Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0767

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0767

Улаанбаатар хот

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Б-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Б/34 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ийг Увс аймгийн Түргэн сумын Дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, Д.Л нар давж заалдах гомдолдоо: “... Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д зааснаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.Б-ийг ажлын байрандаа байгаагүй талаар гэрчилсэн гэрч С.Д-ын шүүхэд өгсөн мэдүүлгийг анхаарч үзээгүй байна.

Тус гэрчийн мэдүүлгээр Түргэн суманд хяналт шалгалтаар очих үед нэхэмжлэгч С.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрандаа байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа болно. Мөн уг мэдүүлэгт нэхэмжлэгч нь Аймгийн Засаг дарга руу ажлын цагаар согтуу ярихдаа зүй бусаар харьцсан талаар хэрэгт авагдсан байгаа.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.8, 9.2.9, 9.3.4 болон Түргэн сумын Дунд сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11.4 дэх хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүдэд ямар арга хэмжээ авах талаар тодорхой тусгаж, зохицуулсан байхад анхан шатны шүүх уг сахилгын арга хэмжээ авсан Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч С.Б нь ажлын байрандаа шалтгаангүйгээр байгаагүй, ажлаа тасалсан зөрчил гаргасан мөн ажлын байрандаа архи ууж, ёс зүйгүй үйлдэл гаргасан тул уг сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянавал анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх боловч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Увс аймгийн Засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/34 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Б-д сахилгын шийтгэл ногдуулж, түүнийг Түргэн сумын Дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас халахдаа аймгийн Боловсролын газрын саналыг албан ёсоор аваагүй, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн талаарх бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, шийдвэр гаргахдаа түүнд урьдчилан мэдэгдэж, тайлбар санал гаргах боломжийг олгоогүй, сонсох ажиллагааг хийгээгүй, сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй байх тул анхан шатны шүүхийн маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

            Хариуцагч нь нэхэмжлэгч С.Б-д тус аймгийн Түргэн сумын Дунд сургуулийн захирлын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон шалтгаан үндэслэлийг “ажлын байраа шалтгаангүйгээр орхин явсан, ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж, ёс суртахуунгүй авир гаргаж, сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж тодорхойлжээ. 

            Хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “... тус сумын Дунд сургуульд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхээр 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу Лхагва гаригт очиход захирал С.Б нь ажлын байран дээрээ байхгүй Улаангом суманд байгаа гэсэн мэдээллийг авсан...” гэх 1/676 дугаар албан бичиг, Түргэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “...С.Б нь удаа дараа ажлын байрыг орхиж чөлөө, мэдэгдэл зөвшөөрөлгүй явж, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гарсан Засаг даргын захирамжаар байгуулагдсан эрлийн багийн гишүүн бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас болж алга болсон 2 иргэнийг эрэн хайх бүрэлдэхүүний урьдчилсан гаргах хуралд оролцоогүй...” гэх 1/72 дугаар албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг “2017 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд ажлын байраа орхиж явсан” гэх үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүх маргаан бүхий актын “ажлын байраа шалтгаангүйгээр орхин явсан” гэх үндэслэлтэй холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 21-ний өдрийн А/134 дугаартай “Авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах тухай” захирамжаар тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурч Улсын болон орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан Улаангом хотоос гадагш гарах бүх чиглэлийн автомашины хөдөлгөөн хаагдсаны улмаас ажилдаа очих боломжгүй байсныг ажлын байраа шалтгаангүйгээр орхин явсан гэж дүгнэх боломжгүй...” гэж зөв дүгнэжээ.

            Мөн маргаан бүхий актад нэхэмжлэгч С.Б-ийг “ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж, ёс суртахуунгүй авир гаргаж, сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэж буруутгасантай холбогдуулан анхан шатны шүүх “...гэрч С.Д шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...аймгийн Засаг дарга Түргэн сумын сургуулийн захирал С.Б утсаар зүй бусаар харьцсан талаар надад танилцуулсан” гэж мэдүүлсэн байх боловч бусад нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг мэдүүлгийг үнэлэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “ шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай тус тус нийцсэн байна.

            Түүнчлэн маргаан бүхий актад нэхэмжлэгчийг хэзээ, хэдэн удаа ажлын байраа орхисон талаар тодорхой заагаагүйгээс гадна сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх боловч эдгээртэй холбоотой нөхцөл байдлыг баримтаар тогтоогоогүй атлаа шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна

            Хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, ажлаас халсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”,  4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмын хүрээнд  мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу “сахилгын зөрчил гаргасан” гэх бодит нөхцөл байдлуудыг шалгаж тогтоогоогүй, түүнд урьдчилан мэдэгдэж, тайлбар санал гаргах боломжийг олгоогүй, сонсох ажиллагааг хийгээгүй, сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, аймгийн Боловсролын газрын саналыг аваагүй болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий Б/34 дүгээр захирамжийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зүйтэй байна. 

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...нэхэмжлэгч С.Б-ийг ажлын байрандаа байгаагүй талаар гэрчилсэн гэрч С.Д-ын шүүхэд өгсөн мэдүүлгийг анхаарч үзээгүй ... хөдөлмөрийн дотоод журамд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд ямар арга хэмжээ авах талаар тусгасан байхад шүүх захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн... ” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Хэдийгээр аймгийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байх боловч энэ талаар шийдвэр гаргах тохиолдолд баримталбал зохих Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгийн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхээр байхад шүүх шийдвэрт орхигдуулсан нь буруу байх тул хуулийн зүйл, заалтыг шийдвэрт нэмж оруулав.  

            Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн...” гэж, хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан 2013 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Сонсох үйл ажиллагаа явуулах тухай” 1/396 дугаар албан бичгийн огноо дугаарыг зөрүүтэй бичсэн байгааг  жич тэмдэглэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3,  гэсний дараа “Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15” гэж нэмж бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, Д.Л нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ