Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 468

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “С” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З******* овогт Д*******гийн Б*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаал, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 371 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Налайх дүүргийн бүртгэл статистикийн хэлтсийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, өмгөөлөгч Б.Ө******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Д*******гийн Б******* миний бие Налайх дүүргийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчээр 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоон дээр ажиллаж байсан. Ингэж ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гэр Сүхбаатар дүүрэгт байдаг тул гэрийн ойролцоо дүүрэгт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар жирэмсэний түр орон тоон дээр томилох талаар надад мэдэгдээгүй, зөвшөөрөгдөөгүй миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Миний бие мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын асан Ц.П*******тай уулзахад: Чи сонгогчдын нэрийн жагсаалт гаргаж байсан туршлагатай албан хаагч учир чамайг томилсон. Сонгинохайрхан дүүргийн Улсын Их Хурлын дахин сонгуультай учир томилсон, чи төрийн жинхэнэ албан хаагч учир ажилдаа санаа зоволтгүй 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Улсын бүртгэгч хүүхэд асрах чөлөө нь дуусгавар болж миний бие ажлаас чөлөөлөгдсөн.

Иймд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаал нь төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн тухай хууль баримтлаагүй үндэслэлгүй учир ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг буруутай этгээдээр гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

“....Иргэн Д.Б*******ын гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* миний бие дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 371 дугаартай “Ажлаас чөлөөлж албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалыг хүчингүй болгуулах.

2.Улсын бүртгэл Статистикийн Ерөнхий газрын Налайх дүүргийн бүртгэл статистикийн хэлтсийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох.

3.2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах.

4. 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.Г******* нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Д*******гийн Б*******ын гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 371 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны улсын бүртгэгч Бат-Очирын О*******ийн хүүхэд асрах чөлөөг дуустал Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх-журам”-ын 4.8-д заасны дагуу нэхэмжлэгчийг албан үүргийг орлон гүйцэтгүүлэхээр томилсон.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.1.4 дэх заалтыг тус тус баримтлан Б.О*******ийн гаргасан хүсэлтийг харгалзан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/20 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Б*******ыг Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 13 дугаар хорооны улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа “2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаал нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль баримтлаагүй үндэслэлгүй учир ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг буруутай этгээдээр гаргуулж өгнө үү” гэснийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Б*******ын өөрийн хүсэлтээр Налайх дүүргийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны улсын бүртгэгчээр Б.О*******ийн хүүхэд асрах чөлөөг дуустал албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон.

2. Д.Б******* нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 371 дүгээр тушаалыг эс зөвшөөрч гомдол гараагүй.Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана.”, мөн зүйлийн 4.6-д “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэж тус тус заасны дагуу Б.О******* нь хуучин хашиж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасныг хүлээн авч  Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 13 хорооны улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******ыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/20 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Тиймээс Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/20 дугаар тушаал нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй, нийцэж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б******* нь “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаал, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 371 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Налайх дүүргийн бүртгэл статистикийн хэлтсийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийлгэхийг даалгах” гэж тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Д.Б*******ын өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж байсан бөгөөд чөлөөтэй байсан албан хаагч эргэн ажиллах болсон тул түүнийг чөлөөлсөн гэж мэтгэлцээнээ үндэслэсэн.

Шүүх хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж Д.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагаас Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин Улсын бүртгэлийн газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 371 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Налайх дүүргийн бүртгэл статистикийн хэлтсийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэг.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүгч дараахь тохиололд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 34.1.8-д “энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол”, 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон хэргийн оролцогч нарын төлөөлөгчдийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбараар Д.Б******* нь маргаан бүхий захиргааны акт болох 2013 оны 371 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 13 дугаар хорооны улсын бүртгэгчийн албан тушаалд өөр албан хаагчийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаагаар албан үүргийг гүйцэтгэж байсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2013 оны 371 дугаар тушаалаар улсын бүртгэгчийн албан үүргийг 2016 он хүртэл гүйцэтгэсэн, цалин хөлс авсан, Д.Б*******ын нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүд хийгдсэн, Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 13 дугаар хорооны улсын бүртгэгчийн албан тушаалд үр дүнгийн гэрээ байгуулж, уг гэрээг дүгнүүлж байсан байна.

Иймд нэхэмжлэгчийн 2013 оны 371 дугаар тушаалыг түүнд мэдэгдээгүй гэх мэтгэлцээн нь үндэслэлгүй байх тул дээрх захиргааны актаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна.

Хоёр. Шүүх Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, хариуцагч 2016 оны Б/20 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хуулиар өөрт олгогдсон эрхээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо ... тангараг өргөнө” гэж заасны дагуу Д.Б******* нь 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.4 /төрийн албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх/, 24 дүгээр зүйл /төрийн албан хаагчийг а/ төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, б/ төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, в/ өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр зохицуулжээ. Зөвхөн дээрх нөхцөлүүдээр төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх эрх захиргаанд үүсдэг бөгөөд маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд төрийн жинхэнэ албан хаагч болох Д.Б*******ыг төрийн албанаас чөлөөлөх нөхцөл бүрдээгүйгээс гадна хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” нь жирэмсний болон амаржсаны амралттай байгаа албан хаагчийн үүрэгт ажлыг хамгийн ойр хамааралтай албан хаагч өөрийн үндсэн ажлын зэрэгцээ хавсран гүйцэтгэх эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн иргэдээс сонгон авч түр орлон гүйцэтгүүлэх гэсэн зохицуулалт болно.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй, зохицуулалт бүхий хэм хэмжээ тогтоосон актыг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь нотлогдож байх тул Д.Б*******ыг адил чиг үүрэг бүхий албан тушаалд албан хаагчийн цалингийн хэмжээ, албан тушаалын ангилал, зэрэг дэв, ажиллах нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр улсын бүртгэгчийн албан тушаалд томилон ажиллуулах шаардлагатай юм.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Д.Б*******ыг төрийн албанаас чөлөөлсөн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдрөөс тасалбар болгон нэг сарын үндсэн цалинг 580,710 төгрөгөөр бодон олгож, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,12 дугаар зүйлийн 12.1, 23 дугаар зүйлийн 23.2, 23.4, 24 дүгээр зүйлийг тус тус баримтлан Д.Б*******ын нэхэмжлэлийг хангаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ын “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 371 дугаар тушаалыг хүчингүй болгох, Налайх дүүргийн бүртгэл статистикийн хэлтсийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Б*******ын нэг сарын үндсэн цалинг 580,710 төгрөгөөр тооцож 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгож, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ТӨМӨРБАТ