Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2024/0026

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би Р.Зоригоо, Л.Нандин нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал нарт холбогдуулан гаргасан Р.Зоригоо, Л.Нандин нарын Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа буюу захиргааны акт гаргахаас татгалзсан Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 01/277 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А.Золжаргалын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон Газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийн маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Р.Зоригоо, Л.Нандин нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал нарт холбогдуулан гаргасан Р.Зоригоо, Л.Нандин нарын Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа буюу захиргааны акт гаргахаас татгалзсан Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 01/277 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамирт нэхэмжлэгч Р.Зоригоо, Л.Нандин нараас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана, 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66 дугаар зүйлийн 66.2, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Зоригоо, Л.Нандин нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал нарт холбогдуулан гаргасан Р.Зоригоо, Л.Нандин нарын Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа буюу захиргааны акт гаргахаас татгалзсан Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 01/277 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.