Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч, хохирогч С.Б,

шүүгдэгч, хохирогч Г.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн C.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С нарт холбогдох эрүүгийн 201725020780 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 48 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, хувиараа автомашин борлуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны 34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2006 онд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 10.040.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аса” циркийн хашаан дотор иргэн Г.Соронзонболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байхдаа түүний эзэмшлийн Ланд ровер дисковри маркийн тээврийн хэрэгслийн урд шил, толь, урд гупер, хаалга зэргийг гэмтээж хохирогчид нийт 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Снь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аса” циркийн хашаан дотор иргэн С.Батмөнхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б: Би хохирол учруулаагүй. Хүмүүсийн нүдэн дээр толио унжуулаад гараад явхаараа толио эргэж зүүгээд байсан гэж хэлсэн хүмүүс байдаг. Төр түмэн нүдтэй шүү дээ. Гутлаараа машиныг өшиглөсөн нь үнэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С: 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутын үед цирк дээр автомашин зардаг зогсоол дээрээ автомашин дотроо сууж байтал С.Баянмөнх согтуугаар орж ирээд үгийн зөрүүгүй хараал урсгаад гарыг нь барьж авахын завдалгүй намайг хэд хэдэн удаа цохисон. Би арай гэж зүүн гарыг нь барьж автал баруун гараараа машины нарны шил, толь хугалтал Болдоо ирээд машинаас татаж буулгасан. Тэгээд цагдаад дуудлага өгчихөөд сууж байтал С.Баянмөнх дахиж ирэхээр нь хаалгаа дотроос нь түгжээд сууж байтал гадаа хараал урсгаж, машины хаалга цохиж, тойрч гупер хөшиглөөд арслан бар шиг загнаад байсан. Тэгэхээр нь эд хөрөнгөө хамгаалах зорилгоор машинаасаа буугаад татаж унагаад дараад сууж байтал цагдаа ирсэн. Ийм л зүйл болсон. Энэ хүний ярьж байгаа шиг би шүд рүү нь цохисон бол цус гарах, эмнэлэгт маргааш нь үзүүлж болох байсан. Надад энэ хүнтэй зууралдах шаардлага байгаагүй, эд хөрөнгө, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор зууралдхаас аргагүй болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сд: Энэ хүн санаатай дайрсаны улмаас надад эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амссан. Эд хөрөнгийн хохирол нь үнэлгээгээр тогтоогдож байгаа, эрүүл мэндэд хамраас цус гарсан, дээд доод уруул язралттай, машин доторх, энэ хүний хувцас нилээн цус болсон. Тухайн өдөр нь энэ хүн эрүүлжүүлэхэд хоносон юм шиг байна лээ. Маргааш ирэхэд нь “чи өчигдөр ийм үйлдэл гаргасан, миний машины хохирлыг төлчихвөл би чамтай ярих зүйлгүй” гэж хэлтэл би биеэрээ төлөхөөс өөр аргагүй гэсэн тайлбар хэлсэн. Тухайн үед надтай наанатай цаанатай ярилцсан бол өнөөдөр ингээд цаг гарздаад байж байхгүй байсан. Энэ хүнийг мэдэхгүй юм, миний хувьд цаг хугацаа маш үнэтэй. Гадагшаа дотогшоо явдаг ажилтай. Энэ ажлын хажуугаар цагдаа шүүхэд дуудагдаж байна. Би ямарч гэмгүй зүгээр ажлаа хийж байгаад, ямарч шалтгаангүйгээр намайг болон миний эд хөрөнгийг эвдсэн байхад, би энэ хүнийхээр гэмт хэрэгтэн болж байх шиг байна. С.Б надаас уучлал гуйж тохиролцсон бол өнөөдөр энэ их ажил болоод ингээд зогсож байхгүй байсан. Дээрээс нь надад сэтгэл санааны хохирол гэдэг зүйл надад учирсан байдаг. Өглөө нь гэрээсээ зүгээр гарсан хүн орой нь машинаа эвдчихсэн эрүүл мэндээрээ хохирчихсон ороход гэрийнхэн маань гайхна. Дээрээс нь хамт цирк дээр зогсдог хүмүүс яачихсан юм бэ, чамруу яагаад дайрч байгаа юм гэсэн. Тиймээс энэ хүнд зохих хариуцлагыг хүлээлгэж, хууль хяналтын байгууллага ажлаа хийгээд явж байсан жирийн хүнийг танхай балмад хүнээс хамгаалах ёстой гэж бодож байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б: “Энэ хүн намайг гүтгэж, дээрэлхэж байна гэж үзэж байна. Машины зогсоолд улаан шугам татсан байхад, тэрийг авч хаячихаад машинаа тавьсан байсан. Би машины зогсоолоос гарчих гэхэд “чи юу вэ” гээд намайг учир зүггүй боож унагасан. Надад энэ хүний өдөөс ноцолдох ямар ч чадал байхгүй, тортой юм ч барьж чаддаггүй. Нэр хүнд, ажил төрлийн хохирол амссан хүн нь би. Маргааш нь мөрдөн байцаагчаас би яах вэ, ийм зарга залихайнд муу хүн гэхэд нэг байцаагч надад 2 бичиг өгөхөд нь тэндээс гараад би гэрлүүгээ ч харьж чадаагүй, “чи бид хоёрт ийм хохирлын бичиг өгсөн” гэхэд ”чи явдаг мөрөөрөө яв, чамайг заргалдахыг харнаа, би чамтай чамгүй үзүүлчихнэ” гэсэн. Тэгэхээр нь би тийм л байдаг юм байлгүй гэж бодоод 2 хоног хүлээсэн нь үнэн. Хүлээж байх үед хүмүүс надад “болгоомжтой байгаарай, наад хүн чинь их заргач шүү, хүн болгонтой талбай дээр хэрэлдээд явж байдаг, та өөрийгөө хамгаалахгүй бол таныг хэн ч өрөвдөхгүй шүү” гэж хэлсэн. Би Г.Сдээр “чи миний шүдийг ийм болгосон” гээд очиход “Би яахаараа чиний шүдийг ийм болгодог юм бэ, урьд шөнө чи цагдаа нартаа нухуулчихсан юм биш үү” гэж цагдаа нарыг хүртэл гүтгэхэд “цагдаа нар надад хуруугаа ч хүргээгүй, би ямар согтуу байсан биш, айраг л уусан” гэж хэлсэн. Одоо ч би шүдээ хийлгэж чадаагүй байгаа, энэ тухайгаа би мөрдөн байцаагчид хэлсэн. Энэ хүнд гомдолтой л гэж хэлэх байна. Хуулийн агуулагыг би сайн мэдэхгүй юм.” гэв.

Хохирогч С.Б-ийн “...би С-д машинаа холдуулаач гэж хэлэхэд уурлаад намайг барьж аваад хоолойноос унагаж байгаад цээжин дээр өвдөглөж байгаад дээрээс зодсон... гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Хохирогч Г.С-ын “...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутын орчим өөрийн машиндаа сууж байтал уг талбай дээр машин зардаг Баянаа гэж дуудаг Б машинд орж суугаал пизда минь гээд баахан хараал урсгаж байгаад миний нүүр лүү гараараа 2, 3 удаа цохиод авсан тэгэхээр нь би зүүн талын гарыг бариад авсан чинь баруун талынхаа гараар намайг цохиж байгаад урд талын голд байдаг салхины шилэн дээр байдаг толийг сууриар нь ховх цохиж унагаад нөгөө толь нь унахдаа үсрээд салхины шилийг дээд хэсэгт нь цуулсан тэгээд болсон явдал маш хурдан болсон, харин тэр үед манай цирк дээр зогсдог Болдоо гэж дуудаг залуу ирээд цаанаас нь буулгаж авсан, тэгээд тэр хооронд нь хамраас цус гарсан байсан болохоор цэвэрлээд машиндаа суугаад цагдаад дуудлага өгчихөөд сууж байхад нөгөө Б дахиж ирээд хаалга онгойлгох гэхээр нь би хаалгаа центрээрээ түгжсэн чинь миний хаалган талаас машин руу өшиглөөд тойрч өшиглөөд байхаар нь арай дэндэж байна гээд очиж татаж унагаагаад цээжин дээр нь өвдөглөөд сууж байгаад цагдаа ирэхээр хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Ж.Ганболдын “...2017 оны 03 дугаар сарын эхэнд намайг Аса циркийн хашаан дотор байдаг ажил дээр машины худалдаа хийгээд үйлчлүүлэгчид машин үзүүлээд байж байтал 16 цагийн орчим байхаа гэнэт зүүн талын хаалганы хашааны хажууд Г.С ахын унаж байсан Ланд Ровер Дисковри маркийн машин дотор гэнэт Б ах, Г.С ах 2 зодолдоод унасан тэгэхээр би гүйж очоод Б-ийг гаргаад ирсэн чинь Б ахын хувцас нь нил цус болсон байсан,...С-д ахын хамраас цус гарчихсан байсан юм байна лээ,.. толгой тархийг нь хагалсан асуудал байхгүй байхаа, харин С ахын машины урд талын салхин дээр байдаг толь нь хугарчихсан байсан, тэгсэн чинь маргааш нь өчигдөрийн паян гэсэн чинь урд салхины шил хагарсан байна лээ, яг тэр үед толь нь бол хугарчихсан байсан харин салхины шил хагарсан эсэхийг тэр үед нь анзаараагүй байна лээ, тэгээд би Б-ийг та одоо гээд яв гэж явуулчихаад машинаа хүнд үзүүлэх гээд гараад явчихсан юм тэгсэн чинь Б ах дахиж очоод С ахтай зодолдсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3790 тоот дүгнэлт “...С.Б-ийн биед уруулд язрал, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 27/

Шинжээч Ц.Бадралын “...Б-ийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, түүнээс дээш хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/

Гэрч Г.Хүрэлзоригийн “...дуудлагаар очих үед машины толь, салхины шилийг хагалж, хугалж гэмтээсэн гэх Бнх гэх залууг машиныхаа хажууд газар унагачихсан дээрээс нь гараараа дараад байж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 97/

Гэрч Ц.Батбаярын “...дуудлагаар очиход Ланд Ровер маркийн машины хажууд С гэх залуу нь Б гэх залууг газар унагаад дарчихсан байсан...тэгээд юу болсон талаар асуухад машины эд зүйлийг эвдээд байхаар нь болиулаад газар унагаад дээрээс нь дараад байж байна гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 98/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 105-111/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх:

С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-55/, хувийн байдлыг тодорхойлох бусад баримт /хх-57/,

Г.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-50/, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-52-54/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүгдэгч С.Б нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аса” циркийн хашаан дотор иргэн Г.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байхдаа түүний эзэмшлийн Ланд ровер дисковри маркийн тээврийн хэрэгслийн урд шил, толь, урд гупер, хаалга зэргийг гэмтээж хохирогчид нийт 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Хохирогч Г.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...урд талын голд байдаг салхины шилэн дээр байдаг толийг сууриар нь ховх цохиж унагаад нөгөө толь нь унахдаа үсрээд салхины шилийг дээд хэсэгт нь цуулсан …миний хаалган талаас машин руу өшиглөөд тойрч өшиглөөд байхаар нь арай дэндэж байна гээд очиж татаж унагаагаад цээжин дээр нь өвдөглөөд сууж байгаад цагдаа ирэхээр хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Ж.Ганболдын “...С ахын машины урд талын салхин дээр байдаг толь нь хугарчихсан байсан, тэгсэн чинь маргааш нь өчигдөрийн паян гэсэн чинь урд салхины шил хагарсан байна лээ, яг тэр үед толь нь бол хугарчихсан байсан харин салхины шил хагарсан эсэхийг тэр үед нь анзаараагүй байна лээ,...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/

Гэрч Г.Хүрэлзоригийн “...дуудлагаар очих үед машины толь, салхины шилийг хагалж, хугалж гэмтээсэн гэх Б гэх залууг машиныхаа хажууд газар унагачихсан дээрээс нь гараараа дараад байж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 97/

Гэрч Ц.Батбаярын "...дуудлагаар очиход Ланд Ровер маркийн машины хажууд С гэх залуу нь Баянмөнх гэх залууг газар унагаад дарчихсан байсан...тэгээд юу болсон талаар асуухад машины эд зүйлийг эвдээд байхаар нь болиулаад газар унагаад дээрээс нь дараад байж байна гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 98/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 105-111/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Харин прокуророос С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, дээрх зүйл ангид зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

1.2. Шүүгдэгч Г.Снь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аса” циркийн хашаан дотор иргэн С.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь,

Хохирогч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...би С-д машинаа холдуулаач гэж хэлэхэд уурлаад намайг барьж аваад хоолойноос унагаж байгаад цээжин дээр өвдөглөж байгаад дээрээс зодсон... гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Ж.Ганболдын “...машин дотор гэнэт Б ах, Г.С ах 2 зодолдоод унасан тэгэхээр би гүйж очоод Б-ийг гаргаад ирсэн чинь Б ахын хувцас нь нил цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3790 тоот дүгнэлт “...С.Б-ийн биед уруулд язрал, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 27/

Шинжээч Ц.Бадралын “...Б-ийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, түүнээс дээш хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/

Гэрч Г.Хүрэлзоригийн “...дуудлагаар очих үед машины толь, салхины шилийг хагалж, хугалж гэмтээсэн гэх Б гэх залууг машиныхаа хажууд газар унагачихсан дээрээс нь гараараа дараад байж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 97/

Гэрч Ц.Батбаярын “...С гэх залуу нь Б гэх залууг газар унагаад дарчихсан байсан...тэгээд юу болсон талаар асуухад машины эд зүйлийг эвдээд байхаар нь болиулаад газар унагаад дээрээс нь дараад байж байна гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 98/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

            2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “…гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Г.Снь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аса” циркийн хашаан дотор иргэн С.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “…бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах…” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул прокуророос шүүгдэгч Г.С-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилж, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгох,

- шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй.”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн,” …гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.С-ын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Б, Г.Снар нь тохиолдлын шинжтэй нөхцөд байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, түүнчлэн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал хэн хэнд нь тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Бусад асуудлаар:

Хохирогч Г.С-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.570.000 төгрөгийг шүүгдэгч С.Б-с гаргуулахаар шийдвэрлэж, харин шүүгдэгч Г.Соронзонболд нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн 201725020780 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокуророос  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.   

2.  Прокуророос С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

  1. Г.С-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

-  бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Г.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.                                                                                                                                   
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бийг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бөд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуу/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Бөөс 1.570.000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Соронзонболдод тус тус олгосугай.
  6. С.Б, Г.Снар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б, Г.Снарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР