Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/02398

 

2020 09 09 183/ШШ2020/02398

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............. тоотод оршин суух Б овогт Д.М /000000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ............. өөрийн байранд байрлах НШШГГ /РД:000000/-т холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрыг 131 943 000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулмаар байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2154 дүгээр магадлалаар Д.Маас 84 250 292 төгрөг гаргуулж М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Д.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрыг 131 943 000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан. Надад хэлэхдээ Д.М нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шуудангаас авсан гэж хэлсэн, тэр талаарх баримтаа өгөөгүй байна. Яаж ч бодсон шийдвэр гүйцэтгэлээс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийсэн байгаа тул энэ өдөр шуудан очихгүй нь тодорхой юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх ба 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэнээс гадна энэ өдрөө шууданд хийсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал ирүүлэхийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэхэд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгчийн хамт очиж өгье гэсэн боловч үнийн санал ирүүлээгүй. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлбөр авагч М ББСБ ХХК нь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг гаргасан. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/334 тоот тухайн тогтоолоор Ф ХХК-ийг томилж, зах зээлийн үнийг тогтооход Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамж 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрыг 131 943 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээний мэдэгдлийг 99108256 дугаарын утсаар мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн. Түүнчлэн бага үнэлсэн талаарх баримт байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т зааснаар 7 хоногийн дотор гаргаж болно гэсэн хугацааг өнгөрүүлсэн байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М хариуцагч НШШГГ холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Ф ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох ба нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайланг эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр буюу хуулийн хугацааг хэтрүүлэн гаргасан байна /хх 5 дугаар хуудаст буй шуудангийн дугтуйн дээрх дардсаар/.

Учир нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайланг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д.Мад мэдэгдсэн талаар тухайн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-79/, мөн тухайн өдөр шууданд хийсэн шуудангийн дардас дарагдсан НШШГГ-ын мэдэгдэл /хх-81/ тус тус авагдсан байх ба шүүх хугацааг мэдсэн өдөр болох 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж тоолоход шүүхэд гомдол гаргах хугацаа 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01598 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2154 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаар тогтоолоор Д.Маас 83 673 972 төгрөгийг гаргуулж, М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Д.М 83 673 972 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Мын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18270617/2 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 18270617/06 дугаар тогтоолоор тус тус хурааж, шинжээчээр Ф ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгосон байх ба уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин эхэлсэн байх ба зохигч талууд эдгээр асуудлаар маргаагүй байна.

Ингээд төлбөр төлөгч Д.Мын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрны үнэлгээний талаарх саналыг талууд ирүүлээгүй тул 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/334 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Ф ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Ф ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгө үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар нийт 131 943 000 төгрөгөөр үнэлжээ.

Хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ... шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн ... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2020/10665 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                      О.ЧУЛУУНЧИМЭГ