Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 249

 

         С.Б-, Г.С- нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч, хохирогч С.Б-ийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч, хохирогч Г.С-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч, хохирогч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-, Г.С- нарт холбогдох эрүүгийн 201725020780 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигин овогт С-н Б-, 1968 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            2. Баян богд овогт Г-н С-, 1969 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.040.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн /РД:/,

            С.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аса” циркийн хашаан дотор иргэн Г.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний эзэмшлийн “Land Rover Descovery” загварын автомашины урд шил, толь, урд буфер, хаалга зэргийг гэмтээж нийт 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Г.С- нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аса” циркийн хашаан дотор иргэн С.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Б-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.С-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.С-од 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Г.С-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.Б-ийг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Г.С-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Б-өөс 1.570.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.С-од олгож, С.Б-, Г.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.С- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, С.Б-, Г.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч С.Б- давж заалдах гомдолдоо: “...миний бие цаашид гарах эмчилгээний зардлаа Г.С-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурьдаж өгнө үү. Учир нь энэ гэмтлийн улмаас миний 1 шүд унасан, 3 шүд хөдөлсөн, унаж татдаг өвчин маань ихэссэн. Тэрээр надад эмчилгээний зардалд нэг төгрөг ч өгөөгүй. Мөн шүүх хуралдааны дараа “Хохь чинь, хар толгойдоо гомд” гэж хэлээд инээж доромжилсон. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч, хохирогч С.Б-ийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ гэмт хэргийн улмаас С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.  Шийтгэх тогтоолд гэм хорын хохирлыг жич нэхэмжлэх талаар дурьдаагүй орхисон тул энэ талаар өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. Мөн энэ гэмт хэрэг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дууссан байна. Иймд С.Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Г.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа. Учир нь надад хүнтэй хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийх хүсэл сонирхол, зав байхгүй. Мөрөөрөө ажлаа хийгээд байж байхад С.Б- орж ирээд маргаан үүсгэж, улмаар миний эрүүл мэнд, эд хөрөнгөд халдаж, хохирол учруулсан. Иймд миний гэм буруугийн байдлыг үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Г.С-ын өмгөөлөгч О.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн материалыг судлахад Г.С- нь С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь бүрэн гүйцэд нотлогдоогүй гэж үзэж байна. Тухайн цаг үед С.Б- нь Г.С-ын биед халдаж, довтолсон үйлдэл хийсэн байх бөгөөд Г.С- нь биеэ хамгаалах зорилгоор хариу үйлдэл үзүүлсэн нь харагддаг. Энэ нь Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулж байна. Иймд Г.С- нь гэм буруугүй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. С.Б- нь давж заалдах гомдолдоо цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд тусгаж өгөхийг хүсчээ. Энэ хүсэлтийн хувьд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. Харин тус шүүх хуралдаанд Г.С- нь “би С.Б-ийг зодоогүй” гэж, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нь “зодсон, гэхдээ энэ аргагүй хамгаалалт байсан” гэх зэргээр маргаж байна. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар Г.С-ын гэмт үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон. Эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. С.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан. Үүнээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөр зогссон гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аса” циркийн хашаан дотор С.Б-, Г.С- нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, С.Б- нь Г.С-ын эзэмшлийн “Land Rover Descovery” загварын автомашины урд шил, толь, урд буфер, хаалга зэргийг гэмтээж нийт 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.С- нь С.Б-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь;

            - хохирогч С.Б-ийн “...С- миний автомашин зардаг зогсоол дээр өөрийнхөө автомашиныг зогсоож байрлуулсан... би цонхыг нь тогшоод “холдуулаач” гэсэн шаардлага тавихад өөдөөс уурлаад намайг барьж авч боож унагаан, цээжин дээр өвдөглөж байгаад зодсон... би түүний автомашинд хүрээгүй. Урд шил нь өмнө хагархай байсан талаар хүмүүс ярьдаг... би шүдээ хугалуулсан, одоо болтол шүдээ хийлгээгүй явж байна. Гомдолтой байна..” /хх-ийн 16-18/,

            - хохирогч Г.С-ын “...өөрийнхөө автомашиндаа сууж байтал тухайн талбай дээр автомашин худалдаалдаг Б- орж ирж суугаад “пизда минь” гэж баахан хараал урсгаж байгаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон... ингэх явцдаа голын толийг сууриар нь ховх цохиж унагаасан ба толь унахдаа үсрээд салхины шилний дээд хэсэгт нь цуулсан... тэр үед Болдоо гэх залуу ирээд Б-ийг буулгасан... би хамраас гарсан цусаа цэвэрлээд сууж байхад Б- дахин ирээд автомашины хаалга руу өшиглөөд байхаар нь ... түүнийг татаж унагаагаад цээжин дээр нь өвдөглөж сууж байгаад цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгсөн... би өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжилж байна...” /хх-ийн 20-21/,

            - гэрч Ж.Ганболдын “...С-ын автомашин дотор гэнэт Б-, С- хоёр зодолдоод эхэлсэн. Би гүйж очоод Б-ийг гаргаад ирсэн чинь хувцас нь нэл цус болсон байсан. Тэгсэн С-ын хамраас цус гарчихсан байсан юм байна лээ... тухайн үед С-ын автомашины голын толь нь хугарчихсан байсан... Б- дахин очоод С-той зодолдсон юм шиг байна лээ... маргааш нь С-той тааралдахад автомашиных нь толь нь цохигдоод урд шилээ цуулсан гэж байх шиг байсан...” /хх-ийн 24/,

            - гэрч Г.Хүрэлзоригийн “...дуудлагаар очих үед автомашины толь, салхины шилийг хагалж, хугалж гэмтээсэн гэх Б- гэх залууг автомашиныхаа хажууд газар унагаачихсан дээрээс нь гараараа дараад байж байсан...” /хх-ийн 98/,

            - гэрч Ц.Батбаярын “...С- гэх залуу нь Б- гэх залууг газар унагаагаад дарчихсан байсан... тэгээд юу болсон талаар асуухад автомашины эд зүйлийг эвдээд байхаар нь болиулаад газар унагаад дээрээс нь дараад байж байна гэж хэлж байсан...” /хх-ийн 99/,

            - шинжээч Ц.Бадралын “...Б-ийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, түүнээс дээш хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 95-97/,

             - шүүгдэгч С.Б-ийн “...автомашин руу нь өшиглөсөн нь миний буруу. Гэхдээ би өөрийгөө автомашинд нь гэмтэл учруулсан гэж үзэхгүй байна...” /хх-ийн 157/,

            -  шүүгдэгч Г.С-ын “...би энэ хүнийг цохиогүй. Эд хөрөнгөө хамгаалах зорилгоор автомашинаасаа буугаад түүнийг татаж унагаад дараад сууж байтал цагдаа ирсэн...” /хх-ийн 157/ гэсэн мэдүүлгүүд,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №3790 дугаартай “С.Б-ийн биед уруулд язрал, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө” гэх, мөн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №3694 дугаартай “Г.С-ын биед дээд, доод уруулд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлтүүд /хх-ийн 26, 28/, 01-66 УНП улсын дугаартай, “Land Rover Descovery” загварын автомашинд учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн №869 дугаартай “Автомашины хохирол үнэлсэн тухай тайлан” /хх-ийн 107-112/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.  

Дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байна.

С.Б-, Г.С- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, агуулга, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Прокуророос С.Б-ийг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага  хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт, Г.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч С.Б-, Г.С- нарын гэмт үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжтэй тус тус нийцэж тохирсон байх ба эдгээр гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээ нь хөнгөрсөн байна.

Харин шүүгдэгч Г.С-ын холбогдсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон нь түүний эрх зүйн байдлыг дордуулжээ.

Учир нь Г.С- 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, түүний гэмт үйлдэл нь уг хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба энэ гэмт хэрэг нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх С.Б-ийг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Г.С-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба прокуророос Г.С-од 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсны гадна, хохирогч Г.С-ын эд хөрөнгөд учирсан хохирлын баримтуудыг зөв дүгнэн, нотлогдсон хэмжээнд нь хохирлыг тооцож, С.Б-өөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Харин хохирогч С.Б- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон байх боловч тэрээр мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад өөрт учирсан гэм хорын хохиролтой холбогдуулан нотлох баримт, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Гэвч гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүн уг хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд эрүүгийн хэргээс тусдаа буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан шийдвэрлэнэ. 

Иймд хохирогч С.Б-ийн гаргасан “...цаашид гарах эмчилгээний зардлаа Г.С-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурьдаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.    

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.