Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0583

 

 

 

 

 

 

2016 оны 9 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0583

Улаанбаатар хот

 

Иргэн Д.Баяржаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Г.Ганбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Баяржаргалын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 12 дугаар зүйлийн 12.1, 23 дугаар зүйлийн 23.2, 23.4, 24 дүгээр зүйлийг тус тус баримтлан Д.Баяржаргалын нэхэмжлэлийг хангаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баяржаргалын “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 371 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Налайх дүүргийн Бүртгэл, статистикийн хэлтсийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Баяржаргалын нэг сарын үндсэн цалинг 580.710 төгрөгөөр тооцож, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгож, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 468 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Баяржаргалын өөрийн хүсэлтээр Налайх дүүргийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны улсын бүртгэгчээр Б.Оюунцэцэгийн хүүхэд асрах чөлөөг дуустал албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана”, мөн зүйлийн 4.6-д “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэж тус тус заасны дагуу Б.Оюунцэцэг нь хуучин хашиж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасныг хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 13 хорооны улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баяржаргалыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/20 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хууль зүйн үндэслэлтэй байтал 468 дугаар шийдвэрээр буруутгасан байна.

2. Мөн нэхэмжлэгч Налайх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийг адил чиг үүрэг бүхий албан тушаалд албан хаагчийн цалингийн хэмжээ, албан тушаалын ангилал, зэрэг дэв, ажиллах нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр улсын бүртгэгчийн албан тушаалд томилон ажиллуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Баяржаргал анх “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 371 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Налайх дүүргийн Бүртгэл, статистикийн хэлтсийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж нэмэгдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 371 дүгээр тушаалаар Налайх дүүргийн 3 дугаар хорооны улсын бүртгэгч Д.Баяржаргалыг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны улсын бүртгэгч Б.Оюунцэцэгийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаагаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн байх бөгөөд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/20 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 13 дугаар хорооны улсын бүртгэгч Б.Оюунцэцэгийн гаргасан хүсэлтийг нь харгалзан хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах болсон тул албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баяржаргалыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Үүнд анхан шатны шүүх 2013 оны 371 дүгээр тушаалыг Д.Баяржаргалд мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнээд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 371 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Налайх дүүргийн Бүртгэл, статистикийн хэлтсийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг зөрчсөн,  нэхэмжлэгч тангараг өргөсөн учир төрийн албан хаагч болсон, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.4, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдээгүй, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнээд  тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23.2, 23.4, 24, 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөгдөх, төрийн албанаас халах нөхцлүүдийг заасан бөгөөд энэ тохиолдолд хуулийн дээрх заалтуудад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Баяржаргалыг төрийн албанаас чөлөөлөх нөхцөл бүрдээгүй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна маргаан бүхий акт болох 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.Баяржаргалыг ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэн, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР