Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 02240

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02334 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-, Г.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 388 510 583.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар нь 2016 онд “И ББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг сарын 0.3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Г.Б-ийн өмчлөлийн, 240.91 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах орон сууцыг барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч нар зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр үндсэн зээл 200 000 000 төгрөг, зээлийн хүү 166 049 213 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 460 396 төгрөг нийтдээ 388 510 583 төгрөгийг нэхэмжилсэн. Зээлийн гэрээний үүрэгт зааснаар төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагатай байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 53 754 356 төгрөг хасагдаж нийтдээ 334 756 247 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Үүнийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр гэж тайлбарладаг. Мөн хоёр дахь шаардлага гаргахдаа 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэж байна. Уг шаардлагуудыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэдийгээр Г.Б-, Д.Э- нар хамтарч зээл авсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг гэрээгээр Г.Б-өд мөнгө шилжүүлсэнгүй, зөвхөн Д.Э-ад шилжүүлсэн байдаг. Банк, эрх бүхий этгээд зээл олгохдоо зээлдэгчийн дансанд мөнгө шилжүүлснээр зээлийг олгогдсонд тооцно гэж хуульд заасан. Тиймээс Д.Э- зээлийн үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байгаа. Хоёр хариуцагч зээл авахаар хүссэн бол хоёуланд нь зээл хүссэн баримт байх ёстой. Гэтэл Г.Б-өд зээл хүссэн нэг ч баримт байдаггүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгсэл шилжигдэж зээлийн төлбөр тооцоо төлөгдсөн гэж яригддаг. Нэхэмжлэгч тал 57 754 356 төгрөг төлөгдсөн гэх боловч түүний дараа тээврийн хэрэгсэл шилжигдэж зээлийн төлбөрөөс хасагдана гэж тохирсон. Зээлийн төлбөр тээврийн хэрэгслээр төлөгдөж тодорхой хэмжээний үнийн дүн хасагдсан байх ёстой. Гэтэл өмнөх төлөөлөгч зээлийн төлбөр хасагдаад дуусаж байгаа гэсэн байхад өнөөдөр зээлийн төлбөр тооцоонд тээврийн хэрэгсэл хамааралгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэг талаасаа хариуцагч Г.Б- зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй. Харин зээлийн үлдэх хэсгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухайд барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэдэг нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И ББСБ” ХХК-ийн удирдах албан тушаалтан надтай холбогдож, надтай фидуцийн гэрээ хийгээд гарын үсэг зурчих, манайхыг шалгаад байна гэж хэлээд уг гэрээнд гарын үсэг зуруулсан. Уг гэрээ нь зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийн барьцаа хөрөнгийг шилжүүлж авах гэрээ байсан. Мөн миний тээврийн хэрэгслийн үнийн дүн уг зээлийн төлбөрөөс илүү гарсан. Мөн индүүний төлбөрийг багасгаж төлөлтөд бодсон. Энэ нь намайг боловсон аргаар дээрэмдсэн үйлдэл юм. Би хуулийн талаар ямар нэгэн мэдлэг байхгүй учир тус гэрээнд мэдэлгүй гарын үсэг зурсан. Миний тооцоогоор 60 гаруй сая төгрөгийн үлдэгдэл байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-, Г.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 334 756 247.27 төгрөг гаргуулж “И ББСБ” ХХК /РД:6060854/-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 48а байрны 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204086910 дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байрны   м-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204061438 дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1 831 731 төгрөгийг гаргуулж “И ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2 170 703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Э- нар давж заалдах гомдолдоо:

... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зээлийн гэрээний дагуу шилжүүлбэл зохих 200 000 000 төгрөгийг хариуцагч Д.Э-ын дансанд шилжүүлсэн. Мөн хариуцагч Д.Э- нь уг мөнгөн хөрөнгийг өөрөө захиран зарцуулсан болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарладаг. Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн зүгээс анхнаасаа Д.Э-тай зээлийн гэрээ байгуулж зээл олгох сонирхолтой байсан боловч барьцаа хөрөнгө болон буцаан төлөлтийн хувьд эргэлзээтэй байсан тул Г.Б-ийн уг зээлийн гэрээний харилцаанд хэлбэрийн төдий оролцуулсан байдаг. Иймээс зээлийн гэрээгээр олгогдвол зохих мөнгөн төлбөрийг зөвхөн Д.Э-ын дансанд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх талуудын гэрээ байгуулах хүсэл зориг, гэрээний хэрэгжилт, талуудын тайлбар зэрэгт хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр Г.Б-ийг анхнаасаа зээл авах хүсэл зоригтой байсан мэт, зээл авсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээг зөвхөн Д.Э-ад зээл олгох зорилгоор Г.Б-ийг татан оролцуулж хэлбэрийн төдий байгуулж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийн шинжийг агуулах бөгөөд шаардах эрхийг бий болгохгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан барьцааны гэрээнд заавал тусгах зүйлсийг нэг бүрчлэн тусгаагүй, хууль зүйн шаардлага хангаагүй гэрээ байдаг. Иймд зээлийн гэрээний үүргийг Г.Б-өөс гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдсан “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 01373 тоот зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай...” захирамжийг шүүх хуралдааны явцад буюу нотлох баримт судлах явцад нэхэмжлэгч тал дурдаж заахад нэхэмжлэгчээс авч хэрэгт оруулж, шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдаж зааж шийдвэр гаргасан байдаг. Дээрх захирамжаар хэрэгсэхгүй болгосон иргэний хэрэгт Д.Э-, “И ББСБ” ХХК нар нь оролцогч нар болж оролцож байсан тул мэдэх боломжтой боловч Г.Б-ийн зүгээс тус хэргийн оролцогч биш тул захирамжийг хараагүй, мэдэхгүй, мэдэх ч боломжгүй байсан. Гэтэл хариуцагч Г.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс уг захирамж нотлох баримттай танилцах, мэтгэлцэх боломж олгохгүйгээр шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс хүлээн авч, үнэлж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн уг үйлдэл нь хариуцагчийн нотлох баримттай танилцах, түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна.

Хариуцагч Д.Э- нь “И ББСБ” ХХК-аас авсан зээлийн төлбөрт тооцож тээврийн хэрэгсэл өгч байсан, одоогоор уг зээлээс 60 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад уг тээврийн хэрэгслийн талаар тодруулах хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй. Зээлийн төлбөрт тооцож их хэмжээний хөрөнгийг шилжүүлэн өгсөн байхад хасч тооцохгүй, энэ талаар тодруулах хүсэлт гаргасан байхад хүлээн авахгүй, бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийхээс татгалзаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь хариуцагч Д.Э-, Г.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 388 510 583.27 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн В16080201 дугаар зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Д.Э-, Г.Б- нарт “И ББСБ” ХХК-аас зээлдүүлж, мөн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн барьцааны гэрээгээр Г.Б-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 48а байрны 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204086910 дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байрны м-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204061438 дугаарт бүртгэлтэй, 46 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалжээ. /хх5-10/

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01373 дугаар захирамжийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж хариуцагч нарыг 53 754 356 төгрөг төлсөн гэж дүгнэжээ. Гэвч тус захирамжийг хэрэгт нотлох баримтаар авагдсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн 1 хавтас 203 хуудас хэргийн материалд захирамж үдэгдээгүй, захирамжийг тусад нь ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй.

 

            Иймд уг нотлох баримтыг хариуцагч Г.Б-өд танилцуулаагүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрх хангагдаагүй талаар гаргасан хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэгт авагдаагүй баримтыг шүүх шийдвэртээ заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дахь хэсгийг зөрчих тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02334 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 831 731 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ