийн материалаас үзэхэд “Страто” ХХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хооронд 2019 оны 7 дүгээр сарын 03-ны өдрийн “Нүүрс худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдсан байх ба “Страто” ХХК нь уг гэрээний үндсэн дээр нүүрс тээвэрлэлтийг Ц сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сум чиглэлд хийхээр төлөвлөж, тээвэрлэлтийн маршрутын дагуу Өговь аймгийн Ц сумын 4 км орчим шороон замын нөхцөлийг өөрийн хөрөнгөөр засаж сайжруулах талаар Өговь аймгийн Засаг даргад хамтран ажиллах тухай санал хүргүүлж байжээ.

Түүнчлэн, “Страто” ХХК “Дээдцэг” ХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Таван Толгой-Шивээ овоо чиглэлийн зам засвар арчлалтын ажил гүйцэтгэх 19/10 дугаартай гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу “Дээдцэг” ХХК нь Өговь аймгийн Ц сумын төвөөс урагш 8 км, Сийрст багийн нутаг дэвсгэрт зам засварын ажил хийж гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 158, 175-177 дахь талд/

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулсан.

 Тайлбарлавал, эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судлан үзэхэд хариуцагч “Дээдцэг” ХХК нь Өговь аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, байгаль орчинд гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотолж ирүүлсэн Өговь Ц сумын нутагт зөвшөөрөлгүй карьер байгуулан эвдрэлд оруулсан талбайн экологи эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардлын тооцоог гаргасан “ЕАСС” ХХК нь ийнхүү дүгнэлт гаргах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тус баримтыг шууд эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 6-54 дахь талд/

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл болон түүний улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Дурдсан үндэслэлээр, хариуцагч “Дээдцэг” ХХК-иас 726,583,302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Өговь аймгийн даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дээдцэг” ХХК-иас 726,583,302 төгрөг гаргуулах тухай Өговь аймгийн даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ

 

            ШҮҮГЧИД,                                             Н.САРАНГҮН

 

                                                                         Б.УНДРАА