Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01037

 

2022           11            03                                         001/ХТ2022/01037

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/02679 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2250 дугаар магадлалтай,

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Цид холбогдох

“Т” ХК-ийн 00000 дугаартай тамга гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Т” ХК нь Д.Цид холбогдуулан “Т” ХК-ийн 00000 дугаартай тамга гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/02679 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.Цоос 00000 дугаартай компанийн тэмдгийг гаргуулан Т ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цоос 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2250 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/02679 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус, тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 дахь заалтыг зөрчиж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хэрэгжих боломжтой байх нөхцөл зөрчигдсөн. Хэрэг хянагдаж байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Бг захирлаар томилсон 2017.10.20-ны хурлыг хүчингүй болгох нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Бг захирлаар томилсон шийдвэрийг үндэслэл болгон “Т” ХК-ийн тамга тэмдэг гаргуулах гэсэн 2 хэрэг зэрэг хянагдаж байсан ба Э.Бг захирлаар томилсон хурлыг хүчингүй болгуулах Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.28-ны өдрийн 12055 тоот шүүгчийн захирамжийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байдаг. СХД-ийн шүүх Э.Бг томилсон хурлыг хүчингүй болгох маргаан нь Э.Бгийн тамга тэмдэг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй, Э.Бг захирлаар томилсон хурлыг хүчингүй болгосон ч Э.Б тамгаа авах эрхтэй гэж үзэн шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх хурал болох үед Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.Бг томилсон хурлыг хүчингүй болгосон ба энэ талаар шүүх хурал дээр яригдаж шүүх Э.Бгийн өмгөөлөгчөөс Э.Бг томилсон хурлыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан эсэхийг асуухад шийдвэр гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд байхад шүүх шийдвэрээр хүчингүй болсон хурлыг үндэслэн гомдлыг хангаагүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Э.Бгийн нэхэмжлэлтэй хэргийг 3 шатаар яваад дуусахаар шинээр илэрсэн нөхцөлөөр дахин хянуулж болох талаар тайлбарлаж байгаа нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзэж байна. 2. “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Б, С.Ц нарын 2017.10.20-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурал нь Компанийн тухай хуулийн 69.1.69.3, 70-д заагдсан заалт мөн “Т” ХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмийн 6.7 дахь заалтыг зөрчин хурал хийсэн байдаг бөгөөд энэ асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 дахь заалтыг үндэслэн БГД-ийн иргэний шүүх шийдвэрлэх учиртай билээ. Иймд шүүх гагцхүү хуульд захирагдах учир шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-ийг зөрчсөн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Д.Цид холбогдуулан компанийн 00000 дугаартай тамгыг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба 2017.10.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар Э.Бг сонгосон, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ц нь тамгыг хүлээлгэн өгөөгүй учраас хуулийн этгээдийн үйл ажиллагаанд саад учруулж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, Э.Б нь компанийг төлөөлөх эрхгүй, 2017.10.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуулийн дагуу явуулсан, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

8. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, 83.8 дах хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасан. Гүйцэтгэх удирдлага аливаа баримтад гарын үсгээс гадна тамга дарж хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлдэг тул энэ эрхэд нь саад учруулж буй үйлдлийг таслан зогсоон, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй.

9. Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч Д.Ц нь “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлж байсан ба Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д “ Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.”, 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно.” гэж тус тус зааснаар түүний бүрэн дуусгавар болсон, Д.Ц нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш, нөгөөтэйгүүр тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргасан Э.Б нь компанийн 18,49 хувийн хувьцаа эзэмшигч, 2017.10.20-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар сонгогдсон үйл баримтад хоёр шатны шүүх дүгнэлт хийж, хариуцагчаас тамгыг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалт, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

10. Нэхэмжлэлийн зүйл болох компанийн тамга хариуцагч Д.Цид байгаа нь хариуцагчийн анх шүүхэд гаргасан хариу тайлбар, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй.

11. Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, ийм үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш илэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д заажээ.

Э.Б, С.Ц нарт холбогдуулан “Т” ХК-ийн 2017.10.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгуулахыг хүссэн хувьцаа эзэмшигч Ц.Баярмаагийн нэхэмжлэлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.28-ны өдрийн 102/ШЗ2020/12055 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, уг баримтыг хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байна.

Уг маргаан нь энэ хэргийн зохигчийн хооронд бус Ц.Баярмаа болон Э.Б, С.Ц нарын хооронд үүссэн болохоос гадна маргааны зүйл нь эд хөрөнгө гаргуулах буюу хариуцагч Д.Ц компанийн тамгыг өөртөө байлгах эрх зүйн үндэслэл байхгүй тул  түүний хууль бус эзэмшлээс тамгыг гаргуулж компанид шилжүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэрэг тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг зөрчөөгүй байна. Харин компанийг төлөөлж нэхэмжлэл гаргасан Э.Б нь өөрийгөө гүйцэтгэх захирал гэж үзсэн, түүнийг гүйцэтгэх захирлаар сонгосон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх хүчинтэй эсэх нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байгаа хэргээс хамаарах боловч энэ маргааныг шийдвэрлэх үед Э.Бг гүйцэтгэх захирлаар сонгосон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017.10.20-ны өдрийн 02 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

12. Иймд “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/02679 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2250 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН