Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Пид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Э.П,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Э.Пид холбогдох 1709018520379 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн .............ын Пүрэвдорж............., 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Кинг Товер” констракшинд гадна фасадны ажил эрхэлдэг, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт ........... тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй,  /регистрийн дугаар: ............./,

Э.П нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний баруун хойд буланд иргэн Х.Аийн “Нокиа 16-81С” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Э.Пийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:            ............. овогт .............ын .............ийг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Пийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Пид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Э.Пид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж,

Э.Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж,

Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Э.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүигээр 2 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан заалт нь шүүхийн эрх хэмжээний шийдвэрлэх асуудал болохыг дурьдах нь зүйтэй байна...” гэж үзэн Э.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Э.Пид 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан заалт нь шүүхийн эрх хэмжээний шийдвэрлэх асуудал гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсэгт “...харгалзан  шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж заасан нь прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад 6.7 дугаар зүйлийг барьж яллагдагчтай ял тохирох боломжгүй энэ зүйл ангийг шүүх хэрэглэхээр хуульд заасан байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “...шүүх...” гэж заагаагүй байх тул прокурорын зүгээс дээрх саналыг шүүхэд гаргах эрх нээлттэй гэж ойлгогдохоор байна.

Мөн яллагдагч Э.П нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокуророос яллагдагч Э.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх...” тухай шийдвэр гаргахаар байхад прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх саналд тусгасан ял шийтгэлийг өөрчлөн шүүгдэгч Э.Пийн эрх зүйн байдлыг дордуулан хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэсэн нь прокуророос яллагдагчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хүрээнд ял шийтгэх тухай зохицуулалт юм. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргийн тухайд яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаагүй тохиолдолд 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүх прокурорын саналыг харгалзан өөрөөр хэлбэл прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх саналд тусгасан ялын төрөл болон хэмжээг өөрчлөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэж ойлгохоор байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.П нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний баруун хойд буланд 11 настай иргэн Х.Аийн “Нокиа 16-81С” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Э.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Миний буруу. Тухайн үед гэрээсээ гараад өлсөөд байсан болохоор “утсаар яриад өгье” гэж хэлээд утсыг нь авсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ажлаа хийгээд шударгаар хөдөлмөрлөж амьдарна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-58 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...100 айлын гүүрний орчим явж байтал урд 13-14 орчим насны эрэгтэй хүүхэд утсаар яриад явж байхаар нь би очоод “ахдаа ганц утсаараа яриулчихаач” гэж хэлж гуйж гар утсыг нь аваад гудамж руу ороод гүйчихсэн юм. Тэгээд уг утсыг 100 айл дээр зарахаар явж байтал нөгөө хүүхдийн аав залгахаар нь би утсыг нь авахад “чи миний хүүхдийн утсыг авчихсан байна. Уг утсан дотор яаралтай хэрэгтэй дугаарууд байгаа ах нь чамд 80.000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь би үнэнгээ хэлээд “ахаа энэ утас яагаад ч 80.000 төгрөг хүрэхгүй үсрээд 30.000 төгрөг хүрнэ” гэж хэлсэн чинь “за тэгвэл ах нь чиний хэлсэн үнээр очиж авъя. Ах нь утсаа хаана өгөлцөж авах вэ” гэж асуухаар нь би төөрөгдүүлээд худал хэлсэн. Тэгээд нөгөө ах дахин залгаад “БСБ худалдааны төвийн хажууд автомашины дугуй байгаа уг дугуйн доор мөнгийг чинь хийлээ, чи зөрүүлээд гар утсаа хийчих” гэж хэлхээр нь би очоод дугуйг сөхөж үзэхэд цагдаа хүрж ирээд намайг барьсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өсгөн “...Би хичээлээ тарчихаад гэр рүүгээ харихаар явж байтал 20 гаран насны бараан хувцастай, саравчтай малгайтай ах араас хүрч ирээд “утсаар чинь яриадхья” гэж хэлэхээр нь би уг өөрийнхөө “Нокиа” загварын гар утсаа өгсөн юм. Тэгээд миний гар утсыг авангуутаа харанхуй гудамж уруу гүйгээд явчихсан ба би айгаад зам дээр зогсож байтал аав Хадбаатар ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

гэрч О.Хадбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хүүхдээ авахад манай хүү автомашинд суугаад “Ааваа миний утсыг танихгүй хүн утсаар яриад өгнө гэж хэлээд утас өгөлгүй аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд би утас руу нь залгахад утсаа аваагүй дахиад залгахад утсаа аваад ярихгүй байсан. Тэр үед би Хангай хотхоны цагдаагийн постонд очоод цагдаа нарт “манай хүүхдийн утсыг дээрэмдсэн байна” гэж хэлээд утас руу нь залгаад цагдаагаар яриулахад тэр хүн утсаа авахад “мөнгө өгнө хадгалсан дугаарууд нь хэрэгтэй байгаа юм, 40.000 төгрөг өгнө” гэхэд “за за, та нар 100 айлд хүрээд ир” гэж хэлээд очиход тэнд нэг газарт мөнгөө нуу гэж хэлээд мөнгийг нь нуухад “та нар наанаа байхгүй байна, 32-ын тойрог руу яв” гэж хэлээд автомашиныхаа дугаарыг хэл гээд бид нартай бараг нэг цаг гаран ярьсан. Тэгж байснаа та нар одоо Сансарын колонк руу яв гэж хэлэхэд бид нар явсан хойгуур тэр хүн мөнгө авах гэж байгаад тэнд отож байсан цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

гэрч Х.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ажил үүргээ гүйцэтгэж байхад Хадбаатар гэх иргэн “манай хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна” гэхээр нь гар утас руу нь залгаж 40.000 төгрөг өгье гэх зэргээр ярьж байгаад Э.П гэх этгээдийг олж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Э.Пийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн “...шүүгдэгч Э.Пийн эрх зүйн байдлыг дордуулан хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү” гэх улсын яллагчийн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчилсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаарх ойлголт зохицуулалт нь өмнө 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас өөр байдлаар тусгагдсан байна.

Тухайлбал, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Э.Пид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд прокурорын 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Пид хорих ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан .............ын .............ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй” гэж нэмэлт заалт оруулсугай.

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ц. ОЧ