Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 02250

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/02250

 

 

 “Т ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/02679 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “Т ” ХК-ийн хариуцагч Д.Цид холбогдуулан гаргасан “Т ” ХК-ийн УБМ00799 дугаартай тамга, гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Батхүү, түүний өмгөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч “Т ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар тайлбарлахдаа: “Т ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ц, ТУЗ-ийн дарга Ц.Банзрагч нар нь тус компанид ажиллах хугацаандаа компанид их хэмжээний хохирол учруулж, хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа ноцтой зөрчсөн тул хувьцаа эзэмшигчдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс “Т ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай ТУЗ-ийн 2017.02.24-ний өдрийн №8 тоот тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл болон 2017.05.05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцсон. “Т ” ХК-ийн дээр дурьдсан ТУЗ-ийн тогтоол болон хувьцаа эзэмшигчдийн зэлжит хурал хүчин төгөлдөр бус болсон тул тус компанийн хувьцаа эзэмшигчид 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Т ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулсан бөгөөд уг хурлын №2 тоот тогтоолоор тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийг 9 гишүүнтэйгээр байгуулсан юм. Тус компанийн ТУЗ нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж Э.Батхүүг “Т ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон болно. Улмаар “Т ” ХК-ийн зүгээс Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны №244 дүгээр тогтоолоор батлагдсан Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам-д заасны дагуу 2017.10.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, холбогдох баримтуудыг хянуулахаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №9/3514 тоот албан бичгээр “Т ” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцож, энэ тухай тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Батхүү болон Д.Ц нарт албан ёсоор мэдэгдсэн юм. Гэтэл Д.Ц нь өнөөдрийг хүртэл хугацаанд “Т ” ХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон санхүүгийн баримтыг гаргаж өгөлгүйгээр үл барам компанийн тамгыг ашигласаар байна. Өөрөөр хэлбэл “Т ” ХК-ийн тамгыг эрхгүйгээр этгээд хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа ба тус компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаад байна. “Т ” ХК-ийн зүгээс тамга болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар тус шүүхэд хандаж байсан ба хариуцагч Д.Цийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2018.05.17-ны өдрийн №06246 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Д.Ц нь “Т ” ХК-ийн нэр болон тамгыг ашиглаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2017.12.01-ний өдрийн 9/3513 тоот “Т ” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгож, 2017.12.01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу “Т ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.24-ний №57 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.04.04-ний өдрийн 0197 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.06.03-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагынх нь зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2017.12.01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын материал хянасан тухай 9/3514 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, үлдэх 2017.12.01-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 9/3513 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардпагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тус шүүхийн шүүгчийн 2018.05.17-ны өдрийн №06246 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжид заасан үндэслэл арилсан тул дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно.Иймд “Т ” ХК-ийн УБМ00799 дугаартай тамгыг Д.Цоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд 2020 оны 04 сарын 24 ний өдөр гаргасан тайлбартаа: Э.Батхүү, С.Цолмон гэх хүмүүс өөрсдийгөө Т ХК гэж зарлан нэхэмжлэл гаргажээ. БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Батхүү, С. Цолмон нар Т ХК-ийн хувьцааг хууль бусаар эзэмшсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байна. Компани нэхэмжлэл гаргавал тамга тэмдэгтэй, төлөөлөх эрхийг нотолсон баримттай байх ёстой. Иймд ИХШХШТХ-ийн 62-р зүйл, 65-р зүйлийн 65.1.7, 65.1.11-р зүйлд заагдсанаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Т ” ХК-ийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн ээлжит бус хурал хууль зөрчсөн хурал хийж өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилсон гэх бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрсөн этгээд байхгүй юм. Дээрх хууль зөрчсөн хурлыг хүчингүй болгуулахаар “Т ” ХК-ний хувьцаа эзэмшигч Ц.Баярмаа нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.08.28-ны өдөр нэхэмжлэл гаргасан, 12055 дугаар захирамжаар иргэний хэрэг үүссэн ба ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нөхцөл үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. “Т ” ХК-ийн хувьцаа эзэмшигчид 30, 60 гэсэн байдлаар хоёр хуваагдан хувьцаа эзэмшдэг юм. Нэхэмжлээд байгаа тамга Д.Цид байхгүй, энэ хүн хувьцаа эзэмшигч биш, төлөөлөн удирдах зөвлөлд нь тамга байга, Д.Ц ажлаа өгсөн, энэ компанид хамааралгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.Цоос УБМ00799 дугаартай компанийн тэмдгийг гаргуулан “Т ” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цоос 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Т ” ХК нь өнөөдрийн байдлаар ажилчдын цэнхэр тасалбарыг хураан авч бүртгүүлсэн гэх 28 хувийн хувьцаа эзэмшигчдийн сонгосон төлөөлөн удирдах зөвлөл, хөрөнгийн биржээр хувьцаа худалдан авсан 62 хувийн хувьцаа эзэмшигч нарын сонгосон Төлөөлөн удирдах зөвлөл гэсэн 2 Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ба 28 хувь болон 62 хувийн хувьцаа эзэмшигчид жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурал тус тусдаа хуралдуулж байна. Т  ХК-ийн 28 хувийн хувьцаа эзэмшигч нар брокерийн пүүсийн 28 м.кв талбай бүхий өрөөнд тавийгаач нарыг оролцуулж хуралддаг бол 62 хувийн хувьцаа эзэмшигч нар зөвхөн амьд хүмүүсийг оролцуулан хуралддаг юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Т ” ХК-ийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хойшлогдсон Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгуулахаар “Т ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн нэг иргэн Ц.Баярмаа нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс 2020 оны 8 сарын 28-ны өдөр 102/ШЗ2020/12055 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн тухайн маргаантай хэрэг хянагдаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Батхүү, С.Цолмон нар нь хууль бус аргаар “Т ” ХК-ийн ажилчдаас цэнхэр тасалбарыг хураан авч хувьцаа эзэмшигч болсон тул Э.Батхүү, С.Цолмон нарын хувьцааг “Т ” ХК-ийн халаасны хувьцаа болгох шаардлага бүхий хэрэг тус тус хянагдаж байгаа. Шүүх “Т ” ХК-ийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг хүчингүйд тооцуулах хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр сонгогдсон ТУЗ-с томилогдсон Э.Батхүүгийн тамга тэмдэг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй гэж шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дах заалтыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Т ” ХК нь хариуцагч Д.Цид холбогдуулан “Т ” ХК-ийн УБМ00799 дугаартай тэмдэгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Т ” ХК-ийн хувьцаа эзэмшигчид 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүүдийг сонгосон, төлөөлөн удирдах зөвлөл 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар Э.Батхүүг сонгосон зэрэг үйл баримт хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, тооллогын комиссын болон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргээр тогтоогдсон. /1хх16-21,22/

Хэрэгт “Т ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр бусд тооцсон, төлөөлөн удирдах зөвлөлийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгосон баримт авагдаагүй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.8 дах хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасан. Хуульд заасан эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрээр үйлдсэн гарын үсэгтэй баримт бичгийн хүчин төгөлдөр байдал болон албан тушаалтны гарын үсгийг тамга, тэмдэг дарж баталгаажуулах журамтай.

Хариуцагч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө “Т ” ХК-ийн гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлж байсан ба Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар түүний гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болжээ. Тэрээр бүрэн эрх нь дуусгавар болсон атал тус компанийн тамга тэмдэгийг шинээр сонгогдсон гүйцэтгэх удирдлагад хүлээгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчид тухайн хуулийн этгээдийн тамга байгаа гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарласан болно.

Дээрх хуулийн зохицуулалт болон журамд зааснаар компанийн тамга тэмдэг нь тухайн хуулийн этгээд болон гүйцэтгэх удирдлагад хадгалагдаж байх учиртай тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 28-ны өдрийн102/ШЗ2020/12055 дугаар захирамжаар Э.Батхүү, С.Цолмон нарт холбогдох “Т ” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчингүй болгох тухай Ц.Баярмаагийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсгийг шүүх зөрчөөгүй. Мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүх талуудын тайлбар болоод хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/02679 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                                    ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           Б.НАРМАНДАХ