Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

            Шүүгдэгч Э.Пнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигин овогт Энх-Амарын Э.Пид холбогдох эрүүгийн 1709018520379 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Кинг товер” констракшинд гадна пасатны ажил эрхэлдэг гэх, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын 4-28 тоотод оршин суух,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Пнь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний баруун хойд буланд иргэн Х.Алтансүхийн Нокиа 16-81С загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн

 

байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Миний буруу. Тухайн үед гэрээсээ гараад өлсөөд байсан болохоор утсаар яриад өгье гэж хэлээд утсыг нь авсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ажлаа хийгээд шударгаар хөдөлмөрлөж амьдарна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Х.Алтансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “.. Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн сургууль болох Нийслэлийн 16 дугаар сургуулиас хичээлээ 18 цагийн үед тарчихаад гэрлүүгээ харихаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын Сэлбэ гүүрний баруун хойд талд явж байтал 20 гаран насны бараан хувцастай, саравчтай малгайтай ах араас хүрч ирээд утсаар чинь яриадхья гэж хэлэхээр нь би уг өөрийнхөө Нокио маркийн гар утсаа өгсөн юм. Тэгээд миний гар утсыг авангуутаа харанхуй гудамж уруу гүйгээд явчихсан ба би айгаад зам дээр зогсож байтал манай эцэг болох Хадбаатар ирсэн юм. Тэгээд би аавын хамт цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч О.Хадбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед хүүхдээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гүүрэн дээрээс авахад манай хүү машинд суугаад ааваа миний утсыг танихгүй хүн утсаар яриад өгнө гэж хэлээд утас өгөлгүй аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би утас руу нь залгахад утсаа аваагүй дахиад залгахад утсаа аваад ярихгүй байсан. Тэр үед би Хангай хотхоны цагдаагийн постонд очоод цагдаа нарт манай хүүхдийн утсыг дээрэмдсэн байна гэж хэлээд утас руу нь залгаад цагдаагаар яриулахад тэр хүн утсаа авахад мөнгө өгнө хадгалсан дугаарууд нь хэрэгтэй байгаа юм, 40.000 төгрөг өгнө гэхэд за за та нар 100 айлд хүрээд ир гэж хэлээд очиход тэнд нэг газарт мөнгөө нуу гэж хэлээд мөнгийг нь нуухад та нар наанаа байхгүй байна 32-ын тойрог руу яв гэж хэлээд машиныхаа дугаарыг хэл гээд бид нартай бараг нэг цаг гаран ярьсан. Тэгж байснаа та нар одоо Сансарын колонк руу яв гэж хэлэхэд бид нар явсан хойгуур тэр хүн мөнгө авах гэж байгаад тэнд отож байсан цагдаад баригдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Х.Балжинням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...ажил үүргээ гүйцэтгэж байхад Хадбаатар гэх иргэн манай хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэхээр нь гар утас руу нь залгаж 40.000 төгрөг өгье гэх зэргээр ярьж байгаад Э.Пүрэвдорж гэх этгээдийг олж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/,

Э.Пүрэвдоржийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг “...100 айлын гүүрний орчим явж байтал урд 13-14 орчим насны эрэгтэй хүүхэд утсаар яриад явж байхаар нь би очоод ахдаа ганц утсаараа яриулчихаач гэж хэлж гуйж гар утсыг нь аваад гудамж руу ороод гүйчихсэн юм. Тэгээд уг утсыг 100 айл дээр зарахаар явж байтал нөгөө хүүхдийн аав залгахаар нь би утсыг нь авахад чи миний хүүхдийн утсыг авчихсан байна. Уг утсан дотор яаралтай хэрэгтэй дугаарууд байгаа ах нь чамд 80.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би үнэнгээ хэлээд ахаа энэ утас яагаад ч 80.000 төгрөг хүрэхгүй үсрээд 30.000 төгрөг хүрнэ гэж хэлсэн чинь за тэгвэл ах нь чиний хэлсэн үнээр очиж авъя. Ах нь утсаа хаана өгөлцөж авах вэ гэж асуухаар нь би төөрөгдүүлээд худал хэлсэн. Тэгээд нөгөө ах дахин залгаад БСБ худалдааны төвийн

хажууд машины дугуй байгаа уг дугуйн доор мөнгийг чинь хийлээ чи зөрүүлээд гар утсаа хийчих гэж хэлхээр нь би очоод дугуйг сөхөж үзэхэд цагдаа хүрж ирээд намайг барьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/

Шүүгдэгч Э.Э.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-26, 29,30/,

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч О.Хадбаатар нараас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэст гаргасан “…гомдол санал байхгүй, энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-34/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Прокуророос Э.Э.Пийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Пнь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар шүүгдэгч Э.Э.Пид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлий 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан заалт нь шүүхийн эрх хэмжээний шийдвэрлэх асуудал болохыг дурьдах нь зүйтэй байна.

Харин шүүх шүүгдэгч Э.Э.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...хорих ялын дээд хэмжээг таван жил, ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад зааснаар “...оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Э.П-г бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э.Пийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э.Пид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.                                                   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Э.Э.Пид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Э.Э.Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

6. Э.Пнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Э.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                       

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                                          

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Э.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР