Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6-р баг 3-32 тоотод оршин суух, иргэн Засгууд овогт Сайнжаргалын Батсүхийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

            Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Б/34 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Түргэн сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, Д.Лхамхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч С.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний бие 2013 оны 10 сарын 22-ны өдрийн Дунд сургуулийн захирлын албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж 1-р байр эзлэн аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 15-ны өдрийн Б/85 тоот захирамжаар Түргэн сумын сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Намайг анх ажил хүлээн авахад тус сургууль аймагтаа 26-р байранд орсон байсан.Би ажиллах хугацаандаа сургуулиа 13-р байранд оруулж амжилттай ажилласан. 2016 сарын 12 дүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтэж байхад 17 цагийн үед надруу боловсрол соёлын газрын дарга Дашням гэх хүн утсаар залгаж ажлаа өгөхөд бэлдээрэй гэж хэлсэн. Би ямар шалтгаанаар намайг ажлаас халж байгаа вэ? гэж асуухад би сайн мэдэхгүй байна Увс аймгийн Засаг дарга надад үүрэг өгсний дагуу би сургуулиудын захирал нарт залгаж мэдэгдэж байна гэж хэлсэн. 12 сарын 28-ны өдөр Түргэн сумын Засаг дарга миний өрөөнд орж ирээд аймгийн Засаг дарга таныг аваад хүрээд ир гэлээ гэсэн. Би өнөө маргаашдаа очиж уулзья.Шинэ жил болох гээд ажил их байна гэж хэлсэн.Ингээд би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагын үед Аймгийн Засаг даргатай өөрийн биеэр уулзаж өөрийн хийсэн бүх ажлаа бүгдийг нь танилцуулсан. Тэгэхэд тантай тохирч болноо, таныг Улаангомд цогцолбор 1 дүгээр сургуульд биеийн тамирын багшийн ажил олж өгнө гэж ярилцсан. Намайг ямар шалтгаанаар халах болсон бэ? гэж асуухад Увс аймгийн Засаг дарга улс төрийн шалтгаанаар чамайг халж байна гэх хариултыг өгсөн. Үүний дараагаар сургуулиудын захирал нартай гэрээ байгуулахад надтай гэрээ байгуулаагүй. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Түргэн сумын Тамгын газрын дарга Батсүх гэх хүн 60 нас хүрч тэтгэвэрт гарсан ба энэ ажилд Бямбаа томилогдохоор болж шүүхээр явж байсан.Харин Бямбааг уг ажилд ажиллуулаагүй учир миний ажлын байрны асуудал яригдсан. Тус сургуульд миний хийсэн зүйл маш их байгаа.2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11:30 минутанд Увс аймгийн Засаг дарга надруу залгаад чи Улаангомын 1 дүгээр сургуульд очиж бага ангийн багшаа хий гэж хэлсэн урьд нь хийж байсан биздээ гэж ёс зүйгүй хандсан. Би ажлаа өгөхгүй, танай очиж уулзья гэж хэлсэн. Тэгээрэй гэсэн.Би тэр орой ажил тараад Улаангом явахад цас их орж байсан. Маргааш өглөө нь сумруу холбогдоход 70-80 см цас орсон, хүнд нөхцөлтэй байгаа талаар мэдсэн.Тэгээд өглөө нь 3 сарын 22-ны өдөр Түргэн сумруу явах гэтэл пост дээр замын хөдөлгөөн хаасан аймгийн Засаг даргын захирамж гарсан тул гаргаагүй.Буцаад Улаангом ороод Засаг даргатай ярихад онцгой байдлын хуралтай байна. Хүлээж бай гэсэн. Үүний дараагаар би өөрийн биеэр Увс аймгийн Засаг даргатай уулзахад чиний ажлыг авна, боловсролын газрын даргаар шалгалт хийлгэн чиний ажлыг шалгуулна гэсэн. Дашням дарга манай сургууль дээр очсон байсан. 03 дугаар сарын 24-ны өдөр би ажил дээрээ байж байтал хүний нөөцийн ажилтан надруу залган танд шийтгэл ногдуулах гэж байгаа, ажлаас халах гэж байна, бичиг явуулна, мэйл хаяг байна уу гэхэд би хаягаа өөрчилсөн. Сургуулийн хаягаар явуулаарай гэхэд өөрөө заавал ирж авах ёстой гэсэн. Захирамжтай танилцахад удаа дараа ажил тасалсан, ажлын байран дээр архидан согтуурсан зэрэг шалтгаанаар намайг ажлаас халсан захирамж ирсэн байсан. Би ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн удаа байхгүй. Би ажлаа өгч чадахгүй гэж хэлснийг намайг ёс зүйгүй авирласан, даргын үгийг биелүүлээгүй гэж үзэж байгаа юм шиг байна.Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нотлогдоогүй зүйлийг энэ хүмүүс яриад байна. Гэрээ хийгээгүй захирлуудыг бүгдийг нь өөрчилсөн хамгийн сүүлд намайг чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Батсүх нь ажлын байраа орхин явсан, ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж, ёс суртахуунгүй авир гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. С.Батсүх нь аймгийн Засаг даргатай удаа дараа согтуу ярьж, зүй бус үг хэрэглэж харьцсан.Тус сумын дунд сургуульд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхээр 2017 оны 03 сарын 22-ны өдөр буюу Лхагва гарагт очиход захирал С.Батсүх ажлын байран дээрээ байхгүй Улаангом суманд байгаа гэсэн мэдээллийг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд Э.Бямбаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нь Түргэн сумын ЗДТГ-ын дарга тэтгэвэрт гарснаар уг ажлын байранд төрийн албаны шалгалт өгч 74,34 оноогоор тэнцэж уг ажлын байранд ажиллах асуудлаар аймгийн удирдлагуудад санал гаргахад ажлын байр сэлгэн ажиллуулах саналыг надад тавьсан.Мэргэжлийн дагуу сургуулийн захирлаар ажиллахыг санал болгож 2017 оны 03 сарын 31-нд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай аймгийн Засаг даргын захирамжийг суманд ирүүлсэн. Энэ үед сургуулийн захирал С.Батсүх нь Улаанбаатар хот явсан тул ажил хүлээлцэх боломжгүй болсон.Сумын Засаг дарга ажил хүлээлцэх комиссыг томилж сургуулийн хамт олонд танилцуулснаар 4 сарын 11-ээс эхлэн ажлаа гүйцэтгэж эхэлсэн. 2017 оны 5 сарын 22-нд захирлын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтанд миний бие орж 80, 23 оноогоор төрийн албаны шалгалтанд тэнцээд байна “ гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Батсүх нь Увс аймгийн Засаг даргатай 2014 оны  04 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус гэрээнд хүндэтгэх шалтгаангүйгээр 3 хоног түүнээс дээш хугацаанд ажил тасалсан тохиолдолд гэрээг цуцалнаа гэсэн заалт байгаа С.Батсүх нь ажлын байраа удаа дараа шалтгаангүйгээр орхиж тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь үнлэслэлтэй...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Батсүх нь Увс аймгийн Засаг даргатай утасаар ярьж, сүрдүүлсэн, зүй бусаар харьцаж байсан байдаг. Тухайн үед утсаар ярихдаа Батсүх нь согтуу ярьсан байсан. Аймгийн Засаг даргын зүгээс Боловсрол соёлын газрын дарга Дашнямд Түргэн сумын сургуулийн захирлын ажлыг шалгах хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьсны үндсэн дээр 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шалгалт хийгдсэн.Тэр өдөр С.Батсүх нь ажлын байран дээрээ байхгүй, дотуур байрны 1 хүүхэд гэмтсэн байдалтай байсан. Сургуулийн ажилчдын хэлснээр үнэлэлт дүгнэлт хийхэд 7 хоногт 2-3 удаа ажилдаа ирдэггүй гэж тус сургуулийн ажилчид нь хэлсэн. Сонсох ажиллагаа хийх тухай захирамжийг мэйл хаягаар өгөх гэж С.Батсүхтэй утсаар ярьж мэйл хаягыг нь асуухад надад мэйл хаяг байхгүй сургуулийн мэйл хаягаар явуул гэсэн тэгээд сургуулийн мэйл хаягыг асуухад та нар мэдэх ёстой гээд утсаа тасалсан. Иймд Түргэн сумын Засаг даргаар дамжуулан сонсох ажиллагаа явуулах тухай захирамжийг өгсөн. Ажлын цагаар С.Батсүх нь Засаг даргатай согтуугаар утсаар ярих үед цагдаагаар шалгуулахад өмнөх өдөр нь архи уусан гээд согтолтын хэмжээ шалгах багаж руу үлээгээгүй. 03 дугаар сарын 24-ны өдөр тамгын дарга С.Батсүхтэй уулзах гэхэд ажил дээрээ байхгүй Улаангом явсан гэж хэлсэн ба утсаар ярихад одоо ажил дээрээ байна гэж худал хэлсэн. С.Батсүх нь 3 удаагын давтамжтайгаар хэд хэдэн хоногоор ажлаа тасалсан. Архидан согтуурсан байхыг нь тус сумын цагдаа нь тогтоож чадаагүй ба  шалтгааныг эдгээр хүмүүс нь хоорондоо ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзэж байна. Батсүх нь ажлаа өгөхгүй байсан тул 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс гэрт нь очиж сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг танилцуулж сургуулийн тамгыг авахаар очсон. Сургуулийн захирлын тамга нь С.Батсүхийн гэрт байсан ба С.Батсүхийн эхнэр нь энэ тамга байнга гэрт байдаг гэж тайлбарласан тэмдэглэл байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ... Нэхэмжлэгч С.Батсүхийг хариуцагч ажлын байраа шалтгаангүй орхиж явсан гэж үзэж байгаа. Гэтэл үүнийг  нотлох цагийн бүртгэл, цалинг хассан нягтлан бодогчийн бүртгэл байхгүй. Ажлын байран дээр удаа дараа архидан согтуурсан гэж байгаа ба үүнийг мөн нотлосон зүйл байхгүй. Хэрвээ ажлын байран дээр архидан согтуурсан бол цагдаа сэргийлэх дуудаж тухайн цаг үед нь арга хэмжээ авах ёстой байсан. Удирдах албан тушаалтантай зүй бусаар харьцсан гэж байгаа бөгөөд энэ тал дээр миний үйлчлүүлэгч нь Засаг даргатай уулзаад ажлаас хална гэхэд урдаас нь өөрийн ажил амьдралын талаар тайлбарласан зүйлийг ингэж ойлгож хэлсэн. Засаг даргын захирамж үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд нэхэмжлэгч С.Батсүх нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Б/34 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай “ захирамжийг хүчингүй болгуулж, Увс аймгийн Түргэн сумын Дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Батсүх  нь “ Намайг архи уусан, ёс зүйгүй авирласан, ажил тасалсан гэж нотлогдсон зүйлгүйгээр сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцов.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “ С.Батсүх нь аймгийн Засаг даргатай утсаар согтуу ярьж зүй бусаар харьцсан,удаа дараа ажлын байраа орхин явсан, ажлын цагаар архидан согтуурсан”  гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээдийн  хувьд Аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн захирамжаар Увс аймгийн Түргэн сумын  дунд сургуулийн захирлын ажлыг гүйцэтгэж байгаа талаараа тайлбар гаргажээ.

Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн  Б/34 дугаартай “ Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжинд[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4,131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь  заалтыг  тус тус үндэслэн нэхэмжлэгч М.Батсүхийг ажлын байраа шалтгаангүйгээр орхин явсан, ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж, ёс суртахуунгүй авир гаргаж сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр С.Батсүхэд Түргэн сумын дунд сургуулийн захирлын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Батсүх нь маргааны бүхий захиргааны актад холбогдуулан 2017 оны 04 сарын 28-ны өдөр хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.        

Нэхэмжлэгчийг  ажлаас чөлөөлөх тухай захиргааны акт гарсны дараа Э.Бямбааг 2017 оны 03 сарын 31-ний өдрийн  Б/35 дугаартай захирамжаар Түргэн  сумын Дунд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,2017 оны 06 сарын 06-ны өдрийн Б/59 дугаартай захирамжаар[2] захирлаар томилогджээ.

Нэхэмжлэгч С.Батсүх нь Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 15-ны өдрийн Б/85 дугаартай захирамжаар[3] Увс аймгийн Түргэн сумын Дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллажээ.

Маргаан бүхий актанд дурдсан ажлын байраа шалтгаангүйгээр орхин явсан гэх үндэслэлийн талаар:

Маргаан бүхий актанд нэхэмжлэгч С.Батсүхийг ажлын байраа шалтгаангүйгээр орхин явсан гэх үндэслэлийг дурдсан боловч хэзээ хэдэн удаа ажлын байраа орхисон талаар дурдаагүй байна. Хариуцагчаас шүүхэд С.Батсүхийг 2017 оны 03 сарын 22-ны өдөр Түргэн сумын сургуульд хяналт, шинжилгээ,үнэлгээ хийх үеэр ажлын байран дээрээ байхгүй байсан гэх тайлбарыг ирүүлжээ.

Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга С.Дашням аймгийн Засаг дарга Д.Батсайханаас Түргэн сумын сургуулийн үйл ажиллагаатай танилцах талаар үүрэг өгсний дагуу Түргэн сумын дунд сургуульд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийг боловсруулж 2017 оны 03 сарын 22-ны өдөр Түргэн сумын сургуулийн үйл ажиллагаатай танилцахад сургуулийн захирал С.Батсүх ажлын байран дээрээ байгаагүй бөгөөд сургуулийн захирлыг солих шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн талаар гэрч С.Дашням шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ[4] дурджээ.

Нэхэмжлэгч С.Батсүх нь 2017 оны 03 сарын 21-ний орой Улаангом суманд ирээд 03 сарын 22-ны өдөр ажилдаа очоогүй талаар маргаагүй ба Түргэн сум явахад замын хөдөлгөөн хаасан байсан тул ажилдаа очиж чадаагүй гэх тайлбар гаргасан болно.

Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 21-ний өдрийн А/134 дугаартай “Авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах тухай” захирамжаар[5] тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурч Улсын болон орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан Улаангом хотоос гадагш гарах бүх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 20 цагаас 22-ны өдрийн 09 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан байна.

Уг өдөр нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар Улаангом сумаас гарах бүх чиглэлийн автомашины хөдөлгөөн хаагдсаны улмаас  ажилдаа очих боломжгүй байсныг ажлын байраа шалтгаангүйгээр орхин явсан гэж дүгнэх боломжгүй юм.

Хариуцагчаас С.Батсүхийг 2017 оны 03 сарын 22-ны өдөр ажилдаа очоогүй шалтгааныг тодруулаагүй,бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан нь буруутай байна.

Маргаан бүхий актанд дурдсан ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж, ёс суртахуунгүй авир гаргасан гэх үндэслэлийн талаар:

Маргаан бүхий актанд нэхэмжлэгч С.Батсүхийг хэзээ хэдэн удаа архидан согтуурсан,ёс суртахуунгүй авирласан талаар дурдаагүй байх ба хариуцагчаас шүүхэд С.Батсүхийг утсаар согтуу ярьж зүй бус үг хэрэглэж харьцсан гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Хариуцагчийн зүгээс С.Батсүхийг дээр дурдсан зөрчил гаргасан талаарх нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, нотлоогүй байх тул шүүхээс С.Батсүхийг ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж, ёс суртахуунгүй авир гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Гэрч С.Дашням шүүхэд өгсөн мэдүүлэгтээ аймгийн Засаг дарга Түргэн сумын сургуулийн захирал С.Батсүх утсаар зүй бусаар харьцсан талаар надад танилцуулсан гэж мэдүүлсэн байх боловч бусад нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг мэдүүлгийг үнэлэх боломжгүй болно.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 8 дугаартай Захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар[6] С.Батсүх нь 2017 оны 04 сарын 19-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхантай утсаар ярихдаа “Ална шүү “ гэж хэлсэн гэх үйлдэлд нь захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзсан байна. Энэхүү үйл явдал нь сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 03 сарын 31-ны өдрийн Б/34 дугаартай аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа байх тул хэрэгт хамааралгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын зөрчилд тооцох үндэслэл,шийтгэлийн төрлүүдийн талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ.

Хэрэгт аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, нэхэмжлэгч С.Батсүх нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ[7] авагдсан бөгөөд тус гэрээний 9.2.8-д ёс суртахууны зөрчил удаа дараа гаргасан бол,  9.2.9-д хүндэтгэх шалтгаангүйгээр 3 хоног, түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцална гэж, мөн гэрээний 9.3.4-д ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцохоор заажээ.

Түргэн сумын Дунд сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын[8] 11.4-д хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын цагаар ажлын байрандаа архи уусан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаар заасан байна.

Хэдийгээр маргаан бүхий актанд дурдагдсан сахилгын зөрчлүүд, түүнд авах арга хэмжээний талаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан байгаа боловч хариуцагчаас нэхэмжлэгч С.Батсүхийг буруутгаж буй зөрчлүүд нотлогдож тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Увс аймгийн Засаг даргын  “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  2017 оны 03 сарын 31-ны өдрийн Б/34 дугаартай захирамжийг хүчингүй болгож, С.Батсүхийг Увс аймгийн Түргэн сумын Дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Түргэн сумын Дунд сургуулийн цагийн бүртгэл дэх  багш ажилтнуудын цагийн бүртгэл  бүрэн биш, шаардлага хангахгүй, 2017 оны 3 сарын цагийн бүртгэл байхгүй болохыг тэмдэглэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр шүүх хуралдаанд “ С.Батсүх нь 2017 оны 03 сарын 22, 03 сарын 24, 03 сарын 29,30-нд тус тус ажлаа тасалсан тул хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй” талаар тайлбар гаргасан ба аймгийн Засаг даргын 2017 оны 3 сарын 24-ний өдрийн 1/396 дугаартай албан бичгээр  С.Батсүхийн 2017 оны 03 сарын 22-ны өдөр ажлын байраа орхин явсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах тухай сонсох ажиллагааг явуулсан, хариуцагч Увс аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа маргаан бүхий актын үндэслэлийг 3 сарын 22-ны өдөр ажлын байран дээрээ байгаагүй гэж үзсэн талаар дурдсан,3 сарын 24, 29,30-ны өдрүүдэд ажлын байрандаа байгаагүй гэх үндэслэлийн талаар сонсох ажиллагаа хийгдээгүй тул Г.Шинэбаярын тайлбарыг хүлээн авах боломжгүй болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Батсүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Б/34 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Батсүхийг Увс аймгийн Түргэн сумын Дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Батсүхэд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ