Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2016/0712/З |
Дугаар | 221/МА2017/0771 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0771
2017 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 221/МА2017/0771 | Улаанбаатар хот |
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К-ийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан , Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0624 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ20170624 дүгээр шийдвэрээр:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 23 дугаар зүйлийн 23.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох "2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөгийг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмжийг олгуулахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/624 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т "...ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөг, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмж олгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/624 тоот шийдвэр нь хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй.
1.1. Шүүхийн шийдвэрийн 7 дах талын доороосоо 2 дах догол мөрөнд "... нэхэмжлэгч ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдөөгүй бөгөөд түүнийг хугацаанаас өмнө албан тушаалаас огцруулсан тохиолдолд энэ заалтыг хэрэглэхгүй" гэжээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ "Б.Б-ийг огцруулсан Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоол хууль зөрчсөн тул хүчингүй" болгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү хууль бусаар огцруулаагүй бол 2016 оны 08 дугаар 05-ны өдрөөс орон нутгийн ээлжит сонгуулиар байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас шинэ Засаг дарга томилогдсон 2016 оны 11 дүгээр 08-ны өдрийг хүртэл Засаг дарга Б.Б үүрэгт ажлаа гүйцэтгэх байсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно" гэсэн заалтаар тэтгэмж авах байсан ч хууль бус актын улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдөж эрхээ эдэлж чадаагүй эрхийг сэргээн эдлүүлэхээр шүүхэд хандсан. Захиргааны Ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно" гэж зааснаар хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн боловч ш\үхээс Захиргааны Ерөнхий хуулийг хэрэглээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.
1.2. Шүүхийн шийдвэрийн 8 дах тал дээрээсээ 3 дах догол мөрөнд "Түүнчлэн
Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлсийг олгоно гэж заасан бөгөөд түүнийг ажил эргүүлэн тогтоосон нөхцөлд хэрэглэхээр байна" гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино" гэж заажээ. Гэтэл Дүүргийн засаг дарга хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 6.1.12 дахь хэсэгт зааснаар Улс төрийн албан хаагч бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-д зааснаар Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Иймд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно.
Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй" гэж зааснаар хууль бус захиргааны актын улмаас ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 3,129,637 төгрөгийг шаардсан. Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 101 дугаар зүйлийн 101.2 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна" гэж зааснаар Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл Засаг даргын Тамгын газар нь Дүүргийн засаг даргын цалин хөлсийг олгодог эрх бүхий байгууллага юм.
Хоёр: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.
2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дах тал хамгийн доод талын догол мөрөнд "... Б.Б-ийг 2016 оны 08 дугаар 09-ний өдрөөс Багануур дүүргийн Засаг даргын албан тушаалаас огцруулж шийдвэрлэсэн" гэжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дэх хэсэгт "Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ" гэж заасан байх бөгеөд огцруулах саналыг Нийслэлийн Засаг даргад гаргаагүй.
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө" гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга саналаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх ёстой ч нэг ч тийм санал өгөөгүй, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ч хэлэлцэж хариу өгсөн зүйл байдаггүй. Иймд Нийслэлийн Засаг даргын Б.Б-ийг огцруулсан 2016 оны 08 дугаар 09-ний өдрийн Б/155 тоот захирамж нь хуулийн шаардлага хангахгүй, хууль бус акт учир энэхүү захирамжаар Б.Б-ийг огцруулсан гэж үзэхгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дах тал дээрээсээ 3 дах догол мөрөнд "...нэхэмжлэгчийг ажилд томилж чөлөөлөх, түүний цалин хөлсийг тогтоох эрх бүхий этгээд нь Нийслэлийн Засаг дарга байх..." гэжээ.
Хэдийгээр Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргыг томилж чөлөөлөх эрхтэй боловч дүүргийн Засаг даргын цалин хөлсийг тогтоодоггүй харин Засгийн газраас дүүргийн Засаг даргын цалин хөлсний хэмжээг тогтоодог. Б.Б урьд нь дүүргийн Засаг даргын Тамгын газраас цалингаа авдаг байсан. Иймд Дүүргийн Засаг даргын Тамгын газраас цалин хөлсийг олгуулах үндэстэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "...2016.08.05-2016.11.08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмж олгуулахыг Багануур дүүргийн засаг даргын тамгын газарт даалгах" шаардлагыг хангахгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэг. Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх “Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчид нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус 17 дугаар хуралдаанаар дүүргийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар түүнийг огцруулахаар шийдвэрлэн 08 дугаар тогтоолоор “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж үзэж, бүрэн эрхийнх хугацаа дуусахаас өмнө огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Сум, дүүргийн Хурал нь ...тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1.г-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй” гэж зөв дүгнэжээ.
Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “...тухайн шатны Хурал бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад ... хүргүүлнэ”, 32.3-т “дээд шатны Засаг дарга ... энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж, огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл тухайн шатны Хурлаас хүргүүлсэн Засаг даргыг огцруулах талаарх саналыг дээд шатны Засаг дарга хүлээж аваад тус санал үндэслэлтэй эсэхийг хянаж, огцруулах эсэх талаар шийдвэрлэхээр байна. Өөрөөр хэлбэл, дээд шатны Засаг дарга тухайн саналыг хянаад огцруулахгүй талаар шийдвэр гаргаж болохоор байхад Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаан бүхий 08 дугаар тогтоолоороо нэхэмжлэгч Б-ийг шууд огцруулж шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Мөн анхан шатны шүүх Багануур дүүргийн Хурал нь Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөрчиж 14 хоногийн өмнө ээлжит бус 17 дугаар хуралдааныг товлон зарласан, хурлаар хэлэлцэхээр тогтоосон Засаг даргын 2016 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэлгүйгээр түүнийг огцруулсан нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь зүйтэй байна.
Хоёр. “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3.129.637 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “огцруулахаар санал хүргүүлсэн” 2016 оны маргаан бүхий 08 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/155 дугаар захирамжаар Б.Б-ийг дүүргийн Засаг даргаас огцруулах тухай шийдвэрийг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана” 52.2.3-т “хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг” 52.5-д “энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны акт, ...” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, тус шаардлагаар тодорхойлсон захиргааны актыг эрхлэн гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтныг нэхэмжлэгчээс өөрөө тодорхойлж шүүхэд мэдүүлэхээр зааснаас гадна шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, хэргийн оролцогчид маргаагүй Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгч Б.Б-ийг огцруулсан Б/155 дугаар захирамж хуульд нийцсэн эсэх, тус захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар дүгнэж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны маргаан бүхий 08 дугаар тогтоол нь өөрт олгогдоогүй асуудлаар буюу нэхэмжлэгчийг огцруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байх боловч тус тогтоолын үндэслэлтэй эсэхийг Нийслэлийн Засаг дарга хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд хянах, улмаар огцруулах эсэх талаар шийдвэр гаргахаар хуульчлагдсан, тус тусдаа хуулиар тогтоосон эрх хэмжээг хэрэгжүүлэгч бие даасан субъектүүд байх тул шүүх зөвхөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалинг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах”-аар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.
Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... дүүргийн Засаг даргыг ... нийслэлийн Засаг дарга, ... тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Дээд шатны Засаг дарга, ... энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дүүргийн Засаг даргыг томилох, огцруулах эрх хэмжээ бүхий этгээд нь зөвхөн Нийслэлийн Засаг дарга байна.
Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны маргаан бүхий 08 дугаар тогтоолыг шүүх хянаж, хүчингүй болгож шийдвэрлэж байх хэдий ч тус тогтоолыг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгчийг албан тушаалаас огцруулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/155, түүний эрхэлж байсан дүүргийн Засаг даргын албан тушаалд Ц.Сандаг-Очирыг томилж, цалин хөлсийг тогтоосон мөн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/156 дугаар захирамжууд тус тус хүчин төгөлдөр хэвээр үлдэж байх тул нэхэмжлэгч Б.Б-ид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох хууль зүйн боломжгүй.
Гурав. “Урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4.605.492 төгрөгийн тэтгэмж олгуулахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэв дүүргийн Засаг дарга нь албан тушаалаасаа ээлжит сонгуулийн үр дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авах эрх үүсэхээр байна.
Хэдийгээр Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн маргаан бүхий 08 тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ийг тус дүүргийн Засаг даргаас огцруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байх боловч нэхэмжлэгчээс түүнийг Багануур дүүргийн Засаг даргаас огцруулж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/155, мөн өдрийн Ц.С-ыг Багануур дүүргийн Засаг даргаар томилсон Б/156 дугаар захирамжтай маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийг ээлжит сонгуулийн үр дүнд чөлөөлөгдөх хүртэл тус албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах боломжгүй байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул түүний илүү төлсөн 68512 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/624 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138712 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 68512 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ