Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 02261

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02398 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.М-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамж 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023318 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрыг 131 943 000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулмаар байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2154 дүгээр магадлалаар Д.М-аас 84 250 292 төгрөг гаргуулж “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Д.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023318 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамж 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023318 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрыг 131 943 000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргасан. Надад хэлэхдээ Д.М- нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шуудангаас авсан гэж хэлсэн, тэр талаарх баримтаа өгөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэлээс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийсэн байгаа тул энэ өдөр шуудан очихгүй нь тодорхой юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх ба 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэнээс гадна энэ өдрөө шууданд хийсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал ирүүлэхийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэхэд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгчийн хамт очиж өгье гэсэн боловч үнийн санал ирүүлээгүй. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлбөр авагч “Мөнгөн буудай ББСБ” ХХК нь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг гаргасан. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/334 тоот тухайн тогтоолоор “Файн Эстимэйт” ХХК-ийг томилж, зах зээлийн үнийг тогтооход Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамж 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023318 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрыг 131 943 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээний мэдэгдлийг 99108256 дугаарын утсаар мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн. Түүнчлэн бага үнэлсэн талаарх баримт байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор гаргаж болно гэсэн хугацааг өнгөрүүлсэн байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамж 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023318 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо:

... Шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр утсаар төлбөр төлөгчтэй холбогдож шийдвэр гүйцэтгэх албан дээр ирж эд хөрөнгө үнэлэгдсэн тухай мэдэгдлийг авахыг анхааруулсан бөгөөд нэхэмжлэгч хөдөө ажлаар яваа буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар очиж амжихгүй тухай тайлбарлахад энэ талаар тэмдэглэлдээ тусгасан байдаг, мөн өдрөө мэдэгдлийг нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлэхээр шууданд хүлээлгэн өгсөн. Хот доторх шуудан ажлын 1-2 хоногийн дотор хаягийн дагуу хүргэгдэг. Шуудангаар илгээсэн мэдэгдэл төлбөр төлөгчийн гэрийн хаягаар 1 хоногийн дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүргэгдлээ гэж тооцоолоход нэхэмжлэлийг хуулийн хугацаанд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. Гэтэл шүүх шууданд хүлээлгэн өгсөн өдрөөс /хүлээн авах боломжит хугацааг харгалзалгүйгээр/ хуулийн хугацааг тоолон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу даваа гарагт шуудангийн холбогдох салбараас хүлээн авч НШШГГ- ирж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан. Шүүхээс мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй гэснийг үндэслэсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр явуулсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ажиллагаа нь хуульд нийцээгүй буюу хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тухай гомдол нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж үзэж байна.

Шүүхээс зохигчдын хэн алины боломжит нөхцөлд дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01598 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 32 179 720 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 51 494 252 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2154 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Д.М-аас 83 673 972 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-аас олгон өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байх ба Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаар тогтоолоор техникийн өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх23-42/

 

Нэхэмжлэгч Д.М- нь дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 182/ШЗ2018/02590 дугаар Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу мөн өдөр 276 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 182700617 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх19-22, 43/

 

Барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж, 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023318 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18270617/2 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 18270617/06 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч Д.М-ад 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4-222/23081 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байх ба үнийн саналаа ирүүлээгүй, харин төлбөр авагч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. Иймд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/334 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ. /хх63-65/

 

Шинжээч тогтоолд заасан 3 өрөө орон сууцыг нийт 131 943 000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4-222/24167 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдэж тэмдэглэл үйлджээ. /хх79/ Төлбөр төлөгчөөс үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авсан байна. Иймд шүүх нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Мөн шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ